МОНГОЛЫГ МОХООСОН ХОЁР ХҮЧИН ЗҮЙЛС
Монголын хүч мохошгүй их, манжууд хүч дорой, хавьгүй цөөн байсныг батлах гээд дээр нэлээд урт зүйлийг урсгачихлаа. Гол нь тийм цөөхөн хүн амтай үндэстэн Монгол, Хятад тэргүүтэй хүчтэй өрсөлдөгч нарыгаа дарж авахад хоёр том хүчин зүйл нөлөөлсөн талаар нангиадын сул түүхчид онцлон өгүүлдэг талаар энэ бичлэгтээ өгүүлсү!
Өнөөгийн монголчууд, ялангуяа монгол залуустаа хандаж нэрт нанхиадч, номын садан Д.Болдбаатарын үзэл бодлоос хуваалцая гэж шийдлээ. Ухаалгаар ухаж ойлгоно уу.
“Зөрчдийн тоо түм давбал аюултай” хэмээх нангиадын хэлц үг байдаг. Тэгвэл Манж Чин улсыг үүсгэн байгуулагч Нурхач баатар өөрсдийн хүчтэй өрсөлдөгч болох манай өвөг дээдсийн талаар ингэж айлджээ. “Монголчууд эрчилсэн дээс мэт нэгдмэл хүчтэй болсон цагт тэднийг дийлнэ хэмээн саналтгүй. Гагцхүү тэднийг элсэн ширхэг лүгээ адил тархай бутархай байлгаж чадсан цагт л сая дийлж болмуй” хэмээх алдартай үгийг хэлсэн байдаг.
Манжууд анх нэгдэж улс байгуулахдаа ердөө 300 мянга, эрхшээсэнтэйгээ нийлээд 500 мянган хүн амтай байсан талаар уншигчид уншиж дуулж байсан биз ээ?Манж нар ердөө 300 мянгуулаа байлаа гэе. Харин тухайн үед Цагаан хэрмээс хойш өргөн уудам нутаг дэвсгэрт 12 сая Монгол угсаатан амьдран сууж байсан хэмээх тооцоог Хятадын түүхчид гаргасан байдаг нь нэлээд ханатай болов уу хэмээн санадаг. 17-р зууны үед Хятадын хүн ам 80 орчим сая, харин Оросууд 16 саяулаа байсан гэдэг тоо баримтыг энэ дашрамд уншигчдадаа сонирхуулъя. Өөрөөр хэлбэл манжууд зүгээр л Монголын хүчийг ашиглаад Хятадыг эзлэчихсэн. Эхлээд өвөрмонголчуудыг эд ашгаар урвуулаад өөрийн талд татсан. Дараа нь Халхын ноёдыг. Тэгээд эцэс сүүлд нь Зүүнгарын ноёдыг яг тэр аргаараа эрхшээн захирсан дүр зураг холбогдох түүхийг уншихад тодрон харагдаад зүрх шимшрүүлдэгийг яалтай билээ.
Ер нь манж нар Монгол нутаг руу гүн цөмрөн орж ирээд цэрэглэн эзлэж байсан тухай түүхэн баримт та бүхэн олж үзсэн үү? Галданбошготын цэрэгтэй Энх-Амгалан хаан тулалдахад түүний удирдсан цэргийн 70-80 хувь нь халх, өвөрмонголчууд байх жишээтэй. Ер нь ч Энх-Амгалан хаан Ар Халхыг эзлэх санаа агуулж байгаагүй нь манж нарт тийм хүч чадал байхгүй гэдгийг сайн мэдэж байснаас юм. Даан ч монголчууд өвөр зуураа амь өрсөлдөн тэмцэлдсээр зальхай манж нарын бэлэн хоол зууш болсон нь тодорхой.
Хойдын ноён Амарсанаа Дөрвөн ойрадын дотор хүч нөлөө төдийлөн сайнгүй нэгэн байсан талаар “Исгэрэх сүүдрэвчний элдэв явдал” хэмээх Манжийн түүхнээ тодорхой өгүүлсэн байдаг. Гэвч Зүүнгарын хаант улс дотоодын зөрчил тэмцэлд автах, бодоо зэрэг халдварт хижиг тахал дэлгэрэх, хамгийн гол нь том ноёд Манжийн хааны харамгүй олгох болсон эрх ямба, эд ашиг, цалин пүнлүүнд татагдан дурлаж олон тоогоор урвах болсны нэг нь Амарсанаа байсан юм болов уу хэмээх бодол уг түүхийн шарласан хуудсыг эргүүлж байхад өөрийн эрхгүй төрдөг л дөө.
Одоо бол хүн төрөлхтөнд төдийлөн аюултай биш “бодоо” буюу улаан бурхан өвчин тухайн үед ойр ойрхон их өргөн дэгддэг байсан нь Лигдэн хаан уг өвчнөөр өөд болж, Цогт тайж өвдөөд нүүрэндээ нөсөө сорвитой болсон тул Цоохор Цогт хэмээн алдаршсан тэргүүтнээс тодорхой харагддаг. Амарсанааг Тэнгэр тэтгэсэн хаан Чэндө хотод байрлах зуны сэрүүн ордондоо маш өндөр дээд хэмжээнд хүлээн авчээ. Зөвхөн Амарсанаа ч биш нийт Монгол угсааны ихэс ноёдыг нийслэл Бээжин хотод биш Чэндө дэхь сэрүүн ордондоо хүлээн авдаг уламжлалтай байсан нь халдварт бодоо өвчин дэлгэрсэн бүс нутгаас ирсэн зочдыг тэнд тодорхой хугацаанд хөл хорионд байлгадагтай холбоотой байсан юм.
Энх-Амгалан хаан Халхыг эзлэх бодолгүй байсантай нэгэн адил, Тэнгэр Тэтгэсэн хаанд ч тэртээ хол орших Зүүнгарын хаант улсыг эзлэх бодол байгаагүй гэдэг. Харин Амарсанаатай уулзаж хэд хоног хамт байх зуур Халх, Өвөрмонгол, Зүүнгарын урвасан ноёдын нэгдсэн хүчээр тийш дайрч нүүдэлчдийн хамгийн сүүлчийн эзэнт гүрэн Зүүнгарын хаант улсыг мөхөөж болох биш үү гэдэг бодол төрсөн тухай мөнөөх “Исгэрэх сүүдрэвчний элдэв явдал” түүхэн зохиолд өгүүлсэн байдаг. Энэ зохиолын хятад нэр нь “啸亭杂录” бөгөөд манай түүх судлаач нөхдөд сонин болов уу хэмээн энд дурьдан өнгөрье!
Тэгээд цааш түүхэн үйл явдал хэрхин өнгөрснийг нийт уншигчид мэдэж байгаа хойно цаг зав, цаас бэх хэмнэх үүднээс дэлгэрэнгүй нуршихыг түр түднэе! Харин тухайн үед Халх, Өвөрмонгол, Зүүнгарчуудаас бүрдсэн 100 мянган их цэрэг нэг дор цугларсан нь Чингисийн үеийн сүр хүчийг гайхуулсан хэр зэрэг тод томруун үйл явдал байсан нь тодорхой. Тэдэнтэй хамт манж, хятад цэргүүд явсан нь 10-20 хувь л байсан болов уу? Манжууд нь гэж хятадуудаасаа ялгарахгүй бээвийсэн юмнууд байдаг. Энэ байдлыг олж хараад “Монголчууд бид чинь Манж Цин улсын цэргийн гол хүчийг бүрдүүлж байгаа юм байна. Бид цөөн тоотой зальхай манжуудын идэш болж өвөр зуураа харгалдан тулалдаад байгаа юм биш үү?” гэх бодол уг дайнд оролцогч том ноёдын толгойд зурсхийж, сэм үгсэн хуйвалдсанаар 1755-1758 оны хооронд Халх, Зүүнгарт Манжийн эсрэг бослого дэгдэхийн үндэс болсон талаар дээрхи түүхэн сурвалжид сонирхолтой жишээ баримт нэлээд байдаг.
Монголын хүч мохошгүй их, манжууд хүч дорой, хавьгүй цөөн байсныг батлах гээд дээр нэлээд урт зүйлийг урсгачихлаа. Гол нь тийм цөөхөн хүн амтай үндэстэн Монгол, Хятад тэргүүтэй хүчтэй өрсөлдөгч нарыгаа дарж авахад хоёр том хүчин зүйл нөлөөлсөн талаар нангиадын сул түүхчид онцлон өгүүлдэг талаар энэ бичлэгтээ өгүүлсү!
Нэгдүгээрт нангиадын уламжлалт улсыг засах, төр барих ухааны хөлгөн судар гэж болох “Гурван улсын үлгэр” сонгомол романыг манж хэлнээ орчуулж төрийн бодлогодоо ашиглажээ. Түүнийг Дахай нэрт том гүүш 1570-аад оны үед анх манж хэлнээ орчуулсан байдаг. “Гурван улсын үлгэр” улмаар манж хэлээр дамжин нэлээд хожуу монгол хэлэнд орчуулагдсан. Бас Хятадын үе үеийн хаад л унших эрхтэй байсан “Шан Янгийн хориотой ном”-д өгүүлсэн 5 аргыг Монгол нутагт яг хуулбарлан хэрэглэсэн нь маш тодорхой байдаг.
Тэр тав нь юу хэмээвээс:
- Иргэдийг мунхруулах юм. Ингэхдээ айл өрхийн нэг л хүүхэд малчин болох эрхтэй бөгөөд хэрвээ 7 хүүтэй айл байлаа бол 6 нь заавал сүм хийдэд шавилан суух ёстой байжээ. Мөртлөө Бурханы ном судрыг эх монгол хэлээр биш заавал төвд хэлээр уншиж судлах хатуу журам мөрдүүлдэг байсан тухай 1920-иод оны эхээр тухайн үед Монгол Ардын Намтай нягт зузаан харилцаатай байсан умард Хятадын цэргийн эрхтэн Фэн Юйсян генерал “Миний намтар” зохиолдоо тодорхой өгүүлсэн байдаг. Тухайн үед манай улсын засгийн газар Монголд халдан түрэмгийлэхээр санаархаж байсан Жан Золингийн хүчийг тарамдуулахын тулд Фэн Юйсян генералтай тийнхүү нууцаар харилцаж зэр зэвсгээр туслаж байсан байгаа юм шүү. “Нэг лам буман их цэргээс илүү.” хэмээн Тэнгэр тэтгэсэн хааны тэрлэсэн шүлэг эдүгээ ч Чэндө хот дахь сэрүүн лаврингийн нэгэн дааман хаалган дээр бичээстэй байдаг.
- Хүлцэнгүй, сул дорой байлгах
- Зүдээх (Өртөө улаа болон хугацаагүй цэргийн албанд татах)
- Гутаах (Есөн эрүү тулгах, тэмбүү, заг хүйтэн зэрэг халдварт өвчин тараах)
- Ядуу зүдүү амьдруулах тэргүүтэн болно.
Хоёрдугаарт 1686 онд Францын 14-р Луи хааны элч болох 10 гаруй шашин номлогч нар Энх-Амгалан хаанд бараалхахдаа “Орос Сибирийн газрын зураг”-ийг өргөн барьсан нь хожмоо Халх Монгол, Зүүнгарын хаант улсуудыг мөхөөхөд маш чухал хэрэглэгдэхүүн болсон гэдэг юм.
Луи 14-р хаан Энх-Амгалан хаантай андын журам барилдахыг хүсээд шинэ тулгар хүчээ авч байгаа Орос гүрнийг баруун зүүн хоёр талаас нь хавчин байлдая гэдэг саналыг тавьсан гэдэг. Тэр үед Галданбошгот хаан Бээжингийн ар хударга газар болох Улаанбутанд тулж ирчихээд байсан тул Энх-Амгалан хаанд тийм холын санаа хаана байх билээ.
Францын 14-р Луи хаанаас Энх-Амгалан хаанд өргөн барьсан доорхи газрын зураг Монголын түүхийн маш чухал хэрэглэгдэхүүн баримтын нэг мөн байж таарна. Манай Чулуун дүүгийн байгуулсан Түүхийн музейд энэ мэт түүхэн баримтын ядаж хуулбар төдий нь ч гэсэн тавиастай байдаг бол мөн сайнсан. Олж тавихыг санал болгоё.