Онолын хувьд дөрвөн өрсөлдөгчтэй байж болох энэ удаагийн сонгууль хоёр өрсөлдөгчтэй байх магадлал өндөр байна.
Хуульд зааснаар намууд гуравдугаар сарын 25-наас хойш 10 хоногийн дотор нэр дэвшигч тодруулж, 13 хоног дотор Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлснээр өрсөлдөөн жинхэнэ тойрог замд гарна. Тэгэхээр ирэх арав хоног бол нам дотор болон намууд дотор гол яриа хэлэлцээ болж өнгөрөх халуухан өдрүүд юм. Намууд дотор гэж тодотгосны учир нь парламентад тус бүр нэг суудал бүхий ИЗН, Ногоон нам АН-тай хамтарч сонгуульд оролцох асуудлаар яриа хэлэлцээ хийхээр зэхэж буй аж.

Энэ нь тийм ч хялбар асуудал бас биш. Яагаад гэхээр АН-тай хамтрах асуудлаар эхлээд ИЗН, Ногоон нам өөр хоорондоо үг хэл тохирох, байр суурь, эрх ашиг нэгдэх асуудал яригдана. Үүний дараагаар буюу нэгдүгээр шатанд ИЗН, Ногоон намын хооронд асуудал шийдэгдэж байж, хоёрдугаар шатанд АН-тай яриа хэлцэл үүсгэх юм. Тэгж байж МАХН гэсэн өрсөлдөгчийн нөгөө талд гурван намын хүч хавсарсан нэг өрсөлдөгч бий болно.

Юутай ч өнөөдрийн үр дүнгээр бол ИЗН ч, Ногоон нам ч АН-тай сонгуульд хамтарч оролцох асуудлыг ярилцаж буй юм байна. Эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа ч энэ чиг рүү яриа эргэсэн мэдээлэл байна.

Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг АН дөрөвдүгээр сарын 3-нд, ИЗН мөн энэ өдөр эрх бүхий байгууллагынхаа хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээ мэдэгдээд байгаа. Тэгэхээр МАХН-ын нөгөө талд ардчиллын төлөөх намууд хамтрах эсэх асуудал цаад тал нь дөрөвдүгээр сарын гурван гэхэд шийдвэрлэгдсэн байх юм.

АН, ИЗН, Ногоон нам хамтрах яриа тийм ч амар орчинд өрнөхгүй л болов уу гэсэн төсөөлөл ажиглагчдад байна. Энэ нь олон талын амбицийг хөдөлгөх асуудал гэж хэлэхэд буруудахааргүй. АН-ын нэр дэвшигч хэн байх тохиолдолд ИЗН, Ногоон нам тэдэнтэй хамтрах вэ? Эс бөгөөс АН хэнийгээ нэр дэвшүүлэхээс үл хамаараад хамтрагч, дэмжигч болж алгаа ташицгаах уу гэдэг асуудал бас үүснэ.

Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран оролцох намуудын “хамтын ажиллагаа” ямар хэлбэртэй байх, сонгуульд намуудыг төлөөлөх төв байгууллага гэж тусдаа байх эсэх гээд олон асуудал амбици болоод хуулийн хүрээнд өрнөх нь. Хамтарна гэдэг хариуцлагаа хуваахын нэр болохоор хөрөнгө, зардлыг ч хуваалцах ёстой биз. Бас АН-тай хамтрагч намууд АН-ын нэр дэвшигчийг дэмжих үү, эсвэл намуудыг төлөөлөх төв байгууллагаас нэр дэвшигч тодруулах уу гэсэн асуудалтай бас тулгарч мэдэхээр байгаа. Гэхдээ ажиглагчид аль ч тохиолдолд АН-ын нэр дэвшигчийг л дэмжицгээнэ гэдэгт итгэл баттай байна. Нэг үгээр бол хамтарсан намуудыг сонгуульд төлөөлөх төв байгууллагаас нэр дэвшигч тодруулах тохиолдолд ч тэр нь АН-ын “амаар” шийдэгдэх асуудал гэсэн үг.

МАХН-ын эсрэг тал дахь хүчний төв болох АН-ын хувьд ИЗН-д нэлээн итгэл тавьж байна. Өөрөөр хэлбэл, ИЗН-тай хамтарвал ганцаар цойлсноос илүү дэмжлэгийг сонгогчдоос авна гэдэгтээ, бас ИЗН өөрсөдтэй нь хамтарна гэдэгт итгэлтэй байгаа хэрэг. Чингэх үндэслэлүүд ч бий. Илүү чухал эрх ашгийн төлөө өөрсдийн эрх ашгаа хоёрдугаарт тавьж чадах иргэний зориг, ёс зүйг ИЗН эрхэмлэдэг. Бас ардчиллын төлөө байдаг. Албан ёсны байр суурь биш ч удирдлагуудынх нь хэвлэлд өгсөн мэдээллүүдээс харахад ИЗН энэ удаагийн сонгуульд АН-ыг, тэр дундаа Э.Бат-Үүлийг дэмжихэд бэлэн гэдэг ойлголтыг олон нийтэд төрүүлээд байгаа. АН-аас Э.Бат-Үүл нэр дэвших эсэх нь баттай шийдвэрээр баталгаажаагүй байгаа ч ИЗН-д эхний хоёр үндэслэлээр итгэхэд бас л хоосон хэрэг болохгүй.

Харин одоо ИЗН, Ногоон намын хоорондын яриа ямархуу үр дүнгээр төгсөхөөс их зүйл шалтгаална. Ногоон намын дарга Н.Энхбат байр сууриа илэрхийлэхдээ тус намын нэр дэвшигч АН-ын саналаас биш МАХН-ын саналаас л хуваана гэж үзэж буйгаа хэлжээ. Бас түүнийг АН-аас нэр дэвшигчийн саналыг “захиалгаар” хуваахын тулд намаасаа нэр дэвших гэж буй гэсэн яриа тархаад байгаа. Товчоор хэлэхэд АН-тай хамтрах эсэхээ тодорхойлоогүй байгаа тал нь Ногоон нам болчихоод байна. Тэгэхээр ИЗН Ногоон нам хэрхэн тохиролцох, ИЗН Ногоон намыг ятгаж дөнгөх эсэхээс энэ удаагийн сонгууль МАХН ба АН гэсэн хоёр өрсөлдөгчтэй байх үгүй нь шийдэгдэх төлөвтэй.

АН-ын зүгээс Ногоон намд хэр итгэлтэй байгаа бол? Эх сурвалжийн мэдээллүүдээс харахад тус хоёр намын удирдлагуудын хооронд албан ёсны яриа хэлэлцээ үүсээгүй байгаа бололтой. Харин энэ талаар ИЗН илүүтэй “санаачилга”-тай ажиллаж, Ногоон намынхантай санал бодол солилцож байгаа аж.