Шударга ёс-хөгжлийн гэрээндээ бүдрээд ойччихсон Ерөнхийлөгчөөр бүү буцаасай
Таныг тэр шинэ 6 жилдээ хэл үггүй, хийгүй, бусдын дургүй зэвүүг багахан хүргээд ээлжит хугацаагаа дуусгаасай хэмээн ерөөж бичиж байна. Гол нь тэрхүү 6 жилд ард иргэдийн амьдрал ахуй эрс дээшлээсэй!
-Монголын Улсынхаа төлөө хүчээ нэгтгэе! Шударга ёс–хөгжлийн гэрээ
-Баялагтаа эзэн Mонгол!
Сонгогчид ба иргэдийн сэтгэлийг гэгэлзүүлсэн, бөөн найдвар төрүүлсэн залуу нөхөр мааньМонгол Улсын 6 дахь Ерөнхийлөгчөөр 6 жил ажиллахаар Төрийн ордноо залран очлоо.
Амжилт, бүтээл, шударга ёс, итгэл үзүүлсэн ард иргэдэд нь сайн сайхныг хүсэн ерөөе!
Миний бие улс төрийг ултай суурьтай судалж түүндээ дүн шинжилгээ хийдэг, түүнийгээ нийтлэл, судалгааны бүтээл болгоод монголчууддаа хүргэдэг нэгэн. Нийтлэл маань шууд хүрчихдэг, номууд маань тэр бүр айл өрхөд очих албагүй, мэдэх ч албагүй.
Гэлээ гээд судалсаар, бичсээр байхаас хойш шинэ 6 дахь Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа миний судалгаа, нийтлэлийн нэг том чухал сэдэв байх болно.
Өмнөх тавын таван Ерөнхийлөгч нар маань Монгол Төрийн гадаад бодлого, гадаад харилцаан дээр алдаж эндсэн, айхтар мушгиж гуйвуулсан, буруу залсан нэг ч тохиолдол байхгүй гэдгийг би мөн ч олон удаа бичсэн, бичсээр ч байх болно. Бичсээр байх болно гэдэг нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн гадаад бодлогын үйл ажиллагааг би тасралтгүй ажиглаж, дүгнэж, олон түмэнд хүргэж байх болноо л гэсэн санаа юм шүү дээ.
Төрийн ордонд нэг шинэ Ерөнхийлөгч залардаг, тэгэх тоолонд нь очиж толгойг нь эргүүлэх, буруу тийш залах, буруу мэдээллээр хангах, тэр далимаар “юм” гуйх, аргалуулах гэж очдог сэхээтэн (хуучны дарга түшмэд) Монголд олон байдаг даа. Одоо ч яг тэгнэ. “Гавьяат”-аа “Ардын” болгуулахаар Цэргийн нэгдсэн дээд сургуульд Танд багшилж явсан нэг хурандаа үүдний чинь өрөөнд мөд очно. Ганцыг л жишээллээ. Энэ мэт.
“Монгол цэргийн холбоо” гэх ТББ шинэ Ерөнхийлөгчдөө тус нэмэр болох гэхээсээ гуйлга гуйх ахмад дайчдаар хахаж байна. Хөөрхий тэтгэвэр нь хүрэлцэхгүй, амьдрал нь дорой, үр хүүхэд олонтой, гарлага ихтэй, тэгээд БХЯ-наас тэтгэвэртээ гарсан ахмадууд (ардын армийн) Танд яах гэж итгэл өгсөн гэж бодож байна. Эх орны төлөө, тусгаар тогтнолын төлөө байдаг л байх, гол нь Танаас “юм” гуйх шүү дээ. Зуун жилийн түүхтэй Үндэсний батлан хамгаалахын их сургууль чинь Таныг сонсогч байх үед ЦНДС гэсэн нэртэй байсан, Таны ойр тойронд байсан, хамт алба хашсан, багшилсан, даргалсан, дээд доод курсынхэн гээд Танд итгэл өгч сонгуулийн сурталчилгаа тултал хийсэн нөхөд Танаас тусламж гуйхаар ярайтлаа жагсаад очно. Тэр мэдээж.
Нийгмийн нэгээхэн хэсэг дээр авч ярьж байна. “Юм” гуйх, “гуйлга” гуйх тухай яагаад бичээд унав гэхлээр Монголын нийгэм бараг тэр чигээрээ иймэрхүү зовлон гачлантай байна. Та бол зовлон гачлан хөөсөрсөн, ядуурал ажилгүйдэл нь арилж өгөхгүй хөшиж тогтсон, угтаа бол хэзээ ч тэсэрч дэлбэрэхэд бэлэн дарьтай торх лугаа Монголыг хүлээн авлаа. Таны өмнөх чинь зурагтаар ярьж байна лээ. Бүрэн эхээр нь буулгая:
- Миний урд талын Ерөнхийлөгчтэй харьцуулагдаад байж магадгүй. Байнга гадаадад яваад л, бөөнөөрөө яваад л. Тэр тал дээр би нэлээд татсан. Яагаад гэвэл дэлхий чинь хавтгай болчихсон, мэдээлэлтэй болчихсон. Монгол Улсын Ерөнхийлөгч юм уу, Ерөнхий сайд гадаадад айлчиллаа гэхэд тэр улсын эдийн засаг, тэр хүн хэн бэ гэдэг цаас танилцуулгаараа нөгөө улсын уулзах гэж байгаа хүн дээр очдог. Ядуурал нь төд, авилгалд идэгдчихсэн, ийм ийм, ийм баян орон мөртлөө ийм ядуу гэдэг танилцуулга урд нь ирчихэд нэг тийм үнэтэй зангиа зүүчихсэн, үнэртэй ус үнэртүүлсэн, нэг ийм ганган хүн очоод яриад байхад чинь санаа зовно биз дээ гэсэн бодол миний урд талын Ерөнхийлөгчийн үед миний санаанд буудаг байсан. Тийм учраас гадаад харилцаан дээр сурталчилгаа явагдаагүй, ямар ч байсан хоёр хөрш, Энэтхэг, Америк, Европ гэсэн чиглэлээр айлчилж харилцаагаа барьж байсан гэжээ.
Ийм ядуу дорой сул нийгмийг хараад энэ улсаа төлөөлөөд гадаад орнуудад нүүр бардам айлчлан явж чадахгүй ээ гээд ноён Х.Баттулгаж хэлчихжээ. Яг л үнэнээр хэлсэн байна.
Таныг ордонд албан тасалгаандаа тухлаад бараг маргааш нь улс орон даяар хатуу хөл хорио тогтоочихыг үгүйсгэхгүй. Ард түмэн чинь, нийгэм чинь ковид гэх энэ цар тахалд нэрвэгдэж, өгөөш нь болж, цөхөрч туйлдлаа. Сүүлдээ чих нүд ч дөжөрлөө. Хоногтоо л гуравхан сая хүнд халдвар өвчлөл нь хоёр мянгаас буухгүй, бас арван хэдэн хүний эрдэнэт амь. Эрдэнэт эрхэм хүнээ алдсан олон арван гэр бүл, олон зуун төрөл төрөгсөд нь Монголын улс төрийг, улс төрчдийг (Таныг ч бас) ёстой нэг харааж зүхэх шиг болж байна.
Хэрэв тангараг өргөсөн энэ өдрөө цэргийн сүржин парад хийж олны нүд хужирлаж, цэргийнхнийг баясгах гэсэн бол дагалдаад нийгэмд юу ч дэгдээ билээ, жирийн иргэд, харц ардуудад ямар ч сэдэл өгөө билээ, харин Та соргогоор тусгаж болиулсан нь зөв шийдэл байлаа.
Уя сойлго нь тохирчихсон, эвлэчихсэн энэ их морьдоо уралдуулж ид хаваа үзүүлж, манлай уяч цолоо гайхуулна гэсэн уячдын хүслийг яах вэ? Энэ талаар дараагийн үүрэг Тан дээр ирнэ. Аймаг, сум, улсын наадам хийж сагсалзаж гайхуулах гэсэн хэдэн мянган хэнээтний омгийг дарах нь Таны сэтгэлийн чин зоригийг сорих сорилт болно.
Зуны аагим халуунтай давхцаад эмнэлгүүд нурж унахын даваан дээр дэнжигнэх нь байна. Болдогсон бол Таны нөөцөнд хүлээн авсан гавьяат, ардын, хөдөлмөрийн гавьяа, алтан гадас, байлдааных ч болно, тэр бүх шагнал одонгоо эмч сувилагч асрагч нарт хуу тараагаад өгөгтүн! Тэгээд шагналын их хур, төрөөрөө үнэлүүлэх, үнсүүлэх гэдэгт цэг тавьчихвал Таны нэр сүрд хэрэгтэй бус уу?
Энүүхэндээ гэж хэлэхэд, Та ч өөрөө улс төрийн халуун тогоонд олон жил буцалсных сайн мэдэж байгаа нэг зүйл бол Таны өмнөх 5 Ерөнхийлөгч бүгд муу нэртэй, зарим нь бүр үзэн ядагдаад Саарал ордноос явсан байдаг юм билээ. Тэр мөрөөр бүү орчихоосой гэсэндээ бичиж байгаа хэрэг шүү дээ. Гарчгаа ч тэгж авсан ухаантай.
Таны өмнөхүүд эхнийх нь 7 жил, удаахи нь 8 жил, аз дутсан нэг нь 4 жил, аз нь шовойсон арынх нь 8 жил, Таны өмнөх 4 жил ажиллаад явсан. Таныг тэр шинэ 6 жилдээ хэл үггүй, хийгүй, бусдын дургүй зэвүүг багахан хүргээд ээлжит хугацаагаа дуусгаасай хэмээн ерөөж бичиж байна. Гол нь тэрхүү 6 жилд ард иргэдийн амьдрал ахуй эрс дээшлээсэй!
Ер нь логик талаасаа улс төрийн гал тогоонд ирсэн буцсан нөхөд бүгд л хийсэн бүтээсэн бөөн ажилтай, тэглээ ингэлээ гэсэн олон хуудас, ном тайлантай ажлаа өгдөг. Таны өмнөхүүд ч тэгж байсан. Тэдний гадаад бодлогыг дүгнэхэд албан үүргийн дагуу 1997, 2005 онд тайлангийн анхны төслийг нь бичиж боловсруулж байлаа. Тэдний хүсэлтээр 2017, 2021 онд гадаад бодлогын тайланд нь анализ хийж бичиж сурталдаж байлаа. Таныхыг ч бичих хувь тохиож болно.
Үе үеийн Засгийн газрууд, УИХ-уудын тайлангийн гадаад бодлогын хэсгийг албан үүргийн дагуу боловсруулж байснаа ч санаж байна. Гадаад бодлого, гадаад харилцаа бол “отлично”!
Юу гэж хэлэх гээд байнав гэхлээр томоор сэтгэе. Ижилгүй сайхан улс төрчид ирдэг, буцдаг, бараг бүгд мартагддаг, нэр муутай, зарим нь үзэн ядагддаг, ард олондоо. Ийм л гачлантай болчихоод байгаа юм. Одоо шоронд Ерөнхий сайд асан хоёр нөхөр ял эдлээд сууж байна. Хөөрхийлж байгаа хүн алга. Араас нь хэн ч очоо билээ, мэдэхгүй. Гарцаагүй нүүрлээд ирэх бодит байдал тэр л болчихоод байна.
Таны өмнөхүүд, өмнө нь төр, засаг, намд удирдах тушаал хашиж байснуудыг ард иргэд нэг нүдээрээ ч үзэхгүй үе ирж байгаа шүү. Учир нь ард иргэд мөнхөд ядуу доройгоороо үлдчихдэг, дарга нар амьдрал нь дээшилдэг, дараа нь сэтгэл хангалуун албаа өгдөг. Гол асуудал үүнд л байна. Дарга нар ба олигархиудыг нийгмээрээ биш гэхэд тодорхой хэсэг нь бүр үзэн ядаж байна.
Шударга ёсыг ихээхэн уриалан дуудах нь бас нэгэн төрлийн туйлшрал руу явуулчихаж тун мэднэ. Адаг сүүлд нь өөрийг чинь ороогоод авахыг хэн байг гэхэв.
Өөрсдийнх нь ядуу дорой амьдралын буруутнаар жирийн иргэд улс төрчдийг аль хэдийнэ тодруулчихсан. Тэдний баяжсаныг, өөрсдийнхөө ядуурч доройтсоныг харьцуулж тавиад үзэн ядалтаа бүр дэвэргэдэг. Тэр нь шударга ёсны төлөө тэмцлийнх нь учир шалтгаан болдог. Баяжагсдын хөрөнгө мөнгийг хурааж адилхан ядуу дорой болгоод, ядуус мөнгийг нь хувааж аваад амьдралаа өөд татах гэдэг нь монголчуудын хүсээд байдаг тэр шударга ёс шүү дээ. Ийм л ойлголттой түг түмэн хүн Танд саналаа өгсөн шүү.
Иймд Та санал өгсөн тэр шударга ёс шаардагчдын өмнө хэрэг дээрээ барьцааны хүн болчихоод байна. Зургаан жилийн турш тэд ядуурлынхаа зовлонг Танд гонгинотол тавина. Сонсоод суух сайхан уу, үгүй юү, Та өөрөө харна мэдэрнэ.
Сингапурын Ли Куан Ю-гийн туршлагыг би мөн ч их бичсэн дээ. Тэрээр шударга ёс гэж хуйлруулаагүй, зүгээр л өөрсдийнх нь хүчээр өөрсдийг нь зөв, шургуу ажиллуулаад, хөдөлмөрийн хүмүүжил албадаж зөв суулгаад өөрсдийг нь хуйгаар нь баяжуулчихсан. Иргэн баян болохтэй зэрэг улс нь аяндаа баян, хүчтэй болчихсон. Үүнийг л Та өөр дээрээ туршчих. ХХI зууны “монгол Ли Куан Ю” болчих өргөн боломж, хүч тэнхээ, зориг зүрх, нэгдмэл МАН чинь Танд байна. Xөдлөгтүн!
Төрийн тэргүүнд туйлшрал огтоос зохидоггүйн ганц нэг жишээг Таны өмнөх нөхөр үзүүлчихээд явчихсан байж магад. Гадаад харилцааны хүн учраас би түргэн тусгаж авсан байж болно. Юу гэвэл Таны өмнөхийн үед өмнөх 8 жилийг нь элээсэн нэг нөхрийг хэт үзэн ядуулах кампани улс төрд өрнөөд тэгж үзэн ядах хүрээнд Монгол Төрийн гадаад бодлогын зарим алхмыг (Төвийг сахих) хэргээр дуулиантайгаар цуцлаад юм юм л болж байв. АСЕМ-ыг элдэв туухайгаар нь дуудаад баахан хэрүүл дэгдээснээ чимээгүй болчихсон. Зөвтсөн үү, буруу хэвээрээ байгаа юу? Гадаад бодлогод ийм онгорхой цоорхой, ойлгомжгүй нүх гаргаж, туйлширч болохгүй гэдгийг улс төрд хатаагдсан Та эрхбиш мэдэж мэдэрч байгаа байх.
Эцэст нь ганц чухал, эмзэг зөвлөлгөө байна. Бас л туйлширч болохгүйн жишээ. Өш хонзон өвөрлөсөн, түүндээ хүрэх гэлээ, Ерөнхийлөгчийн институцыг хууль хүчний, захиргаадалтын явцуу аппарат болгох гэлээ гэж өмнөхийг чинь жирийн иргэд мэр сэр цоллож байгааг эрхбиш Та анхааралдаа авах биз ээ.
- Монгол Улс сүүлийн дөрвөн жил Ерөнхийлөгчтэй биш, харин хөмхийгөө зуусан баригдашгүй өшөө авагчтай л байлаа.
Миний нийтлэлийн дор ийм нэг комент (gogo.mn/r/q0g2m) явж байсныг үг үсэггүй эшлэчихье. Санууштай л юм.
Баахан нөхрийг “аав”-ын хаалга татуулчихдаг. Араас нь өргөдөл бич, өршөөж өгье гэсэн сураг ч дуулдсан. Цаадуул нь гүрийгээд “Хуц!” гэчихсэн. Энэ юу вэ?
Энэ мэт зөвлөбөл мөн ч олон хуудас зөвлөлгөө байна даа. Явцын дунд бичнээ!