Өнгөрсөн хавар Хэнтий аймгийн хойд хэсгээр байгалын гэнэтийн үзэгдэл болж малдаа явсан 53 малчин шуурганд уруудаж нас барсан.
Энэ нь нэг өдөрт амиа алдсан малчны тоо оргилдоо хүрсэн учраас дараа нь улс орон даяар эмгэнэл зарласан юм. Мал хариулах гэдэг ажлын байран дээрээ нас барах тохиолдол өмнө нь ч цаашид ч өөрчлөгдөхгүй байх. Энэ хавар Өвөрхангай аймгийн нутгаар угалз болж найман хүний амийг авч одов. Бусад үед тэнгэр тавгүйтсэний дараа заавал нэг муу мэдээ хөдөөнөөс дуулддаг. Өнгөрсөн жил малынхаа араас яваад буцаж ирээгүй бурхан болсон 71 хүн байдаг бөгөөд үүнээс арав нь хүүхэд байлаа. Өнөө жилийнхтэйгээ нийлээд зуу орчим айлын голомтийг самарлаа.
Суурин газарт шуурга болоход ер мэдэгддэггүй.Өглөө ажилдаа ирээд орой тарахад өдрийн турш салхилсан бололтой юм шиг байдаг. Ашгүй цас бороо орж хотын утаа ганц өдөр ч болов хийсэх нь гэж баярладаг. Хөдөөд тэнгэр эвгүйтээд эхэлбэл гэр рүүгээ гүйж дулаан зуух пийшин бараадахын оронд хээр яваа ямаа руугаа гарч гүйдэг. Нүдгүй шуурсан нүцгэн тал дээр хурмаст тэнгэр малчин хүү хоёр хэдэн адсага булаалцалдаж оршихуй эс оршихуйгаа шийддэг. Амжиргааны хэдэн мал уруудаад одвол цаашид амьдрахад бэрх болно. Гэхдээ бэрх амьдралаас төвөгшөөж үхнэ гэж баймааргүй  Тэгсэн атлаа хүмүүс амь насаа алдсаар л байна. Зөвхөн малынхаа араас яваад осолдсон тоо уурхайд даруулсан “нинжа” нараас гурав дахин олон болоод байхыг бодоход энэ салбарт хөдөлмөрлөнө гэдэг аз сорьсон ажил мэт.
Нүүдлийн мал аж ахуй эрхлэгч гэсэн “орон тоо” хэзээд бэлэн байх агаад “Болохгүй бол хэдэн мал аваад гарчихана даа” гэх хандлага хаа сайгүй яригддаг. Одоогийн манай залуучууд төдийгүй “шүдлэн өвгөчүүл “ мал мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг завсрын үеийнхэн. Хөдөө өсч төрсөн үү гэхээр тэндээ л байсан. Тэгээд хааяа хонь малын хошуу эргүүлж  явсан болохоос ихэнх хугацаагаа сургуулийн дотуур байр, сумын төвийн аар саархан ажилд өнгөрүүлсэн. Мод тулж морины нуруун дээр мордохоо больж, мотоцикль барьж, гэр төв хоёрын хооронд холхисон улс шүүдээ. Энэ байдлыг өнгөцхөн хараад бид, тэд бүгд малчин ард түмэн гээд ойлгочихсон. Бөхийн удамтай хүн гэдэг шиг малчны угшил нь шуурганд хонь хариулах баталгаа биш. Албаны хэллэгээр бол өнөөгийн ихэнх малчид мэрэгжлийн бус хүмүүс юм. Жолооны курст суралцалгүйгээр “яав” унахаас өгсүүлээд бүхий л амьдралд хэнэггүй, зөнгөөрөө хандаж болохгүй.
Эртний мал ба малчин хоёр одоогийнхоос өөр байсан болохоор олон уламжлал тохирдоггүй. Дээр нь нэмээд цаг агаарын байдал шал өөр болчихсон. Зөвхөн муу тал нь давамгайлж өөрчлөгдсөн цаг уур биднийг өөр улс оронд амьдарч буй мэт санагдуулж байна. Ойлгомжгүй юмс үзэгдлээр дүүрсэн нийгэм ба байгаль орчин дунд хэдэн ямаа туугаад хаачих гээд байгааг нь мөн л ойлгохгүй байна.
Мал маллах ухааны онолчид гэж өвгөдийг хөөргөдөг. Тэд нь зөнөглөөд дандаа буруу юм хэлж мэдэмхийрдэг. Орчин нүүдлийн мал аж ахуй эрхлэх тухай жолооны дүрэмэрхүү юм зохиож өгмөөр байгаа юм. Түүнээс гадна хүмүүсийг нийгмээс зугтдаг, дураараа нүүж уулын мухарлуу явчихдагийг болиулмаар байна. Тэрбумаар тоологддог хүн амтай орон биш. Тэнэг мангар ч бай манай орны нэг хүн нэгдэхгүй хайран амь юм шүүдээ. Нэг жилд шуурганаар нас барсан монгол хүнийг Хятадын хүн амтай дүйцүүлж хувилбал тэдний 500000 тариачин өөд болсонтой адил тоо билээ. Тийм ч учраас нэг хэнэггүй малчин тэнд сураггүй болчихлоо гэхэд энд Онцгой байдлынхан түгшүүр зарлаж, аврагч, эмч, хэвлэл, жолооч, унаа хөсөг, шаардлагатай гэж үзвэл нисдэг тэрэг, сум орон нутгийн удирдлага сандралдан уйлаан майлаан болдог. Зардал мөнгө бол талийж өгнө. Тус тусын ажил төрлөө хийж байсан олон хүний ажлыг алдагдуулж, төвөг чирэгдэл болсоор очиход өмнөөс юу ч болоогүй юм шиг арзайгаад сууж байдаг увайгүй малчин ч олон бий.
Бидний өнөөгийн хүнсний найрлаганд малын махнаас гадна гахай, тахиа, загас, ногоо, гурил, кимчи хүртэл ордог. Цаашилбал мал аж ахуйн салбарын хэрэгцээ  газар тариалантайгаа нийлээд дотоодын нийт бүтээгдхүүний гуч хүрэхгүй хувийг эзэлж байгаа. Тэгсэн атлаа мал аж ахуй дагнасан өөр ажил эрхэлдэггүй бүхэл бүтэн аймаг сумдууд ярайх нь хачирхалтай. Төв, Сэлэнгээс бусад аймгийн ихэнх сумдын бүтэц нь  мал аж ахуйд, тэрэн дундаа зөвхөн малын бэлчээрт зориулагдсан байдаг. Конторт суугаа сумын дарга малын эмч мэрэгжилтэй, иргэд нь ямаа хариулах ажилтай, далан жил хөгжсөн орон нутаг өөртөө цэмбэний үйлдвэр ч байгуулаагүй. Малынхаа махаар консерв хийж зах зээлд гаргаж үзээгүй. Зүгээр л хобби маягаар мал хариулж тоглож байгаа юм шиг сумаараа ийн амьдарцгаадаг. Одоогийн малчид өөрсдөө ч зөвхөн тараг уугаад мах чанаж идээд яваад байдаггүй. Хоолных нь найрлаганд архи, пиво, тамхи, гурил, будаа гээд зайлшгүй хэрэгцээтэй бүтээгдхүүн маш олон. Орчин үеийн хүнд хэрэг болох хүнс бараан дотроос  хонины мах бэлдэх ажлын зөвхөн эхлэл хэсгийг цөмөөр цөмөөрөө хийцгээх нь хаашаа ч юм бэ дээ.
Уржнан Австрали улсад явж байхад манайтай л адил хонь малтай орон юм билээ. Тосгонд хоньчингууд бөөгнөрөөд суучихсан хөзөр тоглоод, пиво шимсэн шиг өдрийг өнгөрөөж харагдсан.  Та нар чинь хонь малдаа явдаггүй юм уу орой болчихлоо гэхэд “Тийшээ очиж яах юм. Сардаа л нэг очно” гэцгээж байсан. Зарим малчин өрх тавин мянган хоньтой гэж байгаа. Тэгээд тэр олон малаа асар том хашаанд хийгээд дотор нь борооны уснаас бүтсэн цөөрөм хийж хужир давсыг нь тавьж өгчээ. Сарын дараа морьтой давхиж очоод нөгөө хашааруу нь хөөж оруулаад бэлчээрийг нь сэлбэж өгдөг болтой юм шиг билээ. Арьс нэхий өлөнгөө “Эрээн”-д аваачиж зардаггүй. Тэндхийн сумын төв дээр мах ноосны ченжээс гадна өчнөөн олон жижиг дунд үйлдвэрүүд алаглан эцсийн бүтээгдхүүн гаргаж экспорт импорт хийх жишээтэй.
 Орчин үед мал хариулна гэж яахыг эрдэмтэд хэлж өгмөөр байна. Ажиглаад байхад энэ дөчин хэдэн сая мал үржил шимгүй ургамал дээр шаваастай байдаг. Тэр чинээгээрээ хүч тамир муутай. Мах сүү нь тэжээллэг чанаргүй. Ихэнх мал өлөн ховдог амьдардаг. Жаахан салхи гарахад далимдуулаад өвсгүй бэлчээрээсээ зугтаадаг. Шуурга сөрөн хивээд зогсож байдаг халуу оргисон урьд цагийн сарлагын бух шиг мал бараг үгүй юм шиг санагддаг. Мөн түүнийг маллагчид дандаа сэтгэл хоёрдмол амьдардаг. Гэртэй телевиз үзэх чөлөөндөө мотоциклээр ухас хийж сүргээ эргүүлэх юмуу эсвэл дурангаар алсаас ажиглаж ерөнхий багцаалдаад өөр ажил хийгээд явчиж байгаа харагдах юм.Өвөрмонголын баян малчны зарц хятад бол бээвийчихээд осгож үхнэ гэж байхгүй шүү. Өдөржингөө хонио ээрээд явган алхаж байгаад үдэш орж ирдэг.
Хаа сайгүй л мал дагасан амьдралтай хүмүүс харагддаг. Эдэн дотроос манай малчдын арга барил хамгийн хоцрогдсон муу хувилбар болоод байна. Ашиг орлого байхгүй, амь насанд аюултай,хэтэрхий үзэл сурталжиж, бараг шашинжсан, хэрэгтэй хэрэггүй ёс жаягаар хүлэгдсэн ийм ажил амьдрал гэж юу байх вэ дээ. Дээр нь нэрмээд төр засгаас хөөрхий малчдыг улам дөгөөж онгироох, урлаг соёлынхон магтан дуулах гэх мэтээр цаагуураа хорлосон хорлогчин арга хэмжээнүүд байнга явагддаг.  Сургууль төгсөж ирсэн сум орон нутгийн удирдлага хүртэл бүр хүнээ байгаад “Манай сум тэдэн малтай…” гэж яриагаа эхэлж хүмүүсийн амьдралын хэсэг рүү орохоороо мөн л малтай холбоотой өнцөгөөс өөрийг илэрхийлж чаддаггүй “ярьдаг малнууд” мөн ч олондоо. “Зүгээр суухаар тэмээ хариул”, “Мал дагавал ам тосдоно” гэх зэрэг хэллэгүүд хүртэл шинжлэх ухаан, амьдрал ахуйд зөрчигдөж оронд нь “Алийн болгон хүүхдээ хөдөө хөхрүүлж гадаа гандаах вэ?” гэдэг болсон.
Ойрын өдрүүдэд цасан болон шороон шуургатай гэж байна. Шуурга болвол тэнгэр онгойтол гэртэй дулаан сууж бай. Аминаас үнэтэй мал байдаггүй. Үхвэл үхнэ л биз ямар хамаатай .