Хөлгүй цэнгэлийн цаг
Хөлгүй цэнгэлийн цаг
Нэгэн харамсалтай мэдээ цахим хаягаар иржээ. 2025 он гарсаар усны ослоор 16 хүн амь насаа алдсанаас дөрөв нь бага насны хүүхэд байгааг онцгой байдлын газраас мэдээлсэн байв.
Сэлэнгэ мөрөн Хялгант, Зүүнбүрэн, Орхон гол Орхон болон Сайхан сум орчмоор мөн Хангай нуруунаас эхтэй Чулуут гол Чулуут сум ормоор усны түвшин нэмэгджээ. Мөн Чулуут гол Өндөр-Улаан, Орхон гол Орхонтуул сум орчмоор усны түвшин 5-15 см нэмэгдэх төлөвтэй байгааг албаныхан анхааруулж байна. Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой байдлын Ерөнхий газраас анхааруулж байна.
Дайн байлдаангүй орон байж цаг бусаар иргэдээ хэдэн арваар нь ингэж алдаж байдаг маань л дэндүү гунигтай санагддаг.
Зун гэх сургаар л манайхан майхан саваа ачаад давхицгаадаг. Одоо яг тэр цаг нь учраас хараалгаж адлуулахаас үл эмээн бичиж байна.
***Ерөөс өвлийг давна гэдэг монголчуудын хувьд өнө эртнээс хүнд хэцүү даваа байжээ. Манай орон бол эрс тэс уур амьсгалтай, өвөл нь асар их хүйтэрдэг орон. Энэ хүйтэн нь хүн малыг ялгалгүй туйлдуулж байдаг. Өвлийг даваад хавар нь хавсарга тавьж, зуд турхан болж, мал сүрэг нь хуйгаараа үхэж үрэгдэнэ. Тэгж тэгж зунтай золгоно. Энэ үеэ хүн малын зоо тэнийх цаг гэж ярьдаг байв. Одоо ч малчдын дунд энэ яриа хэвээрээ дээ.
Айлууд зусландаа айлсан бууцгааж, хорвоо дэлхийн атираа тэнийн, гол усандаа умбан шумбан байдаг тэрхүү үлгэрийн гэгддэг зун цагийг одоо асар их хувирсан гэж хөгшид ярьдаг. Зарим талаас тэдний үг үнэн санагдана. Бидний хүүхэд насны үеийн зун одоогийн зун хоёр л гэхэд хоорондоо харьцуулшгүй өөр шүү дээ.
Лав л зуныг зун болгодог байсан гол үзэгдлүүдийн нэг бороо бараг алга болсон. Бага байхад гурав дөрвөн өдрөөр л бороо ордогсон. Зүсрээ бороо, намираа бороо, нартай бороо, шиврээ бороо...гээд бараг уран зохиол шиг гоё нэртэй, гоо үзэгдэл одоо бол ховорхон ордог, хааяахан л ирдэг болж дээ. Байгаль дэлхий хүн төрөлхтний бурангуй үйлдлүүдийн хөлд шархлан өвдөж, асар их өөрчлөгдсөн нь энэ. Энэ талаар дэлхий нийтээрээ л ярьцгааж байгаа. Ганцхан монголд явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлт ч биш.
Монголын тал нутгаар дүүрэн алаглан ургадаг цэцэгс, үй түмэн ургамал ногоо жилээс жилд цөөрсөөр бараг ургахаа байсан. Монгол орон нэлэнхийдээ түйрэнд булагдаж, өвөл зунгүй цагаан шороонд дарагдан байх боллоо. Үүнээс болоод хавар, зун, намар гурав холилдон эрлийзжиж, хаяа хязгаараараа салж мэдрэгдэхээ ч больсон.
Одоо ид монгол нутагт зун айлчилж, хотынхон нэг нэг машин унаад шороо татуулан хөдөө тийш давхилдаж байна. Уг нь бол дэлхийн бүх нутаг зун шиг байдаг. Хүйтэн орон байсан ч зарим хэсэг нь зун шиг байдаг учир бидэн шиг ингэж хөл алдаж сүйд болдоггүй. Манай орны нутаг дэвсгэр бүхэлдээ дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст буюу хүйтэн сэрүүн бүс нутагт оршдог болохоор жилийн дийлэнхийг хасах хэмд өнгөрүүлдэг тавилантай. Тийм болохоор зун болонгуут бараг бүгд утга учиргүй хөөрөлд автан давхилдаж, нэг ёсондоо хяналтаа бүрэн алддаг. Гаднаас нь харахад монголчуудын амьдрал чулуунд махаа хавчуулан шарж иддэг байсан дундад зуундаа эргэн очиж, бүх хүн бөх, уяач, бөө лам болон улаан шар дээлэнд боолттой юмнууд болон хувирч эргээд бараг феодалын зуундаа оччихсон юм уу хэмээн гайхширмаар байдалдаа ордог.
Үнэндээ бидний бүх юм буруу эргүүлэгт орчихсон мэт. Ургамал хүртэл хамгийн богино хугацаанд ургаад хагдардаг монгол оронд барилга, уул уурхай, зам харгуй, бүтээн байгуулалтын ажлуудаа зундаа хийж багтдаггүй. Жинхэнэ ажиллаж байх ёстой үедээ монголчууд эсрэгээрээ бүгд ингэж амарч найрладаг. Ганц гадаа ажил хийж болдог цагаа ингэж өнгөрөөмөөргүй байна. Энэ талаар бид олон жил хөндөж бичиж, уриалж байгаа. Өвлийн ид хүйтэнд, ханиад томууны цагаар амардаг байя. Зун нь ажилладаг болцгооё. Зуныг улсаараа найрлаж наадамддаг биш улсаараа ажилладаг улирал болгосон цагт бид хөгжинө. Гэтэл бид ургамал ногоогоо халцартал тахалж, хүүхдүүдээ морины нуруун дээр хийсгэн дарцаглуулж, хөлд нь тэднийхээ заримыг алдан байж нааддаг зэрлэг цэнгэлийн мөчлөг болгон хувиргажээ.
Сүүлийн хэдэн жилийн зуныг бид 100 жилдэж л өнгөрөөлөө. Бөөн өртөг төсөв болсон нүсэр ойнууд хийж байна. Баахан ойн медалиуд, болсон болоогүй жаазнууд л урд очиж хийлгэлээ. Хөгжиж буй, бүтээн байгуулалт хийдэг улс оронд гурван өдөр, гурван цагийг ч үр бүтээлгүй хий эргэж өнгөрүүлдэггүй. Бид л бүтээн байгуулалт ид өрнөх ёстой үеэ найрлаж, наадамдаж өнгөрүүлж байдаг. Үнэхээр гунигтай. Ийм улс дэлхий ертөнц дээр манайхаас өөр байхгүй.
Энэ их хөлгүй тэнэг цэнгэлийн хөлд монголчууд маш олон үнэт зүйлээ алдаж байгаа. Хүүхдүүдээ агаарлуулна гээд нэг нэгнээ дагаж хөөрцөглөөд, болсон болоогүй хамаатан садангууд руугаа хамаа намаагүй хэдэн чихэр боож өгөөд явуулчихдаг. Охин хүүхдүүдээ ямар чаюулгүйн баталгаагүй орчин руу тавьж тууж байгаагаа ч бодохгүй. Хайнга,болгоомжгүй, бүх зүйл дээр оройтсон хойно нь ухааран орилж гүйдэг эцэг эхчүүд олон шүү.
Эсрэгээр нь хөдөлмөр амралт, хичээл сургалт хослон цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг зуслангуудаа алга болгосон. Хүүхдийн яг стандарт зуслан манайд маш ховор. Бараг байхгүйтэй адилхан. Байсан юм болгоноо бид байхгүй болгосон.
Одоо үер усны цаг эхэллээ. Өнгөрсөн онд 74 хүн усанд осолдож нас барсны 14 нь хүүхэд байсан шүү. Он гарсаар бид зөвхөн усанд дөрвөн хүүхдээ алдчихаад байна. Бид аялж зугаалж сураагүй. Үр хүүхдээ хамгаалж явж чаддаггүй. Тийм байж бүгдээрээ өр тавиад л аялж зугаалах гээд давхицгаадаг зантай.
2024 оны баяр наадмын таван хоногийн амралтаар гэхэд улсын хэмжээнд 24 хүн усанд осолдож нас барсан. Үүний ес нь хүүхэд байсан гэдгийг сануулъя. Бидэн шиг хөл толгойгоо алдаж нааддаг улс байхгүй.
Сүүлийн зургаан жилд зам тээврийн ослоос болж нас барсан хүүхдийн тоо 362 байна. Хүүхдүүдээ ч хамгаалж чадахгүй хөлгүй цэнгэлийн орон боллоо шүү.