ХООСОН: ХЭЛЭХ ГОЁ ҮГ ДУУССАН...
Уул уурхайн баялгийг болон банк санхүүг эзэмшиж буй нийгмийн тодорхой бөгөөд цөөнх хэсэг төрийг удирдахын тулд өөрсдөө, эсвэл төлөөллөө улстөрийн эрх мэдэлд томилж ирсэн тогтолцоо хувь заяагаар ч гэх үү тасарсан үүлэн чөлөөгөөр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсон юм. Тэр хоосон нь үнэн. Хоосон ч учраас төрийг, улсыг худалдан авсаар ирсэн олигархиудын хуйвалдааны эсрэг зоригтой зогсож байгаа болов уу.
Азийн улс орнуудад ажиглагдаж буй нэг зүй тогтол ньхөгжлийн загвараа гуч орчим жилд нэг удаа шинэчлэн сэлгэх байдлаар цааш замнадаг, ингэхдээ нэг бол сайжруулдаг, нөгөө бол алдаа хийдэг аж. Өдгөөгөөс гучин жилийн өмнө тогтолцоогоо өөрчилж, чөлөөт эдийн засгийн онол, баримтлал бүхий ардчилсан загвараар хөгжих сонголт хийсэн Монгол Улс энэ хүртэлх замын зургаа эргэн харж байна.
Дэлхийд нээлттэй, ардчилсан улс болсон хэдий ч энэ гучин жилд далд эдийн засаг цэцэглэж, сүүлдээ хууль ёсны бусад засаглал болох Засгийн газар, шүүх, прокурор, хэвлэл мэдээллээ удирддаг хүчирхэг тогтолцоо болон хувирсан нь илчлэгдсээр өнөөдөр нуухын эцэсгүй ил тод төдийгүй нуран унахдаа нүргээн үүсгэж буй цаг үед наяад оны залуу Ерөнхий сайдаар ажиллаж байна. Энэ ажлыг хүлээн авснаасаа хойш хоёр жилийн дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй ярилцлага өгч, өнгөрсөн хугацааны ажлаа тайлбарлалаа. Хэн нэгэн дуугүй байгаа бол хэлэх зүйлгүй нэгэн, эсвэл хийсэн ажил нь өмнөөс нь яриад өгөх нэгэн байж таарна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд хоёр дахь шалтгааны улмаас хоёр жил хэвлэлд ам нээгээгүй болохыг Хөгжлийн банк, Эрдэнэтийн 49 хувь, нүүрсний хулгай, УБТЗ-ын авлига зэрэг дуулиан шуугианууд тайлбаргүйгээр хэлээд өгөх биз ээ.
Уул уурхайн баялгийг болон банк санхүүг эзэмшиж буй нийгмийн тодорхой бөгөөд цөөнх хэсэг төрийг удирдахын тулд өөрсдөө, эсвэл төлөөллөө улстөрийн эрх мэдэлд томилж ирсэн тогтолцоо хувь заяагаар ч гэх үү тасарсан үүлэн чөлөөгөөр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсон юм. Тэр хоосон нь үнэн. Хоосон ч учраас төрийг, улсыг худалдан авсаар ирсэн олигархиудын хуйвалдааны эсрэг зоригтой зогсож байгаа болов уу..Г.Заншатар ч, У.Хүрэлсүх ч нэг талаар төсөөтэй нь олигархиудын хармаанаас гараагүй. Тийм ч учраас хоршил болж чадаж байгаа гэж харагддаг.
Талбай тойрсон өндөр барилгуудад хуралддаг “банкны эзэд” гэдэг үгийг Л.Оюун-Эрдэнэ санаандгүй хэлээгүй, өчигдрийн ярилцлага дээрээ ч дахиад хэлсэн нь зориудынх. Түүний Засгийн газрын унагах, төрийг төлөөллөөрөө удирдах сонирхол, эрх ашиг шалгагдаж байгаа хэргүүд, шүүх хурлуудаас үл хамааран өнөөдөр ажиллаж байгааг хэлсэн хэрэг биз.
Монгол Улс хангалттай баялагтай. Зөвхөн зэс, нүүрсний экспорт дээрх далд эдийн засгийг цэгцлэхэд л жил хүрэхгүйн хугацаанд нэг монгол хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 5000 ам.долларт хүрнэ гэж Ерөнхий сайд мэдэгдэж байна. Экспортын түүхий эдийн хэмжээ жилд 150 сая тоннд хүрэхэд энэ хэмжээ дахиад хоёр дахин нэмэгдэнэ гэв. Үүнд хүрэх зам нь баялгийг “хулгайлж” буй далд эдийн засгийг ил болгох, үүний тулд системийг нь задлах явдал. Харин үүний дараа баялгийн өгөөжийг хүн амд шингээх хөгжлийн бодлого чухал гэдгийг тэрбээр эцэст нь дүгнэв. Гэхдээ өнөөдөр бодлого хийж байх ёстой Засгийн газар авлига, хулгайг илчлэхэд хугацаа зарцуулж байгааг ч хэлэв. Энэ нь хувь хүмүүсийн хэрэг төдий биш нийгмийн маань гажуудал болсон нийтлэг үзэгдлийн шинж тэмдгүүд. Гучин жилийн сайн сайхан ололттой зэрэгцээд гажуудал нь өөрийн шинж тэмдгүүд илэрч буй хэрэг. Одоо онош тавигдаж, эмчилгээ эхэлж байх шиг.
Харин эмчилгээний дараа яах вэ? Энэ бол хөгжлийн загвараа сайжруулах боломж байх учиртай. Хариулт нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын дэвшүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” мөн үү? Энэ бодлогынх нь үндэслэл нь эдийн засгийн хөгжлийг хойш татаж буй хүчин зүйлүүдийг зөв тодорхойлох, залруулах явдал. Ямартай ч “Боомтын сэргэлт” нь экспортын гарц, ложистикийг шинэ төвшинд гаргаж ирлээ. Эдийн засгийн хөгжлийг сааруулагч зургаан хүчин зүйлсийг засаж залруулах энэ бодлого бүтэн хэрэгжсэний дараа эдийн засаг 3-4 дахин тэлнэ гэж мэдэгдэж байгаа.
Хийснээ хэлж ярих гэхээр хэдийнээ гучин жил улстөрчдийн гоё үгс сонсож, шилний цаанаас чихэр долоосон нийгэм хүлээж авахаасаа өнгөрсөн. Хэлэх гоё үг гүйцсэн тул хийж үзүүлэх л түүнд үлдсэн байна. Түүний хийж буй ажил хэсэг бүлэгт таалагдахгүй байгаа нь үнэн. Тийм ч алба бас үгүй. Тэр хэсгийнхнээс түүнийг нийгэмд “хоосон” гэж ойлгуулах, “данх” гэж хочлох, хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг нь худлаа, бүтэшгүй гэж итгүүлэхийн тулд “хоосон данх шүгэлдэж байна” гэж хэлдэг ч данхны шүглээс давж сонсогдож буй далд эдийн засаг, эрх мэдлийн мөсөн уул нуран унаж буй нүргээнийг яаж үгүйсгэх билээ?