Жин ойролцоо зүйлс илүү цул нягт, нийцтэй байдаг. Тэгвэл нэг үндэстэн, нэг улс доторх хүмүүсийн олонлог ямарваа хэмжигдэхүүнийхээ жингээр өөр хоорондоо ойролцоо баймааж илүү ойлголцол, эв нэгдэлд хүрдэг гэдэг санаа. 

Яг одоогоор монголчууд өөр хоорондын жин үлэмж зөрүүтэйгээс гадна цаашдаа ч энэ нь гүнзгийрэх магадлалтай. Энэ нь хөрөнгийн тэгш бус байдлаас үүдэлтэй орлогын, боловсролын, соёлын ялгаанд суурилж байна. 

Монгол Улсад 2050 онд хурцдах асуудал гэвэл; нэгд, ажиллах хүчний хомсдол, хоёрдугаарт, олон янзын /англи, орос, хятад, япон гэх мэт/ сургалт бүхий дунд боловсролын системээс үүдэлтэй үндэстэн доторх соёлын ялгаанд суурилсан зөрчил... 

Энэ бол судалгааны дүн, дүгнэлтэд үндэслэсэн таамаглал юм. Эцсийн дүндээ улс орны аюулгүй, бүрэн бүтэн байдлын асуудал. 

Тэгэхээр бид аль болох эрс ялгаа бүхий олонлогуудад хуваагдах тусмаа таагүй гэсэн үг. 

Заримынх нь сайн мэдэх, заримынх нь ор тас мэдэхгүй 90 он гэхэд бүгдээрээ үзэл бодол, тэрчлэн өмсөх зүүх, гэрийн тавилга, хэтрүүлэн хэлэхэд данх сав нь ч айл бүр адил шахам байсан монголчууд яагаад ийм өөр болсон юм бол доо?! 

Өмч хувьчлалын тухай хуулийг 1991 онд баталснаас хойш хэдхэн жилд 500 орчим улсын үйлдвэрийн газрууд ягаан /үйлчилгээний газар/, цэнхэр /үйлдвэр/ тасалбараар хувьчлагджээ. Ингэхдээ иргэдэд хүртээлтэй бус учир мэдэх цөөн хүмүүст л өмчтэй болох нөхцөлийг өгсөн нь өнөөдрийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй ХК-ууд ихэнхдээ "гэр бүлийн" компани байгаагаас харж болно. 

Харин тэр үед хувьчлагдаад хаалгаа барьсан хэдэн арван үйлдвэрийн газрын ажилчид хэдэн мянгаараа ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, амьдралд, архинд хөлөө алдсан бүхэл бүтэн үеийг бий болгосон доо. Тэд нэг нэгээрээ наймаа хийдэг, хамт олон, ажлын газар гэх ойлголтгүй болсноос хойш одоо ч нэгдэн нийлж чадахгүй байгаа юм шиг санагддаг.

Хамгийн гол нь тэр үед л суурь нь тавигдсан хөрөнгийн тэгш бус байдал дараа дараагийн үе шатанд лавширсаар улс төр, эрх мэдлийн тэгш бусыг үүсгэж, сүүлийн үеийн хэллэгээр дабль стандартыг үүсгэсэн. Хамгийн гомдолтой нь шударга үнэний дэнс болох учиртай шүүх хүртэл “дабль” болсныг хэн ч хүлээн зөвшөөрнө. 

Энэ "даблийг" аль болох дарж, үндэстэн доторх олонлогуудынхаа жинг ойртуулж байж л улс дотроо хуваагдал, үзэн ядалтгүй, эрх тэгш, эв нэгдэлтэй байх болов уу. Үүний суурийг тавихуйц улс төрийн шийдвэр гаргаж байгаагаа өнөөдөр УИХ-ын танхимд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгджээ. Тэр нь авлигын шүүх байгуулах буюу албан тушаалын гэмт хэргийг тусад нь шүүн хэлэлцдэг байх тухай.

“Улс төрийн хэлмэгдүүлэл эхлүүлэх гэж байна. Эрхбаригчид өөрсдийнхөө хүзүүнд олс углах гэж байна” гэх зэрэг шүүмжлэл үүнийг дагалдаж байгаа ч Ерөнхий сайдын хэлж буй үндэслэлд ч, тэрхүү шүүмжлэлд ч ялгаагүй давтагдаж буй объект нь улс төр, эрх мэдэл. Энэ хэсэгт бүх зүйл өмчлөгдөж байгаа нь л асуудал юм. Өнөөгийн нийгмийн тэгш бус байдал цөөнх хэсэг нь үйлдвэр, үнэ цэнтэй объектүүдийг хувьчлан авахаас эхэлсэн бол тэд дараа нь газар, тэгээд газрын баялгийг өмчилж, эцэстээ төрийг, шүүхийг өмчилж авснаас үүдсэн юм.

Анхны өмч хувьчлал нийтээрээ мэдлэггүйгээс алдаатай болсон гэж үзэхэд үүнээс хойш 30 жилийн дараах хувьчлал бүр ч утгаа алдаж, төртэй хутгалдсан хуйвалдаан дунд төрийн мөнгөөр шийдэгдэж эхэлсэн юм. Эзэд нь түрүүчээсээ сонгуулийн цикл байтугай хүний амьдралын бүхэл үеийг гэнэ сэрэггүй өнгөрөөж, хөрөнгийнхөө эх үүсвэр угаагдаж, угаасаа элит гэгдэх цагаа хүлээж байгаа.

Үнэндээ бол хөрөнгийн болоод эрх мэдлийн давуу байдал л авлигын загалмайлсан эцэг. Түүнээс ядарсан ард түмний багшид, эмчид бэлгэнд барьдаг чихрийн цуглуулгыг хэлэхгүй. Нэг хэсэг авлига гэж юу вэ гэдэгт яг энэ ядруухан жишээг сурталдаж, Монголд үйл ажиллагаа явуулдаг олон улсын нэр хүнд бүхий сангууд хүртэл судалгааны үр дүнгээ үүнд чиглүүлж байсан нь одоо эргээд харахад жинхэнэ авлигачдын санаатай хийсэн тархи угаалт байж дээ гэж боддог. Авлигын үнэн төрхийг “Энэ бол хамгийн эрх мэдэлтэй, хамгийн нөлөө бүхий бүтцийг тойрч ургадаг ургамал” гэж Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр үнэн хэлжээ.

Авлигыг чөлөөт зах зээлийн эдийн засгийн мухар олгой гэж үздэг. Тогтолцооных нь гажиг буюу энэ систем үйлчилж байгаа цагт авлига байсаар байх зүй тогтлыг судлаачид үгүйсгэж чаддаггүй. Тэгээд яах ёстой вэ гэж үү? Албан тушаал, авлигын гэмт хэргийг шүүдэг, шийтгэдэг л байх ёстой. Яаж гэдгийг ямартаа ч шийдэх цаг бол болсон. 

Монгол Улсын ДНБ ирэх онд 74 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох хэмжээ 6000 ам.доллар давна гэж Засгийн газар мэдэгдсэн байна лээ. Цаашид ч өснө. Ер нь эдийн засаг өссөөр ирсэн мөртлөө ядуурлын хувь хэмжээ буурахгүй төдийгүй орлогын эрс ялгаа бүхий байдал нэмэгдсээр ирсэн учраас дээрх тоонд хүмүүс баярлаж баясахгүй байна. Учир нь Монголд эдийн засгийн өсөлт иргэдэд хүртэх бус эсрэгээрээ тэгш бус байдлыг л илүү гүнзгийрүүлэх үр дагавартай. Тэгээд бүх зүйлийг өмчлөх болсон тэр хэсгээ хулгай хийснийг мэдсээр атлаа “хэлмэгдүүлчих вий” гээд хуулиас, шүүхээс өмгөөлөөд өмөлзөөд суугаад байх нь хаашаа ч юм бэ дээ?!