Оросын Эзэн хааны Газарзүйн Нийгэмлэг 1845 онд байгуулагдсанаас хойш Ази тивийн зүрхэн хэсэг буюу Их Цагаан хэрмийн чанад, түүнээс хойгуур орших Монгол нутгийг бүхий л талаар судлан шинжилж, Хар тамхины хоёрдугаар дайны дараа Манжийн засагтай ёстой л ана мана үзэлцсээр байгуулсан 1858 оны Тянжингийн гэрээгээр эрдэмтэн судлаачид нь Монгол, Манжийн нутгаар чөлөөтэй зорчих эрхтэй болж, судалгаа шинжилгээ нь тэр хэрээр илүү цараатай болжээ.

Тухайн үед Оросын Газарзүйн нийгэмлэгээс зохион байгуулсан эрдэм шинжилгээний аяллууд хөрш зэргэлдээ газар нутгийн газарзүй, амьтан, ургамлын аймгийг судлан шинжлэхээс гадна тэдгээр улс орны нийгэм, эдийн засаг, ард иргэдийн аж байдал, итгэл үнэмшлийг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай тулгарчээ. Пржевальскийн экспедицид геологийн мэдээлэл дутагдаж байсан тул Газарзүйн Нийгэмлэгээс Певцовын экспедицийг зохион байгуулж, Потанины сүүлийн аялалд геологич Обручевыг оролцуулснаар Төв Азийн газарзүйн дутуу мэдээллийг сайтар нөхжээ. 

Певцовын тэмдэглэлд монголчуудын тухай хэрхэн өгүүлэв

Төв Азийн судлаач Михаил Васильевич Певцов 1876, 1878-79 онд Монгол, Зүүнгар, Төв Азийн нутгаар хэдэнтээ аялахдаа тухайн үеийн Монгол нутгийн газрын зургийг нарийвчлан зурж, урьд нь орос судлаачдын хөл тавиагүй олон газрыг судлан шинжилж, нутаг орны ургамал, амьтан, угсаатан, геологи, одон орон, цаг уурын тухай дэлгэрэнгүй тайлан боловсруулаад, Алтай, Хангайн дунд Их нууруудын хотгор буйг нээснээр Монгол нутгийн олон гол Хангайн нуруунаас эхтэйг тодорхойлж, Завхан гол Айраг нууранд цутгадгийг тогтоож, торгуудуудын аж байдал, зан төрхийг дүрсэлжээ. 

Жишээ нь, “Зүүнгараар зорчсон тэмдэглэл”-дээ “Орос нутагт торгуудууд сууж байсан тухай бүүр түүрхэн домог яриа олон байдгаас гадна торгууд вангуудад Оросын засгаас олгосон бичиг, дурсгалын өргөмжлөл, манай сүлдтэй тамга, зоосон мөнгө, өвөг дээдэс нь Орос нутгаас авчирсан эртний орос эдлэл бишгүй олон бий” гэжээ. Торгуудуудыг “Төрхөөрөө бол торгуудууд монгол үндэстний ерөнхий шинжийг илтгэсэн өргөн шанаагүй, бүдүүн хамартай, унжуу чихтэй. Ерөнхийдөө том хамар амтай болхидуухан царайтай, шанаагаараа хавчиг гавлын ястай. Эрэгтэйчүүд нь орос хар лам нарын жижгэвтэр босоо захтай, хажуугаараа дугуй төмөр товчтой цайвар цэнхэр хөвөн даавуун нөмрөгтэй төстэй бүсэлхийгээрээ нарийн дээл өмсөнө. Эмэгтэйчүүд нь манай хуучин цагийн эмэгтэй хүрэмтэй төстэй хөх даавуун дээлтэй. Чихэндээ заримдаа голчоороо нэг ямхын хэмжээтэй мөнгөн, зэс цагираг зүүнэ. Зан байдлын хувьд торгуудууд сайхан сэтгэлтэй, нүүдэлчин малчин түмэн юм. Найрсаг зочломтгой зан чанар нь сэтгэлд дотно үлджээ. Түшмэд ядуу торгуудуудад тун дургүй. Торгуудууд алба барьдаггүй ч төрийн түшмэд тэднээс үе үе төрөл бүрийн татвар, авлига нэхдэг нь алба гувчуураас илүү хүнд тусдаг аж. Торгуудууд өртөө залгуулж, тэдэнд маш дээрэнгүй ханддаг үүгээр зорчиж яваа манж түшмэд, цэргийн хоол хүнсийг бэлтгэнэ. Заримдаа Манжийн төрөөс тэднийг ёстой л дээрэмдэхээс дутуугүй холгож, сайн малыг нь санд хураах нэрийдлээр булааж аваад явуулын худалдаачдад худалдаж ашиг хонжоо олно” гэж тэмдэглэжээ.

Позднеев ямар тэмдэглэл хөтлөв

Дээр өгүүлсэнчлэн ард олны ахуй амьдрал, зан заншлыг нарийвчлан судлахын тулд Монгол нутагт монгол хэлтэй судлаач эрдэмтнийг анх томилон илгээсэн нь А.М.Позднеев юм.

Монгол нутгаар гурван удаа зорчсон А.М.Позднеевын зохиолууд бусад аялагчийн тэмдэглэлээс чухам юугаараа ялгаатай, ямархан үнэ цэнтэй вэ гэвэл монгол хэл мэддэг хүний хувьд монголчуудын ахуй заншлыг нарийн тодорхой өгүүлж, зан сэтгэхүй, соёл уламжлалыг сайтар дүрсэлсний зэрэгцээ хэл гэдэг хүний сэтгэхүйд хэдий их нөлөөлдгийг харуулж, монголчуудыг муучилж, дорд үзсэн удаагүй, гагцхүү бодит байдлыг дэлгэн таниулсан онцлогтой аж.

Позднеев анх 1876-79 онд Монгол нутгаар гурван жил хөндлөн гулд зорчихдоо тухайн үед байсан буддын том жижиг бүх сүм хийд, хүрээ дуганаар орж, тэр байтугай нүүдлийн гэр хийдэд хүртэл очиж үзээд Монгол орны тухайн үеийн буддын шашин, лам хуврагуудын аж байдлыг нарийн судалж тэмдэглэл хөтөлсөн нь одоо ч уншихад тун сонирхолтой. Би хувьдаа өөрийгөө шүтлэгтэй гэж бодож явсан ч буддын шашны тухай, ялангуяа тэр үеийн лам нарын ахуй талаар ямар ч ойлголтгүй, ер нь буруу бодолтой байснаа орчуулж байхдаа мэдсэн юм.

Дараа нь Позднеев 14 жилийн дараа 1892-93 онд Ар, Өвөр Монголоор аялж судалгаа хийхдээ “Монгол ба монголчууд” хэмээх 2 боть аяллын тэмдэглэл хөтөлжээ. 

Энэ тэмдэглэлдээ Позднеев Ар Монголын гурван том хот Их Хүрээ, Улиастай, Ховдын ахуй байдал, хошуу тамгын газрын ахуй орчин, Амарбаясгалант, Эрдэнэ зуу, Чойрын хүрээ, Тариатын хүрээ, Ялгуусан хутагтын хүрээ, Шар сүм зэрэг томоохон хүрээ хийдийн тухай нарийн тодорхой өгүүлжээ. 

Жишээ нь, Их хүрээний тухай “б’Рай-бунъ-гэчжи-ганданъ-шатъ-дубъ-линъ” гэдэг оноосон нэртэй. Энэ нэрийг оросууд байтугай монголчууд, түүгээр барахгүй Хүрээний лам нарын дийлэнх нь мэдэхгүй гэжээ.

Сонирхолтой нэг хэсэг гэвэл, Хан уулын бараатайд, бас Хүрээнд хутагт суудаг болохоор энд цаазын ял гүйцэтгэдэггүй. Ялтнуудыг Долоннуур, эсвэл Хаалган руу илгээдэг байсан гэдэг ч энэ яриа ортой эсэхийг хэлж мэдэхгүй нь гэж бичжээ. Гэхдээ энэ ёс Хан уулаас үүдэлтэй юу, хутагтаас эхтэй юу гэдгийг баттай хэлж чадахгүй нь гэжээ. Түшээт хан, Сэцэн хан аймгийнхан Хан уулыг жилд хоёронтоо тахиж, Хүрээний лам нар Чингэлт уул, Маймаачин хотынхон Баянзүрх уулыг тахидаг. Өөр нэгэн баримтыг дурдваас, 1889 онд гаргасан жагсаалтаар Хүрээнд ойролцоогоор нийт 13850 лам шавилан сууж байсныг тэмдэглэжээ. Лам нар аль аймагт орохоо өөрсдөө шийднэ. Аливаа аймгийн өглөгийн эзэн аймгийн лам нарт танигдаж, тэр аймгийн сүсэгтэн болно. Дуган байгуулах, сэргээн засварлахад өглөг өгсөн монгол хүн Өргөөд ирээд мөнөөх аймгийн лам нарын гэрт бууж, хүүгээ лам болговол тухайн аймагт шавилуулан Хүрээнд суулгаж, үр хойчдоо энэ аймагт өргөл барьц барихыг гэрээсэлж, нөгөө талаас лам нар хэрэгцээ гарвал чухам энэ өглөгийн эздэдээ хандана. Ингэвэл Халх даяараа Хүрээний 28 аймагт хуваагдаж, Ховдын Буянт голын хөндийгөөр нүүж суудаг монгол хүнээс Хүрээний аль аймагт харьяалдгийг нь асууж мэдэх боломжтой юм. 

Сүм хийд дундаа уран барилгын байгуулалтаараа бусдаас онцгой нь Өргөө, алдартай сайхан Эрдэнэ зуу, мөн Хэрлэн гол дээрх Зүүн хүрээ юм гээд, эдгээр сүм “Хурлын сүм”, “Шүтээний өргөө” гэсэн хоёр хэсэгтэйг дүрсэлжээ. Хурлын сүм бурхан цөөнтэй, ихэвчлэн гурав, ихдээ долоон бурхан зална. 

Дэчин галвын сүмийн тухай

Мөн 1739 онд байгуулсан Дэчин галвын сүмийн тухай “1809 онд эл дацангийн давхарцаг, дээврийг нилд нь шармалдаж, Жавзандамба хутагт энэ сүмийн хашаанд анх гэрээ барьсныг" өгүүлээд, түүнээс хойш Жавзандамбын хувилгаад Дэчин галвын сүмийн ойролцоо өвөлжих болсноор энэ сүм гэгээний шар хашаанд байрлах болж, хашааны цаанаас алтан шаргал давхарцаг, дээвэр нь харагддаг байсныг бичжээ. Тэрээр тэмдэглэлдээ “Гэгээний хашаанд буй энэ Дэчин галвын сүмийг нүдээр үзээгүй олон хүн хутагтын өргөө хэмээн эндүүрдэг, гэгээн энэ сүмийн дэргэд босгосон эсгий бүрээстэй, цул модон бүтээцтэй энгийн хоёр гэрт өргөөлдөг” хэмээн буулгажээ. 

1876-79 оны аяллын тэмдэглэл гэж хэлж болохоор “Ар Монголын хотууд” зохиолдоо энэ сүмийн тухай “Сүмийн дээвэр, хана хашааны цаанаас тэр бүр харагдаад байдаггүй. Наранд гялтганах шармал дээвэр, дээврийн дөрвөн буланд буй хүрдний хэлбэртэй жанцан нүдэнд их тодхон. Дээврийн хөвөөгөөр тогтоосон жижиг хонхнууд салхины аясаар жингэнэх нь Хүрээ даяар цуурайлах нь тун сонихон. Энэ сүм байтугай хутагтын хашаанд буруу номтон, тэр тусмаа европ хүн нэвтрэх эрхгүй учраас дотор заслыг нь дүрслэх аргагүй юм” гээд “Хүрээний лам нар гэгээний бие чилээрхэж цогчинд хүрч хурал хурах боломжгүй үед, мөн хааяадаа Майдар эргэх ёслолын өглөө энд цуглаж хурна. Эцэст нь гэгээн жанч халахад Хүрээний лам нар түүний шарилыг оршоохоос өмнө байрлуулдаг Өргөөгийн хутагтын ордон сүм болсон энэ газарт цугладаг заншилтай” гэж өгүүлжээ.

Түүнчлэн 1892 оны нэгдүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дэчин галвын сүм нь гэгээний хоёр гэр, албаны бусад байгууламжтай хамт нурам болтлоо шатсан тухай, 1892 оны долдугаар сард Позднеевыг Хүрээнд ирэхэд гэгээний хоёр гэр, Дэчин галвын сүмийг хоёр асартайгаар, цонхыг нь шиллэн сэргээж барьсан тухай өгүүлжээ. Дэчин галвын сүмийн хашааны урд талд эгэл ардыг гэгээнд мөргөхөд зориулж модон хэрээсгээр хашаалсан том талбай гаргасныг мөн бичсэн байна.

Автайн сүм буюу Баруун өргөөний тухай

Цаашлаад Автай ханы сүм буюу Баруун өргөөний тухай, ламын шашныг анх Монгол нутагт дэлгэрүүлж, бөөгийн шашныг дарсан Автай ханы энэ сүм үзэмж байдал, өнгө төрхөөрөө судлаачийг анх Монголд ирэхэд л сүм гэж хэлэгдэхээгүй байсан, өргөөнд ламын шашны эдлэл хэрэглэл тун бага, гурван бурхантай, нэг ч жавдангүй буюу айлын гэрээс ялгаагүй гэж бичсэн нь сонирхолтой. Домог хуучаар энэ өргөө нь Автай ханы амьдран сууж байсан өргөө бөгөөд түүний ач Өндөр гэгээний үед Эрдэнэ зуу хийдээс Өргөөд авчрахдаа тавцан суурийг нь нутагт нь үлдээжээ. Автайн өргөө нь харахад маш том буюу 300 хүний багтаамжтай. Энэ өргөөнд Позднеевыг анх 1877 онд ороход бараг хоосон шахуу байсан боловч эртний сайхан эд өлөг нь Монгол ахуйн музей маягтай харагджээ. Хойморт залсан бурхны ард сэнтий байсан нь Автайн сэнтий, түүний хоёр хажуугаар Автай ханы шадар, эртний баатдын дүрсийг байрлуулсан байжээ. Хүний биеийн хэлбэр галбир оруулж зороогүй, өндрөөшөө 1,5 дэлмийн хэмжээтэй гуалингуудад гар залгаж, хамар ам сийлсэн нь монголчуудын догшин хэмээх ухагдахууныг бүрнээ илтгэх улаан нүүртэй, ярзайсан шүдтэй, бүлтийсэн нүдтэй, өргөсөн хөмсөгтэй гэж тэмдэглэн үлдээжээ.

Барын хашаа буюу хэвлэх газар

Энд сонирхуулахад тухайн үед Майдарын сүмийн баруун талд хамбын хашаатай харгалдаа Өргөөгийн барын хашаа буюу хэвлэлийн газар байсан нь модон бар хадгалдаг тусдаа байшинтай, судар ном барладаг том гэртэй байжээ. Өргөөгийн хэвлэх газарт 1892 онд багахан хэмжээтэй, шашны сэдэвтэй, гарын авлагын дайтай жижгэвтэр монгол 20-д зохиол, үүнээс арай том хэмжээтэй 50-д төрлийн төвөд зохиол хэвлэдгийн дийлэнх нь сүмбүм байжээ.

Худалдааны тухай

Судлаач мөн Хүрээнд дамнуурчны гэх 8 гудамж байна гээд Хүрээний зээлийн өнгө төрх түүнийг анх ирснээс хойш 15 жилийн хугацаанд ихээ гундсан нь чухамдаа талбай дээрх орос худалдаачдын лангуу хоёр дахин цөөрч дөрөвхөн лангуу үлдсэнтэй шууд холбоотой гэж дүгнэжээ.

Хүрээнд суудаг монголчууд багахан худалдаа хийхдээ бүхээг босгохгүй, газарт цоорхой сийрс дэвсээд бараагаа дэлгэнэ, эсвэл Маймаачин, Хүрээний лам нараас худалдаж авсан хуучин муусайн юмаа жижиг тэргэнцэр дээр овоолоод түрнэ. Голдуу хуучин хөөрөг, товч, арьсны өөдөс зарна. Ихэвчлэн гэр оронгүй, хүнд хүчир ажил хийж чадахгүй эмэгтэйчүүд ийм худалдаа хийнэ. Эмэгтэйчүүд үүнээс гадна эрэгтэй, эмэгтэй монгол малгай худалддаг нь илүү ашигтай ч монгол малгай оёно гэдэг ур ухаан шаардсан ажил болохоор үүргийн худалдаа хийхээс хавьгүй бэрх юм гэж дүрсэлжээ.

Тухайн үед Өргөө хотод гуйлгачин бараг байсангүй, хаа нэг хашааны үүдэнд чанга дуугаар залбиран гуйлга гуйж буй хөвгүүн, эсвэл чавганц тааралдаж байжээ. Өргөөгийн хувьд Монгол даяараа Дунганы бослогын ур уршгийг бодитойгоор мэдэрч, ган зуданд он дараалан нирвэгдсэн 1860-аад оны сүүл, 1870-аад оны эхэн үед энгийн ард олноороо үгүйрч гуйлгачид олшроод, тэд бүгд хотын зээл дээр амь зогоож байсан гэдэг.

Хүрээний зээлийн урд буй худалдааны “Зах дээр”-ээс зүүн урагш манж, монгол амбаны яам байрлана. Яамны арын гудамжинд яамны түшмэд, тэдний төрөл садангийн хашаа байшин буй. Яамны харгалдаа, Зах дээрээс зүүн урагш байгаа хэсгийг Хороо гэнэ. Хутагтад мөргөж, ноёдын чуулганд оролцон Түшээт хан аймгийн чуулганы жасд суухаар үе үе Өргөөд ирэхдээ тухтай байх үүднээс Халхын засаг ноёд Хороонд төвлөрөн ийнхүү хашаа байшин босгожээ.

Хороонд 30 гаруй хашаа байгаа нь тус бүрдээ хоёр гурван байшинтай, зарим нэг нь багахан цэцэрлэгтэй. Тэр дундаа овор хэмжээ, өнгө зүсээрээ: 1) Сайн ноён хан, тус аймгийн: 2) Дайчин ван, 3) Өөлд бэйс, 4) Сайд ван, 5) Мэргэн засгийн хашаа тэргүүлнэ.

Өртөөний тухай

Өртөөний тухай бичихдээ үндсэн, хавсарга, цагдаа хэдэн өрхтэйг, жишээ нь харчингуудын хариуцсан өртөө их олон өрхтэй, харчингууд олон бүлээрээ нийлж суудаг, малаа хариулдаг харьяа бэлчээртэй бол Халхын өртөө хувааж өгсөн харьяа бэлчээргүй, цагдаагүй, үндсэн, хавсарга өрхүүд нь харчингуудтай адилхан бүлтэйгээ суух ч тэднийг бодвол харьцангуй цөөхүүлээ гэжээ.

Монгол нутгийн алив хоёр өртөөний дунд ер хаана ч явсан “Газар дунд” гэх газар бий болсныг мөн дурджээ.

Есөн цагааны өргөл өргөж яваа цуваатай тааралдсан тухай

Позднеев Тарвагатайн амбаны харьяа монгол-татаар албатаас Бээжин хотноо Манжийн хаанд “цагаан адуу”-ны өргөл өргөхөөр яваа том цуваатай тааралдсанд цувааныхан зүсэн зүйлийн зүстэй зуу гаруй адуу мал тууж явлаа. Үүний учрыг лавлан асуувал монголчууд Тарвагатайн амбан Манжийн хаанд есөн цагааны өргөл өргөхдөө Бээжин дэх танил түшмэл, хамт алба хашиж явсан хүмүүс болон хамаатан садандаа зуу гаруй адуу бэлэг болгон илгээдэг заншилтайг өгүүлжээ. Чугучакаас тууж буй адууг манж түшмэлээр ахлуулсан 19 цэрэг дагалдаж байлаа. Өртөө болгоноос өргөлийн адуунд тэжээл болгон өгөх шуудайтай буудайг тэгнэн ачих 40 тэмээ гаргах ёстой ажээ. Тал нутагт бэлчдэг монгол моринд буудай тавьж өгдгийг дуулаад маш их гайхвал журмаараа тавьж өгөх учиртай юм гэжээ.

Улиастай

Үүний дараа Улиастай хотын тухай “Хэдийгээр Улиастай хот хүн ам, хүрээ цараагаараа Ар Монголын хоёр дахь том хотод тооцогддог боловч Монгол нутгийг хариуцсан жанжин чухам энд өргөөлдөг тул эл газрыг Халхын төв хот гэж үзэх учиртай” гээд, гэхдээ Улиастай хот Халхад ноёлж байхдаа зөвхөн засаг захиргааны төв төдий байснаас биш Өргөө шиг монголчуудын зүрх сэтгэлийг ховсдон татсан ариун дагшин орон байсангүй, монголчууд энд зайлшгүй шаардлагаар ирж, ганц нэгээрээ түр суугаад буцдаг байсныг онцолжээ. Улиастайд анх 1787 онд Гэсэр сүм барьсан нь тухайн үедээ хэрмийн доторх хамгийн эртний байгууламж болжээ. Дунганууд 1869 онд довтлоход ганц энэ сүм бүрэн бүтэн үлджээ. Урьд нь Позднеевыг 1876-1879 онд Монгол нутгаар зорчиход Улиастайд Дунганы бослогын үеэр Монголд томилогдсон цахар, солон цэрэг (800-гаад хүн) байсан боловч 1879 оны сүүлээр төрийн сангийн зардлыг багасгах үүднээс тэднийг нутаг буцааж, оронд нь Улиастайн хэрмийн хамгаалалтад хошуу нутгийн халх цэргийг татжээ. Тэгэхэд эл явдал Улиастай, тэр байтугай ойр орчмын Халх хошуудыг байр сууриа алдахад багагүй нөлөөлнө; учир нь цахар, солонууд халхуудын орчинд ялихгүй ч гэсэн соёлын гэгээ татуулж, халх нүүдэлчдийн ахуйг сайжруулахад хөтлөөд зогсохгүй Улиастай хотыг суурин газрын хэв шинжтэй болгоход хувь нэмрээ оруулж байсныг тэмдэглэжээ. Түүнчлэн "Цахар, солон цэрэг Улиастайд хашаа байшин барьж, түүгээр барахгүй хэрэм маягийн шавар хашаатай байшин сав барьсны үлдэгдэл нурмал өдгөө ч байсаар байна" гэжээ. 

Ингээд хэрмийн зохион байгуулалтыг нарийн дүрслээд, нийт 3 хашаатай, эхний хашаанд яам, 2 дахь хашаанд мөн яам тамга, агуулах сан, 3 дахь хашаанд бусдаасаа 1,5 дахин өндөр Гэсэр сүм, хойд хананд нь хэрмийг сэргээн засварласан Далай вангийн байгуулсан Манзушрийн том сүм байгааг дурджээ. Тэр сүм нь дотроо 3 том модон бурхнаас өөр шүтээн, эдлэл хэрэглэлгүй байжээ. Мөн хэрэмд Цагаан Дарь эх, Аюуш бурхны хоёр жижиг сүм босгосон байлаа. Ерөөсөө Улиастайн хэрмийн оршин суугчид Позднеевыг 2 дахь удаагаа очиход ихэд цөөрч, сууц байшингууд нь урд хэсэгт, их жанжин, амбануудын өргөөний ойролцоо төвлөрсөн байжээ. Хэрмээс гарч худалдааны хотыг чиглэн алхаж буй аянчинд энд тэндгүй эсгий гэр бариастай харагдах нь монголчуудын захиргаа аж. "Энд Жанжны жас, Албаны малын жас, Гурван аймгийн жас, Цагдаа цэргийн жас, Цоохор өртөөний жас буюу Улиастайн жанжны харьяа өртөөг хянах газар буй. Үүний цаана үзэгдэх Улиастайн Маймаачин хот ерөнхийдөө 5 гудамжинд байрласан 180-200-гаад байшинтай. Маймаачин хотын хамгийн том байшин гэвэл 2 дэн буудал. Улиастайн гар урчуудын ихэнх нь Хөх хотоос гар урлал хийхээр ирсэн хүмүүс юм. Ойролцоо нь зусах тариа буюу арвай, улаан буудайн талбай байна" гэжээ.

Тариа, ногооны талбайн цаана хятад худалдаачдын Даашинхүү, Тяньидэгийн хоёр пүүс байгааг монголчууд түнш гэж нэрлэнэ, тэд монгол аймгуудын хувьд банкны үүрэг гүйцэтгэдэг онцлогтой. Тариа тарьдаг тохилог сайхан зуслантай, худалдаа, банкны үйл ажиллагаа эрхэлдэг ямар ч шинжгүй учраас мэдэхгүй хүн ажилсаг хичээнгүй чинээлэг тариачны хүрээнд ороод ирэв үү гэж эндүүрэх магадлалтай юм гэжээ. 

Ховд 

Ховд хотод хуйхуйчуудыг халдахаас өмнөхтэй адилхан цэрэг суухаа больсонд монголчууд Ховдын хэрмийг Сангийн хот гэж нэрлэх болжээ. Сангийн хот нь гадуураа гуутай ч түүгээр нь ус урсдаггүй. Улиастайн хэрэмтэй адилхан урд хаалганы ойролцоо амбаны өргөө, яам байрлана. Сайдын хашаа туйпуун өрлөгтэй, урдаас хойшоо байрласан гурван хүрээтэй. Эхний хоёр хүрээ нь хоосон, хоорондоо хашаагаар зааглагдсан, хятад заншил ёсоор энэ мэт байгуулсан бололтой. Эхний хүрээнд офицер цолтнууд мориноосоо явгалан бууж сайдын өргөөнд явгаар очно, удаах хүрээнд жанжин цолтой, эсвэл хэргэм зэрэгтэй эрхмүүд мориноосоо явгалан бууж сайдын өргөөнд морилцгооно. Позднеевын хувьд их гүрний харьяат, эрхэм зэрэгтэй түшмэлийн хувьд гурав дахь хүрээний хаалга хүртэл мориор явж тэнд сайд түүнийг угтаж авчээ. Гурав дахь хүрээнд сайдын албан өргөө, дараагийн хүрээнд эхнэрийнх нь өргөө, түүний цаана цэвэрхэн жижигхэн цэцэрлэг байжээ. Өргөөнийхөө хойд талд зэвсгийн агуулахтай. Хэрмийн хойд хэсэгт хүнсний агуулах, Гэсэр сүм байна. Хэрмийн үзэмж төгөлдөр гэж хэлж болохуйц энэ Гэсэр сүм харахад төдийлөн нүдэнд өртөхгүй. Ойртоод очвол шавардсан хашаа, хоёр талдаа хятад баатрын болхидуухан шавар барималтай өргөн саравчтай даамантай. Энэ даамангаар буюу бүр тодруулбал хажуугийн явган хаалгаар нь хашаанд нэвтэрмэгц сүмийн хойд талын бор бааздуухан хана байгаа нь уг сүмийн ший янгуу юм гэж бичжээ. Тэндээс ялимгүй өндөрсгөн байгуулж, улиангар мод, өнгө өнгийн цэцэгсээр хөвөөлүүлэн чимсэн өөгүй тэгшхэн замаар сүм өөд алхаж хүрнэ. Гэсэр сүмийн баруунтаа хэрмийн баруун хойд буланд Ховдын шорон байрлана. Шоронтой зэрэгцээд урдхан талд нь, хэрмийн баруун хаалганы ойролцоо Ховдын цор ганц масчид байгааг бас тэмдэглэжээ. Ховдод лалын шашинтай 150-ад хүн байдаг нь өөрийн гэсэн номлогчтой ажээ.

Судлаачийн тэмдэглэлээс эш татвал "Ховдын Маймаачин хот Сангийн хотоос хавьгүй том ч гэлээ гуравхан гудамжтай. Ер энэ нутгаар аялсан аялагч бүрийн тэмдэглэлд Ховд хотын гудамж хэдий цэвэр цэмцгэр байдгийг өгүүлсэн шиг санагдана, өдгөө хотынхон ахуй орчноо уламжлал ёсоор сахин хайрлаж байлаа. Гудамж нь цэвэрхэн төдийгүй чимээ шуугиангүй, аль нэг монгол сагсууран давхиулж, эсвэл хятад хот, тэр байтугай Бээжингийн салшгүй нэгэн шинж болсон өмхий ханхалж, хамраа барих огтхон ч шаардлагагүй юм. Журам ёсоор хотод мориор явахыг хатуу хоригложээ. Эндхийн хятадуудын олонх манж, хятад эхнэртэй учраас биеэ үнэлэгч цөөхөн. Ховд болбоос хятад эмэгтэйчүүд амьдардаг Халхын цор ганц хот юм" гэжээ.

Цогтын удмын Ядам тайжийн тухай

Өөр нэг сонирхолтой зүйл гэвэл Позднеевын аяны цуваа Хөгнө Тарнын хийдийн ойролцоо буухад хажууханд нь Сайн ноён аймгийн маш чинээлэг язгууртан Ядам тайжийн хот айл байсанд судлаач гийчлэхээр очжээ. Ядамын гэр, бэлтэй монголчуудынхаас ялгаагүй боловч бурхан тахилын оронд хятад маягаар, алтан цэцгэн хээтэй хөх модон хүрээтэй том бичээс тавьсан нь эрхгүй анхаарал татжээ. Асуувал энэ нь Эвдэрсэн цагаан байшингийн бичээс гэнэ. Позднеев тэр бичээсийг хуулж аваад тэмдэглэлдээ оруулжээ. Ядам тайж яаж яваад, ямар учраас энэ бичээсийг бурхны оронд залсныг асуувал тэрээр “Нэгд, энэ бол ном (буюу ариун бичээс), бурхнаас ялгаагүй; хоёрт, ийнхүү залснаар өвөг дээдэстээ хүндлэл үзүүлж буй юм” гэвэй. Ядам тайж өөрийгөө Цагаан байшинг байгуулсан Цогт (Цокту) тайжийн шууд удам хэмээн танилцуулжээ.

Потанины тэмдэглэл ямархан онцлогтой вэ

Төв Азийн нутгаар тавантаа аялсан Г.Н.Потанины 1899 онд Зүүн Монгол, Их Хянганаар хийсэн сүүлийн экспедиц тухайн орны газарзүйн тогтцыг нарийвчлан судалж, дутуугаа нөхөн, ургамал, амьтны хатаамлын баялаг цуглуулгыг бүрдүүлж, бүс нутгийн угсаатны аж байдлыг шинжлэн судалжээ. Энэ тэмдэглэлдээ тэрээр нутгийн бөөгийн зарим ёс, үзэмчин, баргуудын ахуй амьдрал, газар орон, итгэл үнэмшил, Ганжуурын сүмийн яармаг худалдааны тухай өгүүлжээ. Түүний зохиолд хэдийгээр Н.М.Пржевальскийн тэмдэглэлтэй адилхан адал явдал, ан авын тухай уулга алдтал өгүүлээгүй ч аялж буй бүс нутаг, ардын ахуй заншлыг нарийн ажиглаж тэмдэглэсэн онцлогтой.

Жишээ нь, Ар Хорчин хошууны нутаг Хөндлөнгийн хөндийд зэгсэн гэр айл элбэг ажээ. Зэгсэн гэр нь эсгий гэртэй адилхан модон ханатай ч эсгий бүрээсгүй, багцалсан зэгсэн бүрээстэй. Гэрийн ханыг босоогоор нь багцалсан, дээврийг унь дагуу цацраг хэлбэртэйгээр багцалж боосон зэгсээр бүрнэ. Зэгсэн дээврийн орой дээр утаа гаргах нүхтэй, дөрвөн талаас нь хайчилж хошуу булантай болгосон эсгий нэмж тавина. Гэр нь эсгий үүдтэй, дотроо хоосондуу, сүү, цагаан идээний түмпэн савнаас өөр хогшилгүйг үзвэл нутгийнхан зусландаа хөнгөн бууж, хогшлоо өвөлжөөндөө үлдээдэг бололтой гэжээ. Мөн Малгайтын давааны бэлд буй Ар Хорчингийн айлууд их цэмцгэр. Хот айлаа тойруулаад хэсэг газрын өвс ногоог зулгаан цэвэрлэж, гэрээ бургасан хашаагаар хашиж, гэрийнхээ хажууд эсгий савдаг хашаа барьсан байжээ.

Судлаачийг зорчиж байхуйд Үхэрт нуурын эрэгт хэд хэдэн хот айл таруухан бууж байлаа. Баргуудын сүжиглэдэг Хамба шавран энд зээгийндээ зусаж байсан нь тэр юмсанж. Таньдаг хүмүүс нь түүнийг их сониуч, Байгалын өмнөд нутагт буриадуудын дунд хэдэн жил суугаад, Читад очиж үзсэн, орос хэл бичиг гадарлана, газрын зураг сайн мэддэг, европ газрын зурагт далай тэнгис, гол нуур, уул нуруу, хот балгад зэргийг хэрхэн яаж тэмдэглэдгийг андахгүйн дээр мэддэг газраа зааж чаддаг тийм хүн гэж дүрсэлжээ. Потанин түүнтэй уулзаж, Лялина хатагтайн номыг бэлэг болгон барихад хамбатан Монголын газрын зургийг дэлгээд Бээжин, Өргөө, Хэрлэн, Хөлөн нуурыг төвөггүй олж, Үхэрт нуур энүүхэнд байх ёстой хэмээн заажээ. Хамба шавран мөн Бээжин, Утайд очиж үзжээ. Хэрлэн голын хойд эрэг дээрх Шар ногооны сүмд (Шира-ногоинъ-сумэ) залардаг тэрээр Өргөөд хашаа байшинтай. Шавран Европын нээлт, бүтээлийг онцгой сонирхоно. Потанинд ганц ч атугай үлгэр хууч ярьсангүй, тэр тухай асуухад үлгэр домогт итгэдэггүй гэжээ. Шавран лам хүн болохоор гэр нь хошлон маягтай. Хажуу гэрт нь түүний зээ гэх залуу эхнэртэйгээ сууна. Барга айлд орж үзээгүй судлаач, шаврангаас зээгийнд нь орж болох уу гэж асуухад эхнэр нь амаржаад удаагүй тул болохгүй гэв. Ингээд "Шавран Европын хүн судлаачид европчууд дорд арьстанд ойртож нэг агаараар амьсгалахад эдийн засаг, бие махбодын ямар нэгэн шалтгаангүйгээр үхэл дайдаг гэсэн мухар сүсгийг мэддэг аятай ингэж хэлэв" гэж тэмдэглэн үлдээжээ.

Түүнээс гадна үзэмчнүүд баргуудаас илүү оросуудад үл итгэсэн байдалтай, үзээгүй газар орны тухай аль болох буруу зөрүү мэдээлэл өгөх санаатай байжээ. Үзэмчин хошууны сүм хийдийн лам нар оросууд хошуу нутгаас нь холуур яваасай гэж хурал хурсан гэдгийг дуулаад Потанин маш их гайхжээ. Нутгийнхны дунд оросууд Үзэмчинд ирж байгаа гэсэн цуу тарсан нь угтаа Манжуурын төмөр замын инженерүүдийг хэлж буй бололтой. Улмаар нутгийн ардтай харилцахын хэрээр, үзэмчин, ар хорчин, жаруудыг харьцуулж үзвэл үзэмчнүүдийн зан харилцаа гүнгийнх нь мухар сүсэг, эсвэл хулчгар зантай нь холбоотой байж болох юм гэж дүгнээд, "Үзэмчин гүн мухар сүсэгтэй нь эргэлзээгүй бололтой, тиймдээ ч европ хүнээс цэрвэж, хошуу нутагт нь үзэгдвэл тэнгэрийн гэсгээл аятай санаж мэдэх юм, эс бөгөөс европчуудтай яаж харилцвал Бээжингийн засгийн газарт нийцэх бол гэдгээ мэдэхгүй учраас нутгаасаа аль болох хурдан гаргаж гэмээнэ санаа амрах биз ээ" гэж тайлагнан тэмдэглэжээ.

Тэд хоёр хошууны зааг дээр байсан тул зам асуухад тун бэрхтэй. Бага үзэмчнүүд тэднийг аль болох даруйхан Их үзэмчингийн нутаг руу гаргачих санаатай, Их үзэмчнүүд ялгаагүй өөрсдөөсөө холдуудах хүсэлтэй байлаа.

Потанин зорчсон газар орноо: 1) Оросын хилээс Хэрлэн гол хүртэл өвс сайтай тал, 2) Хөлөн, Буйр нуурын эл хуль эрэг, 3) Буйр нуурын урд хэсгээс Хянганы бэл хүртэлх өтгөн өвст нуга хөндий, 4) хавчиг хавцалдаа ой модтой Хянган гэж дөрөв ангилжээ.

Амьтны аймгийн хувьд: 1) тарвагатай энэ бүсийн Хэрлэнгийн хөндий, Хөлөн, Буйр нуурын эрэг, Буйр нуураас Лух сүм хүртэл тарвагагүй, 2) Хянган нь гургуул тархсан баруун хязгаар юм гэж дүгнээд, соёлын тухайд Хянган нь хоёр мужийн зааг, зүүнтээ хүн ам шигүү, зэгсэн гэр, хашаатай, шар, сагаг будааны тариалантай бол баруунтаа хүн ам сийрэг, эсгий гэртэй, хонь хариулдаг ард сууна гэж тоймлон өгүүлжээ.

Орчуулагч Бат-эрдэнийн Гэрлээ