КВЖД буюу Дорнод Хятадын төмөр зам
Өнгөрсөн 9 дүгээр сард БНХАУ-ын Хайлаар хотноо болсон Хятад-Монгол-Оросын эдийн засаг-худалдааны үзэсгэлэнгийн үеэр зохиогдсон Бүс нутгийн хамтын ажиллагааны форумд олон улс судлаач, нийтлэлч Д.Баярхүү, ОХУ-ын монгол судлаач эрдэмтэн А.С.Железняков нарын хамт оролцсон юм.
Өнгөрсөн 9 дүгээр сард БНХАУ-ын Хайлаар хотноо болсон Хятад-Монгол-Оросын эдийн засаг-худалдааны үзэсгэлэнгийн үеэр зохиогдсон Бүс нутгийн хамтын ажиллагааны форумд олон улс судлаач, нийтлэлч Д.Баярхүү, ОХУ-ын монгол судлаач эрдэмтэн А.С.Железняков нарын хамт оролцсон юм.
Хайлаар орохын тулд Улаанбаатараас Манжуур хот хүртэл нисч Манжуураас Хайлаар хүртэл 300 орчим километр хурдны авто замаар давхиад орох юм билээ. Бас галт тэргээр ч явж болно.
Энэ хоёр хотын түүх КВЖД (Китайско-Восточная железная дорога) буюу Дорнод Хятадын төмөр замтай шууд холбоотой учраас уг төмөр замын түүх болон өөрийн ажигласан зүйлийг танилцуулъя гэж бодлоо.
КВЖД. Хаант Орос улс Алс Дорнод, Сибирь нутгаа хөгжүүлэх зорилгоор 1891 онд Транссибирийн төмөр замыг барихаар шийдвэрлэжээ. Ингээд арван жилийн дотор Өвөр Байгал хүртэл 7,5 мянган километр төмөр зам барьсны дараа цааш нь ямар маршрутаар Номхон далайг хүртэл зам барих дээр хэд хэдэн хувилбар яригдаж. Эхний хувилбараар бол Амар мөрний хойгуур Хабаровск- Владивосток хүртэл, хоёр дахь хувилбараар бол Манжуураар дайруулан Владивосток хүртэл, мөн Хиагтаас Монголоор дайруулан Номхон далайд хүрэх хувилбарыг ч ярьж байсан байдаг. Төмөр замыг Амар мөрний хойгуур барих нь Манжуураар дайруулахаас 540 километр урт, мөн Хабаровскийн ойролцоо Амар мөрөн дээгүүр инженерийн хувьд тун ярвигтай ихээхэн өндөр өртөг бүхий урт гүүр барих шаардлагатай байж. Нөгөө талаар тэр үеийн Сангийн сайд (хожим нь Засгийн газрыг тэргүүлж байсан) С.Ю.Витте төмөр замыг Манжуураар дайруулж уг бүс нутгийг нөлөөндөө авах ёстой гэсэн байр суурь дээр хатуу зогсож байсан учраас ийнхүү Манжуураар дайруулахаар шийджээ. Ингээд 1986 онд Москва хотноо Орос, Хятад хоёр нууц гэрээнд гарын үсэг зурж Манжуурын нутгаар дайруулан төмөр зам барихаар болсон байдаг. Төмөр замыг бас салаалан Шар тэнгисийн эрэг дэх өвөлдөө хөлддөггүй Порт-Артур болон Далянь (оросоор Дальний гэх) боомт хүртэл барихаар болжээ.
1500 километр урттай КВЖД-г барих ажил 1987 онд эхэлж
1903 онд барьж дуусган ашиглалтад оруулав.
Ер нь КВЖД-гийн түүх их ээдрээтэй. 1900 онд гадаадынхны хүчирхийллийг эсэргүүцсэн “боксерийн бодлого”-ын үеэр баригдаад байсан төмөр замын ихэнх хэсгийг эвдэж сүйтгэсэн ч богино хугацаанд сэргээн барьж дуусгажээ. 1904-1905 оны дайнд (ер нь энэ дайн уг төмөр замаас болсон гэж үздэг) Орос Японд ялагдсанаар Далянь боомт хүртэлх төмөр зам Японы мэдэлд очив. Октябрийн хувьсгалын дараагаар буюу 1919 онд Зөвлөлт Орос Улс КВЖД-гээс татгалзаж байгаагаа зарласан боловч 1924 онд Хятадтай хамтарч эзэмшихээр дахин тохирсон хэдий ч 1928 онд Жан Сюлинь (Залуу жанжин гэгддэг) КВЖД-г эзэлсэн тул Зөвлөлт Холбоот Улс 1929 онд Хятадын эсрэг байлдааны ажиллагаа явуулж эрхээ дахин сэргээжээ. 1932 онд Япон улс Манжуурыг эзэлж тоглоомын Манж-Го улс байгуулсан бөгөөд Зөвлөлт Холбоот Улс түүнд 1935 онд КВЖД-г 140 сая иенээр заржээ. 1945 онд Зөвлөлтийн Улаан арми Манжуурыг Японоос чөлөөлснөөр уг төмөр замыг Ялтын хэлэлцээрийн дагуу Зөвлөлт-Хятад хоёр хамтран эзэмших болсон байна. 1949 онд БНХАУ байгуулагдсаны дараагаар буюу 1952 онд ЗХУ уг төмөр замыг БНХАУ-ын мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлж өгсөн түүхтэй.
Төмөр зам бүс нутгийн хөгжилд ямар чухал нөлөөтэй гэдгийг КВЖД-гийн түүхээс харж болно. Хэрэв 1898 онд Манжуурын хүн ам 7 сая хүрэхтэй үгүйтэй байсан бол 1930 он гэхэд 38 сая болсон байдаг. Төмөр зам дагуу олон хот, суурингууд байгуулагдав. Үүний тод жишээ нь гэхэд л миний дээр дурдсан Манжуур, Хайлаар хотууд юм.
Төмөр зам баригдсанаар Манжуур нь эдийн засгийн хөгжлөөрөө Хятадын бусад хэсгээс үлэмж түрүүлэх болсон байдаг. Харин Орос орон өөрийн хязгаар нутгийн хөгжлийг олон жилээр хойш татаж хөрш орондоо түлхүү хөгжих боломж олгосон гэж үздэг юм билээ. Оросын Алс Дорнод хүн ам сийрэг, хил залгаа Манжуурыг бодвол эдийн засгийн хувьд буурай хөгжилтэй хэвээр байна. Гэтэл КВЖД-гийн ачаар байгуулагдсан Харбин хот өнөөдөр 10 сая хүн амтай, аж үйлдвэрийн томоохон төв, тээврийн чухал зангилаа болсон байх жишээтэй.
Манжуур ба Хайлаар хот. Манaй улсын зүүн хилээс холгүй байдаг энэ хоёр хот КВЖД-тэй салшгүй холбоотой гэдгийг дээр дурдсан. Сая хамт явсан монголч эрдэмтэн А.С.Железняков оросын нэрт кино найруулагч Н.С.Михалковын бүтээсэн “Уурга” киноны зөвлөхөөр ажиллаж байхдаа 1990 онд Манжуур, Хайлаарт хэдэн сар амьдарчээ. Голдуу хавтгай дээвэртэй дан шавар байшин бүхий эдгээр хот өнөөдөр илбийн юм шиг өөрчлөгдсөнийг хараад гайхан толгой сэгсэрч байв. Ингээд өнөөдрийн Манжуур, Хайлаар хотын талаар хэдэн фото зураг танилцуулъя.
КВЖД-г оросууд барьсан учраас төмөр зам дагуух хот, суурингуудын байшин барилгуудыг орос-европ стилээр барьсан байдаг. Өнөөгийн Манжуур, Хайлаарт энэ стилийг хадгалсан барилга их баригдаж байна.
Манжуур хотод оросын том том матрёшканууд, Москвагийн Кремльд байдаг Хаан хонх, Хаан их буу зэрэг нь орос жуулчдад гэхээсээ илүү Хятадын Өмнө зүгээс ирдэг жуулчдад зориулагдсан болов уу.
Заримдаа бүр Москвагийн гудамжаар явж байгаа мэт сэтгэгдэл төрхөөр гээч.
Манжуур нь Хятад-Оросын хил дээр байдаг учраас оросууд ирж наймаа хийх нь элбэг. Орос худалдаачдыг дүрсэлсэн хөшөөнүүд хүртэл босгожээ.
Оросууд олноор ирж наймаа хийдэг болохоор дэлгүүр, үйлчилгээний газруудын нэр, хаягийг оросоор бичсэн байх юм. Бас заримдаа монголоор (кирилл, уйгаржин үсгээр) бичсэнтэй ч тааралдана.
Мөн монголчууд ч их очдог нь мэдэгдэж байна. Зарим дэлгүүрийн өмнө манай талын цагаан чонын чихмэлүүд тааралдана. Улаанбаатар-Манжуурын хооронд “Хүннү-Эйр” компани долоо хоногт 4-5 удаа нислэг хийдэг.
Манжуурын хотын төв нь дэлхийн том хотуудаас ер ялгагдахгүй. Таван одтой “Шангри-ла” зочид буудал хүртэл байх юм.
Шинээр байгуулагдсан Манжуурын их сургуулийн барилга нь өнгөц харвал Москвагийн их сургуулийн барилгатай төстэй санагдсан.
2016 оны 6 дугаар сарын 20-нд Манжуурт худалдаа - аялал жуулчлалын эдийн засгийн чөлөөт бүсийг албан ёсоор нээв. Энэхүү чөлөөт бүс нь Орос-Хятадын хооронд худалдаа, аялал жуулчлалыг хөхиүлэн дэмжихэд зориулагджээ. Санаснаар болдог бол манайх ч гэсэн энэ чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах эрх олж авмаар байгаа юм.
Хайлаарт Манжуурыг бодвол өвөр монголчууд арай олон амьдардаг. Гудамж талбайд монгол маягийн чимэглэл, реклам нилээд тааралдана.
Хайлаар хотоос холгүй дайны өмнө япончууд нутгийн иргэдийг дайчлан бариулсан газрын дор хоргодох байр, агуулах бүхий хориглон хамгаалах томоохон бүс байсныг сэргээн засварлаж Дэлхийн II дайнд зориулагдсан дурсгалын цогцолбор музей байгуулжээ. Японы эзэрхийллийн үеэр нутгийн иргэд хэрхэн дарлагдан зовж байсан, Зөвлөлт-Монголын цэрэг Манжуурыг япончуудаас яаж чөлөөлсөн зэргийг харуулсан баялаг үзмэртэй юм.
Цогцолборын гадаа Зөвлөлт, Хятад, Монгол дайчдад зориулсан хөшөө байх бөгөөд 3 орны төрийн далбааг өндөрт намируулжээ.
Музей дотор нь монгол дайчдын фото зураг, монголын одон, медаль зэрэг манайтай холбоотой нилээд үзмэр байна лээ.
SKYLITE
Зочин
Зочин
жав
Зочин
Зочин
Loboroos