Playtime хэмээх нэртэй хөгжмийн наадам бол нэр алдар нь дэлхийд биш гэхэд бүс нутагтаа түгээд буй том наадам болсон. Энэ бол Нацагдорж гэдэг залуугийн ач гавьяа. Хүн бүхэн Нацагдорж шиг, түүнд туслан гүйх Ариунаа тэргүүтэй залуус шиг сэтгэл зүрхээ гарган өмнөх ажлаа хийвэл Монгол "асуудалгүй" Азийн бар болох сон.

Би, энэ жилийн Playtime наадмын арга хэмжээний гудмаар, өөрийн дуртай "The Colors" хамтлагийн тоглолтыг үзэхээр алхаж явахдаа хөөрөөд, нэг иймэрхүү юм бодож явлаа. Хөөрөхөөс өөр аргагүй байлаа. Яагаад гэвэл, Гластонбери, Коачеллийнх зэрэг барууны орнуудын маш нэр хүндтэй, ижил төрлийн наадмуудаас яавч дутахгүй наадам болсон байгааг хараад омогшихгүй юу даа.

Хөөрөх шалтгаан үүгээр дууссангүй. Playtime-ын гудмаар хэдэн арван мянган залуу нааш цааш урсаж байсан атлаа бараг ширхэг ч хор хаясангүй. Ганц нэг хог харагдвал хажуугаар нь явсан хаа хамаагүй охид хөвгүүд хүртэл түүж аваачаад ойрын хогийн саванд хаяж байх юм!

Олон мянган залуус цуглачихаад бие биедээ эелдэг, найрсаг, хүндэтгэлтэй хандахыг хармагц хашааны гаднаас авч орж ирсэн стресс маягийн юм маань шууд л алга болж байв. Мэр сэр харагдах халамцуу залуус өөр хоорондоо жигтэйхэн ах дүүсэг харьцаж буйг хараад 13-р зууны монголчууд эргээд ирсэн мэт санагдав. 13-р зуунд монголчууд хоорондоо лут амь нэгтэй байсан гэдэг.

Playtime -ын хашаан дотор энхтайван, эрх чөлөө, эв найр, хөөрөл баяслын аль аль нь буцалж байв. Энх амгалангийн арал "шангарила" л гэж үүнийг хэлэх биз. Манай залуусын гоё гэж яав аа! Гайхалтай!

Би ийн бодон баясаж алхахдаа бас, улс төрийн арга хэмжээний дундуур байнга харагдаж байдаг егзөр улстөрч залуусаас нэгэн ч үзэгдэхгүй байгааг анзаарав. Ашгүй дээ л гэж бодов.

Улстөрчид бид сүүлийн үед "хүрсэн газраа л бохирдуулдаг" болсон. Улс төрийн ертөнц хэдийнээ "тамын тогооны үлгэр" мэт болсон. Тэгээд зогсохгүй нийгмээ бохирдуулж дуусч байна.


Өнөөгийн Монголын амьдралыг, Итало Кальвиногийн "Хар хонь" хэмээх бэсрэг өгүүллэгийн "Төр засаг нь ард иргэдээсээ хулгай хийхийн тулд л тохинож, харин ард иргэд нь төр засгаа аль чадахаараа молгидож амьдарна" гэх нэг мөр өгүүлбэрээр яв цав илэрхийлж болно.

Өдгөө гэмгүй явж буй ямар нэг нийгмийн амьдралд улстөрчид хутгалдаад орчихвол бохирдоод сүйд болдог болсон. Эдийн засаг, бизнесийн орчин маань бохирдоод, одоо авах юмгүй болчихоод байгааг бүгд л харж байна. Удахгүй Венесүэл шиг нурах байх!

Азаар улстөрчид; соёл, тэр тусмаа орчин цагийн хөгжмийн урлагийн тухайд тун мэдрэхүй муутай, мөнөөх оркууд шиг учир Playtime-аас хөндий байж таарав.

Ийнхүү Playtime цэвэр ариун газар болон үлджээ. Тэнд л манай шинэ цагийн залуус өөрийн соёл, ирээдүйгээ эрх чөлөөний тугийн дор бага багаар босгосоор байгаа аж. Үүнийг хараад сэтгэл минь онгойж байгааг би мэдэрч байлаа.

Баабарын "Бүү март" уриан дор тэмцсэн манай үеийнхний улс төр одоогийн поп улс төр мэт ийм байгаагүй. Нийгэм, хүн ардаараа тоглож, сүйрэл рүү хөтлөх элдэв популистууд тэр үед байгаагүй. Криминалуудтай түншилсэн популист дарга нар бизнесүүд, хөрөнгө оруулагчдыг рэкетлэн үргээж, улсаа санаатай алж байгаа ийм цагаандаа гарсан улстөр байгаагүй. Хувийн жижиг ашиг сонирхлоо геополитик хэмээн томруулдаг улстөр тэгэхэд байгаагүй.

Бидний үеийн залуус эх орноо гадны колоничлолоос чөлөөлөн, Монголоо жинхэнээс нь эрх чөлөөт орон болгож байв. Эх орноо төдийгүй иргэнээ ч эрх чөлөөтэй болгож авсан.

Өнөөдөр Playtime-ынхан тэр эрх чөлөөг эдлэн, эрх чөлөөт орны эрх чөлөөт иргэний хувиар өөрсдийн ертөнцийг босгож байна! Цаг нь ирэхэд тэд Playtime-ын гудамжийг хогноос цэвэрлэсэн шигээ Улсаа популистуудын хогноос цэвэрлэх нь дамжиггүй. Тэд "Эх орон маань хогийн сав биш" гэж том дуугаар хэлэх болно! Тэд ялна! 

Бидний үеийнхэн "Эх орон маань Зөвлөлтийнх биш" гээд ялж байсан юм чинь!