Түүнээс ойлголцол, нэгдэл нягтрал л харагддаг
Өнөөдөр Монголын улс төрд хэлсэн ярьсандаа байдаг, гуйвж дайвдаггүй, ялалт ялагдлын аль ч үед намынхаа байранд, гишүүдийнхээ дунд таваргаж явсан, явж ч байгаа тийм л улс төрч үнэ цэнэтэй байна.
Өнөөдөр Монголын улс төрд хэлсэн ярьсандаа байдаг, гуйвж дайвдаггүй, ялалт ялагдлын аль ч үед намынхаа байранд, гишүүдийнхээ дунд таваргаж явсан, явж ч байгаа тийм л улс төрч үнэ цэнэтэй байна. АН-ын өнгөрсөн үеийн намтар 2000 оноос хойш нэн шинэ түүхийн эхлэлтэй байсныг өнөөдөр хүмүүс ер ярихгүй юм. Ардчиллын чиг баримжаатай том жижиг намууд 2000 оны их ялагдлын дараа нэгдэж дараагийн сонгуульд хэрхэн орохоо ярьж эхэлсэн. Олон айлын хонь хурга нийлсэн мэт түжигнэлдээн дунд алс хол Америк явчихаагүй хэдэн хүн тэднийгээ удирдан чиглүүлсээр сонгуульд орж 2004 онд басчиг хэдэн суудалтай болсон. Ийм хариуцлагатай, нэн шинэ түүхийн эхлэл дээрээ тус намын зүгээс зөв хүнийг намынхаа генсекээр, үргэлжлүүлэн Их хурал дахь намын бүлгийнхээ даргаар тавьж чадсан нь 2008, 2012 оны сонгуулийн үр дүнд эерэгээр нөлөөлсөн билээ.
Д.Эрдэнэбат АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга боллоо. Түүнийг ирэхээс өмнө хэдэн талаас нийлсэн намуудын төлөөлөл намын даргагүй болох шахтлаа фракцалж байлаа. Тэр үеийг зарим хүмүүс мартсан байж магадгүй. Бүх шатандаа хэрүүлтэй, хэн нь мэдэгдэхгүй том жижиг олон атамантай. Ийм л намын гал тогоог Д.Эрдэнэбат гэж ширүүн хар төрхтэй, шулуухан яриатай нөхөр авсан. Түүний хувь хүний зан чанар, улстөрчийн зарчим нь энэ намд тэр цаг үед мөн ч их хэрэг болсон доо. Тэр өөрийгөө харуулсан, “Өнөөдөр нэг юм яриад маргааш өөр болдоггүйг, өнөөдөр чамайг дэмжинэ гээд маргааш өөр хүнийг дэмждэггүйг, өнөөдөр таныг магтаад, маргааш муулдаггүйг” намынх нь мянга мянган гишүүд түүнээс мэдсэн. Үнэндээ улс төр бол увайгүй. Яалт ч үгүй шахаанд орох үе улстөрч хүнд гарцаагүй таардаг. Тийм тохиолдолд ихэнх нь нүдэн балай чихэн дүлий өөрийгөө боддог. Д.Эрдэнэбат бол харин “Ийм юм боллоо шүү, би аргагүй байдалд орлоо” гэж нөхөртөө хэлдэг. Нөхөр нь алдаа гаргасан бол “Чи өөрөөсөө боллоо. Тийм болохоор асуудалд би ингэж хандаж байна” гэж шулуухан хэлдэг. Энэ бол итгэж болох улстөрчдийн зан чанар, хамгийн сайн үзүүлэлт юм. Барууны хөгжсөн улс орнуудад хувь улстөрчийн кредит үнэлгээ гэж тогтсон, маш чухал зүйл байдаг. Тэр үнэлгээн дотор нь намын дүрмээ зөрчсөн, намынхаа эсрэг ажилласан, элдэв хууль бус зүйлд нэр холбогдсон... гээд олон юм багтдаг. Ийм үзүүлэлттэй улстөрчийн кредит хасагдаад явдаг. Гишүүд дэмжигсэд нь энэ үнэлгээгээр л тухайн улстөрчийг дэмжих эсэхээ шийддэг. Энэ кредитээр бол түүнээс хасах үнэлгээ гарахгүй л дээ.
Д.Эрдэнэбатыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байх үед өнөөх л олон намын нэгдлээс үүсэлтэй фракцын нөхдүүд дүүрэг, хороод дээрээ зөрчилдөж намынхаа төв байран дотор, эсвэл үүдэн дээр нь ирээд хэвтчихдэг, жагсаал хийдэг, өлсгөлөн зарладаг байлаа. “Энэ арай хэтэрч байна аа, эднийгээ хөөж явуулаач” гэхэд Д.Эрдэнэбат “Энэ тэдний байр. Тэд намынхаа байранд ингэх эрхтэй. Би хөөх эрхгүй” гэсэн сонин юм яриад дүүргийнх нь намын хороод руу “Асуудлыг ойлголцлоор шийд” гэсэн бичиг явуулж, нөгөөх жагсагчид, өлсөгчидтэйгөө ярилцаад зогсож байдагсан. Үр дүнг нь харахад нөхөр номхон хүлээцтэй байсандаа биш юм байна лээ, нам доторх зөрчилдөөнийг дэвэргэж болохгүй гэсэн л зарчимтай байсных юм билээ. Ийм ухаалаг байсных тус нам хоёр сонгууль дараалан амжилттай оролцсон доо.
Д.Эрдэнэбат УИХ-ын гишүүнээр сонгогдлоо, Их хурал дахь намын бүлгийн дарга боллоо. Ерөөсөө прагматик улстөрч гэдэг нь харагддаг. МАН-ын гишүүд чуулганы хаалга таглан буйдантай суулт хийсэн. Энэ суултын талаар нөхөр ямар байр суурийг нийгэмд илэрхийлсэн гэхээр “УИХ-ын гишүүд эсрэгүүцлээ ингэж илэрхийлэхгүй юм бол өөр хэн чадах юм. Ард түмэн бүр ч чадахгүй биз дээ. Эдний зөв” гэж. Ингэж хэлдэг эсрэг намын бүлгийн дарга Монголын улс төрд байсан ч юм уу, үгүй ч юм уу, хэн мэдэхэв. Ер нь л улс төрд балансыг айхавтар барина даа. Ийм улстөрчөөс нэгдэл нягтрал, ойлголцол, шийдэл л харагдахаас бус сөргөлдөөн, дэвэргэлт, өш хонзон, үл ойлголцол юу гэж харагдахав дээ.