“Хэнийг гаргахыг хэсгийн хорооныхон мэднэ”
Хэсгийн хорооныхон ингэж даналздаг гэнэ лээ. Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвшихийг дээгүүр хүлээж байх зуур хэнийг чухам ялагч болгохыг шийдвэрлэдэг
Тэгэхээр хэний төлөө ажиллах сүлжээ хөдөө, орон нутаг, хэсэг хороодод хөлөө бэхжүүлснийг харах боломжтой болжээ, уг нь. Гэвч Монголд хэлбэр дээрээ бүх зүйл хууль номын дагуу өрнөдөг тул тойрог, хэсгийн хороодын бүрэлдэхүүнд багтсан хэдэн нөхдийн нэр ус, намын харьяалал зэргийг үзвэл хүчний харьцаа тун тэнцвэртэй, шударга бүтэцтэй харагдаж таарна. Харин үүний цаана жинхэнэ хууль бус үйлдэлд гаршсан сүлжээ байгуулагддагийг удаа дараагийн сонгууль харуулж өгсөн юм.
Тойрог, хэсгийн хороодыг хэрхэн байгуулж, бүрдүүлж буйд хэн ч хяналт тавьж чаддаггүй аж. Сонгуулийн ерөнхий хороо бүх зүйлийг хяналтад авах эрхтэй боловч, тэр бол зүгээр л “цаасан малгай” гэдэг нь сүүлчийн сонгуулиар харагдсандаг. Эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэх асуудалдаа ч хөндлөнгийн зааваргүйгээр гар хүрч шийдвэрлэж чаддаггүй СЕХ өнгөрсөн УИХ-ийн сонгуулиар ажилласан. Түүний энэхүү “хараат”, бас сайн дураар эрхзүйн чадамжаа алдсан байдлынх нь үр дагавар өнөөдөр ч эцэслэгдээгүй. УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрогт л гэхэд нэг нэр дэвшигч сох дутсан хэвээр. Уг нь СЕХ хуульд заасан хугацаанд нь 25 дугаар тойргийн маргааныг хэлэлцэж шийдвэрлэх бүрэн боломжтой байсан ч хүсээгүй нь өнөөдөр харагдаж буй. Уг маргаан явсаар улс төр болж хувирсан.
Тэгэхээр хөл доогуурх тойрог, хэсгийн хороодын бүрэлдэхүүнийг хянаж, батлах эрхтэй СЕХ ч итгэл даах байгууллага биш аж. Эрх биш дарга, удирдлага нь солигдсон учраас энэ удаад арай өөрөөр хандах байх гэсэн найдвар төрүүлж байгаа.
Мөн хуульд зааснаар энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажиллах нутаг дэвсгэрийн хорооны бүрэлдэхүүний тоог тогтооход намын төлөөлөл, тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн саналыг харгалзах ёстой аж. Өнөөдөр аймаг, дүүргийн ИТХ гэдэг ч итгэж болох байгууллага биш болохоо бас л харуулсан. Тус байгууллагын саналыг авах нь зүйтэй л байх. Гэхдээ манайд ИТХ гэдэг аль нэг намын захиалгат байгууллага, захиалгатай талынхаа заавраар улс төрд үйлчилдэг болсон нь үнэний ортой. Үүнийг бүр ч ил тод илчилдэг бүтэц нь баг, хорооны Иргэдийн нийтийн хурал гэдгийг саяхан болоод өнгөрсөн баг, хорооны Засаг даргын сонгууль харуулчихлаа. Иргэдийн нийтийн хурлыг тухайн баг, хороон дахь намын үүрийн гишүүдийн ирцээр зохион байгуулж, намынхаа хүнийг Засаг даргаараа томилж буй жүжиг үүний өмнөх долоо хоногийн амралтын өдрүүдээр өрнөөд дууссан. Үүний арай томхон хэлбэр нь аймаг, дүүргийн ИТХ гэсэн үг.
Юутай ч тухайн нутаг дэвсгэрт намын харьяалал, ИТХ-ын саналыг харгалзаад тойрог, хэсгийн хороодыг байгуулчихлаа. Нэрэн дээрээ хуулийн дагуу ч, нидэр дээрээ юу л болсон бол?
Бас хуулийн дагуу нутаг, дэвсгэрийн хорооны бүрэлдэхүүнд аль нэг нэр дэвшүүлсэн намын төлөөлөл даваймгайлахыг хоригложээ. Аль нам энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэх, аль нь нэр дэвшүүлэхгүйгээ албан ёсоор шийдвэрлээгүй байхад хуулийн дээрх заалтыг хэрхэн биелүүлсэн нь сонирхолтой л юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн өрсөлдөх эрхтэй дөрвөн нам байгаа гэж үзээд тэр дөрвөн намын төлөөллийг тэнцүүлсэн юм болов уу. Хэрэв өнөөдөр яригдаж байгаачлан АН, ИЗН, Ногоон нам хамтарч оролцох шийдвэр гаргачихвал хэсгийн хорооны бүрэлдэхүүнд нэр дэвшүүлсэн аль нэг нам давамгайлах ёсгүй гэсэн хуулийн заалт хэрэгжиж байна гэж үзэх үү.
Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороодын гишүүд аливаа маргаантай асуудал дээр саналаа худалддаг нь сүүлчийн УИХ-ын сонгуулийн үеэр харагдсан. Тойргийн хорооны гишүүд “тийм, үгүй” гэдэг хоёр “товчийн” алийг дарахаа өөрт нь аль л илүү үнэ хаясан талд худалддаг гэсэн үг. Гишүүд гэснээс сонгуулийн хороодын дарга, удирдлагууд нь бүр ч эрх мэдэлтэй. “Захиалгат” шийдвэрээ гаргахын тулд тогтоолоо хуурамчаар үйлддэг, тамга тэмдгээ аваад зугтдаг явдал бүр хэрээс хэтэрсэн. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах нутаг, дэвсгэрийн хороод жилийн өмнөх шиг явдлуудыг давтахгүй гэх баталгаа өнөөдөр хэнд ч алга байна.
Дээгүүр нэр дэвшигчдийн талаар сунгаа өрнүүлээд л байдаг, харин доогуур хэнийг ялагч болгох эрх мэдлийг зохицуулалтад оруулаад хуваарилчихаж байгаа юм биш биз. Монголчуудын “хаанаасаа хаалгач нь” гэдэг үг өөрсдийнхөө араншинг л тодорхойлсон дүгнэлт шүү дээ.