Бидний дунд өөр өөр хүсэл эрмэлзэл, үзэл бодол, зан араншинтай бүсгүйчүүд бий. Өөрийгөө олж, оршихуйгаа бүтээж байгаа сайхан эмэгтэйчүүдийг олж ярилцах хүсэл төрсөөр удсан. Харин цуврал ярилцлагаа нэгэн зураач бүсгүйгээр эхлэхийг хүслээ. Банкны мэргэжилтэй ч гэнэт хажуу хавийнхаа хүмүүсийг гайхшруулан, өөрийнхөө сэтгэлийн гүнд байх хүсэл мөрөөдлөө амилуулжзураач болсон түүнийг Д.Дуулал гэдэг.

Д.Дуулал “Мэдрэхүйд эс тогтох оршихуй” нэртэй үзэсгэлэнгээ саявтар Монголын урчуудын эвлэлийн Уран зургийн галлерейд гаргасан билээ. Эмэгтэй хүний эмх цэгцтэй торгон мэдрэмж, өнгөрсөн бас ирээдүйн анир, өвөөгийн тухай дурсамжаас үүдэн гарсан сэтгэмж, мэдээж түүнийг илэрхийлэх цэгт урлал бүхий зургуудтай. Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач Д.Дуулалтай ярилцлаа. 



-Энэ удаагийн үзэсгэлэн таны дөрөв дэх удаагийн үзэсгэлэн гэж дуулсан. Тун өвөрмөц нэртэй үзэсгэлэн юм аа. Гэхдээ бидний мэдрээгүй, мэдрэмжинд байдаггүй оршихуй дэргэд маань байдаг болов уу?

-Энэ үзэсгэлэн гарах болсон шалтгаан би өвөөгийнхөө хоёр авдрыг олсон түүхтэй холбоотой. Нагац ахын ажлын агуулахаас өвөөгийн хуучин хоёр авдар, цайны ширээг олсон юм. Хэдийгээр намайг багад өвөө маань тэнгэрийн оронд дэвшсэн ч гэрийг нь хураах үед тэр чигээрээ үлдсэн тэр бүх зүйлийг нь дэлгэн суухад хуучны бүүр түүр дурсамжууд сэргэж ирсэн. Өвөө маань буй биеэрээ байхгүй ч дурсамжаар дэргэд минь байгаа мэт, ер нь бид хэн нэгнийг байхгүй болсон гэж үздэг ч байсаар байдаг юм шиг бодол төрснөөр энэ бүтээлүүдээ зурсан гэж болно. Манай гэрийнхэнд зурдаг хүн байхгүй, аав ээжийн талд зурдаг хүн байдаггүй гэж боддог байсан ч өвөөгийн маань мэдрэмж сэрэхүй надад өвлөгдөж иржээ гэдгийг энэ үзэсгэлэнд багтсан бүтээлүүдээ босгох үедээ мэдэрлээ. Өвөө маань шаггүй гарын дүйтэй хүн байсан гэлцдэг. Тэр ч байтугай ээж, аавынх шиг бүлтгэр биш онигор нүд өвөөгөөсөө иржээ гэж бодогдсон. Тэгэхээр надад өвөөтэйгээ удаан байсан үүх түүх байхгүй ч өвөөгийнхөө үлдээсэн эд зүйлээс, хоёр бор авдраас өвөөгөө илүүтэйих таньж мэдсэн. Заавал бид хэн нэгэнтэй ойр байснаар түүхийг бүтээдэг биш харин үлдээсэн өвөөс, дурсамжаас ч оршихуйг нь ойлгож болох нь гэж санасан. Нөгөө талаас бид нас барснаар байхгүй болчихдог юм биш. Г.Лхагва доктор нэг ярилцлагадаа хүн нас барахад 40 хувь нь байхгүй болсон ч 60 хувь нь үлддэг гэж байсан санагдаж байна. Бас бодохоор л зүйл. 

-Гэхдээ л байхгүйгээс байгааг мэдэрч зурна гэдэг амаргүй байсан байх...

-Байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг завсрын мэдрэмж их төрж байсан. Заримдаа зургаа зурахынхаа өмнө өвөөгийнхөө тухай дурсамжийг сэтгэлийнхээ гүнээс нэгжээд, зургаа үнэрлэхэд уур амьсгалыг мэдэрч сорж байгаа юм шиг санагдаж байсан шүү. Яг бүтээлүүд дээрээ ажиллаж байхдаа завсардмал орон зайд, завсрын уур амьсгалд байгаад байсан. Ковидын хөл хорионы улмаас үзэсгэлэнгээ жилийн өмнө гаргах байсан ч чадаагүй. Тэр хэрээрээ завсрын орон зайд бас их удлаа. Тийм уур амьсгалаа мэдрээд яваад байх амаргүй байсан шүү. 

-Өнөө цагийг оюун мандлын эрин гээд байгаа. Энд байгаа зургуудыг харахад энерги эрчим ч юм уу, нэг тийм долгион зураг бүрт шахам дүрслэгджээ...

-Миний хувьд нүдэндээ харж чадахгүй байгаа энерги гэх юм уу, эрчим гэх юм уу тэр зүйлийг илэрхийлэхийг хүссэн. Өвөө маань лам хүн байсан болоод ч тэр үү миний энэ удаагийн зургуудад тийм илэрхийлэл их бий. Циркийн морин тойруулга шиг харагдаж байгаа бүхэн маань тэр эрчим байх. Өвөөгийнхөө хар авдрын гадна талд шилэн хорго тавьж, дээр нь зурсан нь бас л тэр эрчим байх талтай. Уран бүтээлч хүн заримдаа мухардалд гацдаг үе бий. Энэ үзэсгэлэнг бэлдэх явцад энэ мухардлаа багштайгаа, уран бүтээлчидтэй, гадаад дотоодод байгаа урлаг судлаачидтай хуваалцаж, эрч хүчээр цэнэглэн үргэлжлүүлж байсан. Тэдний энерги бас энэ бүтээлүүдэд маань шингэсэн шүү. 

-Та тээр хойно зураач болсон сонин түүхтэй бүсгүй. Зурах боломж, сэтгэл зүйн өөрчлөлтөө хэрхэн мэдэрсэн бол...

-Өөр мэргэжил, тодорхой ажил албатай явснаа тэс өөр зүйлийг тэгээс эхэлнэ гэдэг амаргүй. Зураач болох гээд шийдсэн эхний хоёр жил өөрөөсөө өдөр бүр л асуудаг байлаа. Эхний хоёр жил зураг зарагдаж санхүүгийн хувьд боломжинд хүрэх ойлголт байхгүй шүү дээ. Будаг, бийр, зотонгийн үнээс эхлээд асуудал гарна. Хүмүүс ойлгохгүй, яагаад шинэ зүйл хийгээд байгаа, хуучнаараа байж болохгүй гэж асууна. Нягтлан бодогч мэргэжилтэй, бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан байж мэргэжлээрээ ажиллаач, талхны мөнгөнд чинь нэмэртэй биз дээ гэнэ. Би ч өөрөөсөө байнга асуудаг байлаа. Гэхдээ л би зургаа зураад суухаараа маш гоё байдаг байсан. Үүлэн дээр суугаад хөвөөд ч байгаа мэт мэдрэмжээсээ салахыг, тэндээсээ бууж ирэхийг хүсдэггүй байлаа. Өөрийгөө зүүдэлж л байна гэж санадаг байсан. Одоо л зүүдлээгүй бодит амьдралдаа байгаа гэдгээ мэдэрч эхлээд байна даа. 

-Багадаа зурдаг байсан уу, яаж хэрхэн зурж эхэлсэн түүхээ хэлэхгүй юу?

-Туркт бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалахаар сурч байхдаа гэр бүлээрээ явсан байсан. Тэр үед ам бүл нэмж хөл хүнд, гэртээ нэг завтай суудаг байсан үе л дээ. Туркт гэртээ байгаа эмэгтэйчүүд, ахмад настнуудыг нийгмийн амьдралд оруулахын тулд олон арга хэмжээ авдаг юм билээ. Түүний нэг нь зурж сургадаг сургалт. Эхэндээ огт үнэгүй байсан ч үнэгүй зүйлийн үнэ цэнийг хүмүүс мэддэггүй болохоор багахан өртөг тогтоосон гэдэг. Тэр зарыг хараад дотор маань байдаг зурахсан гэсэн хүсэл гижигдээд эхэлсэн. Нөхөртөө ийм зараар зурж сурдаг юм бил үү гэсэнд их тулгамдан хүлээж авсан. Ер нь дургүй ч байсан. Ар гэрийн санхүүгээ авч яваа болохоор амаргүй байсан биз. Тэгэхдээ надад “Өөрөө л мэдэхгүй юу” гэлээ. Хөл хүнд эхнэрээ уурлуулахгүй л гэж зөвшөөрсөн байх. Тэрнээс огт зурдаггүй, зурах тухай юу ч ярьдаггүй намайг тэгж хэлэхэд манай хүн их гайхаж харсан шүү. Сургалтад суугаад зурсан анхны хуулбар зургаа аваад харилаа. Нөхөр их гайхаж байна. Бүр их баярлаж, надад урам ч өглөө. Сүүлд Монголдоо ирэхэд хүүхэд жаахан, банкиндаа орох болоогүй байсан учраас би зурсаар, нөхөр ч “Манай эхнэр зурах гээд байна” гээд олон хүнтэй уулзаж, үзэсгэлэнгийн танхимаар явсан байдаг. 

-Бүсгүй хүнийг дэргэдэх нь дэмжиж, усалж ургуулж чадвал улам хөгжиж үзэсгэлэнтэй, ур чадвартай болж харин ойлгохгүй бол гандаж гунддаг. Танай нөхрийн тэр их урам, таныг дэмжсэн сэтгэл бүр мэдрэгдэж байна шүү. Та хоёр хаана танилцсан хүмүүс вэ?

-Бид “Голомт” банкинд ажилладаг байлаа. Манай салбарын захирал байсан шүү дээ. Би тэгтэл хүсч биш, ээж аавынхаа зөвлөснөөр “Мандах” дээд сургуулийг төгсөөд ажиллахаар очсон жаахан охин. Банкинд офист суудаг цэмцгэр хүн болох санаатай орсон байсан юм уу, харилцагчийн зөвлөх гээд гүйдэг ажилтай болсондоо жаахан дургүй. Дургүй хүнээс юу гарах билээ дээ. Манай нөхөр намайг ур чадваргүй, залхуу гээд их л загнадаг байлаа. Тэгж л танилцсан хоёр. 

-Ээж, аавынхаа нөлөөгөөр мэргэжлээ сонгосон хүмүүс их байдаг. Оносон нь бий ч, бас өөрийгөө олоогүйгээс амжилтаас хол байдаг хүмүүс цөөнгүй. Харин хожим гэлээ өөрийгөө олж нээх нь их чухал юм шиг ээ?

-Мэдээж, ээж аавууд үр хүүхдэдээ сайныг бодож зөвлөдөг. Тухайн үедээ хамгийн эрэлттэй, төгсөөд найдвартай ажлын байртай мэргэжлийг санал болгодог байж таарна. Миний хувьд дунд сургуулиасаа жаахан бие өвддөг. Жилийн цөөнгүй хугацаанд хичээлдээ явдаггүй байсан болохоор гэрийнхэн гэрт ч ойр юм, нягтлан бол “чулуу шиг” мэргэжил, ийм мэргэжилтэй хүнд хаана ч ажил олдоно гэж зөвлөснөөр би сургуульдаа орж байлаа. Дараа нь ээж, аавыгаа өөрсдийнхөө хүссэн мэргэжлээр явуулсан гэж буруутгадаг байв. Гэхдээ ямар ч үед ээж, аавын зөв байдаг гэдгийг бас мэдэх болсон. Би банкинд ажилд орж маш их зүйлийг сурч авсан, төлөвшсөн. Хань бүлээ ч олсон. Би одоо дахин банкиндаа эргэж ирсэн. “Голомт”-д байсан таван жил намайг хүмүүжүүлж, намайг их төлөвшүүлсэн гэдгийг маш их ойлгосон. Угаасаа л “Голомт”-ын хүн байж гэж бодсон. Банкиндаа би урлагийн зөвлөх гэсэн алба хашиж байна. 

-Гэхдээ өмнөхтэйгөө харьцуулахад өөрийгөө олж аваад иржээ. Өөрийгөө олох зам амаргүй л байсан байх?

-Дээр хэлж байсанчлан юу хийгээд байгаагаа ойлгохгүй, хүмүүс “мэргэжлийн ажлаа хийгээч” гээд байдаг. Би дотооддоо өөр зүйл бодоод байдаг, тийм үе зөндөө байсан. Гэхдээ гэрийнхэн маань дэмжсэн. Нэг талаас нөхөр маань миний өмнөөс хүмүүстэй уулзаад, надад багш олж өгөх гэж хичээгээд, нөгөө талаас хамаатнууд, найз нөхөд “Амьдрал чинь хэцүүдлээ, ажлаа бод” гэж үе, үе утасддаг байсан. Миний ээж хөгжимчин мэргэжилтэй л дээ. Хориод жил урлагаар явсан, урлагийн хүнд хэцүүг мэддэг болохоор охиноо л хамгаалж байсан. Гэхдээ ээж маань сүүлдээ зургаар явах байсан хүүхдийг буруудуулав уу гээд багшийг маань олж өгсөн шүү. СУИС-ийн багш нартай ярьж хайсаар надад багшийг минь олж өгсөн. Багштайгаа учирснаар олон зүйл тодорхой болсон доо.

-Багшийгаа танилцуулахгүй юу?

-Зураач Л.Бумандорж гээд сайхан багшийнхаа шавь нь болсон азтай. Олон жил Дүрслэх урлагийн дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан багш маань үнэхээр зурах, сурах эрмэлзэлтэй хэнд ч байгаагаа зааж түгээж чаддаг хүн. Анх би шавь орьё гээд үнэ төлбөр хэд вэ гэхэд “Үнэгүй” гээд чанга хэлж билээ. Тэгээд хоёрын хооронд хүмүүст цагаа үрэх дургүй гэснээр бид хоёрын хичээл эхэлж байсан юм. Багшийн маань гэргий миний онолын багш. Би хоёр багштай хүн. Ц.Нармандах багш маань “Бумаа багш чинь чамайг тэнгэрт гартал хөөргөнө, би харин чамайг газардуулж өгнө” гэдэг. Ц.Нармандах багшийн лекц надад их юм өгсөн. Урлагийн түүх, философи, зохиомж, өнгө, ритм гээд онолын чухал хичээлүүдээ Ц.Нармандах багшаас авсандаа их азтай. Энэ хоёр хүний арга билгийн ухаанаар суралцсаар явна.

-Өөрийгөө чагнаж, өөртэйгөө ажиллаж, өөрийгөө олж авна гэдэг их том хувь заяа мэт санагддаг. Нэг талаасаа дуудлагаа мэдэрч, энэ дэлхийд ямар даалгавартай ирснээ мэдэж байгаа ч хэрэг юм уу. Ямартай ч олон залуус, охид бүсгүйчүүд өөрийгөө юунд дуртай, юуг хамгийн сайн чаддагаа мэддэг байгаасай. Таны ярилцлагыг уншаад урам аваасай, өөртэйгөө ярилцсаасай гэж хүсч байна?

-Хүн дуртай зүйлээ хийхдээ ямар их эрч хүч, аз жаргалтайгаар хийдэг гэж санана. Өмнө нь би өөрийгөө олох гэж бэдэрч явахдаа нэг жил болоод л бүгдээс уйдчихдаг байлаа. Сүүлдээ би уйдамхай юм болов уу гэж гайхах шиг. Гэтэл аливаа ажилд амжилт гаргаж, карьер хийхийн тулд дор хаяж дөрөв таван жил хэрэгтэй байдаг. Сүүлдээ би карьер хийж чадахгүй хүн юм байна. Би ийм хүн юм болов уу, эсвэл амьдрал угаасаа ийм л байдаг юм болов уу гэж өөрөөсөө асуудаг байлаа. Гэхдээ зурж эхэлснээсээ хойш хүн дуртай зүйлдээ ямар их сэтгэл, тэвчээр гаргаж чаддагийг мэдсэн. Хүн аз жаргалтай хийж буй зүйлдээ амжилт гаргах нь цаг хугацааны л асуудал юм байна гэдгийг ойлгосон. Залуучууд маань эхлээд өөрийгөө олоорой, юу хийхийг хүсч байгаагаа, юу хийж чаддагаа ойлгоорой гэдгийг захиж хэлмээр байна. Эхний ээлжинд мөнгөтэй, амжилттай, баян чинээлэг болох ёстой гэж битгий төсөөлөөсэй, өөрөөсөө тэгж битгий шаардаасай гэж хүснэ. Энэ нь нэг төрлийн занга мэт санагддаг. Хийж буй зүйлдээ аз жаргалтай байвал юу ч хийдэг байсан саяын дурдсан амжилт өөрөө аяндаа ирдэг гэж хардаг. Тиймээс бас тэвчээртэй байх хэрэгтэй шүү гэж захимаар байна. Би ч гэсэн тэр амжилтаа тэвчээртэй хүлээсээр байна.

-Таны зурдаг цэгт дүрслэл гэх үү, цэгэн урлаг гэх үү тун өвөрмөц. Д.Дуулалын арга барил гэж шууд мэдрэгдэнэ. Австралийн уугуул иргэд аборигенчүүд бас ийм цэгээр зурдаг. Тэндээс санаа авсан уу, яаж энэ олон цэг нийлж ийм урлагтайгаар нэгэн цогц болдог байна аа?

-Надад аборигенчүүдийн цэгт урлал их таалагддаг байсан. Бүтээлүүдийг нь ажиглахад, зурж буй байдлыг нь харахад Австралийн уугуул иргэд онгон дагшин, хэнд ч юунд ч баригдахгүй билэг танхай, задгай сэтгэдэг санагддаг. Тиймээс ч бүтээлүүд нь туйлын өвөрмөц, сонирхолтой байдаг. Тэгээд л тэр мэдрэмжээрээ туршиж үзсээр байгаад, монгол маягийн энэ дүрслэл гарсан гэх үү дээ. Цэгүүдээ монгол зурагтай, мөн уран зурагтай хослуулах сонирхолтой санагддаг. Олон цэг нийлж, эмх замбараагүй мэт, гэхдээ уялдаа холбоотой дүрсийг үүсгэх нэг талаас бас тэвчээр шаардсан ажил л даа. 

-Яах аргагүй эмэгтэй хүн л энэ олон цэгийг уйгагүй тавьж тэвчээр гаргах юм шиг санагдаж байна. Таны имиж ч боллоо. Цэгийг ер нь юу гэж тодорхойлох вэ?

-Амьдралын өдөр бүр цэг, тэр олон цэгүүд нийлж хүний амьдралыг бүтээнэ. Тэнд илүү цэг гэж байхгүй бас дутуу цэг гэж үгүй. Бүгд хоорондоо холбогдож, тэр хүнийг бүтээнэ, тэр амьдралыг бүтээнэ. Хүний үйлдэл бүр цэг. Алдаа нь ч цэг, оноо нь ч цэг. Тиймээс хэрэггүй үйлдэл гэж үгүй юм гэж надад бууж байна. Миний зураг дээр цэгүүд ч тийм байдаг. Нэг зайнд цэг багтаагаад тавьчихгүй бол тэр зураг тасарчих гээд ч байгаа юм шиг санагддаг. 

Миний хувьд нэг их хатуу эсхизэнд баригдаж зурдаггүй. Тухайн үеийн мэдрэмжээрээ зураад явдаг. Зарим зураг анх төсөөлж байснаасаа тэс өөр дуусах нь ч бий. Гэхдээ би бас дандаа цэгүүдээрээ зураад байхгүй ч байж магад. Дахиад өөрийгөө эвдэж үзмээр санагддаг. 

-Нэг үеэ бодвол хүмүүс зураачид гээд нэг тийм этгээд хүмүүс байдаг гэдэг бодол ч өөрчлөгдөж, хүмүүс ч амралтын өдрүүдээр төлбөрөө төлөөд зураг зурдаг үйлчилгээнүүдэд ихээр хамрагдах болжээ?

-Манайд зургийн хичээлийг дагавар хичээл мэт үздэг бол дэлхий дахинд эсрэгээр маш их ач холбогдол өгч ордог хичээл. Тийм ч учраас манайд уран зураг, урлагийг тэр бүр ойлгодоггүй нийгэм бий болсон юм болов уу. Гэтэл дүрслэх урлаг бол амьдралын энэ аймшигтай хурдан хэмнэлээс салгаж, хүнийг өөртэйгөө уулзах, өөрийгөө чагнаж сонсох, өөрийнхөө дарагдсан мартагдсан мэдрэмжээ ил болгон буулгаж, өөрийгөө бүтээх гайхамшигтай боломжийг олгодог. Стрессээ тайлах, энэ хэмнэлээс түр хугацаанд ч болов салах маш том боломж учраас хүмүүс тийм үйлчилгээ их авч байгаа байх. Өмнө үзэсгэлэн үзэж байхад гэр бүлээрээ маш гоё хувцаслаад орж ирсэн хүмүүс зургаа ч үзэхгүй тэнд байгаагаа харуулсан селфи зураг аваад гарч байхыг гунигтайхан хардаг байлаа. Гэхдээ одоогийн хүүхэд залуус өөр болсон байна лээ. Хичээлийнхээ завсарлагаагаар гүйж ирээд зургийг маш няхуур тогтон, чин сэтгэлээсээ таашааж үзээд, өөрийн санал бодлоо нээлттэй хэлээд гараад явдаг болсон. Их сайхан санагддаг шүү.

-Таны үзэсгэлэн шинээр харах боломж өглөө. Талархаж байна. Бид байхгүйг байхгүй л гэж боддог бол байхгүйд ч бас байгаа байдаг юм байна гэдэг шинэ сэрэхүй байлаа...

-Баярлалаа. Бидний байхгүй гэж боддог, мэдрэхүйд маань ч мэдэгддэггүй бүхний цаана оршихуй байдаг юм байна гэдгийг би ч бас энэ үзэсгэлэнгээ гаргах хугацаандаа илүү мэдэрлээ. Хүмүүст илүү өөртэйгөө байж,өөрийгөө ойлгож, оршихуйг мэдрэхийг хүсье.