ЦАГААН ШУУГИАН, БАРААН АМЬДРАЛ
Америкт, тэгээд бүр сексийн хувьсгал, маркетингийн дэлбэрэлтийн эрин үед рекламны зохиол бичнэ гэдэг Хэмингуэйг 100 удаа хуулснаас илүү нөлөөг ирээдүйн “Дон”-д хайрлаж, богино өгүүлбэрээр хүний хорхойг гозолзуулам бичиж сурсан байна. Зохиолчдод хүн атаархуулчиж болмоор давуу тал байдаг бол тэр нь бүтэлгүйтэл нь туршлага болж, ахуйд дарлуулсан он жилүүд нь алдар нэрийн гишгүүр болдогт л байдаг байх.
Уулзвар дээрх уй
Төв шуудангийн уулзвар дахь явган хүний гарцан дээр ногоон гэрэл хүлээж зогсоход бараан бодол төрнө. Хэвлэсэн юм шиг адилхан өдрүүд номын хуудас шиг хөвөрч, тэр хуудсан дээрх агуулга нь адилхан, зөвхөн хуудасны дугаар нь л ахиж байгаа ч юм шиг гарцгүй мэдрэмж... Энэ хот, энэ улс минь хүчирхийлэлд живж, хүчирхийлэгчдийн дунд хүүхдүүд сургуульдаа явж, хүчирхийлэгчдэд зориулан би зохиол бичиж, хүчирхийллийн нэг хэсэг болон аж төрж яваа юм шиг бараан бодол гол зураад тархийг залгичих шиг санагдана. Санаа алдмаар биш гэж үү? Гэтэл бидний Улаанбаатар тийм хот юм уу, миний Монгол тийм орон юм болчихсон юм уу?
Тийм нэгэн бараан бодлын буулганд ийм нэгэн ном уншаад, ийн нэгэн санаа хүүрнэх хүсэл төрлөө.
Тэр Америкт тэр нэг зохиолч...
Нью-Йоркийн Бронкст төрсөн, бидний “Америкт нэг удаа”, “Загалмайлсан эцэг” трилогоос хардаг итали хорооллын хүү Дональд Ричард Делилло хожим “Дон” болжээ. Гэхдээ “коза ностра”-гийн дон биш уран зохиолын дон болсон нь авсан шагналуудаас нь тодорхой. Зохиол бүтээлээ Дон Делилло гэх товчилсон нэрээр бичдэг мань эр зохиолчийн зах зухтай болохоосоо урьд 10 гаруй жил рекламны зохиол бичжээ. Америкт, тэгээд бүр сексийн хувьсгал, маркетингийн дэлбэрэлтийн эрин үед рекламны зохиол бичнэ гэдэг Хэмингуэйг 100 удаа хуулснаас илүү нөлөөг ирээдүйн “Дон”-д хайрлаж, богино өгүүлбэрээр хүний хорхойг гозолзуулам бичиж сурсан байна. Зохиолчдод хүн атаархуулчиж болмоор давуу тал байдаг бол тэр нь бүтэлгүйтэл нь туршлага болж, ахуйд дарлуулсан он жилүүд нь алдар нэрийн гишгүүр болдогт л байдаг байх. Эмэгтэй нэрээр хүртэл зохиол бичиж булай болж, юм юм л үзсэн Дон Делилло 14 жилийн турш цөхрөлтгүй бичсэний эцэст 1985 онд “Цагаан шуугиан” гэдэг роман бичиж, алдар хүндэд хүрчээ. Америкийн нийгмийг дотроор нь эргүүлээд тавьчихсан гэлцдэг энэ романыг судлаачид “технологи, хэрэглээний нийгмийн хуран үймээн болон төр засаг мэдээллийн тооцоолсон урсгалаар хэрхэн хувь хүнийг "залгиж", эрх чөлөөг нь боомилдог тухай” яруу тод харуулсан гэж үнэлдэг юм байна.
Энэ Монголд тэр нэг роман...
Дон Делиллогийн "Цагаан шуугиан" романыг “Болор судар” хэвлэлийн газар өнгөрсөн жил хэвлэсэн. Дизайнер Баттулгын Төгсгжаргалын төгс дэглэлтээр уншигчдын хорхойг хүргэх болсон "Болор судар"-ын романы цувралд агуу их Марсел Прүүстийн “Алдуул цагийн эрэлд”-тэй зэрэгцэн гарсан энэ романд бидний бүтээж байгаа нийгмийн дүр зураг толин тусгал шиг тодхон дурайж байна.
Бидний бүтээж буй нийгэм бол хэрэглээний нийгэм. Адам Смитийн чөлөөт эдийн засгийн онолыг базаад хэлбэл хүний хэрэглээ хүний нийгмийг залдаг, залсаар ч байх болно гэсэн бошиг билээ. Хэрэглээг огоорч, хэрэглээг шоолдог, түүгээрээ ч дэлхийн хамгийн том гүрнийг цогцлоосон монгол идеалоги найман зуун өнгөрөхөд намрын навч хийсэн сарниад, үр удам хэмээгдэгч бидний оюун санаанд үндэслэн дэлгэрч амжаагүйн гунигт үнэн бол импортын барааны их дэлгүүрийн эздээр Их хурлаа дүүргэж, төрийн жолоогоо атгуулчихаад, үнэгүй халуун савнаас болж дэлгүүрийн нээлтэн дээр алалцдаг бидний ядмагхан амьдрал билээ.
Делиллогийн дэлгэсэн хөзөр
“Цагаан шуугиан” зохиолын гол дүр Жэк Глэдни бол бидэнтэй л адилхан дунд насны хэрэглээндээ дарлуулсан бэртэгчин. Их сургуульд "Гитлер судлал"-ын тэнхим үүсгэн байгуулсан профессор атлаа герман хэл мэдэхгүй, мэдэхгүйгээ нууж нууцаар сурахаар мачийж яваа эр. “Мэдээлэлдээ дарагдсан мэдлэг минь хаачив, мэдлэгтээ дарагдсан мэдрэмж минь хаачив?” гэж Жорж Элиотын дуу алдсан шиг орчин цагт мэдээлэл цуглуулаад мэдлэгтэн болж, мэдлэгт дулдуйдаад мэдрэмжтэй царайлдаг үй түмэн академик паразитуудын төрхийг нэвт урласан нь Мольер маягийн донжтой ёжлол цацраах энэ романыг Гоголь маягийн гашуун хошигнол мэт санагдуулах ажээ.
Бэртэгчинд үлдсэн оршихуйн асуудал
Профессор Глэдни бол олон гэрлэсэн, өмнөх эхнэрүүдээс нь төрсөн хүүхдүүдээ эхнэр Бабетынхаа гарт даатгачихаад гар газар, хөл хөсөр амьдарч яваа урт дурын амьтан. Гэтэл гай болж хотынх нь ойролцоо галт тэрэг осолдож, агаарт "Ниодин Д." хэмээх хорт хий дэгдсэнээр Гюстав Фрейтагийн онол ёсоор зохиолын зангилаа зангиралдана.
Хэрэглээний нийгмийг ёжилдог орчин үеийн шороон түмэн романаас “Цагаан шуугиан”-ыг ялгаж өгсөн ганц хүчин зүйл нь хөндөн тавьсан оршихуйн асуудал нь. Экзистенциалистууд “үхэл”-ийг хүний хамгийн тогтвортой экзистенц гэж тодорхойлсон. Делилло үүнд дээр амжилттай тоглож, зохиолын гол дүр болох гэр бүлийн хоёрыг үхлээс айх гүн айдастай болгожээ. Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэгчээр Глэдни, Бабет хоёр чухам энэ айдсаараа хорвоогоос нэгнээ олж, дэр нэгтгэсэн гэмээр.
Делиллогийн баатруудын дотор "Хэн маань эхэлж нас барах вэ?" гэсэн асуулт туж эргэлдэх ажээ. “Тэр нас барснаараа амьдралд минь хоосон нүх үүсгэх бол, харин би нас барснаараа түүний амьдралд гүн ангал үүсгэнэ” гэж эхнэр нь хэлэх бөгөөд, энэ сэдвээр тэд шөнө дүл болтол маргалддаг, уйдалгүй ярьдаг ганц сэдэв нь. Эрих Фроммын нүдээр харвал энэ асуулт л тэр хоёрыг нийгмийн амьтан болгохоос зааглаж, хүншүү байлгаж байгаа ч, чухам энэ л оршихуйн асуудлаас айх айдас нь Глэдни, Бабет хоёрыг супермаркетын эрээлжилсэн лангуу руу хөтөлж, профессорын цалингаар авч болох хэрэгтэй, хэрэггүй юмс эх захгүй худалдан авах ядмагхан аялалд даллан дуудах аж. Худалдан авалт бол тэдний амьд гэдгээ мэдрэх боломж, энэ мэдрэмжийн эргэлтэд эргэлдэж яваа нь амьд яваа мэт, ямархан нэг сонголт хийж байгаа учраас л оршин буй мэт тэдэнд мэдрэгдэнэ. Тэд үүнийгээ мэдэрч байгаа нь, мэдэрч байгаагаа мэдэж байгаа нь романы гол зөрчил, гол зурам санагдах амьд чанар нь болдог.
Хошигнолын цаана тодрох хорон мушийлт
Зохиолын үйл явдлыг талаар нэг тарааж, тайлбарлахыг хүсэхгүй байна. Гэхдээ үхлээс айх айдсаа дарах гэж эхнэр нь эм уудаг гэдгийг хэлэлгүй горьгүй. Ховор эмийг гартаа оруулахын тулд эхнэр нь профессорыг араар тавих болжээ. Мэдээж хэрэг профессор олж мэднэ. Хийд хордсоноо мэдсэн профессор биед нь үүсэх шинж тэмдэгийг шинжмээр байтал зурагтаар цацах мэдээний статистикт амиа тавина. Хар толгой нь үхэж далд ороход биш, хаа нэгтээгээс тараах үхлийн статистикийн нэг хэсэг болсон нь профессорт сайнаараа ч, муугаараа ч чухал аж. Гэтэл эхнэр нь араар тавьсан байдаг... Энд л Чеховын дүрмээр “буу дуугарна”.
Хүнийг үхлээс бусдыг, магадгүй бүр үхлээ ч умартахад хүргэдэг өнгөцхөн сонголтын цаггүй нөмрөх давлагаа, хязгааргүй урт хоолны цэсийг санагдуулам амьдралыг цаг мөнхийн цагаан шуугиан хөтөлнө. Үхлийн айдсыг дарахын тулд эхнэрт нь биохимийн урвал хэрэгтэй бол хуурамч Гитлер судлаачид харин амьдралыг нь нөмөрсөн тэр цагаан шуугиан чухал ажээ. Цагаан шуугиан. Физикт бүх давтамжийн дуу чимээг нэгэн гарцаар, ижил хүчээр сонсгохыг ингэж нэрлэдэг. Харин манай баатрын хувьд мэдээллийн хэрэгслүүд, супермаркетын орчин дахь нүргээн шуугиан үхлийн айдсыг нь ч даран сарниулах чадалтай. Галт тэрэгний ослоос болж дэгдсэн хорт хий бол энэ хиймэл цагаан шуугианыг нэвт цохиж жинхэнэ аюул занал, жинхэнэ үхлийг мэдрүүлэх хүчин зүйл аж. Энэ хүчин зүйл, энэ романы ертөнцөд нэвтэрсэн уншигчид бараг л аврал мэт санагдах нь зохиолчийн бодож шингээсэн гол санаа, “Дон”-ы гашуун мушийлт юм.
Роман супермаркетын дараалал дунд төгсөнө. “...Түрж яваа тэрэг минь өнгө алагласан бүтээгдэхүүнүүдээр дүүрэн. Дараалал аажим ахих нь ямар сайхан хэрэг вэ, энэ зуур тавиурууд дахь шар сонин сэтгүүлүүдийг харж амжих нь шүү дээ...” Энэ бол 1985 оны зохиол. Одоо бол бид сагстай тэргээ түшиж хөлөө амраангаа, утасныхаа дэлгэцийг ширтэцгээх болсон. Хүн төрөлхтөн тохь тухын оргилд хүрсэн ч, оюун санаа нь тохь тухынхаа хоригдол болжээ. Супермаркет гэж үнэхээр супер нэршил шүү. Бүх юм тэнд байгаа, бүр аз жаргалыг ч тэндээс авч болмоор санагдана гээч. Аваад л аваад л, итгээд л итгээд л амьдраад байвал бүх зүйл санаснаас хялбар байж ч мэднэ. Ийм газрыг “супер” гэхгүй бол өөр ямар газрыг супер гэлтэй билээ. “Цагаан шуугиан” романы санааг цухас өлгөн өгүүлэхэд ийм.
Зайсан толгой дээрх хийцгүйрэл
Зайсан толгой дээр коммунистууд Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор бариад ч “Зайсан” нэрийг нь хүн ардын тархинаас арилгаж чадаагүй. Хожим нь газрын наймаагаар гаршсан дарга нар хормойнх нь газрыг зарж, араас нь ухаж, үйлчилгээний төв бариад ч Зайсан толгой зайсан хэвээрээ л байна. Зайсан толгой дээр гараад Улаанбаатарыг ширтэхэд цээж уужирдаг ч, гуниг төрнө. Нийслэл хотын дээгүүр хорт утаа манан мэт бүрхжээ. Энэ хорт мананг Богд уулыг цоолж хөөх мэргэн санаа манай авлигач түшмэдүүдийн толгой төрөөд удаж байгаа. Уудам дэлгэр Монголын өчүүхэн нэг цэгт албатай юм шиг шавааралдан сууж, шавар овоолчихоод өр зээл тавьж, уул ус сэндийлэх болтлоо хордсон бидний оюун санаа.
Улаанбаатар цаг наргүй ажиллах хүмүүсийн нуруун дээр урагш нэг алхаж, цаг наргүй хулгайлах төрийнхөө зүтгэлээр арагш хоёр алхсаар энэ янзтай болжээ. Энэ янзаараа Монголын оюун санааг ч, бие махбодыг ч хордуулж дуусгах бололтой. Хордуулж дуусгаж байгаагаа түүх ярьсан хоосон омогшил, хий хоосноос дайсан босгосон хийрхэл, хүний амьдралын зовлонг хөөргөдөн мэдээлж амь зуудаг уяаны нохдынхоо хуцалдаанаар бахтай сайхан халхалдаг болсон байна. Эх захгүй энэ их шуугианаас толгойгоо сугалж, өөртэйгөө өөрөө тулан эргэцүүлэх өчүүхэн чөлөө олдох зуур ганц ном уншиж, ганц тэмдэглэл сараачсан нь энэ. Гашуун ч гэсэн үнэн юм даа. Үнэнээ тэмтэрч явахад амьдрал утгатай юм даа.

