Хүмүүс хэдийгээр нэг газраас түүхийн тодорхой нэг үед үүссэн, нэг гаралтай боловч хэдэн арван мянган жилийн турш дэлхий ертөнцөөр нэг тархан суурьшжээ. Байгаль цаг уурын янз бүрийн нөхцөлд тэндээ тохирсон аж ахуй эрхлэсээр гадаад төрх, биеийн пропорц, арьсны болон нүүр царайны төрх өөр өөр болсон байна. Энгийн жишээ хэлэхэд Африкаас нүүн тархсан хар арьст хүмүүсийн нэг хэсэг нь умар зүгт байршжээ. Энд нарны туяа бага тусдаг учир хүмүүс Д витамины дутагдалд орж. Ингэснээр яс хэврэгшинэ. Нарны туяа илүү хүлээж авахын тулд түүхийн явцад хүний арьсны өнгө цайвар болж эхэлжээ. Өөр нэг жишээ: Европоид хүмүүсийн 25 орчим нь хөх болон цэнхэр нүдтэй байдаг. Хамгийн анхны гэршүүлсэн амьтан болох ямааны сүү ууж сурсан ба эндээс аяндаа нүд цэнхэр болж эхэлжээ гэдгийг хэдэн жилийн өмнө Английн генетикчид тогтоосон.

Хүний популяц янз бүрийн төрхтэй нь нүдэнд ил харагдах учир тэднийг нэн эртнээс хооронд нь ангилан нэрлэх болов. Библид тэмдэглэснээр хүмүүсийг шар арьстан, цагаан арьстан, хар арьстан гэж ялгасан байдаг. Эртний египтчүүд хар, шар, цагаанаас гадна өөрсдийгөө “улаан” хэмээн дөрөв ангилдаг байжээ. Эртний аль ч ард түмэн хүний үүлдрийг юун түрүүн арьсны пигментийн өнгөөр нь ялгаж ангилан хэлэлцдэг байлаа.

Хүний үүлдрийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр анхлан ангилсан хүн бол алдарт ангилал зүйч Карл Линнэй юм. Тэрээр хүний үүлдрийг дөрөв ангилаад физиологи төдийгүй сэтгэл зүйн тодорхойлолт өгчээ. Тухайлбал, европ хүн гэдгийг шар үстэй, сингвиник темпераменттай, шөрмөслөг, хөдөлгөөнтэй, ухаалаг, шинэлэг санаатай, хууль мөрдөмхий гэсэн бол ази хүнийг шар царайтай, меланхолик темпераменттай, харгис, харамч, эд баялагт дуртай, хэлхгэр хувцастай, бусдыгаа дагамтгай гэж тодорхойлсон байна. Мэдээж энэ тодорхойлолт өнөөгийн өндөрлөгөөс огт хүлээн авах бололцоогүй ч анхны ангилал зүй юм.

Линнэйгээс хойш хүний үүлдрийн ангилал зүйг эрдэмтэд олон янзаар үйлдсэний дотор алдарт биологич Кювье, Бюффон, Блюмэнбах, аугаа философч Кант нар ч багтана. Харин Германы философч Христоф Майнэр хүний үүлдрийн ангилалд европоид, монголоид, нигероид хэмээн латинжсан нэр анх өгсөн. Тэрээр төрх, төс гэсэн утга бүхий “–оид” гэсэн латин үгийг дагавар болгон хэрэглэжээ. Ер нь биологи, анагаах, эм зүй, хими, хууль, геологи, минерлоги гэх мэт шинжлэх ухааны салбаруудын нэршилд латин нэр томъёо өргөн хэрэглэдэг. Майнэр ангилал хийж байх 1740-өөд оны үед европчууд азийнхны тухай хомс ойлголттой байв. Ази хүмүүсээс тэдний хамгийн сайн таньдаг нь Евроазийг тэр чигээр нь эзэлж Монголын их эзэнт гүрнийг байгуулсан монголчууд байлаа. Иймээс л тэрээр “монголоид” хэмээх нэр сонгосноо тайлбарлажээ. Үүнийг японоид, тунгусоид, тибэтоид, вьетнамоид гэж нэрлэж ч болох л байсан байх, ердөө л нэр томъёо болохоор цаад тодорхойлолтод огт нөлөөлөхгүй.

Дунд сургуулийн 8-р ангид үздэг “Хүний биеийн анатом” хэмээх сурах бичигт “–оид” гэсэн латин үгийг “-жуу” гэж орчуулаад монголжуу, европжуу, нигержүү арьстан гэж нэрлэсэн нь тун оновчтой болжээ. Монголоид гэдэг нь монгол үндэстнийг хэлээд байгаа юм биш, Төв болон Зүүн Ази, Зүүн Өмнөт Ази, Хойт туйл, Америк, Номхон далай, Мадгаскар арал, Өмнөт Азийн зарим хэсэгт оршин суух уугуул үндэстнийг хамруулсан хүний үүлдрийн нэршил юм. Монголоид буюу монголжуу хүмүүсийн гадаад төрх, нүдний байрлал, биеийн пропорц зэрэг нэлээд үзүүлэлт нь хоорондоо төстэй ажгуу.

Хүний үүлдрийн хамгийн анхны буурьтай ангилал хийсэн Блюмэнбах “монголоид” гэсэн энэ нэршлийг шууд авч хэрэглэснээс хойш шинжлэх ухааны тогтсон нэр томъёо болон үлджээ. Блюмэнбахаас хойш хүний үүлдрийн ангилалыг маш олон эрдэмтэд дэлгэрүүлэн олон үүлдэр, дэд үүлдэрт хуваан ангилж судалж дэлгэрүүлсэн боловч мөнөөх аль Библийн үед нэрлэж байсан цагаан арьстан буюу европоид, шар арьстан буюу монголоид, хар арьстан буюу нигероид гэсэн үндсэн гурван ангилал суурь болон үлдсэн. Зарим эрдэмтэд хүний үүлдрийг бараг нэг зуу хүргэн ангилсан ба үүнийхээ гаргалгааг популяц, генетик, социологи, соёл, цаг уур, этнологи, физиологи, лингвистик зэрэгт түшиглэсэн байдаг. Шинжлэх ухааны бишээр ардын маягаар хуваасан өөр ангилал ч бий. Тухайлбал монголоидыг ихэнх нь шар арьстан гэдэг байхад жишээ нь монголчууд хоорондоо европ хүнийг шар арьстан гэж нэрлэдэг. Европоид гэсэн нэршлийг англи хэлээр кавказоид эсвэл кавказиан (caucasian) гэдэг. Энэ нь Блюмэнбахын эндүүрэл, учир нь хүн анх Кавказын нуруунд үүссэн гэсэн үзэл тэр үед ноёлож байжээ. Өнөөгийн монгол хүний (бас оросуудын) хувьд кавказ хүн гэхээр гүрж, армян хүн санаанд орно. Зурагтаар гарах америк кинонд “сaucasian” гэсэн нэр гарахаар манайхан “кавказ хүн” гэж орчуулах нь их. Уг нь бидний нэрлэдгээр европ хүн, эсвэл цагаан арьстан гээд буй хэрэг юм л даа.

Сонирхуулахад Японы Хакойда аралд цөөн үлдсэн айну үндэстнийг монголоидод ч, европоидод ч оруулж болдоггүй. Учир нь тэд монголжуу төрхийн царайтай авч биеийн пропорц нь хөл урт, цээж богино, өөрөөр хэлбэл европоид жинжтэй гэнэ. Мөн Африкийн эвэрт суурьшсан этоип, сомали үндэстэн хар арьстай мөртөө царайны болон биеийн пропорцийн хувьд европжуу хүмүүстэй яг адил.

Хүний гарал үүсэл, нүүдэл, хувьслын талаар өдгөө шинжлэх ухаан эцсийн үгээ хэлж чадаагүй л явна. Гээд юутай ч хүн буюу хомо сапенс нэг гарал үүсэлтэй нь нэгэнт батлагдаж олон жил амь бөхтэй явсан арьсны үзэл буюу расизмд үхлийн цохилт өгч чадсан. Ялангуяа нэн эртний өгөршсөн яснаас митохондрын ДНХ гаргаж авч чаддаг болсноос хойш хүний гарал үүсэл, нүүдлийн тухай асар их баримт тодорхой болж байна.

1862 онд Английн эмч Жон Даун нэгэн хамшинж өвчнийг анагаах ухааны үүднээс тодорхойлоод, үүнээ “монголизм өвчин” гэж нэрлэжээ. Ийм өвчтэй хүн намхан нуруутай, онигор нүдтэй, өргөн шанаатай байдгаас ингэж нэрлэсэн гэх. 1959 онд Францын генетикч Жэром Лэжэн үүнийг “өвчин” гэхээсээ “хамшинж” юм байна гэдгийг илрүүлжээ. Учир нь энэ тусдаг өвчин биш, харин 21 дүгээр хромосом гурвалсанаас үүсэлтэй, өөрөөр хэлбэл төрлөхийн гажиг ажээ. Ердийн хүн 23 хос, нийт 46 хромосомтой байдаг атал өндгөн эсийн мейоз хуваагдлын үеэр алдаа гарснаас энэ хамшинж үүдэлтэй аж.

1961 онд 18 томоохон генетикчид анагаах ухааны “The Lаncet” хэмээх томоохон сэтгүүлд ил захидал бичиж, “монголизм” хэмээх нэр нь расист утга агуулсан, шинжлэх ухааны хувьд алдаатай, тохирохгүй нэршил учир үүнийг анх тодорхойлсон Жон Дауны нэрээр “Дауны хамшинж” гэж албан ёсоор нэрлэж байх санал тавьжээ. Монголын төлөөлөгчдийн саналаар 1965 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “монголизм” нэрийг албан ёсоор халж, “Дауны хамшинж” гэж нэрлэж байх шийдвэр гаргасан юм. Мөн алив биологи, генетик, анагаах ухааны сурах бичиг, сэтгүүл, өгүүлэлд “монголизм” гэсэн нэршил үл хэрэглэх санамж гаргажээ. Үүнээс хойш нэр төрөө боддог алив шинжлэх ухааны хэвлэлүүд Дауны хам шинж гэсэн нэр хэрэглэхийн зэрэгцээ үүнийг “монголизм” гэж нэрлэхгүй байхыг анхааруулдаг болсон юм. 1972 онд хамгийн түрүүн АНУ-ын “Монголизм судлах зөвлөл” албан ёсоор нэрээ өөрчилж “Дауны хамшинж судлах үндэсний хороо” болгосон ба энэ жишээг дэлхийн төстэй бүх байгууллага, зөвлөл дагасан билээ.

Дауны хамшинж гэсэн нэрийг бүхий л мэргэжлийн байгууллагад хэрэглэдэг болоод 50 гаруй жил болсон ч гэсэн зарим хүмүүсийн ам ярианд хэрэглэсээр буйг яах ч аргагүй юм. Европт тэмбүү өвчнийг ам ярианд “франц өвчин” гэх нь элбэг. Уг нь шинжлэх ухааны нэршил нь “сифилис” шүү дээ.

Энэ өгүүлэл цэвэр танин мэдэхүйн зорилготой нь бидний дунд ч элдэв төөрөгдөл, буруу ойлголт байдгийг залруулах санаа агуулсан болно.

2016.8.9