“РЖД”-д дахиад нэгжлэг хийв
И.В.Милостных хөөргөөр яах юм бэ?
И.В.Милостных хөөргөөр яах юм бэ?
“УБТЗ-ын дарга хөл нүцгэн иржээ” гээд л дорд бичээч миний бие баахан билл үзүүлж байв даа. Зайлуул, 600 мянган төгрөгөөр гутал аваад өмсчихсөн баримтыг Ханбүргэдэй дэлгүүрийн “хогийн савнаас” олчихсон юм л даа. Гэтэл тэр гутал, пальто, өмд, өмдний өлгүүр юу ч биш байж. Цаана чинь УБТЗ-ын нэгдүгээр орлогч Милостын Игорь Васильевичид 5.8 сая төгрөгөөр хөөрөг, 693 мянган төгрөгөөр даалин авч өгсөн байна. Уурын индүү, ус буцалгагчийг бол ойлгож байна. Харин хөөрөг, даалингаар яах гэж байгаа юм бол.
Уг нь Замын даргын тушаалд “Байгууллага, салбар нэгжүүд 1 сая хүртэл төгрөгийн үнийн дүнтэй бараа, үйлчилгээ авч болно” гэсэн байдаг. Гэтэл энэ даргыг томилогдохоос нь жилийн өмнө буюу 2017 оны 8 дугаар сарын 8-нд “УБТЗ”-ын данснаас 2.8 сая төгрөг, 8 дугаар сарын 10-нд 4.6 сая төгрөгийн эд зүйл авч өгсөн баримт дээрх тушаалыг илт зөрчсөн байгаа юм. Энэ бол Замын дарга Д.Жигжиднямаагийн орос даргад барьсан “хадаг”.
Түүнд холбогдох асуудал АТГ дээр шалгагдаад л байдаг юм гэнэ билээ. Цаанаа өөр учир жанцантай. Тэр учир жанцанг ҮАБЗ-ийн А.Гансүх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар л мэдэх байх. А.Гансүх Зам, тээврийн сайдаар ажиллаж байхаасаа Д.Жигжиднямааг дэмждэг, түүний хэргийг АТГ дээр саатуулдаг нь ч А.Гансүхийн дүү А.Батхуягтай холбоотой гэдэг. З.Энхболдын хувьд түүний хамаатан Бат-Эрдэнэ УБТЗ ХНН-ийн Үл хөдлөх хөрөнгийн хэлтсийн даргаар ажилладаг. Түүнд нэр холбогдох зарим бизнес ч бий. Гэвч мөнхийн нөхөрлөл, мөнхийн эрх ашиг гэж байдаг болов уу.
“РЖД”-д дахиад нэгжлэг хийв
“Оросын төмөр замууд” НХН-ийн олон оффист буюу энэ сарын 14-нд Оросын холбооны аюулгүйн алба-ФСБ, Оросын Холбооны мөрдөн байцаах хорооны хамтарсан нэгжлэг явагдсан байна. Тодруулбал, ОХУ-ын Эрүүгийн хуулийн 210 дугаар зүйл /Зохион байгуулалттай гэмт хэргийн эвсэл байгуулах/ ангиар Төрийн өмчит монополь компаниас 300 тэрбум рубль завшсан асуудлаар эрүүгийн хавтаст хэрэг нээсний дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. Улмаар энэ хэргийн гол сэжигтэн болох “ГК 1520” гэгч холдингийн удирдлага болсон Борис Ушерович, Валерий Маркелов нарыг эрэн сурвалжилж эхэлжээ. Тус холдинг нь “Оросын төмөр замууд”-ын хамгийн том гүйцэтгэгч бөгөөд тэдний дансаар гүйцэтгэгдсэн ажлуудын төсвийг хэт нэмсэн, огт хийгээгүй ажлуудын төлбөрийг олон банкаар дамжуулж хөрөнгө завшсан байна. Энэхүү дуулиант хэрэгт “РЖД”-ийн өмнөх болон өнөөгийн удирдлагууд болон тэдний халхавч болсон ОХУ-ын хүчний байгууллагуудын олон ажилтныг сэжигтнээр татсан аж.
“Новая Газета” сонинд 2016 оны есдүгээрсарын нэгэн дугаарт хэдэн арван тэрбумын хулгай болон тэр байтугай хүн амины хэрэг үйлддэг гэмт бүлэглэлүүдтэй хууль сахиулагчид холбоотой байдаг тухай, Оросын банкир Модавийн “Universalbank’а”-ийн эзэн Герман Горбунцовын санхүүгийн гүйлгээний талаарх бүхий л мэдээлэл бүхий зөөврийн компьютерт нь сэтгүүлчдийн гарт орсон бөгөөд тэндээс 250 сая ам.долларын хөрөнгө бүхий оффшор компаниуд илрүүлсэн тухай мэдээлж билээ.
Хэвлэлд мэдээлснээр энэ сарын 11-нд Оросын Дотоод явдлын яамны хурандаа Захарченкогийн эгчийн гэрээс 9 тэрбум рубльтэй тэнцэх ам.долларын дэвсгэрт хураасан бөгөөд түүний төрөл төрөгсдийн нэр дээрх оффшор компаниудад 300 сая орчим евро байсныг хууль сахиулагчид илрүүлсэн. Хурандаа мэдүүлэгтээ энэ мөнгийг түүнд банкирууд хадгалуулахаар өгсөн гэсэн байдаг. Харин тус сонины нийтэлсэн таамаглалаар Захарченко “Оросын төмөр зам” компанийн экс дарга Владимир Якунины зөвлөхөөр ажиллаж байсан талийгаач Андрей Крапивинтай дотно найз байсан аж. Өөрийн найзтай хамтран “Оросын төмөр зам” төрийн өмчит компанийн бүхий л томоохон тендерийг гартаа төвлөрүүлж хуулиас энэ бүхнийг “хамгаалж” байсны төлөө сар бүр 150 мянган еврогийн хөлс авдаг байсан гэж бичжээ.
Мөн “Reuters”-ийн мэдээлснээр Крапивин, Маркелов, Борис Ушерович болон тэдний хамтрагч нар зөвхөн “Оросын төмөр зам”-ын тендерийг авахад чиглэсэн хэдэн арван компаниас бүрдсэн вант улсыг байгуулчихсан байсан бөгөөд Захарченко нь Панамын Bachelor Group Inc компани болон Киприйн арал дахь Ancillmar Ltd зэрэг оффшор компанитай холбоотой байж болзошгүй хэмээн бичсэн байдаг.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин төрийн албан хаагчдаа ашиг орлогын мэдүүлгээ ил тодоор мэдээлж байхыг үүрэгдсэнтэй холбоотойгоор В.Якунин гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хамгаалахын тулд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэдэг. Ингээд тус улсын Ерөнхий сайд Д.Медведев 2015 оны наймдугаар сарын 20-нд ОХУ-ын Тээврийн яамны дэд сайд, тус нийгэмлэгийн захирлуудын зөвлөлийн гишүүн О.В.Белезоровыг В.Якунины оронд томилсон. Харин одоо шалгагдаж буй “ГК 1520” холдинг Монголтой ямар нэг холбоотой юу.
“1000 вагоны хэрэг”-ийг хэрэгсэхгүй болгох уу?
Яагаад УБТЗ ХНН нь ОХУ-аас хэдэн хуучин вагон авахын тулд Английн компаниар зуучлуулав. Вагоноо засварлах компанитай нь хамт худалдсан “Первая грузовая” компани гэрээ байгуулахдаа “мөнгө угаадгаараа алдартай”, үүний улмаас удаа дараа их хэмжээгээр торгуулж байсан Латвийн ABLV банкаар дамжуулав гэдгийг мартах аргагүй. Тэр бол Оросын талын шахалт байсан. Ингэхдээ “Манай оффшор юм аа. Бид өөрийн татварын системээр ингэж худалдах нөхцөл тавьж байна” гэсэн байдаг. Худалдсан ОХУ-ын компани, зуучилсан Английн компанийн худалдах, худалдан авах гэрээг баталсан хоёр гарын үсэг ижил. Уг банк мөнгө угаадгийг гэрээг байгуулсны дараа мэдсэн, дампуурсныг нь ч мэдээгүй гэдэг юм.
Энэбүхнээс үзэхэд “РЖД”-д учирсан скандал ч бай, ноцтой гэмт хэрэг ч бай, манай УБТЗ ХНН-т тусч мэдэх л юм.
Үүний өмнө миний бие “Оросын Ерөнхий прокурорын газраас энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр ОХУ-ын Ерөнхийлөгчид төмөр замын хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой зөрчилтэй асуудалтай холбоотой албан бичгийг Ерөнхийлөгч В.В.Путинд ирүүлсэн байна. Энд “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхий захирал О.В.Белезоровыг тус улсын прокурорын байгууллагаас шалгаж эхэлсэн тухай, мөн шалгах явцад ямар хэрэг зөрчлүүд гарсан тухай ноцтой асуудлыг хөнджээ. ОХУ-ын Засгийн газраас О.В.Белезоровтой байгуулсан гэрээнүүдийг цуцлах тухай ч энэ оны хоёр, гуравдугаар сард нэлээд идэвхтэй яригдсан байна.
Прокурорын газрын шалгалтаар хуурамч болон бодит тооцоогүй, санхүүгийн зөрчилтэй хийгдсэн гэрээ, 814 худалдан авалтаас 557-г нь зөвхөн нэг газартай гэрээлж авсан, тоног төхөөрөмжийг хэт өндөр үнээр худалдан авч, хуурамч 30 компанид мөнгө шижлүүлсний дотор гүйцэтгэл нь бүрэн бус ажлын төлбөрийг төлсөн зэрэг олон зуун сая рублийн зөрчил илэрчээ. Мөн түрээсэлсэн газраа дам түрээслүүлсэн, хамтарсан байгууллагууд нь дампуурсан учраас 360 сая рублийн алдагдал хүлээсэн зэрэг цочоордмоор дүнг мэдээлжээ. Эцэст нь одоогоор захиргааны 32 хэрэг, эрүүгийн гурван хэрэг “РЖД” компанид үүсгээд байгаа бөгөөд Прокурорын газар эдгээр зөрчлийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Цаашид энэхүү томоохон төслийн ажлыг хувийн компанид хариуцуулах биштөр өөрийн хяналтад байлгах нь зүйтэй гэсэн хүсэлтээ Ерөнхийлөгчид ирүүлжээ” гэхчлэн бичсэн ч манай улстөрчид ч, “УБТЗ” ХНН ч огт тоогоогүй өнгөрсөн.
Харамсалтай нь тусгал нь “УБТЗ” ХНН-т чиглэсэн байсан ч тэд бодит байдлыг хүлээн авч зүрхлээгүй юм. Харин одоо “1000 вагоны хэрэг”-ийн хөөн хэлэлцэх хугацаа дуусвал хэрэгсэхгүй болгох уу. Аль эсвэл шударгаар шийдвэрлэх үү гэдэгт эргэлзэж байна.