УИХ 126 гишүүнтэй болсоноор эхний гурван өдөрт парламентаа “цээжилчихдэг” байснаа арай л амжаагүй явна. Харин хуучирч яваа “шинэ” парламент бүрдсэн цагаас хойш Далайн Батбаяр гэдэг нэр содон дуулдах болсон. Тэр тусмаа чуулган дээр хэлдэг үг нь жинтэй, “дотортой”, амьдралд ойрхон, аргумент, факт сайтайгаараа ялгараад байх юм билээ. Энэ удаад танилцах салхиа хагалж татварын асуудлаар түүнтэй санал солилцсоноо хүргэе. Сонирхолтой нь юу байсан гээч. Урдаа ганц ч цаас барихгүйгээр ямар ч тоо баримт асуухад шууд хариулж байсан нь яг л ChatGPT  шиг. За ингээд ярилцлагаа уншицгаая.

 -О.Батхүү хуульч Үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татварыг хүчингүй болгох асуудлыг УИХ-аас шаардсаар байна. Энэ талаар таны үзэл бодол ямар байгааг сонирхоё?

-Миний бодлоор, О.Батхүү хуульчийн дэвшүүлсэн санаачилга зөв. Харин санал асуулгаа буруу явуулчихжээ гэж бодож байна. Үл хөдлөх хөрөнгө борлуулсаны хоёр хувийн татварыг хүчингүй болгосноор хөөсрөөд буй орон сууцны үнэ болон худалдан авагч талын дарамт багасна гэсэн санааг дэвшүүлжээ гэж би ойлгосон. Харин санал асуулга явуулахдаа Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21.2.1 дэх заалтыг хүчингүй болгоно гэж оруулж ирсэн. Энэхүү заалтыг хүчингүй болгочихвол иргэдэд болон барилгын салбарт хортой үр дагавартай. Тиймээс дээрх зүйл заалтыг хүчингүй болгож болохгүй. Тухайлбал, дээрх хуулийн 21 дүгээр зүйл нь шатлал тус бүрээр татварын хэмжээ тогтоосон заалттай. Үүнд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21.1-д олсон орлогын хэмжээнээс хамаараад 10-аас дээш хувьд нь шатлалтайгаар татвар тогтоож хуульчилсан байдаг. Харин 21.2.1-д “үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын орлогоос хоёр хувийн татвар авна гэж заажээ. Тэгэхээр О.Батхүү хуульчийн оруулж ирсэн агуулгаар хоёр хувийн татварыг хүчингүй болгочихвол тэр хөнгөлөлт байхгүй болж, бүх үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын орлогоос 10-аас дээш хувийн татвар төлөх болж байна.

-Бүр эсрэг үр дүн өгчихөөр харагдаж байна. Бараг арван хувийн татвараас хамгаалж хоёр хувь гэдэг заалтыг оруулж батлуулсан юм биш үү?

-Тийм, энэ бол хамгаалалт байсан. “Нийт орлогын албан татвар доод тал нь 10 хувь байхад та бүхэн үл хөдлөх хөрөнгө борлуулахдаа хоёр хувиар төл” гэдэг энэ заалтыг 1993 онд УИХ баталсан байдаг. Тухайн үед үл хөдлөх хөрөнгөтэй хүн ч цөөн, анх удаа иргэд орон сууцнуудыг хувьчилж авч байлаа. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл дөнгөж эхэлж байсан. Тэр үед энэ нь төрөөс нэг удаагийн тусламж маягаар хийсэн бодлого байлаа. Гэхдээ цаг үеэ дагаад энэ бодлогоо өөрчлөх цаг болжээ.

 -Өөрчлөх цаг нь болсон гэх ямар эш баримт, статистик байна вэ. Та дурьдаж болох уу?

-Болно. Энэ оны төгсгөлд гүйцэтгэлийн дүн арай гараагүй байгаа болохоор хоёулаа өнгөрсөн оны жишээг авья, тэгэх үү. Зөвхөн Улаанбаатар хотод 2024 онд 32 мянган үл хөдлөх хөрөнгө худалдаалагджээ. Орон нутагт үүнээс гурав дахин бага зарагдсан байгаа юм. Ингээд нэг жилийн хугацаанд 40 мянга гаруй үл хөдлөх хөрөнгийн борлуулалт хийсэн байна. Тиймээс энэ бодлогыг улам боловсронгуй болгох шаардлага үүсчээ. Тэгэхээр таны асуусанчлан О.Батхүү хуульчийн тавьсан агуулгатай холбож онцлоход Хувь хүний орлогын татварын 21.2.1-ийг хүчингүй болгох нь одоогийнхоос илүү хортой учраас цогцоор нь шинэчлэх цаг болжээ гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, Хувь хүний орлогын татварын тухай хуулийн 21.2.1-т “үл хөдлөх хөрөнгө гэдгийг юу гэж ойлгох вэ” гэдэг талаар тодорхой заасан байдаг.  Үл хөдлөх хөрөнгө гэдэг тодорхойлтод л гэхэд бизнесийн болон орон сууцны зориулалттай гэхчлэн ялгах, мөн газар нутгийн байршлыг харгалзан үзэх зэрэг асуудал бий.

 -Энэ хуулийн төслийг хэлэлцүүлэхгүйгээр гацаагаад байгаа ямар нэг улс төрийн болон ашиг сонирхлын шалтгаан ажиглагдав уу?

-Үгүй дээ, хуулийн процесс л ингэж явагдаж байна. Засгийн газраас санал оруулсан.-Засгийн газар ямар санал оруулсан юм бэ? -Хэрэв үл хөдлөх хөрөнгийн борлуулалтаас авах татварыг тэглэчихлээ гэж бодоход улсын төсөв нийт 115 орчим тэрбум төгрөгийн орлогын дутагдал үүснэ. Нөгөөтэйгүүр, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг л зөвхөн борлуулалтын орлогын татвараас нь чөлөөлж онцолж болохгүй. Хөдлөх хөрөнгийн зах зээл татвартай байхад ингэж ялгаварлаж, тэнцвэргүй байдал үүсгэх боломжгүй. Алсдаа энэ нь эдийн засагт ашиггүй гэсэн байр суурийг илэрхийлж байна.

-Та сая ялгаварлалын тухай ярилаа. Үүнтэй санал нэг байна. Хамгийн том ялгаа юу гээч? Жишээ нь нүүрсний хулгайн мөнгө угааж бүхэл бүтэн хороолол, хотхон барьчихаад, түүнийгээ зарах бүртээ борлуулалтын орлогоо ямар ч татвар төлөхгүйгээр бүрэн бүтэн аваад явах, нөгөө талд нь ганц орон сууцтай, түүнийгээ зарж байршлаа солих гэхээр арайхийн зарсан орлогоос нь татвар авах хоёр өөр шүү дээ. Энэ ялгааг яах вэ? Танд энэ талаар тоо баримт байна уу?

-Яг үнэн. Улсын хэмжээнд ганцхан орон сууцтай иргэд 325 мянган орчим, хоёр орон сууцтай иргэн 56 мянган байна. Гурав болон түүнээс дээш орон сууцтай иргэн 12 мянга, бүр нарийвчилбал 90-ээс дээш орон сууцтай ААН, иргэд ч бас байна. Тэгэхээр бид энэ тоог мэдэж болж байгаа юм чинь татварын бодлогыг тодорхойлохдоо бодолцож тогтоох боломжтой гэж боддог.

-Тэгвэл 90-ээс дээш орон сууцтай хүн нэг орон сууцтай хүнтэй ижил татвар төлөх нь зөв үү?

-Татвар бол тодорхой, энгийн, шударга, зарчмыг баримталсан байх ёстой. Тэгэхээр та бод доо. Би 90-ээс дээш үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байгаа бол арван хувийн татвар төлнө. Нэг орон сууц эзэмшиж байгаа бол борлуулалтын орлогын татвар төлөхгүй гэвэл шударга бус байна. Тиймээс эзэмшиж буй тоогоор нь татвар тогтоож болохгүй. Учир нь тэр хүн ажиллаж хөдөлмөрлөөд баялаг бүтээж байна шүү дээ. Татвар тогтоохдоо хаана татварын хөнгөлөлт хэрэгтэй байна вэ гэдэг рүү анхаарах ёстой. Түрээсийн бизнес эрхэлдэг бол үл хөдлөхийн татвар төлнө. Түрээсийн орлого олсон бол орлогын албан татварын орлого яригдана. Тэгэхээр бид хэн хэдэн байр эзэмшиж байгаа тухай бус, байр зараад хэдэн төгрөгийн орлого олсон бэ гэдэг асуудлыг яриад байгаа юм шүү дээ. 1993 оны хуульд орон сууцны өмчлөлийн татвар гэж байхгүй. Бизнесийн объектийн татвар төлдөг. Өөрийн хөрөнгөө, өөрөө татварын байгууллагаар үнэлүүлээд жил бүр татвар төлдөг. Өөрөөр хэлбэл, энэ бодлого явсаар байгаад хэдэн байртай байх нь хамаагүй, татваргүй болгочихсон. Тиймээс энэ асуудлыг цаашид ярих ёстой. 

 -Орон нутаг дахь орон сууцтай иргэдийн хувьд ямар бодлого баримталбал болохоор байна?

-Орон нутгийн хувьд борлуулалтын болон эзэмшилтийн хувьд ч нийслэл дэх тоонуудаас гурав дахин бага үзүүлэлттэй байна. Тиймээс бодлогын хувьд нийслэлийнхтэй адилхан бодлоготой байж болохгүй. Улаанбаатар ба бусад нь гэсэн байдлаар тогтоох ёстой.

-Энэ асуудлыг УИХ хэлэлцэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлал өндөр. Барилгын салбарт бизнестэй, хамаарал бүхий ашиг сонирхлын зөрчилтэй гишүүн цөөнгүй бий. Ажлын хэсэг ямар бүрэлдэхүүнтэй вэ?

-Ажлын хэсэгт бол ашиг сонирхлын зөрчилтэй гишүүн байхгүй. Ажлын хэсэг долоон хүний бүрэлдэхүүнтэй. Барилгын бизнес гэхээр түрээсийн хувьд бол тусдаа үйлчилгээний салбар. Бид зөвхөн борлуулалтын тухай л хэлэлцэнэ. Эндээс заавал дурдах салбар нь зуучлалын бизнес. Дэлхийн хэмжээний компаниуд Монголд ороод ирчихсэн. Борлуулсан үнийн дүн нь өндөр байх тусам ашиг нь нэмэгддэг. Тиймээс би барилга барьж байгаа гэхээсээ илүүтэй зуучлалаас ашиг орлого олдог тэр хэсгийнхний эрх ашиг илүү хөндөгдөнө гэж харж байна.

 -Амины орон сууцны хувьд борлуулалтын орлогын хоёр хувийн татвар яаж тусахаар байна?

-Бид үл хөдлөхийн борлуулалтын татварыг тооцох аргачлалтай холбоотой өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлагатай. 1993 оны хуулиар өнөөдрийн асуудлыг зохицуулах нь зохисгүй болжээ. Юуны өмнө хот байгуулалт, цаашилбал орон нутаг дахь иргэдийн амьжиргааны асуудал, хэт төвлөрөлт, утааны асуудлыг зөвхөн энэхүү татварын зохицуулалтыг ашиглах боломжтой. 

-Яаж?

-Орон нутагт барилга барьж, борлуулж байгаа тохиолдолд борлуулалтын орлогод ногдох татварыг тэглэх шаардлагатай. Тэгж чадвал орон нутагт үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад өртөг багасна. Тэнд цалин багатай учраас иргэдийн худалдан авалтад, өрхийн амьжиргаанд ч эерэг нөлөө үзүүлнэ. Орон нутагт барилга барьж буй ААН-үүдэд ч энэ нь ашигтай. Нийслэлд 200 орчим мянган яндан байгаа, нийт иргэдийн 44 хувь нь гэр хороололд амьдарч байна гээд бид цээжилчихэж. Тэгвэл анх удаа орон сууц худалдан авч буй, гэр хорооллоос орон сууц руу нүүж янданг цөөлж байгаа иргэдэд борлуулалтын орлогыг тэглэх нь хамгийн чухал. Энэ бол янданг цөөлсний шагнал болох ёстой. Ингэж орон сууцжуулж байж утаагүй болно. Нөгөөтэйгүүр орон сууц худалдан авалтыг дэмжиж буй Засгийн газрын бодлого байх ёстой. Тиймээс анх удаа орон сууц худалдан авч буй иргэдийг борлуулалтын орлогын хоёр хувийн татвараас чөлөөлөх нь зөв.

 -Цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн танд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье.