Монголчуудын шигшээ баг
Орос орон өвлийн олимпийг нэн гайхамшигтай зохион байгуулж, 13 алтан медаль авсан багийн дүнгээрээ тэргүүлэн түүхэн дээд амжилтаа тогтоолоо. Олимпийн 13 түрүүгийн 5-ыг нь америк хүргэн Вийк Уайльд, солонгос эр Виктор Ан нар авчирсаныг шүүмжлэх гэвэл Орос орон өөрөө дэлхийд данстай тамирчдаа хэдэн арваар нь биш хэдэн мянгаар нь, амжилт, дэг сургууль, багш, нууцтай нь гадагш алдсан билээ.
Өрөөлийг шүүмжлэхээс илүү өөрсөддөө хэрэгтэйг нь ашиглах, Монголын спорт Оросын дэг сургууль, арга туршлагаар эх суурь авч хөгжсөн түүх, дэлхийн даяаршилд иргэншлийн саад арилсан зэргийг харгалзвал бидэнд ч их боломж байна. Газар газрын монголчуудаа гал голомтонд нь урих, энд тэнд тархан суугаа элгэн садан ахан дүүсээ эх нутагт нь залах их замын эхлэл нь амжилт ялалт, омогшил бахархал дагуулсан эв нэгдлийн шударга талбар спорт байж чадна. Хэт их гүрэн доторх үндэсний цөөнх монгол угсаатны тамирчдад тэр бүр олддоггүй боломж, тив, дэлхий, олимпийн дэвжээнд өрсөлдөх эрх чөлөө нь Монгол Улсын тусгаар тогтнол, алтан соёмбот далбаа. Монгол Улсын иргэний үнэмлэх нь шинэхэн ч гэлээ монгол хүн эзэн Чингисийн эх нутгийн өмнөөс барилдаж, тулалдаж, харваж намнах нь их хувь заяа билээ. Гурван сая хүрэхгүй хүн амаас олимпийн хоёр аварга төрсөн амжилтаар дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг бол Ижил мөрний хөвөөнөөс Байгаль далайн эрэг, Хөх нуурын өндөрлөгөөс Өвөрмонголын тал нутагт тархан суугаа арван сая илүү олуулаа монголоос ялалтын эзэд бүр олноор тодорно. Харъяат улсаас нь аваад үлдэж болохгүй спортын арга туршлага нь Монголд хамт ирнэ. Эхлэл болгож, илүү хүсэл сонирхолтойд нь санал тавих, эцэг дээдсийн нутагтаа бэлтгэл дасгал хийх боломж олгох, цалин хангамж, урамшууллаар татах, мэдээж тусгаар Монгол улсын нэрийн өмнөөс хүч сорих итгэл сэтгэлд нь тулгуурлах зэрэг арга хөшүүргийг эргүүлж, Израйль, Орос, Турк, Герман, Казахстан шиг хөрөнгө мөнгө гаргаж чадахгүй ч айлаас эрэхээр авдраа уудалбал өчнөөн боломж, төчнөөн алт, мөнгө, хүрэл медаль монголчуудыг хүлээж байна. Спорт холбоодыг тэргүүлж байгаа аваргууд, бизнесменүүд, улс төрчид өөр өөрсдийн төрлөөр Монголд өнгө төрх, хүч боломж, додоодын өрсөлдөөн, медаль нэмэх монгол угсаатнуудаас ганц нэг, тав арваар нь урьж авчрах боломжтой. Гурван сая хүрэхгүй монголчуудаас Ч.Мөнхбаяр 70 саяулаа хүчирхэг Германд нэг медаль нэмж чадсан. Мэргэн бууч хоёр монгол бүсгүй зэрэгцэн зогссонд бид баярлан бахадсан. Арван сая монголчуудаас Монголын төрийн дуулал эгшиглэж, соёмбот туг намирах алтан агшнуудыг нэмж чадна.
Монгол угсаатны тамирчдын амжилт ялалтыг цухасхан хайхад аваргууд, алдар гавъяатнуудын урт жагсаалт хөвөрдөг юм байна. Бүгдийг нь урих боломжгүй ч дэлхийн тавцанд элэг нэгтүүд маань хэр өрсөлддөг юм бэ? гэдгийг сонирхлоо. Буриад ах дүү нарын алдар цуу БНМАУ анх удаа оролцсон 1964 оны Токиогийн олимпоос эхэлнэ. Буряадайн намшилдаанш хөвүүн, баруун, солгой өрөлттөй, хоёр гар жигд хүчтэй Виликтон Баранников Европт аваргалж Хоньчин овгийн Билигт олимпийн боксын дэвжээнээс тавин жилийн өмнө мөнгөн медаль хүртжээ. Адилхан монгол ахан дүүс болохоор уламжлалаа дагаж барилдах, нүдэлдэх, намнах, буудах төрлүүдээр л Буриад, Өвөрлөгч, Халимаг тамирчид тив дэлхий, олимпод амжилт гаргажээ. Монгол ах дүүсийнхээ сайн танил, 1979 онд Монголд болсон Дэлхийн залуучууд, дэлхий, Европ, дэлхийн наадмаас илүү шахуу тэмцээн гэгддэг ЗХУ-ын 4 удаагийн аварга домогт Борис Дугданович Будаев магнайлсан Буриадын бөхчүүд мөчөөгөө өгдөггүй гулбаа монцгорууд. Харин буриад хөвүүдэд Москвад шийдэгддэг, Оросын өмнөөс ноцолдох эрх тэр бүр олддоггүй юм. Борис Будаев Зөвлөлт, Оросын өмнөөс олимпод зодоглож үзээгүй. Дөчин нас хүрч байхдаа Азийн аварга болж, Узбекистаны нэрийн өмнөөс 1996 оны олимпод зодоглож байв. Ерэн хоёр оны олимпод Будаев Монголын өмнөөс зодоглох хүсэлт гаргасныг нь хүлээж аваагүй ч бил үү, жаахан яриа хөөрөө үүсээд л өнгөрсөн. Буриадын сайн бөхчүүдийг тоочвол мундахгүй урт жагсаалт болно. Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн аварга Базыр Базыргруев гэдэг залуу Кыргызстаны өмнөөс Бээжингийн олимпод зодоглож байв. Хойд хөрш, бөхийн их гүрний залуучуудын багт Алдар Бальжинимаев, насанд хүрэгчдийн бүрэлдэхүүнд Жалсапов, Бадмаев, Богомоев нар багтаж байна.
Буриадын байт сур Оросын нэр нүүрийг тахалж, энэ спортын төрлөөр их гүрний хамгийн үндсэн мөхлөг, гол цөм нь манай ахан дүүс болсоор байна. Оросын байт сурын холбооны тэргүүн Ешеев Иш 1987 оны дэлхийн аварга, 1988 оны Сөүлийн олимпийн медальт. Байт сурын шигшээ багийн удирдлага, дасгалжуулагчид, гол уураг тархи нь Рыгзенов, Санданова, Хамнагдаев, Цынгуев, Эрдыниева нарын буриадууд. Сонгодог харвааны төрөлд Оросын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн шигшээгийн 9 гишүүний 7 нь Баир Доржиевич Баденов Доржийн Баяр нарын буриад эрчүүд. Цэрэндаш овогт Базаржавын Чингис, Гомбо овогт Баярын Хишигтэн, Цэрэнпил овог Цэрэнжавын Билэгт, Сэнгэ овогт Балтын Бат нар эрхий мэргэн харваачдын дуурсгах алдар, дуудах нэр нь билээ. Есүнгэ мэргэний үр сад тэд Оросын сонгомол, халз харвааны насанд хүрэгчид, залуучууд, өсвөрийн шигшээ багийн бүрэлдэхүүний 70-аас дээш хувийг бүрдүүлж байна. Оросын залуучуудын шигшээгийн 9 харваачийн 7 нь буриад, Якутын тамирчин, Чүлтэм гэдэг тува залуу нэмэгдээд бүрдэж байна. Оросын залуучуудын эмэгтэй багийн 9 харваачийн 5 нь Цэцэгмаа, Соёлмаа, Туяана, Жавзмаа, Бадмаа гэсэн буриад охид юм. Лас Вегаст болсон дэлхийн аваргаас Оросын баг 4 алт авсан, халз харвааны төрөлд Виктория Бальжанова түрүүлж, хоёр буриад залуу сонгомол харваанаас медаль авчээ. Өсвөрийн эрэгтэй шигшээ багийн 6 харваачийн 4 нь буриад буюу монгол хүүхэд байна. Лондонгийн паралимпэд түрүүлсэн Оросын эрэгтэй, эмэгтэй багууд аль алинд нь буриад харваачид голлож байв. Сонирхуулахад, паралимпэд анхлан түрүүлсэн Монголын Д.Баатаржав буриад хүн билээ. Монголчуудаас гавъяат тамирчин Д.Дэмбэрэл 43 жилийн өмнө 1971 онд анхны дэлхийн аварга болж, байт сурын алтан түүхийг бичсэн юм. Өнөөдөр ч Монголын байт сурчид чамлахааргүй амжилттай, энэ спортоор хамгийн хүчирхэг Ази тивд үзүүрлэх хэмжээнд очсон. Оросын харъяат буриад нараас, нэг ёсондоо монгол хүн хөнгөн атлетикаар дэлхийн аварга болж байсан нь Халмагшинов гэдэг тамирчин. Олимпийн бус төрлөөр Буриад Монгол ахан дүүс амжилт алдар арвинтай. Байлдааны самбын дэлхийн гурван удаагийн аварга Ванжилын Баяр, хошой аварга Дорждарийн Сергей, бөмбөгтэй хоккейн 1998 оны дэлхийн аварга, Оросын шигшээгийн дасгалжуулагч Именохоева, Олон улсын таэквондогийн холбооны дэлхийн аварга Баглаев гэсэн нэрс гарч байна.
Ижил мөрний хөвөөнд алс хол суусаар 400 гаруй жил болж, шингэн хайлсаар яваа торгууд, дөрвөд, хошууд нарын Халимагаас Бату Хасиков мэргэжлийн кикбоксын дэлхийн аварга, тулааны ертөнцийн домогт тамирчин. Тулаанчийн нэр нь Бат хаан болсон энэ залуу дэвжээнд туульч, жангарч Цагаанзамын ”Ээж минь дээ”-н аялгуу, хөөмийн хархираан дуутай гарч ирдэг билээ. Бидний хувьд олон улсын хэмжээнд амжилт гаргаагүй гандболын спортоор 2001, 2005 онд дэлхийн аварга болсон багийн гишүүн Бодниева гэдэг халимаг бүсгүй байна. Лондонгийн олимпоос сонгомол барилдаанаар хүрэл медаль авсан Мингияныг яг манайд байдаг шиг л баатар цолоор шагнаж, шинэ машинаар мялаасан, барилдахын хажуугаар орон нутгийн Иргэдийн хурлын гишүүн гэж байгаа. Мингияны дүү Санал ч сайн бөх, ирээдүй дүүрэн. Баярта гэдэг халимаг охин кекушинкай каратэгаар дэлхийн аваргаас медаль авахад ойрхон, өмнө нь 4 япон ороод, манай “үсэрсэн цус” тавд бичигдсэн юм. Санж хэмээх залуу Оросын өмнөөс сонгомол барилдаанаар хүч үзэж эхэлжээ. Орос, Таджикистаны гавъяат дасгалжуулагч Церен Бальзановын ширэн бээлийт шавь нар ч хүч нэмж байна. Халимагийн анхны Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов буюу Үлэмжийн Гэрсэнз дэлхийн шатрын холбоог тэргүүлдэгийн үр ашиг гарч оюун ухааны спорт Ижил мөрний усыг гашуун гэж голоо юу хэмээн дуулсаар эх нутагтаа ихэнх нь эргэхэд үлдэж хоцорсон ойрад монголын охид хөвгүүдийн дунд дэлгэрч байгаа юм. Данара Доржиева гэдэг охин шатрын их гүрэн Орос, Европын идэрчүүдийн аварга болсон.
Монголын өмнөөс бөөрний хоёр өөх шиг хайлж шингэж байгаа Буриад, Өвөрмонголын бөхчүүд уг яс, уламжлал нь хаачих юм бэ. Бээжингийн олимпод Өвөрмонголоос 13 тамирчин жүдо, сонгомол зэрэг төрлөөр зодоглосон нь хань бус цөөнх үндэстнээ тэргүүлсэн амжилт болж байв. Мэргэжлийн гардан тулаанд Баатар гэдэг залуу үшүгийн мастер, каратэгийн хар бүстнүүдийг 20 секундэд бут ниргэж байгаа бичлэг youtube-д зөндөө байдаг.
Түрэг угсаатан боловч адилхан нүүдэлчин, Зөвлөлт Оросыг дээрэмдэхээс өмнө Монгол өрх айлд багтаж асан, өчнөөн олон овог яс элкэн холилдон шингэсэн Тувагийн хапсагай нь өмсгөл, мэх, ёс жаяг, гар хүрэхийг унасанд тооцдогоос бусдаар манайд ч дөрвөн хөлтэй бөх үгүй гэдэг дүрэмтэй байсан гэдэг яг адилхан монгол бөхийн барилдаан. Аяс Монгуш Оросын сумогийн шигшээг ахалж, Европ, дэлхийд түрүүлж, Баян-Өлгийд аймгийн арслан болсон. Цагаан сараар хэд ирээд хавчуулж шахуулж байгаад л буцсан, тэндээс энд дахиж зодоглоогүй. Тувагийн жүдо, чөлөөт, байт харвааныхан Оросын шигшээд орчихоод л байдаг.
Өвөрмонгол, Буриад, Халимагт ч өв соёлын гал голомт, өвлөн тээгч Монголын үр нөлөө дэлгэрч, Улаан-Үдийн бөхчүүд чөлөөтийн борцоовоо тайлж монгол гуталтай болчихсон, Хөх хотод манай бүх хамтлаг, дуучин, хошин шогийнхны хувилбар гарч, биднээс илүү Жавхлангийн дууг мэддэг. Соёлоор нэгдэж эхэлж байна, мартсанаа санаж болж байна. Спортод ч ийм хүч чадал, орон зай бий.
Уулын цаана уул, улсын цаана улс бий. Өөр аймгийн бөх наадамдаа барилдахыг хорьсон засаг даргын тушаалын үндэслэл нь жалга довны өчүүхэн харааных. Үүнээс цааш газаргүй гэж бодох хуучин хүү нар шинэ цагт олон байна. Аймаг аймгаараа, хот хөдөөгөөрөө, халх дөрвөдөөрөө талцана. “Монголыг Монголоор” гэдэг бодлого эцэст нь юу болгосныг түүхээс уншивч наадам хийхдээ тас. Аймаг дотроо сумаараа, сумандаа багаараа хуваагдана, “Би чи, танай, манай” болцгооно. Жаран жилийн өмнө нэгдэж нэг сум болсон хоёр багийнхан наадамлахдаа майхнаа босгохоосоо эхлээд л тулам булаалдах, олс татах мэт хуваагдчихна. Даагыг манайх авчихлаа, соёолонг тэднийд алдахгүй шүү, хөөе гээд гар зөрүүлэхдээ тулна.
Элгэн садан монголчууд эзэн Чингисийн гал голомтондоо эргэн ирэх эрх чөлөөтэй, илүү нээлттэй, элдэв улс төргүй, дэлхийд ердийн хэм хэмжээ болсон эхний зам нь спорт. Спорт холбоодын удирдлага монгол угсаатан тамирчдаасаа ганц нэгээр нь, тав арваар нь урьж залж, хэлэлцэж тохирч эхэлбэл ямар вэ? Монголчууд дэлхийн тавцанд эргэн ирэхдээ илүү хүчтэй байхад их спорт хүлэг морь нь болно. Тив, дэлхий, олимпийн дэвжээн дэх амжилт ялалт бүхэн төрийн дуулал, соёмбот далбаатай хамт монголчуудын эв эеийг дархална.