Израилийн зөв болж дуусна даа!
Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Оманы Хаан Султан Кабус бен Саидтай уулзаж, хоёр орны хоорондын нягт харилцааны үндсийг тавилаа гэх мэдээ нэгийг хэлэх мэт. Гэхдээ бүх мэдээ Нетаньяхуг нутагтаа буцаж ирсний дараа ил тавигдаад байгаа нь анхаарал татна. Зарлаж байгаад айлчилбал Арабын орнуудаар чөлөөтэй хөлхөж байдаг лалын террористууд элдэв ажил сэдэж магад гэсэн болгоомжлол байхыг үгүйсгэхгүй. Хоёр улсын удирдагчид уулзахын тулд 4 сарын турш бэлтгэл хэлэлцээ явагдсан гэж байна.
Apaб-Израилийн мөргөлдөөнд жүүдүүд ямагт буруутан болж дуусдаг, тэдний төлөө дуугардаг ганц нь АНУ болж өнгөрдөг түүх ул болж байх шиг. Заавал жүүдийн төр-улс буруутан болж байх ёстой юм шигээр Израилийн сионизм гэгчийг бид мөн ч их хараадагсан.
Даян дэлхий дээр Иерусалим шиг ариун дагшин хот үгүй хэмээн жүүдүүд өөрсдөө, мусульманчууд, христианчууд нь ярьдаг. Анх би 1996 онд энд хөл тавьж байлаа. Дараа нь алба амины ажлаар хэд хэдэн удаа очиж, ирэх тоолондоо өөртөө түүх соёл, үнэт өвийн шинэ ертөнц нээж, нэг ёсондоо үзээд баршгүй түүхийн өв дотор орж явчихдагсан. Тэр өнцгөөсөө би Израилийн талд бараг 30 жилийн тэртээ орчихсон хүн. Хожим Египетэд Элчин сайдын алба хашиж байхдаа энэ улс ер нь яагаад буруутан байх ёстой гэж, хийсэн хөдөлсөн болгон нь зөв юм биш үү гэдэгт эргэлзэхгүй болсон. Тэр өнцгөөсөө өнөөдрийн нийтлэлээ толилуулъя.
Израиль Улсад хандах бодлого, харилцаагаа өөрчлөх хэрэгтэй болсныг Оман улс уриаллаа гэх мэдээ дээхнэ явж байсан даа. Харин тэр улс Apaб-Израилийн мөргөлдөөнд төвийг сахиж ирсэн ба одоо түүнээсээ хазайхгүйгээр Израильтай харилцаагаа сайжруулахыг бусаддаа уриалан байна. Жүүдийн төр улс хэмээн Израиль Улсыг зөвшөөрөх хэрэгтэй хэмээн Оманы Гадаад хэргийн сайд Юсуф бин Алави бин Абдулла мэдэгджээ. Энэ Султант улсад Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху айлчилсны дараахан ийм мэдээтаржээ. Хэлсэн үг байна:–Израиль бол бүс нутагт оршин тогтнож байгаа улс мөн. Бид бүгдээрээ үүнийг ойлгож байна. Израильд өөрөөр хандах цаг ирж байж болох юм. Бүс нутгийн улс орнууд хэрхэн хандаж байснаа өөрчлөхөд Оман үүрэг хүлээж болох юм.
Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Оманы Хаан Султан Кабус бен Саидтай уулзаж, хоёр орны хоорондын нягт харилцааны үндсийг тавилаа гэх мэдээ нэгийг хэлэх мэт.
Гэхдээ бүх мэдээ Нетаньяхуг нутагтаа буцаж ирсний дараа ил тавигдаад байгаа нь анхаарал татна. Зарлаж байгаад айлчилбал Арабын орнуудаар чөлөөтэй хөлхөж байдаг лалын террористууд элдэв ажил сэдэж магад гэсэн болгоомжлол байхыг үгүйсгэхгүй. Хоёр улсын удирдагчид уулзахын тулд 4 сарын турш бэлтгэл хэлэлцээ явагдсан гэж байна.
Оман нь төвийг сахисан байр сууринаасаа зуучлагчийн үүрэг рүү шилжиж байж ч болох юм. Учир нь Нетаньяхуг нууцаар айлчлуулахаасаа Оманы Гадаад хэргийн сайд нь 2018 оны хоёрдугаар сард Иерусалим, Баруун эрэгт айлчилж, хариуд нь Палестины автономын тэргүүн Махмуд Аббасыг Нетаньяхугийн өмнө айлчлуулжээ.
Ингэхэд Израиль Булангийн орнуудтай хэрхэн харилцсан түүхтэй вэ? Израиль бол Ойрхи Дорнодод арабын хоёрхон улстай албан ёсны дипломат харилцаатай, тэр нь Египет ба Иордан.
Анх 1996 онд Израилийн Ерөнхий сайд Шимон Перес Оманд айлчилснаар эрх тэгш түншийн хэмжээнд харилцаж эхлэх нь үү гэтэл худалдааны харилцаанаас цаашаа шат ахиагүй. Одоо хоёр дахь дээд төлөөлөгчөө урьсан нь Нетаньяху. Аль 1996 оны дараа л дипломат харилцаа тогтоочих байсан атал яагаад хойшлуулав? Одоо ч дипломат харилцаагүй гэдэгтээ ойрын үед хариу өгч болох юм.
Шимон Перес 1996 онд зоримог алхам хийсэн, Оман ба Катарт хамтад нь айлчилж, Катар-Израилийн хооронд худалдааны харилцаа тогтоож, Худалдааны төлөөлөгчийн газраа хүртэл нээсэн.
Оман, Катар хоёр лалын террорист экстремистүүддээ зануулан зануулан буруу номтонжүүдүүдтэй харилцаад эхэлсэн, гэвч тэр харилцаа олигтой шат ахиагүй явсаар өнөө хүрчээ.
Бяцхан түүх сөхье. 2007 онд Шимон Перес Ерөнхий сайдын орлогч байхдаа Катарт дахин айлчилжээ. 2008 оны нэгдүгээр сард Давосын бүх дэлхийн эдийн засгийн форумд оролцохдоо Израилийн Батлан хамгаалахын сайд Эхуд Барак (өмнө нь Ерөнхий сайд асан) Катарын Ерөнхий сайд шейх Абдулла ибн Халифа аль-Танитай уулзсан, тэгснээ тэр явдлын дараахан Катарын Засгийн газрын тэргүүн Израильд нууцаар айлчилж, Газын зурвасын байдлыг хэлэлцэж, израилийн хулгайлагдсан цэрэг Гилад Шалитыг суллуулахаар зуучилсан гэх албан бус мэдээ тархсан. Учир нь Газын зурваст засгийн эрх барьж буй ХАМАС хөдөлгөөнийг Катар дэмждэг.
2008 он НҮБ-ын нэгэн хуралд оролцохдоо Израилийн Гадаад хэргийн сайд Ципи Ливни Катарын Эмиртэй уулзсан, дараахан нь Катарт олон улсын хуралд уригдан оролцохдоо Эмир, Ерөнхий сайд, Нефтийн ба байгалийн хийн сайдтай уулзсан гэсгээд явж байтал 2009 онд Израилийн Худалдааны төлөөлөгчийн газрыг гэнэт хаалгаж нутагт нь буцаажээ. Учир нь Газад Израиль ХАМАС-ын террорист жигүүрийнхний эсрэг байлдлаа хэмээн хилэгнэлээ илэрхийлжээ. Тэгснээ 2010 онд Катар хоёр ч удаа Израильд хандан худалдааны харилцаагаа сэргээх, Дохадаа Израилийн Худалдааны төлөөлөгчийн газрыг дахин нээж ажиллуулахыг санал болгожээ. Ганцхан болзол тавьсан нь Газын зурваст Израилийн халдлагын дараахи эвдэрч сүйрсэн дэд бүтцийг нь сэргээхээр Катараас барилгын материал, мөнгө нийлүүлэхийг нь Израиль зөвшөөрчих ёстой гэжээ. Мөн израилийн хөлбөмбөгийн баг тойргоосоо шалгараад ирвэл 2022 онд дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Катарт зохиогдоход саадгүй хэмээн өчиж байв.
Катар Улсаас Израиль Улсын оршин тогтнож байгааг хүлээн зөвшөөрсний хариуд талархал болгож барилгын материал зөөвөрлөхийг нь Израиль дэмжлээ гэсэн утга бүхий мэдэгдэл гаргаад хамтын ажиллагаагаа эхлүүлье гэсэн тэрхүү саналд жүүд нар хариу өгөөгүй. Барилгын материал зөөвөрлөнө гэдэгт Израиль тун болгоомжтой, нэн тааламжгүй хандсан. Тэрхүү материалаар ХАМАС-ын боевикууд хорогдох байр, бункер хийчихнэ, байрлалаа бэхжүүлнэ, тэгээд израилийн хот тосгод руу пуужингаа харваад эхэлнэ, тэгэхлээр нь хариу цохилт өгч таарна, нөгөөх тамын эргүүлэгт Катар дам оролцоод дахиад л Палестин руу барилгын материал зөөнө гэдэгт жүүдүүд тун сэжиглэн ханджээ. Ерөөсөө Израиль-Палестины мөргөлдөөнийг зохицуулахад Катар,Египет өрсөлдөн оролцохыг зөвшөөрөхгүй гэжээ.
2011 онд намайг Каирт Элчин сайдын алба хашиж ахуйд “Арабын хавар” гэж нэг айхтар үйл явдал дэгдсэнд хамгийн таагүй, гэгээлэг бусаар (юун ардчилал манатай!) хандсан ганц улс нь Израиль байж таарсан юм. Эшлэл:
–Энэ Арабын хавар гэдэг нь фундаменталист лалын өвөл болж хувирлаа. Үүний үр дүнд бүх нийтийг хамарсан дайны магадлал бодитой боллоо – Израилийн армийн ар талын дарга генерал Э.Айзенберг;
–Арабын дарангуйлагч нар ээлж дараалан унах нь гарцаагүй боллоо. Харин тэглээ гээд арабын өвөл удтал үргэлжилж таарлаа – Батлан хамгаалахын сайд асан МошеАренс;
–Хахуульд идэгдсэн дампуурсан арабын дарангуйлагчдыг халж гарч ирсэн Засгийн газруудтай хэл амаа ололцоход тун бэрх, хянаж хүчрэгдэхгүй–хэмээн тэр үеийн Гадаад хэргийн сайд А.Либерман нар анхааруулж байв.
Ийм олон эшлэл би жагсааж чадна. Синайн хойгт Египетийн нутагт “Аль-Каеда”-тай шууд холбоо бүхий “Иерусалимын можахедуудын Шура зөвлөл”, “Синайн жихадист салафист жамаат”, Газын зурвасыг чөлөөлөх лалын нам ба арми гэх мэт өдий төдий зэвсэгт отрядууд Израилийн өмнөд хил рүү дөхчихсөн байсныг “Арабын хавар”-ын дараахан дэлхий нийтээрээ олж сонссон доо.
“Арабын хавар” хоёр улсыг бүрэн сүйтгэсэн, тэр нь Сири, Йемен. Катар энэ тал дээр зуучлалын үйлсээ эхлүүлсэн. Юу гэвэл йеменийн уугуул жүүд нарыг Израиль руу дүрвүүлэхэд 2013 онд Катар туслалцаа үзүүлсэн. Дайны үнс нурман дундаас 60 жүүд хүнийг Катар олж илрүүлэн Дохадаа авчран, дараа нь Израиль руу агаараар зөөвөрлөжээ. Гэтэл Сири, Йемен, тэр ч бүү хэл Египетийн лалын хувьсгалыг санхүүжүүлэгч нь Катар өөрөө байж, терроризмыг үлэмж хэмжээгээр дэвэргэдэг болох нь тогтоогдсон. Хоёр нүүрлэсэн Катараас цэрвэж сэжиглэж байгаагаа ч Авигдор Либерман гэх жүүдийн улс төрч (Зөвлөлт Молдаваас хорин хэдтэй байхдаа Израиль руу цагаачилсан) байнга анхааруулж сануулдаг. Тиймдээ ч «Аль-Жазира» ТВ-ийнх нь сэтгүүлчдийг Израилиас хөөж гаргуулж байсан.
Үнэндээ Израиль нь Катаргүйгээр хөгжил дэвшлээ хангаад байж чадна гэдгийг хэдэн жил харуулсан бол Катар эвийг нь тааруулах гээд хүлээгээд байсан мэт. Энд бид 2013-2017 оныг нэрлэж байна. 2017 оны зун хоёр улсын харилцаанд хоёр жүдочин бөх гэнэт тодорчээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 66 кг хүнд жингийн израилийнТаль Фликер катарын Аюб аль-Идрис гэгчтэй оноолтоор таарч барилдаад ялсан ба тэр барилдааны өмнө катарын тамирчныг барилдахыг зөвшөөрүүлэх гэсэн хөгийн явдал дэлхийн жүдогийн холбоог бужигнуулах шахжээ. Палестины Засаг захиргааны дэргэд суугаа Катарын Элчин сайд Мухаммад аль-Амади гэгч Израиль руу байнга ордог, сүүлийн 4 жилд 20 удаа тийшээ зорчсон, эхэндээ нууцаар очиж байснаа сүүлдээ ил болсон, тэр нөхөр хоёр улсын харилцааг бүрэн хэвийн болгох хэрэгтэй хэмээн нэг бус удаа мэдэгдсэн нь 2018 оны эхээр хэвлэлд ил тавигджээ. 2018 оны зун Израилийн Батлан хамгаалахын сайд мөнөөх зөвлөлт гаралтай Авигдор Либермантай энэхүү Амади гэгч нь Кипрт уулзаж, Израиль нь ХАМАС-тай Газын зурваст гал зогсоох хэлэлцээр байгуулах асуудлаар ярилцжээ. Тэгэхлээр Мухаммад аль-Амади гэдэг бол Ойрхи Дорноддоо ихээхэн үүрэг бүхий нэгэн байж таарна.
Израиль Улс Катар, Омантай харилцаж, Египеттэй дипломат харилцаа барьж байх зуур Иран гэж нэг аюултай дайсантайгаа 2018 оноос шууд нүүр туллаа. Сирид тулалдаад эхэлсэн. Ливан дахь «Хезболла» бол Иранаар тэжээгдэгч террорист байгууллага, Сирийн иргэний дайнд хамгийн чухал оролцогч. Израильд ямагт заналхийлнэ. Сирид байлдагч хоёр талыг Булангийн баян Эмирүүд мөнгө, зэвсгээр цадтал нь хангаж байлдуулсан. Хэн ньтеррорист, хэн нь биш нь ч ялгарахаа байчихсан. Тэгэхдээ Сирид Израиль агаарын халдлага үйлдээд байхад Булангийнхан хэлээ хазаад юу ч хэлэхгүй, эсэргүүцэл үзүүлэхгүйгээр үл барам Иран гэж ганц нийтийн дайсантай гэх хоёр нүүрээ нуухгүй.
1979 оны Ираны хувьсгал улс төрийн ислам дээр тулгуурлаж ялсан, ингээд лалын шашны ариун дагшны төлөө Саудтай өрсөлдөгч шиитийн төрт-улс өсөн дэвжээд эдүгээ Ойрхи Дорнодын 4 нийслэлийг (Дамаск, Сана, Бейрут, Багдад) хянаж байна. Суннитын радикал исламизм, шиитийн радикализм хоёрын ялах ялагдахын зааг цэг нь одоогоор Сири байна, Йеменийг энэ тэмцэлдээ чирсэн, Ирак хөлд нь сүйрэх шахсан. Израилийг газрын хөрснөөс арчиж үгүй болгоно гэх төрийн бодлогоо тунхагласан цорын ганц улс нь Иран болж үлдсэн. “25 жилийн дотор Жүүдийн төрт-улсыг газрын хөрснөөс арчина” хэмээн Ираны лалын хувьсгалын удирдагч аятолла нар байнга айлддаг.
“Израильд гурван дайсан үлдсэн: Иран, Иран, бас дахиад Иран” гэх улс төрийн афоризм одоо моод болсон. Ялангуяа цөмийн хөтөлбөрийг нь яг тэгж хардаг. Нааштай горьдлого жүүд нарт хэзээ ч төрж байгаагүй. Тэр өнцгөөсөө Израиль Ираныг хардаг бол Булангийн орнууд Тегераныг шиитийн тэнхлэг байгуулах гэлээ, тэр нь Сириэс эхэлчихсэн, амжилттай яваа хэмээн харддаг. Тэр тэнхлэг нь Сири–Ирак–Ливан–Бахрейн–Йемен гэх радиустай. Хүн амын ихэнхи нь шиитүүд байдаг улсад суннит цөөнхийн династ төр барьж болдогийг Бахрейн харуулж байна. Тэгэхдээ америкийн цэргийн байнгын бааз, Сауд, Эмират хоёр цэрэг цагдаагаа илгээгээд шүү.Тегеранаас байнгын дэмжлэгтэй болсон Йеменийн баруун хэсгийн хуситууд дийлдэхээсээ өнгөрсөн. Саудын Араб толгойлоод бүх суннит орнууд тэдэнтэй дайтаж байгаа.
Ингэхлээр Израиль ба Булангийн орнуудыг нийтлэг нэг л дайсан холбож таарах нь байна. Ираны аюулын эсрэг хамтран тэмцэхээр ИзраилийнМоссад хэмээх цэргийн тагнуулын байгууллагын хуучин дарга Мейр Даган Саудын Араб орчихсон яваа нь дэлхийг ёстой сортолзуулах шиг боллоо хэмээн The Sunday Times сонинд бичсэн байна билээ. Wikileaks гэх эх сурвалж хамаг байдгийг нь дэлгэжээ.Персийн булангийнхэн Израильтай далдуур харилцаж байгаа нь ил болжээ. Бүр хачин мэдээ явж байна. Хэрэв Ираны цөмийн байгууламжийг сөнөөхөөр израилийн нисэх хүчин хөөрвөл Эмират аэрпортуудаа ашиглуулна гэсэн ам тангараг хүртэл өгчээ.
Булангийн хаадын сул ба давуу талыг жүүд нар аль хэдийнэ олж хараад тооцоод хэрэгтэй хэрэггүйг нь ялгаж сортолжээ. Булангийнхан бүгд (Йеменээс бусад нь) баян, бас хэврэг, тогтвортой байдлыг хүсэмжлэгч, нефть хийгээ хэл үггүй тасралтгүй экспортолж байх хүсэлтэй. Улс төрийн ба шашны статус-квогоо хадгалж байх хүсэлтэй. Тэр утгаараа бүс нутгийн бүх тоглогчтой ажил хэрэгч яриа хэлэлцээ явуулж,болж өгвөл цэрэг-эдийн засгийн хүч чадлаа бэхжүүлж, АНУ-тай нягт харилцаатай байхыг хүсэх нь зүй. Гэтэл ард түмнүүдийнх нь шийт хэсэг шашны статус-квог нь хөнөөхөд ямагт бэлхэн. Нэг цул ард түмний тухай ярьж байна. Суннит эрх баригчид ба шиит ардуудынх нь хооронд итгэлцэл гэж байхгүй, эмирүүд нь тэдэнд бүр ч итгэхгүй, хөндий цэрвүү. Хувьсгалт авантюр дэгдвэл нэг л өдөр Йемен шиг бужигнах магадлалтай. Явж явж “Лалын улс”, “Аль-Каеда” шиг, бүр адаглаад египетийн “Лалын ахан дүүс” шиг радикал исламистууд засгийн эрх авчихвал жинхэнэ шоглоом болно. Үүнд хамгийн таагүй хандаж цэрвэж буй нь хашир нь дэндсэн Израиль өөрөө. Гэхдээ Израиль болон Персийн булангийн хооронд бодитой альянс төлөвших нь юу л бол? Албан бусаар холбоотой байх хувилбараас цаашаа яригдахгүй. Палестины асуудал хатиг өвчин болоод үлдчихнэ. Ямагт саад тотгор учруулна. Палестины асуудал бүрэн шийдэгдтэл албан ёсны харилцаа, дипломат ил харилцаа ярилтгүй. Палестины асуудал шийдэгдэж байж тэрхүү альянс гэдэг нь албажих ухаантай юм. Гэтэл палестинчуудын олонхи нь, тэдний төлөөлөл болох ХАМАС, түүний цэргийн жигүүр болох Изаддин аль-Касамын бригад гэгч нь жүүд нартай нэг гэрт толгой хорогдохыг хүсэхгүй, сөнөөх, хөөж явуулах, устгахыг хүснэ, Иран яг тэгж номлоно. Tэдний хүслээр зовж байгуулж цэцэглүүлсэн төрт–улсаа жүүд нар гарзанд гаргана гэж сэтгэшгүй. Арабын эмирт улсууд Израилийн колоничлол, Иерусалимыг хууль бусаар эзэгнэж байгаа гэж үзсээр байх аваас “альянс” хэзээ ч биелэхгүй. Гол ялгаа нь Булангийн орнуудыг диктаторууд захирч байна, Израильд ардчилсан сонгуулиар төр засгаа эмхлэн байгуулдаг, олон намын тогтолцоотой, намууд нь бүгд ардчилсан. Харин Израильд хамгийн өмөг түшиг болж мэдэх нэг тоглогч бол Ойрхи Дорнодод курдууд, тэдний тусгаар тогтносон Курдистан байх нэн магадлалтай. Иракт курдын төрт-улс байгуулахыг байнга ухуулагч нь Биньямин Нетаньяху болж хувираад байгаа.
“Засгийн газрын мэдээ” 2019/1/10