С.Эрдэнэд Монгол төрийн босго өндөрдөнө
С.Эрдэнэ АН-д төдийгүй Монголын ардчилалд гологдож байна
С.Эрдэнэ зөвхөн Ерөнхийлөгч Х.Баттулгын л “сөрөг хүчин” байснаас Монголын сөрөг хүчин байж чадаагүй. Үүнд л гомдож өнөөдрийг хүрлээ. Өнгөрсөн хугацаанд эрх баригчидтай олонтаа тэмцэж ноцтой баримтуудыг дэлгэж байсан ч түүний араас С.Эрдэнэ даргатай Ардчилсан нам ганхийж байсангүй. Уг нь УИХ-ын 2020 оны сонгуулиар өнөөх “60тэрбумын албан тушаалын наймаа”, “ЖДҮХС-ийн зээлээр мэдээлэлд ойр давуу талаа ашиглан бизнес эрхлэгчдийн боломжийг булаасан” зэрэг хэрэгт нэр холбогдож байсан хэн бүхнийг улс төрөөс арчиж хаяхын тулд дэмжих байх гэж найдсан хэрэг л дээ. Гэтэл таг дуугүй байв. Энэ нь түүнийг орчин цагийн МАНАНдунд бүдгэрч “амаа хамхих” том шалтгаантай байх гэсэн хардлагыг төрүүлсэн юм.
С.Эрдэнийн “тоохгүй байх” аргагүй намынх нь төдийгүй Монголын “уураг тархиуд”-ыг ээлж дараалан шоронд хийгээд байхад ч тэр хаа нэг алгын чинээ цаас ёс төдий илгээхээс хэтэрсэнгүй. УИХ-ын сонгуульд түүний удирдсан нам “унтаад байгаа юм шиг” өрсөлдсөн. Түүнээс хойш нам доторх даргын болон тамганы хэрүүл тасарсангүй. Сүүлдээ Сүхбаатарын талбай дээр сөхрөөд уначихсан намынх нь тасархай, эд эсүүд нь өлсөж “үзүүлэв”. С.Эрдэнийг “ширлээд” байхаар нь Үүл баатар тэссэнгүй очоод үсдүүлж доромжлууллаа.
Улс төрийн товчоо гэгч Монгол төрийн хавх, хэзээ ч ховхрохгүй байх гэсэн нийгмийн, төрийн машиныг улст төрийн оргиналь тэмцлээр бугуйлдан унагаж буулгаж авч, жинхэнэ утгаар нь өлсөж, жагсаж, тэднийг төв талбайдаа эрхэлж хэвтэх боломжийг авчирсан Э.Бат-Үүлийг шүү дээ. С.Эрдэнийн “сэтгэл хөдөлсөнгүй”. Тэр ийм л хүн. Монгол Улсын Ерөнхийлөгч С.Эрдэнэ гээд өөртөө давтан давтан хэлэвч ой тойнд бууж өгөхгүй юм. Гэсэн ч Ардчилсан намаас Ерөнхийлөгч сонгогдоосой гэж туйлаас хүсч байна. У.Хүрэлсүх, Д.Энхбатыг бүү асуу. Зүгээр л Ардчилсан намаас нэр дэвшигчийг дэмжих хүлээлттэй байснаа хэллээ.
Хувь хүн талаасаа С.Эрдэнэ надад ямар сэтгэгдэл үлдээснийг өгүүлж болох уу. 2020 оны нэгдүгээр сарын 30-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр сонгуулийн мандат хуваарилахдаа нийслэлээс дөрвөн мандат хасагдсанд бухимдаж С.Бямбацогт гишүүнтэй хот, хөдөөгийн үүсэл гарлаас эхлээд сүүлдээ “Хулгайч”-аар дуудалцан хэрэлдсэн. Тэр бүр анх УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо л хэрэлдсээр гарч ирсэн, 2012 онд сонгуулийн жил дуусахад хэрэлдэж л байсан. Ямар сайндаа Боловсролын тухай хууль хэлэлцэж байхдаа маргаж “п...”, “я...” гээд хэрэлдээд байхад нь сэтгүүлчид ч, гишүүд ч шүүрс алдан урам хугарч байсныг санаж байна. Өдөр бүр хэрэлдэх биш, гоё сайхан дүр эсгэсээр өнөөг хүртэл сонгогдсоор байгаа нь түүний тал алддаггүй жүжигчин чанар гэлтэй.
Хэрэв түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдвол сонгогчид олон удаа түүнээс ичих сэтгэлзүйн бэлтгэлтэй л байх хэрэгтэй болов уу. Түүний хэрүүлийн “брэнд” үг нь “Шударга царайлсан бацаан”, “Хулгайч”...Харин Нийгмийн даатгалын сангийн “хулгайчууд”-ын талаар хатуу ширүүн үг хэлэхээс нэг л халираад байдаг талтай. “Шударга царайлах”-ын хувьд тэрбээр “зүүдээ ярих гээд хулгайгаа ярина” гэгчээр Ерөнхийлөгчийг өөрт нь холбогдох хэргийг бараг л хүсээгүй байхад нь “хэрэгсэхгүй болгож наймаалцах гээд байна” гээд хэвлэлийнхэнд гэнэт мэдэгдэл хийсэн. Үүнийг нь сонсоод монголчууд С.Эрдэнийг “Шударга үнэний ноён оргил” гэж бодох ёстой байсан боловч ард түмэн С.Эрдэнийг андуурч таньдаггүй билээ.
С.Эрдэнийн худал хэлэх тоо гүйцэх дөхөж л байгаа бололтой юм. Тэрбээр энэ сарын 6-нд буюу Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчийн материалуудаа өгсний маргааш нь “Би Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвших бодолгүй байсан. Гэвч Ардчилалд хор уршиг тохиолдоод байгаа тул Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр шийдсэн” гэж мэдэгдсэн билээ.
Тэр дахиад л худлаа хэлэв. Утасныхаа дуудлага дээр “Хонхны дуу” тавихаас хавьгүй ихийг Монголын ардчиллын төлөө хийсэн Э.Бат-Үүл баатарыг намынхаа “эсэргүүнүүд”-ээс аварч чадаагүй С.Эрдэнэ Монголын ардчиллыг Монголчуудаас аврах гэж Ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа юм гэнэ ээ!
Өнөөдөр С.Эрдэнийг дэмжигчид “Х.Баттулгыг сөрж, дарамт шахалтыг нь тэсч Ардчилсан намыг түүнээс хамгаалж үлдлээ” хэмээн өмөөрч байна. Тэгж өмөөрөгчдийн дунд МАН-ын гишүүд, дэмжигчид ч цөөнгүй харагдав. Тийм ээ, С.Эрдэнэ, МАН хоёр Х.Баттулга гэгч нэг “дайсантай” байсан бол тэгж өмөөрөх нь аргагүй шүү дээ. Гэхдээ МАН-ын үргэлжилсэн ялалтаас тасдаж ялалтыг АН-ын талд авчирсан хүн нь хэзээ ч С.Эрдэнэ байгаагүй юм шүү. Үүнийг түүх батална. АН-ын дарга гэж “тамгатай хүн”-ийг хэлдэггүй юм шүү дээ.
Өнөөдөр тэр “Би алдаа оноотой ч уул уурхайтай хутгалдаагүй” гээд байгаа нь “Уул уурхайн лиценз цуцалснаа гавьяа гэж бодоод байгаа” эрх баригч намын даргын ярилцлагад баримталсан байр суурьтай ямар адилхан өнцөг вэ? Дарангуйлагчид баялаг бүтээгчдийг “дарж”, аливаа бодит өмчийг “хурааж” үүнийгээ гавьяа гэж боддог бололтой. Ардчилсан намын дарга монголчуудын мөрөөддөгөөр бол хүний эрхийг дээдэлдэг, бизнесийн эрх чөлөөг хамгаалдаг байр суурьтай байх ёстой байтал АН-ын дарга С.Эрдэнээс дарангуйлал, дарамт л ханхалдаг. Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ АН-д төдийгүй Монголын ардчилалд гологддог болчихоод байна.
Ийм төлөөлөл АН-аас нэр дэвшсэн ч Монголын төрийг тэргүүлүүлэхээр саналаа өгөхөд хайран. Бүтэн жилийн дотор нэг намыг засч чадаагүй хүн Ерөнхийлөгч болчихвол Төрийн хасвуу тамганыхаа “ориг” уу, “хуурамч” уу гэдгийг тогтоолгох шүүх хурлаас салахаа больж Үндэсний эв нэгдлийн илэрхийлэл байтугай олон МАНАН-ийн алинд нь тууж явааг ч олохгүй болох биз ээ.