УИХ-ын даргын зөвлөх А.Гансүхээс дараахь тодруулгыг авлаа.


-Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээр явагдаж байна. Энэ талаар та байр сууриа хэлнэ үү?

-Тавантолгойн ордыг олборлох консорциумтай М.Энхсайхан хэлэлцээр хийж байгаа. Тавантолгойн ордыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, олон нийтийн сонирхолд нийцсэн хувилбараар ашиглах ёстой гэж би үздэг.

-Тавантолгойн ордоос урагшаа явж байгаа төмөр замын хувьд юу хэлэх вэ. Энэ ордыг ашиглах консорциум төмөр замыг бас авч байгаа бололтой...

-Төмөр зам нь төрийн өмчит “МТЗ” компанийн өмчлөлд байх нь зүйтэй. Тэгээд ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32 зөвлөмжийн дагуу Засгийн газрын 2012 оны 121 тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг төрийн өмчит МТЗ компанид өгсөн. Үүнийг өөрчилж болохгүй.

Засгийн газрыг төлөөлж хэлэлцээр хийж байгаа М.Энхсайхан сайд үүнийг мэдэж байгаа. Олборлогч компанид тээврийг нь өгөх буруу.

-Яагаад?

-“МТЗ” тээврээ хийж ашиг олох ёстой. Тэгээд ч төмөр замаа 30 жилээр өгөөд дараа нь 51 хувийг төр авна гэдэг бол хамгийн муу тохироо. Өмнө нь энэ чиглэлийн замыг хувьд өгөх оролдлого хийгдэж байсан. Тэр үед хийж байснаас  долоон дор хэлэлцээ хийгдэж байна.

-Өмнө нь ямар байсан гэж?

-2012 оны тавдугаар сард МАН-ын Засгийн газар энэ чиглэлийн төмөр замыг “MCS”-д концессоор өгсөн байсан. Шинэчлэлийн Засгийн газар хууль зөрчсөн гэж үзэж хүчингүй болгож төрийн өмчит “МТЗ”-д өгсөн. Тэр үед 18 жилийн дараа 100 хувь төрд авахаар гэрээлсэн байсан. Одоо М.Энхсайхан бол 30 жилийн дараа л 51 хувиа төр авахаар хамгийн муу хувилбараар тохирч байгаа юм байна. 

Хамгийн ашигтай, стратегийн шинжтэй энэ төмөр замыг төрийн өмчит компани өмчлөх ёстой. ҮАБЗ-өөс зөвлөмж гаргахдаа Концессийн хуулийн 17.1.1 дэх заалтын дагуу гэсэн байгаа. Энэ заалт нь уралдаант шалгаруулалт зарлах нь үндэсний аюулгүй байдалд харшлах учир шууд гэрээ байгуулах тухай заалт юм. Гэтэл одоо Тавантолгой ордын уралдаант шалгаруулалтанд төмөр замыг оруулаад явж байгаа нь ҮАБЗ-ийг зөрчиж байна.

-Энэ төмөр замын эдийн засгийн үр ашиг ямар вэ?

-Тавантолгой-Га­шуунсухайт чиглэлийн төмөр зам бол 10 жилд өртгөө нөхөх тооцоотой хамгийн ашигтай зам. “МТЗ” төмөр замын тээврээ хийгээд хоёр тэрбум ам.долларын ашиг олох тооцоо байдаг. “МТЗ” олсон ашгаараа бусад чиглэлийн төмөр замаа барих ёстой.

Ингэж төмөр замын бусад чиглэлийн сүлжээгээ барих хөрөнгийг олох боломжтой. Бас БНХАУ-тай байгуулсан транзит тээврийн гэрээгээр Монгол Улс төмөр замын тээврийн хөнгөлөлттэй тариф авсан.

Энэ хөнгөлөлтөө Монгол Улс ашиглах ёстой. Гэтэл энэ боломжоо ч энэ консорциумд алдаж байна. Яах гэж Засгийн газар хоорондын гэрээ байгуулсан болж байна аа гээд ярих асуудал олон бий. УИХ дээр энэ асуудлыг гишүүд нухацтэй хэлэлцэнэ гэж найдаж байна.

-Тавантолгойн уралдаант шалгаруулалт хууль зөрчсөн гэж та хэлж байна уу?

-Маш товч хэлье.

Энэ хэлэлцээрийн явцыг харж байхад Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.4 дэх заалт, УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн 2011 оны 35/32 дугаар зөвлөмж, Засгийн газрын 2012 оны 121 тогтоол зөрчигдөж байна. Мөн “Эрдэнэс” Тавантолгой компанийн хувьд их хэмжээний хэлцэл хийгдэж байгаа тул Засгийн газрын зүгээс “Компанийн тухай” хуулийн “Их хэмжээний хэлцэл хийх” гэсэн 88 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг дагаж мөрдөх ёстой.

Тэр хийгдээгүй. “Эрдэнэс Тавантолгой” компанид тус бүр 1072 ширхэг хувьцаа эзэмшиж, компанийн нийт хувьцааны 20 хувийг бүрдүүлж байгаа Монгол Улсын иргэдийн эрх ашиг яаж хангагдаж байгаа нь тодорхой бус байна. Ийм хууль зөрчсөн аргаар шийдвэл тус компанийн 1072 ширхэг хувьцаа эзэмшигч хэн нэгэн иргэн шүүхэд хандахад л энэ хэлэлцээр унана.

-Та шүүхэд хандах уу?

-Эрдэнэс Тавантолгой компанийн 1072 хувьцаа эзэмшигч иргэн бүр шүүхэд хандах эрхтэй.

-Таны харьяалагддаг АН эрх барьж байгаа биз дээ?

-Би танд 2012 оны УИХ-ын сонгуульд орохдоо АН-ын дэвшүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг сануулъя. Бид дараахь заалтуудыг дэвшүүлж иргэдийн итгэлийг авч УИХ-д олуулаа болжээ. “Монгол хүн 2020” хөтөлбөр“-т “Уул уурхайн ордуудыг түшиглэн байгуулагдах компаниудад Монголын талын оролцоог 51 хувиас багагүй байлгах эрх зүйн орчныг бий болгож, хэрэгжүүлнэ” мөн “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордууд дээр байгуулагдах компанийн 51-ээс доошгүй хувийг төр эзэмшдэг байна”  гэжээ. Харин УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ордууд дээр байгуулагдах компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын тал эзэмших гэсэн байна.  Та жишээлбэл үүн дээр юу хэлэх вэ. Та бас сонгогч шүү дээ.

-Ойлгомжтой байна л даа. Тэгээд энэ заалтууд хэрэгжих үү?

-Хэрэгжих эсэх нь АН-ын УИХ дахь гишүүдээс шалтгаална. Хэрэв АН болон түүний тэргүүлж байгаа Засгийн газар  сонгогчдоо хуурч, сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасныхаа эсрэгээр Тавантолгойн хэлэлцээрийг байгуулбал 2016 оны УИХ-ын сонгуульд АН ялагдана. Сөрөг хүчнүүд үүнийг ашиглаж УИХ-ын сонгуульд орно шүү гэдгийг л АН-ын журмын нөхдөдөө сануулмаар байна.