Би урваж байна
Сэтгүүлч болсноосоо хойш ажил мэргэжлийнхээ улмаас хамгийн ихээр хараалгаж, дайралтад өртсөн явдал өнгөрсөн намар боллоо.
Хуульт ёсыг дээдэлдэг, хувийн өмчийг хамгаалдаг, хөрөнгөтнүүдийг хөдөлмөрийнх нь төлөө хүндэлдэг, гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлдэг, чөлөөт эдийн засгийг чухалчилдаг, тэгш эрхийг дээдэлдэг хүмүүнлэг, ардчилсан найзуудаасаа би урвачихсан сууж байна. Жилийн өмнө би өөр байсан. Тэгэхээр өөрөөсөө ч бас урвасан.
Учир нь би жилийн өмнө, мөн түүний өмнөх жилүүдэд “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авсан хувийн хэвшлийнхнийг хамгаалж байлаа. Хэдий тэдний хойд хөршийнхөнтэй хийсэн худалдаанд хуулийн процедур зөрчсөн зүйлс байсан ч би өмгөөлсөн. Хувьцааг нь төрд авах УИХ-ын тогтоол батлагдаж байхад ч би төрийн шийдвэрийг буруутгасан. Хэрэв худалдан авалттай холбоотой Засгийн газрын буюу Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хайчин гал дунд гаргасан шийдвэрүүд хууль бус юм бол үүний төлөө тэрхүү шийдвэрийг гаргагчтай хариуцлага тооцох ёстой. Түүнээс бус Засгийн газрын шийдвэр, үйл ажиллагааны хууль зөрчсөн алдааны улмаас хувийн хэвшлийн өмчийг хураах нь бурангуй явдал гэж би жигшиж байв. Үүнийгээ ч ил тод хэвлэлд бичиж, мэргэжлээ ашиглаж байлаа. Миний жилийн өмнөх яг тэр байр суурин дээр зогсоод түүнийгээ ил тод хамгаалж байгаа сэтгүүлч болон бусад салбарын найз нөхдөө би маш сайн ойлгож байна. Бүр дэмжиж байна. Яагаад гэхээр хувийн өмч, хууль ёсыг хамгаалах, хөрөнгөлөг, бүтээгч давхаргаа, хууль тогтоогч болон хэрэгжүүлэгч институци, шүүх тогтолцоогоо хамгаалах, итгэх, итгэсээр байх үзэл санаа, итгэл үнэмшил бол монголчуудын сүүлийн 30 жил зүтгэсэн ардчилсан нийгмийн маань хамгийн үнэт ололт билээ. Үүний төлөө байгаа та нарыгаа дэмжинэ.
Харин хамгийн үнэтэй, дэвшилтэй тэрхүү үзэл санаа, энэхүү үзэл санаагаа хамгаалах итгэл үнэмшлийн маань ард хэсэг бүлэг нөхөд харамлан хамгаалсан тэр бүхнийг маань нурааж ирсэн байна. Үүнийг юу гэж дүрсжүүлж тайлбарламаар юм бэ дээ... Ч.Сайханбилэгийн танхимын хууль зөрчсөн үйлдлийн төлөөсөнд хувийн хэвшлийнхний хөрөнгийг хураах ёсгүй, тэдний халаасаасаа гаргасан мөнгийг төр эргүүлж өгөх ёстой, тэдний талд гарсан шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой гэж би итгэж хамгаалж байхад Засгийн газар нь, шүүх нь, хувийн хэвшил нь гурвуулаа нэг тал байсан төдийгүй хоёр нь хуйвалдаж “хулгай” хийснийг нөгөөх нь хуулийн нэрийн өмнөөс хамгаалах явдлыг би тэгж хэлж байна л даа...
Сэтгүүлч болсноосоо хойш ажил мэргэжлийнхээ улмаас хамгийн ихээр хараалгаж, дайралтад өртсөн явдал өнгөрсөн намар боллоо. Канадын хөрөнгө оруулалттай “Сэнтерра Гоулд” компанийн лицензийг хүчингүй болгох нэхэмжлэлийг анх шүүхэд гаргаж, тэр зорилгодоо ч хүрээд байсан “Босоо хөх Монгол” тэргүүтэй иргэний нийгмийнхэн олон нийтийн эрх ашгийг төлөөлөн гомдол гаргах эрхтэй эсэх нь хууль зүйн талаасаа эргэлзээтэй байхад манай шүүх үүнийг үл нягтлан хэргийг хэлэлцэж, бүр тэдний талд шийдвэр гаргаад байв. Шүүхийн шийдвэрээр Канадын, бүр тодруулбал миний “шүтэгч” гадаадын хөрөнгө оруулалттай компани Монголд гомдолтой болов. Энэ үйл явдлын тухай хөндөн бичихдээ нэхэмжлэл гаргагч тухайн ТББ нь шүүхэд гомдол гаргах эрхтэй субъект мөн эсэх асуудлыг нягтлалгүйгээр анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд явсныг Дээд шүүх буруу гэж үзэн хэргийг анхан шат руу буцаах шийдвэр гаргасанд би омогшчихсон юм л даа. Дээд шүүхийг шударга гэж итгэдэг би “шүүх миний талд” ухааны юм бодоод тэрүүхэндээ хөөрч, намайг “таарсан газраа тасдаж алах” тангаргыг мянга, мянгаараа шэйрлэцгээх босоо монголчуудынхаа өширхлийг чимээгүй өнгөрөөлөө. Цагдаад гомдол гаргаад, шүүхээр явахад хождоггүй юм гэхэд аль нэг ардчилсан улс руу сэтгүүлчийнхээ нэр дээр цагаачлал хүсэхэд хангалттай хүндэтгэх шалтгаан болохуйц тийм кэйс л дээ. Тийм кэйс зохиож олоод гадаадад цагаачлах гэсэн чин эрмэлзэлтэй хүмүүс цөөнгүй л байдаг...
“Бороо гоулд” дээр Дээд шүүх өмнөх шатны шүүхийн шийдвэрийг буруу гээд буцааж, гэнэт шударга ёс тогтсоны учир төдхөн тайлагдсан юм. Канадууд ихээхэн хэмжээний үргүй хөрөнгө оруулалт, иргэний нийгмийн тэмцэл, шүүхийн шийдвэр, чирэгдлийн эцэстлицензээ зараад Монголоос гарахаа мэдэгдэв. Гадаадын мэдээллийн сайтад гарсан энэ мэдээг уншмагц дотор палхийж, уур ч юм уу, хор шар ч юм уу, гомдол ч юм уу, бүр цайрал ч юм уу нэг тийм юм төрөхийг мэдрэв. Төдхөн өнөө компани “Бороо гоулд” дээр гүйцэтгэх удирдлагын баг томилсныг, тэр баг нь миний мэдэх, бүр давгүй итгэлцэл бүхий харилцаатай хүмүүс болохыг ч сургаар сонсов...
Аливаа баялаг тодорхой хэсэг бүлгийн мэдэлд хуулийн аргаар, төрийн шийдвэрээр, шүүхийн нөлөөллөөр хуваарилагдан очиж байгаа нь хий хардалт биш байж магадгүй болоод явчихлаа. Тэгээд л би өөрийнхөө үзэл бодлоос “урваж” эхэлсэн. Цаг хугацааны хүчин зүйлсийн түлхээсээр бодол санаа, итгэл үнэмшил нэгээс нөгөөд шилжих, өөрчлөгдөх, ухаарах, танин мэдэх үйл явц дотоодод өрнөх “хувиргалт”-ыг /transformation?/ юу гэдэг юм мэдэхгүй байна. Ямартай ч нэгэн цагт М.Энхболдын дэргэд алга ташаад сууж байсан Л.Оюун-Эрдэнэ нэг л өдөр түүнийг тэвчихгүйд хүрсний цаана мөн тийм “хувиргалт” явсныг би хараад байх ч миний нөхөд урвалт гэж үзэж байгаа.
Сэтгүүлчийн өмнө хэний ч үүд нээгддэг. Олон ч хүний өрөөний үүдийг ч, үзэл бодлын үүдийг ч нээж татаж үзжээ. Зөвхөн мөнгөө төлсөн байхад, цөөхөн даргатай ярилцсан байхад, тэнд энд тавьсан сүлжээ нь хамгаалж байхад албан тушаал дээрээ үлдэж болдог, түүгээрээ төрийн өмчөөс, түмний татвараас хулгай хийх ёсзүйн эрхээ авчихсан гэж итгэсэн нөхөдтэй ч тулж үзжээ... Баялагтай, мөнгөтэй, эрх мэдэлтэй, олуулаагаа больё гэхэд хэдүүлээ болсон байхад давуу нөхцөл, илүү бололцоог өөрсдөдөө зориулаад хуульчилж болно, хуулиар хамгаалж болно гэсэн итгэлтнүүдийг ч харж байлаа. Гэвч тэд маань тэр янзаараа цааш удаан явахгүй нь тодорхой болов. Учир нь сүүлийн хоёр сард өрнөсөн үйл явдлууд нийгэмд маш хүчтэй “хувиргалт”-ыг бий болгож байгааг бүгд л мэдэрч буй. Төрийн тусгай сангаас зээл авахаас эхлээд төрийн мөнгөөр төрийг худалдан авах хүртэлх хууль бусыг гүйцэлдүүлдэг улстөрийн бохир систем, санхүүгийн схем тэр явцад ил болж байна. Энэхүү системийг эзэмшигчид, тэндээс хожигчид, ашиг хүртэгчид /тэр системд цалингаар ажилладаг гэмгүй хүмүүсийг хэлээгүй/ бүгд ил гарч, систем бүхэлдээ нурж байна. Магадгүй нурааж байна гэвэл онох байх.
Тээр жилийн Дорнодын Халх голын газрын маргааны талаар бичиж байхдаа ч би хөрөнгөтнүүдийн талд зогсож байсан. Ганц комбайн авах мөнгөгүй бид биш тэд л цаашид бүх салбарт хөрөнгө оруулагчид байх болно, битгий үзэн яд гэж бичсэн. Бидний энэ “либерал” үзэл санааны ард тэд маань даварч, үйлдвэр, газар, үнэ цэнтэй ордууд, объектүүдийг аваад дараа нь төрийг, шүүхийг, хуулийг, шударга ёсыг, хүний амьдралыг худалдан авч байжээ. Шударга үнэний мэдрэмж гэж зүйл хүнд байгалиас заяадаг заяагдмал шинж чанар. Зарим зүйл шүүхийн нотолгоотой, нотолгоогүй ойлгогдоод, ялгараад байдгийн учир нь тэр.
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монголын зэс корпораци”-ийг төлөөлжөнөөдрийг хүртэл хууль ёс, хувийн өмчийг хамгаалах үзэл санаандаа тууштай зогсож, өөрсдийн зөвийг батлан шүүхийн шийдвэр, тамгатай цаасаар бамбай хийж зүтгэсэн хорин хэдтэй хоёр захирлыг нь би ойлгож байна. Тэдний бидний тийм үзэл бодол, итгэл үнэмшил, эр зоригоор бамбай хийчихээд ард маань ер нь хэний юу нуугдаж байгаа вэ? Тэр хоёрын гартаа барьсан тамгатай хуудсууд, дардастай хуулиуд, төрийн нэрийн өмнөөс уншсан шүүхийн шийдвэрүүд үнэний талд байж чадсан уу?!
Орхон
Зочин
Me to гэхээс өөр юу гэх вэ
хаха
Зочин
Зочин
pacificharborelectricak@yahoo.com
Zochin
Tsedenbal
дд
Erka
Зочин
Зочин
ЦОЛМОН
Зочин
Зочин
Болоогүй байна
Зочин
Зочин
dorj
zochin
Зочин
Зочин
Хэрсүү
Зочин
Зочин
Зочин
Урва, урва
иргэн
Зочин