Ерөнхийлөгчийг “номхотгох” Үндсэн хуулийн өөрчлөлт
УИХ-ын сонгуульд МАН олон удаа олонхи болж байсан, харин Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд ихэнхи тохиолдолд ялалт байгуулж ирсэн байдаг. 2017 оноос эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт анхнаасаа Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хязгаарлахад чиглэж байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хамгийн их хохирол амсах нь Ерөнхийлөгчийн институт байх нь тодорхой байв. Ерөнхийлөгч хэн гэдэг хувь хүн байх нь чухал биш, Ерөнхийлөгчийн институт бол улс төрийн эрх мэдлийн тэнцвэрт чухал ач холбогдолтой. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар бол төрийн дээд байгууллагын гурван гол институц. УИХ-д олонхи болсон улс төрийн хүчин Засгийн газраа байгуулдаг болохоор УИХ дахь олонхи, Засгийн газар хоёр улс төрийн хувьд нэгдмэл ашиг сонирхолтой. Энэ хоёрыг хянаж, эрх мэдлийг тэнцвэржүүлэхийн тулд Ерөнхийлөгчийг бүх ард түмэн сонгодог. Энэ бол манай улс төрийн тэнцвэрийн амин сүнс юм.
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР ХАМГИЙН ИХ ХОХИРОХ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИНСТИТУТ
/2017 оны 7 дугаар сарын 20-ын өдөр “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлага/
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэж нэрлэж буй болохоос шинэчилсэн найруулгын хэмжээний өөрчлөлт оруулах гэж байгаа талаар байр сууриа илэрхийлнэ үү ?
-Нэмэлт, өөрчлөлтийн төслийг харахад Үндсэн хуулийн 32 зүйлийг хамарч байгаа юм билээ. УИХ-тай холбоотой найм, Ерөнхийлөгчтэй холбоотой дөрөв, Засгийн газартай холбоотой гурав, шүүх эрх мэдэлтэй холбоотой дөрөв, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой 10, төрийн албатай холбоотой гурван зүйлд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа юм билээ. Үндсэн хууль зургаан бүлэг, 70 зүйлтэй. Үүнийг 32-т нь ямар нэг хэмжээгээр өөрчлөлт орно.
-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасаж, хязгаарлах заалт нэг биш байгааг юу гэж бодож байгаа вэ ?
-Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлахад чиглэж буй нь үнэн. Хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх эрхийг нь хасахаар төсөлд тусгасан. Аль ч орны парламент Ерөнхийлөгчтэйгөө эрх мэдлээ булаацалдах, эрхийг нь хязгаарлах оролдлого хийдэг. Гэхдээ энэ нь тодорхой хил заагтай, тэнцвэрт байдлаа алдагдуулахгүй байх ёстой. Манайх шиг хэт эрх мэдэлтэй парламент Ерөнхийлөгчийг хууль санаачлахааргүй болгохыг санаархаж буй нь хэмжээ хязгааргүй эрх хүсэж буйн шинж. Явцуу утгаараа парламент хууль санаачлах эрхээ хэнтэй ч хуваалцахыг хүсэхгүй байна. Үндсэн хуульт ёсны онолоор бол төрийн эрх мэдэл ард түмний хүсэл зоригоос эхтэй. Манай улсын хувьд Ерөнхийлөгч бол бүх ард түмнээс сонгогдож, тэднээс бүрэн эрхээ авдаг ганц албан тушаалтан. Энэ утгаараа хэн нэг УИХ-ын гишүүнээс илүү жин дарах төрийн түшээ. Төрийн тэргүүний хууль санаачлах эрхийг хасна гэдэг нь түүнийг төрийн бодлогод оролцуулахгүй, парламентад ямар ч нөлөөгүй болгоно гэсэн үг. Засгийн газарт чиглэл өгдөг эрхийг нь үгүй болгочихоор Засгийн газраасаа тусгаарлагдана. Ингэхээр Ерөнхийлөгч гэдэг институт шоовдор хүүхэд шиг болж үлдэнэ. Ерөнхийлөгчийн үндсэн хоёр бүрэн эрхийг хязгаарлана гэдэг буруу. Ард түмнээс мандат аваад гарч ирсэн Төрийн тэргүүний хууль санаачлах эрхийг хаах нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, зарчимд нийцэхгүй. УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар хооронд тогтоосон эрх мэдлийн тэнцвэр, хяналт, хуваарийг ингэж хамаагүй хөдөлгөж болохгүй.
-Эхнээсээ бэлгэдлийн шинжтэй байхаар бодож бий болгосон Ерөнхийлөгчийн институц явцын дунд баахан эрх мэдэлтэй болчихсон. Үүнийг байранд нь оруулах ёстой гэх хүн байдаг шүү дээ.
-Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар бол төрийн дээд байгууллагын гурван гол институц. УИХ-д олонх болсон улс төрийн хүчин Засгийн газраа байгуулдаг болохоор энэ хоёр нэг ашиг сонирхолтой. Энэ хоёрыг хянаж, эрх мэдлийг тэнцвэржүүлэхийн тулд Ерөнхийлөгч байгаа юм. Энэ бол манай Үндсэн хууль, улс төрийн тэнцвэр. Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх бүрэн эрх бол түүний УИХ, Засгийн газартай харилцах үндсэн харилцаа. Төрийн тэргүүн Засгийн газарт чиглэл өгөх зарлиг гаргахад түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хэрэгжиж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр хоорондоо зөвшилцөж байж ажил болдог гэсэн үг.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг хийх нь. Энэ хэр оновчтой, үр дүнтэй арга гэж та үзэж байна вэ ?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар явж буй процедур нэг л болж өгөхгүй байна. Үндсэн хууль бол улс төр, эрх зүйн бодлогын том баримт бичиг. Тиймээс энэ ажлыг үр дүнтэй болгохын тулд мэргэжлийн хуульч судлаач, эрдэмтдийн дуу хоолойг сонсож, байр суурийг нь түлхүү оруулах ёстой. Гэтэл судлаач, эрдэмтдээс зугтаж, мэдээлэлгүй иргэдийн нэрийг ашиглан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх гэж байна. Уг нь, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар олон нийтийн чөлөөт үзэл бодолд тулгуурлаж, нээлттэй ярих ёстой. Энэ удаагийн өөрчлөлт бол УИХ-ын захиалгат ажил юм. Энэ бүхэн УИХ зөвлөлдөх санал асуулга явуулах зургаан сэдвийг баталснаас эхэлсэн. Одоо Үндсэн хуулийн өөрчлөлт энэ зургаан сэдвээс хальж чадахгүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулсан жишээ манайхаас өөр улсад байхгүй. Тэгэхээр Монгол Улс Үндсэн хуультайгаа хамт туршилтад орчихлоо. Ингэхдээ хуульд өөрчлөлт оруулах тал дээр маш том цоорхой үүсгэсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Зөвлөлдөх санал асуулгын дүн, зөвлөмжийг УИХ-аар заавал авч хэлэлцэнэ” гэсэн өөрчлөлт оруулсан. Гэтэл энэ нь “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хуулийн төсөлгүйгээр хэлэлцэхийг хориглоно” гэсэн гол заалттайгаа зөрчилдөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэн ч, хэзээ ч зөвлөлдөх санал асуулга явуулж, дүн, зөвлөмжөө УИХ-аар хэлэлцүүлж, Үндсэн хуулийг өөрчлөх боломжтой болсон. Энэ бол маш том ухралт, буруу жишиг.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал зөвлөлдөх санал асуулгаар орж, олон нийтээр хэлэлцэгдээд явж байгаа. Олон нийтийн дэмжсэн зүйлийг замаас нь өөрчлөх боломж бий юү ?
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг парламентаар биш, ард түмний санал асуулгаар шийдэх ёстой. Эрх баригчид ард түмнээс ямар дүн авч буйгаа сая Ерөнхийлөгчийн сонгуулиар мэдсэн. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ард түмнээр хэлэлцүүлсэн, зөвлөлдөх санал асуулга явуулсан дүр эсгэж байгаад УИХ-аар хүч түрэн батлах хандлага ажиглагдаж байна.
-Яамдын нэрийг Үндсэн хуульд оруулан хуульчлах нь зөв үү ?
-Сонгууль бүрийн дараа яамдын нэр, зохион байгуулалтыг өөрчилж, төрийн албан хаагчдыг халж, сольж байгаа тул яамдын нэрийг Үндсэн хуульд оруулж, хуульчлахаар төсөлд тусгасан гэж тайлбарладаг. Ингэхдээ есөн яамыг нэр заан хуульчилж, Ерөнхий сайдад гурав хүртэлх яам нэмж байгуулах эрх өгнө гэсэн байсан. Гэтэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг үүнийгээ өөрчилж, нэр заан хуульчлах яамны нэрийг тав, Ерөнхий сайд байгуулж болох яамны тоог долоо болгосон. Ерөнхий сайдад долоон яам байгуулах эрх өгчихөөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулан байж яамдын нэр заахын ач холбогдол байхгүй болно. 1940 оны Үндсэн хуульд яамдын нэрийг зааж байсан туршлага бий. Үүнээс болоод яамдын нэр өөрчлөгдөх бүрт Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан байдаг. Үндсэн хуульд яамдын нэрийг заана гэдэг социалист эрх зүйн хуучирсан арга барил. Хяналт, шалгалт хийдэг байгууллага шинээр байгуулах тухай заалт бас төсөлд бий. УИХ-аас гарсан хууль, бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах, УИХ-ын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой төрийн хяналтын байгууллага байгуулна гэж байгаа. Өнгөц бодоход энэ нь хэрэгтэй санагдаж мэднэ. Гэтэл манайд Үндэсний аудитын газар, Хүний эрхийн үндэсний комисс гээд хянаж, шалгах, зөвлөх чиг үүрэгтэй байгууллага цөөнгүй бий. Эднийхээ чиг үүргийг гүйцэд хэрэгжүүлж, нөөц боломжийг бүрэн ашиглаж чадсан уу гэдэг том асуудал. Энэ мэтээр эргэж харах, нягталж бодох зүйл цөөнгүй бий. Мөн Үндсэн хуульд оруулахаар ярьж буй энэ удаагийн өөрчлөлт 2000 оны дордуулсан долоон өөрчлөлтийн зарим алдааг залруулахад чиглэж буйг дурдах хэрэгтэй. Тухайлбал, 2000 оноос өмнө УИХ-ын ээлжит чуулган хагас жилд 75-аас доошгүй ажлын өдөр чуулна гэсэн заалт байсныг дордуулсан долоон өөрчлөлтөөр 50-иас доошгүй болгосон. Үүнийг буцааж хуучнаар нь болгож байгаа. Түүнчлэн, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хаших боломжийг 2000 оны өөрчлөлтөөр нээсэн. Одоо буцаад хязгаарлалт хийж, Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болохоор төсөлд тусгасан байна лээ.
Өнөөдөр Монголд намын эрхт ёс тогтсон, эрх мэдлийн гажуудал бий болсон, МАН тарах хууль зүйн үндэслэл бүрдсэн талаар доорхи нийтлэлээс уншаарай.
Намын эрхт ёс-http://www.baabar.mn/article/namiin-erkht-yosnii-niigem
МАН тарах хууль зүйн үндэслэл бүрдсэн-http://www.baabar.mn/article/man-tarakh-khuuli-zuin-undeslel-burdsen
Эрх мэдлийн гажуудал-http://www.baabar.mn/article/erkh-medliin-setgetsiin-uwchin