Б.ЧИМИДИЙН МЭНДЭЛСНИЙ 85 ЖИЛИЙН ОЙД


Description: Б Чимид зурган илэрцүүдМиний бие 1979 онд МУИС-ийн хуулийн ангийг төгсөөд Шүүх яам (одоогийн ХЗДХЯ)-ны төв аппаратад мэргэжилтнээр хуваарилагдан хөдөлмөрийн гараагаа эхэлсэн юм. Тэр үед их, дээд сургуулиа онц төгссөн нь сургуульдаа багш болдог, гайгүй дүнтэй төгссөн нь хотод үлддэг, дунд төгссөн нь хөдөө хуваарилагддаг байлаа. МУИС-ийн хуулийн ангийг төгсөгчид голдуу шүүгч, прокуророор томилогдон ажиллана. Одоогийнх шиг янз бүрийн сонгон шалгаруулалт энэ тэр гэж байсангүй.

Тэр жил Шүүх яаманд хуваарилагдсан В.Батхүү, С.Сүрэнжав бид гурав нэг их мундаг сурлагатан байгаагүй л дээ. Их сургууль төгсдөгийн өмнөх намар бидэнд оюутан болсон анхны өдрөөс эхлэн хичээл заасан Чимид багш маань Шүүх яамны сайдаар томилогдоод байсан учраас бид гурвыг орос хэл гайгүй мэддэг (тэр үед мэдээллийг голдуу орос хэлээр л дамжуулан авдаг байв), бас тэгээд итгэл даан ажиллаж чадна гэж үзээд яамандаа авсан байх. Академич Амарсанаа, Нарангэрэл, УИХ-ын гишүүн Лүндээжанцан, УИХ-ын гишүүн асан Төмөр, Цэцийн гишүүн Чинбат, гавьяат хуульч Дамирансүрэн, ахмад хуульч Өнөбаатар, Батхүү, Сүрэнжав, Бадамханд гээд түүний олон шавь нартай хамт сурч, ажиллаж байлаа. Мэдээж түмэнд танигдсан бас олон шавь нар бий, тэр бүгдийг энд тоочих аргагүй.

Төрийн ажлын ямар ч дөр байхгүй, албан бичиг ч бичиж үзээгүй биднийг яамны ахмад ажилтнууд богино хугацаанд сургаж, хүмүүжүүлж билээ. Тэр үед дөнгөж ажилд орсон залуучуудад их тусалж дэмждэг байлаа, бүр “халамжлан хүмүүжүүлэх хөдөлгөөн” хүртэл байсан юм.

Чимид багш маань Шүүх яамны сайдаар дөрвөн жил ажилласан бөгөөд энэ хугацаанд маш их ажил амжуулсан билээ. Үүнээс заримыг нь цухас дурдъя. Тухайн үед ЗХУ-д “эрх зүйт төр”-ийн тухай яриа их моод болж нийгмийн амьдралыг хуульд нийцүүлэх оролдлого хийгдэж байсан юм. Манайд энэ ажлыг эхлүүлсэн хүн нь Чимид сайд гэдгийг баттай хэлнэ. Мань хүн Шүүх яамны сайдаар томилогдсоноосоо хойш тун удалгүй буюу 1979 оны эхээр “Улс ардын аж ахуйд хууль зүйн алба байгуулах тухай” Намын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн тогтоол боловсруулан гаргуулснаар бүх яам, тусгай газарт хуулийн хэлтэс, тасаг, аймаг, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаадад хуулийн хэлтэс байгуулагдсан юм. Хожим нь буюу 2000 онд намайг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилогдоход аймгуудын тамгын газрууд, тэр ч байтугай Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хуулийн хэлтэс, нэгж байхгүй байсныг дахин сэргээх санал оруулахад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ихэд ойлгон дэмжсэнээр хуулийн хэлтэстэй болсон юм. Одоо бол яамд, аймгийн тамгын газрууд, ер нь аль ч байгууллагыг хуулийн хэлтэс, нэгжгүйгээр төсөөлөхийн аргагүй.

Чимид сайдын санаачилсан дараачийн нэг том ажил бол манай улсын хууль тогтоомжийг бүхэлд нь эмхлэн цэгцэлж боловсронгуй болгох ажил байлаа. 1921 оны Ардын хувьсгалаас хойш 12 гаруй мянган хууль, Засгийн газрын тогтоол батлагдаж гарсан гэсэн судалгаа байсан. Эдгээрээс хичнээн нь хүчинтэй даган мөрдөгдөж байгааг мэдэх аргагүй байлаа. Энх тайвны тухай гэх тунхаглалын чанартай хууль ч байлаа, бас зарим заалтыг нь дагаж мөрдөх аргагүй хууль ч байв. Жишээ нь, 1959 онд батлагдсан БНМАУ-ын Агаарын зайн тухай хуульд агаарын хөлөг хот суурин газар дээгүүр нисэн өнгөрөхдөө заавал хөдөлгүүрээ унтраана гэсэн заалт байж билээ. Улс орны нийгэм-эдийн засгийн амьдралын харилцааг хуулиар гэхээсээ илүү Засгийн газрын шийдвэрээр зохицуулдаг байлаа. Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор батлагдсан Социалист үйлдвэрийн газрын нийтлэг дүрэм, Хөдөө аж ахуйн нэгдлийн үлгэрчилсэн дүрэм нь одоогийнхоор бол компанийн тухай хууль байсан юм. Мөн хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажил ямар ч төлөвлөгөө, шинжлэх ухааны үндэслэлгүй, уялдаа муутай явагдаж байлаа. Энэ бүгдийг засч залруулахын тулд Чимид сайдын санаачилгаар МАХН-ын Төв Хороо, Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөл 1982 оны эхээр “Хууль тогтоомжийг боловсронгуй болгох зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргаж нүсэр их ажлыг эхлүүлсэн юм. Эдгээр гурван байгууллага хамтарч тогтоол гаргаснаас үзэхэд энэ асуудалд тэр үеийн нам, төр, засаг ямар их ач холбогдол өгч байсан нь харагддаг.

Ардын хувьсгалын жилүүдэд гарсан хууль тогтоомжийн бүх актад дүн шинжилгээ хийж давхардсан, зөрчилдсөн, ач холбогдлоо алдсаныг нь хүчингүй болгох, нэг төрөл асуудлаар гарсан актуудыг нэгтгэх, хууль тогтоомжийг бүхэлд нь системчилж эмхтгэл болгон хэвлүүлэх үүрэг бүхий Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газар, Шүүх яамны ажилтнуудаас бүрдсэн нэгдсэн групп байгуулагдаж түүнийг хариуцаж ажиллах хариуцлагатай үүрэг залуу боловсон хүчин надад оногдож билээ. Сургуулиа төгсөөд ердөө гуравхан жил ажилласан би мэдээж өөрийгөө голох нь ойлгомжтой. Үүнийгээ Чимид сайдад хэлж ойлгуулах гэж оролдсон ч огт хүлээж аваагүй юмдаг. 1940-өөд оноос өмнө гарсан актуудыг уйгаржин монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлэх, акт нэг бүрийг уншиж дүн шинжилгээ хийх, системчлэх гээд нүсэр их ажлыг өдөр шөнөгүй сууж нугалдаг байлаа. Ямар өнөөдрийнх шиг компьютер гэж байсан биш, бүгдийг гараараа бичээд машиндуулна. Энэ чухал ажил шинэ Үндсэн хууль батлагдтал хийгдэж байгаад зогссон түүхтэй. Одоо харин дахин сэргээж хиймээр байгаа юм. Компьютер, мэдээллийн технологи хөгжсөн өнөө үед харьцангуй хүндрэл багатай хийж болохоор санагдах юм. Гол нь аргачлалаа зөв тогтоох хэрэгтэй.

1990 онд Улсын Бага Хурал байгуулагдахад нарийн бичгийн даргаар нь сонгогдсон Чимид багш УБХ-ын аппарат болох Тамгын газрын даргын үүргийг хавсран гүйцэтгэх болж, Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт референтээр ажиллаж байсан миний бие УБХ-ын Тамгын газрын орлогч даргаар томилогдож билээ. Байнгын ажиллагаатай парламент гэдэг манайдаа цоо шинэ байгууллага байсан учраас Улсын Бага Хурлын гишүүд ч, Тамгын газрын ажилтнууд ч шинэ ажилдаа бага багаар сурч дадаж байлаа. Нэгэн тохиолдлыг жишээ болгомоор байна. Парламентын гол ажлын нэг бол улсын төсөв батлах. Гэтэл 1991 оны улсын төсвийг ахархан хугацаанд хэлэлцэж батлаад (өмнө нь Ардын Их Хурлын депутатууд жилдээ нэг удаа цуглаж ийнхүү баталдаг байв) харин Улсын Бага Хурлын төсвийг хэлэлцэхдээ Чимид дарга бид хоёрыг бараг түүнээсээ илүү удаан “ороож” билээ. Улс орны амьдрал орвонгоороо өөрчлөгдөн шинэчлэгдэж байсан тул хэлэлцэн шийдвэрлэх асуудал их. Ажлын зургаан өдөртэй байсан учир Улсын Бага Хурал таван өдөр нэгдсэн хуралдаан хийж, хагас сайнд байнгын хороод хуралддаг байв. Хуралдаан оройн 22-23 цагт голдуу тарна. Тамгын газрын ажилтнууд хуралдаанаас өмнө ирж хуралдаан дууссаны дараа явна. УБХ-ын нарийн бичгийн даргын хувьд завгүй их ажилтай ч Чимид багш маань Тамгын газрын даргын үүргийн хавсран гүйцэтгэж байсны хувьд ажилтнуудтайгаа байнга уулзан санаа бодлыг нь сонсож ажлын явц байдалтай нь танилцаж зөвлөлгөө, чиглэл өгдөг байлаа. Тэр үед компьютер гэж байгаагүй тул бүх зүйлийг бичгийн машинаар бичиж, ажилтнууд хуваарилан авч уншиж, нийлнэ. Тамгын газар анх 30 орчим хүнтэй ажлаа эхэлж байсан боловч богино хугацаанд залуучууд голдуу нэлээд хэдэн хүнийг судалж ажилд авсан нь хожмоо хариуцлагатай албанд томилогдон ажиллах болсныг бас тэмдэглэмээр байна.

1990 оны аравдугаар сарын 4-нд Улсын Бага Хурлын тогтоол гарч Ерөнхийлөгч П.Очирбат даргатай комисс байгуулагдан шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажил эхэлсэн юм. Манай улсын тэргүүний эрдэмтэн, мэргэжилтэн, төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцсон ажлын хэсгүүд байгуулагдан ажилласан. Үндсэн хуулийн төслийг бүх ард түмнээр хэлэлцүүлж санал авах, Улсын Бага Хурал хэд хэдэн удаа хэлэлцүүлж Ардын Их Хуралд өргөн мэдүүлэхэд уг комиссын нарийн бичгийн дарга Чимид онцгой үүрэгтэй оролцсоныг ажлын хэсэгт орж ажилласан хүмүүс болон Улсын Бага Хурлын гишүүд дурсан ярьдаг.

Ардын Их Хурлын чуулганы хуралдаан дээр депутатуудын хэлсэн саналуудыг судалж томъёолох зэрэг бүх ажлыг Чимид дарга удирдан зохицуулж чуулганы танхимыг арын албатай нь холбон уялдуулж байсныг онцлон хэлмээр байна. Үндсэн хууль боловсруулах ажилд Чимид дарга эхнээс нь оролцон аргачилсан удирдлагаар хангаж, чуулган дээр депутатуудын тавьсан асуулт бүрт зохих тайлбар өгч байсан учраас түүнийг Үндсэн хуулийн “эхийг баригч” гэж зүй ёсоор нэрлэх болсон юм. Миний бие тэр чуулганы “арын алба”-ыг хариуцан ажиллаж байсан болохоор энэ бүхнийг сайн мэдэх билээ. Одоо бодохнээ тэр үед улс орны амьдралтай холбоотой чухал үйл явдлын гэрч оролцогч болж байна гэдгийг ойлгохгүй зөвхөн хариуцсан ажлаа л амжуулахыг чармайн явж байж дээ.

Чимид багшаараа их сургуульд ном заалгаж, Шүүх яам, Улсын Бага Хурлын Тамгын газар, дараа нь Улсын Их Хуралд хамт байж их юм сурсан даа. Багшийнхаа итгэлийг алдахгүй гэж хичээх боловч тэр бүр санаанд нь хүрэхгүй бас зэмлүүлнэ. Гэхдээ нэг их загнаад байхгүй, харц үйлдлээрээ дургүйгээ илэрхийлнэ. Хэдий тийм ч надад бас их итгэдэг байсан юм. УБХ-ын нарийн бичгийн дарга байхдаа хууль, тогтоолын төсөлд гарын үсэг зурахын өмнө заавал надаар уншуулдаг байсан (удирдлага дор нь олон жил ажиллаж олон ч төсөл хамтдаа боловсруулж байсан учраас тэр биз) тухайгаа нэгэн дурсамжиндаа бичсэнийг нь уншихад сайхан л санагдаж байв. Хожим нь намайг төрийн том цолонд тодорхойлж өөрийн гараар тодорхойлолт бичсэн байсныг үзээд муу шавиа бас тодорхой хэмжээгээр үнэлж байсан юм байна гэж боддог. 

Багш маань хүн ер голохгүй, хөгшин залуу, хот хөдөөгийн, дарга цэрэг, баян ядуу гэхгүй бүгдтэй жигд л харьцана. Жишээ нь хөдөөний эгэл жирийн малчин айлд ороод алиа хошин юм их ярина. Анх уулзсан хүн эхэндээ түүнийг ойлгохгүй, сүүлдээ ойлгоод дотноссон яриа үүсдэгсэн. Эхэн үедээ албан ажлын шугамаар, сүүлдээ амин хувийн журмаар багштайгаа хааяа хөдөө явдаг байв. Бас чиг зүгээргүй заримдаа чоно, тарвага эргүүлнэ. Мань хүн их сайн дурандана, ер нь ан хийхэд энэ их чухал юм билээ. Тарвага буудахдаа толгой нь хаашаа харж байгааг хүртэл ажигладагсан. Тэгээд онохыгоо л буудна. 

Багшийн хань Цийрэгзэн, хүү Сайнцогт (харамсалтай нь хэдэн жилийн өмнө бурхны оронд одсон), Батцогт, охин Сайнсанаа, Сайнзаяа, хүргэн Энхтайван, Болд нар “Чимид сан” байгуулж түүний ажил, бүтээлийг олны хүртээл болгох гээд хичээн явдагт шавийн хувьд талархан дэмжиж явдгаа илэрхийлмээр байна. Шавь нь, олон жил хамт ажиллаж байсан болоод ч тэр үү, улс орны өнөөгийн амьдралд болж байгаа зарим үйл явдлыг харахаар багш маань юу гэх байсан бол гэж өөрийн эрхгүй бодогддог юм. Багшийнхаа тухай товч дурсамжаа ингэсгээд өндөрлөе дөө.

Л.Хангай
“Өнөөдөр” сонин
2019.12.04