Х.Булгантуяа дүү минь, хэний зараалаар ямар ялтай хурал удирдчихав аа?
-Ерөнхийлөгчийн хориг Үндсэн хуулийг аварна, Г.Занданшатарын хүсэлт парламентын ардчиллыг авчирна
Хоёр асуудлыг ялгаж салгаж ойлгож чадахгүй байгаагаас үүдэн олон нийт зарим асуудлаар төөрөлдөх боллоо. Юуны өмнө Үндсэн хуулийн цэцэд Монгол Улсын Ерөнхий сайд ямар хүсэлт гаргасан юм бэ? Цэц үүнийг л хэлэлцэнэ. Хүрээнээс халих боломжгүй. Засгийн газраа төлөөлж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан нар Үндсэн хуулийн цэцэд хандсан гомдлыг энэ сарын 16-нд хүргэж өгсөн. Гомдолд “УИХ-ын гишүүн, дэд дарга Х.Булгантуяа Улсын Их Хурлын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг удирдахдаа агуулга нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй” гэсэн томъёоллоор санал хураалгахаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны өмнө гэнэт мэдэгдэн, зохион байгуулж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтой зөрчих нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэхүү үйлдэл нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн шинжийг агуулж байгааг ч мөн анхаарах шаардлагатай байна” гэжээ.
Хүсэлт гаргасан нь Ерөнхий сайд, хүчилж хурдалсан нь Цэц байлаа
Цаашилбал “Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 66.1-д “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу...Ерөнхий сайдын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ” гэж хуульчилсны дагуу УИХ-ын гишүүн, дэд дарга Х.Булгантуяагийн Үндсэн хуулийн 43.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3, 101.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд санал хураалгах гэсэн асуудлыг хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг үүгээр гаргаж байна. Мөн уг хүсэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу яаралтай шийдвэрлэж өгнө үү” гээд Ерөнхий сайд Г.Занданшатар гарын үсгээ зуржээ. Тэгэхээр Үндсэн хуулийн цэц Х.Булгантуяа гэдэг албан тушаалтан Үндсэн хуулийг зөрчсөн эсэхээр шийдвэр гаргах нь. Тодорхой хууль, тогтоолд бус албан тушаалтны үйлдэл Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудал учраас шууд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгээд Үндсэн хуулийн их суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон. Ингэхдээ нэг алдаа гаргасан нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс долоо хоногийн өмнө нийтэд мэдээлэх ёстой. Энэ ажиллагааг огт хийсэнгүй. Үндэслэлээ тайлбарлахдаа “Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцсэн эсэх уг маргаан нь онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал тул Их суудлын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажиллагааг нэн даруй гүйцэтгэж дуусгалаа гэжээ. Ингээд энэ сарын 22-ны өдөр 09:30 цагт Их суудлын хуралдаанаар УИХ-ын гишүүн, дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж шийдвэр гаргах нь ээ. Ерөнхий сайдын хүсэлт ч ийм. Зөвхөн Х.Булгантуяагийн ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар хүсэлт гаргасан.
Цэцийн их суудлын хуралдаанаар “Зөрчсөн” гэж үзвэл яах вэ?
Үндсэн хуулийг зөрчсөн УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга өргөсөн тангарагаа мэдэж байгаа байлгүй дээ. Харин Үндсэн хуулийн зөрчин бол үйлдсэн ажиллагааных нь хор хохирол юу байх бол? Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар бол “Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүнийг тангарагаасаа няцаж Үндсэн хуулийг зөрчсөн гэх дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ” гэсэн байна. Мөн УИХ-ын тухай хуулийн 14.2-т гишүүний бүрэн эрх дуусгавар болсноос гадна өөрийнх нь хүсэлтээр, эсхүл нэр дэвшүүлсэн нам, эвслийн бүлгийн хүсэлтээр УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэсэн байдаг.
Албан тушаалаас салах нэг асуудал. Харин хэргийн нөхцөл байдал хүндэрч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар санаархсан, түүнийгээ бүлэглэж, зохион байгуулалттайгаар, хуйвалдаж хийсэн бол бүр ч хүндэрч мэдэх нь. Тэгэхээр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын анхааруулж хэлсэн, Академич С.Нарангэрэлийн Үндсэн хуулийн 3.2-т заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болно. Магадгүй улмаар хүндэрч Эрүүгийн хуулийн 19.2-т заасан Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэдэг хэрэгт ч холбогдуулж болохуйц өнцгүүд харагдсан. Энэ талаар дээрх хуульд “Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч, хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн, төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол 12-20 жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Эндээс харахад УИХ-ын гишүүн, дэд дарга Х.Булгантуяа юу хийчихэв ээ? Түүгээр хэн, юу хийлгэчихэв? Энэ бол ноцтой асуудал. Хариултыг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар шийдэх нь.
Ерөнхийлөгчийн хориг зөвхөн 95 дугаар тогтоолд чиглэсэн байлаа
Дараагийн асуудал нь Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавилаа. Энэ бол Х.Булгантуяа гэдэг албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай бус УИХ-аас Ерөнхий сайдыг огцруулах тухай 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьж буй хэрэг юм. Хоригт “УИХ-ын шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд бүрэн нийцсэн байвал зохино”, “Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдсөн байна” гэсэн хоёр үндэслэлийг дурдсан.
Үүнийг ҮАБЗ улс төрийн асуудалд оролцлоо гэж шүүмжлэх хэсэг буй боловч энэ нь хоригт онцгойлон сануулсанчлан “Үндсэн хууль дээдлэх зарчим зөрчигдөх нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэл, улс орны хөгжил дэвшил, гадаад, дотоод нэр хүнд, төрийн байгууллын дархлаа, улс үндэстний нэгдмэл байдалд ноцтой хохирол учрах аюултай тул” Үндэсний аюулгүй байдлын асуудал мөн гэж үзэх нь зүйтэй юм. Тэгэхээр УИХ-ын 95 дугаар тогтоол хоригт орлоо. Энэ тогтоол бол Ерөнхий сайдыг огцруулах тухай юм. УИХ-ын гишүүн П.Сайнзориг үүнийг мушгин “Тэгвэл тэр өдрийн чуулганы УИХ-ын даргыг өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоол, ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг гуравдугаар хэлэлцүүлэгт шилжүүлэх санал хураалт зэрэг бүгд хүчингүй болох логик учир шалтгаантай” гэж rhyme уншаад буй. Гэвч Төрийн тэргүүн тааллаараа хориг тавьдаг учраас зөвхөн 95 дугаар тогтоолыг л хоригт хамааруулсан.
Цаашид юу болох вэ? ҮАБЗ өнөөдөр хэдэн гишүүнтэй вэ?
Ерөнхийлөгчөөс бусад нь эрх зүйн чадамжгүй болчихлоо, тийм үү? Энэ асуултад ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нараас энэ талаар асуухад “ҮАБЗ-ийн хоёр гишүүн, нэг өдрийн дотор, нэг нь чуулганаар санал хурааснаар, нөгөө нь өөрийн хүсэлтээр албан тушаалаар чөлөөлөгдөж байсан тохиолдол байхгүй. Үүнийг Де-юре гэж нэрлэдэг. Ардчилсан үндсэн хууль бол Монголын ард түмний хамгийн том үнэт зүйл. Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Тийм учраас ч би энд зогсож байна” гэж хариуллаа. Эвгүй байгаа биз? Түүний тайлбарласнаар Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоол Цэц дээр маргаан үүссэнээр түдгэлзэхгүй, Цэцийн шийдвэр “Үндсэн хууль зөрчсөн” гэж гарсан тэр цаг мөчөөс түдгэлзэнэ гэнэ ээ.
Тэгэхээр Засгийн газрын хуралдааны Г.Занданшатар удирдаж болох уу? Бас л эргэлзээтэй болчихож байна. МАН-ын дарга хэн бэ, тэгвэл? Удаа дараа Д.Амарбаясгалан өөрийгөө МАН-ын дарга гэж хэллээ. Хэл нь хальтирав уу гэж бодоод лавлан асуухад “Би МАН-ын Бага хурлаас сонгогдсон МАН-ын дарга” гэж байна. МАН-ын Их Хурал өөр шийдвэр гаргавал яах вэ? Яагаад тус намын даргаар Д.Амарбаясгаланг бүртгүүлэх шийдвэр одоо хүртэл Улсын дээд шүүхэд очихгүй байгаа юм бол? Тэгэхээр хуулиараа МАН-ын дарга нь Л.Оюун-Эрдэнэ. Ийнхүү тодорхойгүй асуудал дэндүү олон болчихлоо. Тамга бүрээ тал бүрт тараачихсан төр, нам монголчуудын гадаад, дотоод орчин нөхцлийг улам хүндрүүлж буйг даруй цэгцлэх шаардлагатай байна.