Ц.Уянга: Хүнд хэцүү замаар явж хүрсэн амжилт л бат бөх, дархлаатай, бас үнэ цэнэтэй байдаг
Өнөөдрийн миний зочин хийж бүтээж яваа ажил, өөрийгөө илэрхийлдэг хэв маяг, эрс шулуухан зан төрх, тэмцэгч чанараараа байнга сонирхол татдаг, хатагтай Цоггэрэлийн Уянга юм. Энэхүү уулзалт нь бидний хувьд анхны уулзалт байв. Гэсэн ч уншигч таныг түүний ертөнцөөр бага боловч аялуулж чадах байх хэмээн найднам.
Өнөөдрийн миний зочин хийж бүтээж яваа ажил, өөрийгөө илэрхийлдэг хэв маяг, эрс шулуухан зан төрх, тэмцэгч чанараараа байнга сонирхол татдаг, хатагтай Цоггэрэлийн Уянга юм. Энэхүү уулзалт нь бидний хувьд анхны уулзалт байв. Гэсэн ч уншигч таныг түүний ертөнцөөр бага боловч аялуулж чадах байх хэмээн найднам.
-“Элийрэгч” гэх сошил нэрэнд тань дасчиж. Уг нь та Уянга гэх гоё нэртэй. Та анх удаа нэгэн өвөрмөц өрсөлдөөнд орж байна. Олон шинэ зүйлийг өөртөө нээж байгаа байх. Миний хувьд та бас шинэ зочин. Шулуухан асуухад Та хаанаас ирсэн, хэн юм бэ. Энэ асуултын хэлбэрт эгдүүцэхгүй байх гэж бодож байна?
-Би Улаанбаатарын уугуул иргэдийн л гурав дахь үеийн төлөөлөл. Улаанбаатар хотын уугуул иргэдийг одоо бол бүгд Хятад цустай гэж ярьдаг болчих гээд байх шиг байна. (инээв) Ийм үзэгдлүүд нэгэнт бидний амьдралд байгаад байгаа болохоор заавал өөрийнхөө гарал үүслийг нотлох хэрэгтэй л болж байгаа юм л даа. Аав маань яг гарал нь бол Увс аймгийн гаралтай хүн. Гэхдээ төрөхдөө Төв аймагт төрж, Улаанбаатар хотод өссөн хүн. Ээжийн маань тал Хэнтий аймгийн Галшар нутгийн хүмүүс байдаг. Тэгээд цаг үеийн замналаар өвөө маань Улаанбаатар хот руу орж ирж, хариуцлагатай албуудыг хашаад явчихсан. Тэгээд ээж маань болон ээжийн маань ах дүүс Улаанбаатарын анхны шав тавихад л оролцож тавилцсан, тэр цагаас хамт өсөж торнисон ийм л иргэд байсан. Тэгэхээр би Улаанбаатар хотын анхны үнэт зүйл буюу бүл иргэд үүссэний л үр хүүхэд юм л даа . Манай өвөө чинь 40 мянгатын хамгийн эхний ашиглалтад орсон байрнуудыг 1956 онд босголцож байсан түүхтэй л дээ. Өвөө маань өөрөө барьж хүлээлгэж өгөөд, анхны оршин суугч нь болж хоёр өрөө орон сууцаар шагнуулж байсан юм билээ.
-Өвөөгийн тань мэргэжил нь юу вэ?
-Өвөө маань их урт түүхтэй, адал явдалтай амьдралтай хүн л дээ. 1917 онд төрсөн. Уг нь Буриад гаралтай хүн. Тухайн үедээ Буриадуудыг дагаж орж ирсэн, ард гаралтай ийм хүн юм. Бага байхад нь нутгийн ноён нь өргөөд авчихсан юм билээ.
-Тэгээд таныг эрлийз гээд байгаа юм уу. Таныг зочноор урьж, ярилцах хүсэлтэй байгаагаа твиттерт бичсэн чинь “эрлийз” хүмүүсийг дэмжлээ гээд зэмлэсэн байсан.
-Намайг ч хэлээгүй байх л даа. Гадаад нөхөртэй болохоор эрлийз удам судрыг үргэлжлүүлэгч гэсэн тийм утгаар л дайрч байгаа байх. Нөгөө манай цус хамгаалагч, судлаачдын л үзэл явж байгаа болов уу. Тэр утгаараа улс үндэстэндээ жигтэйхэн хор хохирол учруулж, гардан гүйцэтгэж яваа хүний нэг болгох санаархал биз. Удам судраа харах юм бол Монгол Улсыг байгуулалцаж, тусгаар тогтнолыг бий болгоход амь амьдрал,хөлс цусаа золиослон зүтгэж явсан хүмүүсийн үр удам гэдгээрээ би бол бахархаж явдаг. Манай өвөө хоёр дайнд хоёуланд нь оролцсон. Анхны бичиг үсэгтэй, номтой хүмүүсийн нэг байсан болохоор анхны эмнэлэгүүдийн баазуудыг байгуулалцсан. Лабораторийн шинжлэх ухааны үндсийг тавьж байсан. Маршал Чойбалсан гуайтай хамт зүтгэж явсан, энэ “Их тэнгэр” цогцолборыг байгуулсан хүн юм л даа. Тэгээд “Их тэнгэр” цогцолборыг хүлээлгэж өгөхөд дарга нар нь солигдоод, тууз хайчлахад нь маршал Х.Чойбалсан биш Ю.Цэдэнбал дарга хүрч ирсэн юм гэнэ лээ. Тэр ёслол дээр уулзаад, манай өвөөд сэтгэл нь татагдсан юм уу, өөрийнхөө хамгаалалтын албанд ажиллахыг урьж, улмаар хамтдаа 24 жил ажилласан ийм түүхтэй. Бал дарга өвөө хоёр буун буутлаа хамт ажиллацгаасан байдаг л даа.
-Гоё түүх байна. Эмээ нь ямар хүн байв?
-Манай эмээ чинь радиогийн Алтан фондод уртын дуучин Ширчмаа гэж зарлагддаг тэр хүн чинь шүү дээ. (инээв) Бөмбөгөр ногоон театрын анхны солист дуучин байсан. “Долгорын гурав” гэдэг алдартай гурван дуулдаг охид байсан гэсэн. Тэрний нэг нь юм. Хотод ирж, театрын дуучин болж, соёлын өвийг тарилцаж явсан хүмүүс. Хөдөө орон нутгаар урлагийн бригад гэж их явдаг. Тэгж явахдаа нэг өндөр даваанаас машинтайгаа онхолдож, олон хүн нас барсан явдал болсон юм билээ. Тэндээс амьд сэрүүн гарсан цөөхөн хүний нэг нь миний эмээ байсан. Үндсэндээ тэр ослоос хойш урлагаа орхисон. Дараа нь ажлаа өөрчилж цэцэрлэгийн бэлтгэл тогоочоос “Их тэнгэр”-ийн мастер тогооч хүртлээ ажиллаж байсан түүхтэй.
-Ээжийн тань аав ээж хоёрын түүх байх нь, тийм үү?
-Тийм. Аав маань бол айлын ганц. Ээж аав нь хөдөө амьдардаг байсан. Намайг ухаан ороход Ар хустайн тэжээлийн ах ахуйд амьдардаг байсан. Бригадын дарга, ерөнхий зоотехникч зэрэг ажлуудыг хийж явсан, энгийн л амьдралтай хүмүүс байсан.
-Аав тань ямар мэргэжилтэй хүн байсан юм бэ?
-Манайхан чинь тэгээд удам дагасан чекистүүд л болчихоод байна л лаа. (Инээв) Манай аав тэр цаг үеийнхээ л бүтээгдэхүүн. 1970-аад оны үеийн онц сурлагатай хүүхдүүдийн нэг байсан учраас Бабушкины нэрэмжит Дотоод явдлын яамны их сургуульд яваад, төгсч ирээд Цэргийн их сургуулиас эхлэн ажиллаж явсаар байгаад НАХЯ-ны чекист хүртэл алба хашиж явсан. Тэгээд Ж.Батмөнх даргын аюулгүй албанд ажиллаж байгаад ардчилалтай золгосон хүн л дээ. Ардчиллаас хойш ийш тийшээ хувиарлахад мэргэжлийнхээ дагуу цагдаа, мөрдөнд ажиллаж байгаад цэл залуухан 43-хан настайдаа зуурдаар өнгөрсөн. Яг 1990-ээд оны тэр гудамжны хуультай байх үед зүтгэж яваад л нас барсан даа.
-Ээж тань их ануухан хүн харагдсан.
-Тийм. Манай ээж бас л 1990-ээд оны хүнд хэцүү завсрын үед л гэнэт итгэж явсан, ажиллаж зүтгэж явсан нийгэм нь нурж, сайхан амьдрал нь юу ч биш болохыг бусдын адил амссан. Тэгээд дээр нь бэлэвсрээд, олон өсвөр насны хүүхдүүдтэй үлдэж энэ амьдралыг авч явсан эмэгтэй л дээ. Өөрийнхөө цаг үед бол нэлээн хүчтэй эмэгтэй байсан гэж би ээжийгээ хардаг.
-Уянгаа аль дунд сургуулийг төгссөн юм бэ?
-Би орос гуравдугаар сургууль төгссөн. Тэгээд л тухайн үедээ л хамгийн сайн сургууль нь байсан Олон улсын харилцааны дээд сургуульд элссэн. Олон улсын харилцааны сургууль гэдэг бол хүнд бүх талын мэдлэг, төлөвшил олгодог сайн сургууль байсан л даа. Би сургуулиараа бахархдаг. Хуучин социалист системээр нь байгуулсан, ГХЯ-ны харьяа, тэндээсээ бүрэн хяналттай, хуучны дипломатчид ирж сургалтын баазыг нь барьж, өөрсдөө хичээл заадаг байсан. Тэгээд гардан сургаж байгаад яг гадаад албаны ажилтан болж чадах хүүхдүүдээ сонгон шалгаруулаад,3-р курсээс нь мэргэжлийн хичээлүүд заадаг байсан.
-Анхны хөдөлмөрийн гараа хаанаас эхэлж байв?
-Анхны хөдөлмөрийн гараа гэвэл хэцүү ш дээ. (инээв) Бид чинь зах зээлд анх шилжиж, наймаа гэдэг ойлголт нийгэмд нэвтэрч байх үед өсвөр насны хүүхдүүд байлаа.Мөхөөлдөс зарахаас авахуулаад юм юманд нь л оролцдог байлаа. Орос руу хүртэл вагонд юм зарж давхиад л, олон янзын ажил хөдөлмөрийг зөндөө хийж үзсэн. 10 жилд байхдаа хүртэл зуныхаа амралтаар зөөгч хүртэл хийдэг байлаа. Баянгол ресторанд хүртэл нэг жил зөөгч хийж үзэж байсан. Хуучны системээр хүнийг оруулаад,юм юмны зах зух үзүүлж, амьдрал руу “бүтээгдэхүүн” болгож гаргадаг байсан тэр үеийг туулж үзсэндээ би бол баяртай байдаг юм. Цаг үеийн тэр дамжлага над шиг тогтворгүй, дураараа ааштай хүнийг хүмүүжүүлсэн. Бас номхруулж байсан. Би айлын ганц охин л доо. Өөрийнхөө бүх зан аашийг бусдаар зөвшөөрүүлээд байдаг орчинд өсчихсөн хүүхэд байсан. Намайг төлөвшүүлж өгсөн гол хүчин зүйлс бол надад ажил зааж байсан дарга нар, ах эгч нар, хийж туршиж үзэж байсан тэр ажлууд юм л даа. Тэр бүхэн л намайг тогтвортой, тууштай байлгаж сургасан. Бурханд талархмаар хүмүүс амьдралд маань олон таарч байсан шүү. Намайг хүн болгож төлөвшүүлэхэд олон хүн оролцсон гэж би боддог.Яаж яваад тааралдсан юм бол гэж эргэж гайхмаар, ёстой бурханы бэлэг гэж бодмоор олон сайхан хүнд талархаж явдаг.
-Эмэгтэй хүний залуу насанд хувь тавилангийн олон сонголт байдаг.Зарим нь хөвөнд боолттой юм шиг эрхэлж явах амьдралыг сонгодог. Зарим нь хэн нэгэн сайн хамтрагчийг олоод, үр хүүхдээ хүмүүжүүлж, нэг их зовохгүй амьдрахыг шийддэг. Харин та яагаад илүү эрэмгий, тэмцэж, байлдаж юманд хүрдэг замыг сонгосон бэ ?
-Сонгосон гэхэд хаашаа юм. (инээв) Ер нь хүний анхдагч сэтгэхүй бүрэлдэхэд бол гэр бүл, хамт олон, багш их чухал үүрэг гүйцэтгэдэг.Би өөрийнхөө яагаад ийм болсныг сайн хэлж мэдэхгүй. Сайн ч, муу ч юм надад бий байх л даа. Би түрүүн хэлсэн. Би айлын ганц охин. Ээж аав маань их залуухан. Тэгээд би нөгөө 1970-аад оны оюутнуудын хаягдмал хүүхдүүдийн нэг болсон. Эмээ өвөө дээрээ өссөн. Аав маань тэртээ тэргүй ганцаараа, ээжийн тал бол эцэг эхээс дөрвүүлээ мөртлөө охин гардаггүй айлуудбайсан. Миний өссөн тэр үедээ. Хамт өссөн үеэлүүд маань дандаа ах нар байсан. Тэр нөхцөл байдал нэг талаар намайг их омголон болгосон л доо. Хүмүүс надад чи эмэгтэй юм байж хэт ширүүн дориун гэх маягийн үг хэлдэг.Надад үнэндээ эмэгтэйлэг байх боломж ерөөсөө олдоогүй. Тэр олон хавгүүдийн дунд адилхан үзэлцэж,өөрийнхөө байр суурийг хамгаалж, хэн нэгэн “Би” гэдэг хүн оршиж байгаагаа тамгалахгүй л бол би тэдний өмнө хэнч биш шүү дээ. Тийм аргаар л байр сууриа бэхжүүлэхгүй бол тэр олон эрчүүдийн дунд “Би” байхгүй ш дээ. Нөгөө талаар хэрээ мэдэхгүй, ингэж сарвалзаж чаддаг байсанд манай ах нарын нөлөө их байсан. Жаахан байхад хоорондоо юмаа булаацалдана, хэрэлдэнэ, зодолдоно. Зусландээрнамайг бүр Маугли гэж хочилдог байсан. Тэр үед хүүхдүүдийг бандааштай нь айраг түрхээд л гадаа гаргачихдаг байсан шүү дээ. Баахан халтар, тожгор толгойтой эрэгтэй хүүхдүүдийн дунд нэг сэгсгэр үстэйохин л гүйж явдаг байсан. Хүүхдүүдтэй муудахад эмэгтэй хүүхдүүд ерөнхийдөө дөлгөөн, зөөлөн аргаар шийддэг юм уу, эсвэл юмнаас хол үлддэг байсан бол би чинь шууд үзэлзчих гээд л байдаг байлаа. Надаас айгаад, агшаад байх шиг л өөртөө санагдана ш дээ. (инээв) Тэгээд ялаад дийлээд байна гээд л явдаг байсан. Эргээд бодоход ар талд маань манай үеэлүүд таван том дэнхгэр ах нар зогсож байдаг байсан болохоор л над руу халдах хүн байхгүй байсан юм байналээ. Тэр нь эмэгтэй хүнд учирдаг эрсдлүүдийг үзүүлэхгүйгээр намайг эрэмгий, дураараа, өөртөө итгэлтэй өсөхөд нөлөөлсөн юм болов уу гэж боддог. Нөгөө талаар би дураарааөссөн л дөө. Жишээ нь, тухайн үед Боловсролын яамнаас их сургуулийн шалгалтын материалыг нэг өдөр, нэг цагт задалдаг байлаа. Ээж аав хоёр маань бүтэн жил дамжаанд мөнгө төлж явуулчихаад, намайг Их сургуулийн гадаа хүлээж байхад би шал өөр газар жүжигчин болно гээд л явж байсан. (инээв) Тэгээд баригдаад, загнуулаад, бараг л зодуулсан. Тэр хооронд чинь зөөгчийн ажил ч хийгээд л, наймаа хийгээд л, мөнгөтэй харьцаад ирж байгаа юм.Тэр үед чинь мөнгө л чухал байсан шүү дээ. Тэгж явахад бас л аав ээж маань амьдралыг ойлгуулах гээд л, мөнгө бол амьдралд хамгийн чухал асуудал биш. Орох үедээ ороод, гарах үедээ гардаг. Гол нь чи өөрөө бие хүн болох ёстой гээд л ярина. Тэр үед нь би юу ярьж байгааг нь ойлгохгүй ш дээ. Тэгээд аргадан, гуйлган байж конкурст ороод, тэнцэж сургууль аваад суралцаад явсан. Гэтэл аав нас барсан. Амьдралтай дөнгөж нүүр тулж байхад аав маань нас барж, дүү нар, гэр орон, мөнгө төгрөг гээд асуудлууд босч ирж байгаа юм. Ээж маань хүнд байдалд орсон үе шүү дээ. Тийм үед давхар би хяналтаа алдаад л, сэнсрээд явчих юм бол бүх юм орвонгоороо эргэх магадлалтай. Тэгээд ер ньамьдрал цаг нь болохоор ачаагаа үүрүүлдэг юм билээ. Тэгээд нэг бол ачаагаа үүрч явах, эсвэл ачаатайгаа өнхөрч унах хоёр сонголтын дундаас ачаагаа үүрч явах замыг л сонгосон юм шиг байгаа юм. Гэхдээ их зовоод байсан нь юу байхав. Ганцаараа хийсэн, ганцаараа туулсан гээд ихэрхээд байх юу байхав. Надад яг тийм үед нь, зөв хүмүүс зөв цагтаа зөв замд хөтлөхөд бэлэн зогсож байсанд нь л би баярладаг юм.
- Таныг яагаад ч юм гадаадад олон жил амьдарсан байх гэж бодож байлаа. Ер нь гадаадад ажиллаж амьдарч ирээд Монголдоо дахиад шинээр эхэлж байгаа хэсэг бий. Зарим нь дасахгүй буцаад явсан. Энд харин тэднийг харах өөр өөр өнцгүүд байдаг. Жаргалтай сайхан амьдралаа гадаадад өнгөрөөгөөд, биднийг энд зовж байхад тэнд мөнгө төгрөг, хамаг дурсамжаа бүтээж ирчихээд биднийг нулимаад, загнаж, шүүмжлээд байна гэх хэсэг бий. Танд тэдэнд зориулсан ямар хариулт байна вэ?
-Намайг сошилаар хүмүүстэй үзэл бодлын зөрчилдөөнд орж, мэтгэлцдэг тэр өнцгөөс л тэгж хардаг байх л даа. Сошил чинь өөрөө хязгаартай. Тэрэн дотор далан булчирхайгаа тоочоод л,нэг яриаг явуулахын тулд гурав дөрвөн өдөр өөрийгөө ойлгуулах шаардлага гарах болно. Би чинь тийм ч тэвчээртэй хүн биш. Угаасаа ч тэгэх шаардлага ч байхгүй шүү дээ. Би гадаадад амьдарч байгаагүй. Хүмүүс тэгж боддог юм. Эзэмшсэн мэргэжлийн нөлөөллөөс үүдэж гадагшаа явах, гадаад зах зээлийг судлах, нэвтрэх, харьцах хамтарч ажиллах, танин мэдэх бололцоо олдсон. Хүн бол нийгмийн бүтээгдэхүүн. Ямар нэг нийгэмд харъяалагдахыг л хүсдэг. Гадагшаа гарчихсан гээд байгаа хүмүүс чинь Монголын л бүтээгдэхүүн. Манай нийгмийн л нэг хэсэг. Гэтэл бид эндээс “Та нар бидний нэг биш” гэхээр өөрийнхөө орон зайг хамгаалах гэж оролдож байгаа хамгаалалтын л аргаа илэрхийлдэг. Арваганаж байгаа л хэлбэр. Тэрийгээ зөрчлөөр л илэрхийлдэг. Та нар мэдэхгүй, манай монголчууд ийм, стандартгүй, систем нь доголдсон, улс төр нь болж бүтэхгүй, засаглал нь дампуурсан гээд л нөгөө юмнуудаа л ярина. Нөгөө талд нь сууж байгаа хүмүүс адилхан. Болсон ч бай, болоогүй ч бай өөрт оногдсон амьдралаа сайн сайхан болгох гээд л зүтгэсэн. Хамаг хүндийг нь үүрээд ирэхэд тэндээс баахан шүүмжилсэн, загнасан, заасан хүмүүс байдаг. Тэр утгаараа өөрийнхөө хийж ирснийг хамгаалах гээд, үнэлүүлэх гээд дахиад хамгаалалтын зөрчилтэй тулгардаг. Нэг ёсондоо ээжийгээ хэн их хайрлаж байгаагаа нотлохын тулд бие биетэйгээ дайсагнаж байгаа ах дүү хоёр шиг л дүр зураг болж байна. Би ингэж л хардаг. Ийм хоёр зөрчил мөргөлдөөд, маргаан үүсгэдэг. Жишээ нь, эрлийз гэдэг юу гэсэн үг вэ. Эрлийз байсан ч тэр хүн Монголд л байвал болоо биз дээ. Монгол хүн гэж тэдэн ширхэг үстэй, тийм нүдтэй хүн байна гээд хуулчилж заагаагүй л бол энэ утгагүй маргаан биз дээ. Нөгөө талд нь туниж гомдохдоо биш, гадуурхагдсандаа биш, харилцан хамаарал хаана очиж зогсож байгааг тайлаад нэгтгээд, нэг үзүүлэлттэй болоод бүр их зузаанбие биегүйгээрээ амьдарч чадахгүй болох хамаарлыг баяжуулах хэрэгтэй биздээ. Энэ юман дээр л нэгдэх ёстой. Үүнийг ойлгуулах гээд маргахдаа Монголчууд маань дандаа юмыг буруугаар хөгжүүлэх гэдэг ч гэх юм уу, нэг ийм үгийн сонголт, ярианы хэв маяг дээр дөрөөлж тусгаад энэ гадаад нөхөртэй болохоороо биднийг унтрааж байна гэх байдлаар мушгиад байдаг л даа.
-Энэ сэдэв бол утгагүй сэдэв. Хүний хайр сэтгэл, учрал тавиланг шүүдэг байдлаас үнэхээр залхмаар санагддаг. Гэхдээ мөд бидний сэтгэлгээ хандлагаас арилахгүй нь ээ.
-Твиттерт идэвхитэй жиргэдэг,гадаад нөхөртэй нэлээн хэдэн хүүхнийг би мэднэ л дээ. Хэн ч анзаардаггүй. Хэнд ч анзаарагдахыг хүсдэггүй. Нэг ёсондоо өөрсдийнх нь эмзэг асуудал л даа. Үр хүүхдээ янз бүрийн эрсдлээс хамгаалах ёстой гэж боддог л байх. Элдэв янзын юмнуудад доромжлуулахыг хэн хүсэхэв дээ. Миний хувьд бас тэгээд явж болох л байсан. Өөрийнхөө амьдралд элдэв гадны хүмүүсийн хэрүүлийг оруулж ирж бужигнуулахыг хэн хүсэх вэ дээ. Миний харж байгаа өнцөг бол жаахан өөр байхгүй юу. Заримдаа хэнхэгтэй юм шиг харагдаж магадгүй. Ямар нэг шударга биш,буруу зарчим хэвийн зүйл болоод тогтох юм бол тэр цаашдаа хяналтаа алддаг. Үүнийг л зогсоох гэж би байр сууриа илэрхийлдэг.
-За, ерэн оны хувьсгал болсон. Манай одоо эрх барьж байгаа ах нар тэр гавьяагаараа далайлгаад л явж байна. Тэрнээс хойш ч янз бүрийн тэмцлүүд зогсоогүй. Бүр сүүлд Н.Энхбаярын үед залуучууд гудамжинд гарч ирж тэмцсэн. Янз бүрийн акцууд хийдэг байсан.Тэр үед хаана байсан бэ?
-Сураад, ажиллаад, амьдраад л явж байсан. Би төрийн албан хаагч байсан. Бас улс төрийг нэг их сонирхдоггүй ч байж. Нас нь ч болоогүй байсан байх. Тэр үед би боловсорч л байсан цаг үе.Нэг бол ажилдаа дарагдаж барлаг болоод л, нэг бол шоудаад л бусдын залуу нас ямар байдаг тэр жишгээр л явж байсан биз. Тэр үеэ тэгж туулсандаа би дуртай. Бас өөртөө зориулаад амьдарчихсан болохоор. Түүнээс биш одооны хүүхдүүд шиг зангиа зүүгээд, цүнх бариад явж байсан бол “Залуу насандаа би...гэдэг” дурсамж байхгүй л байх байсан байх. 30 хүрээд нийгмийн байр суур, баримжаа суудаг, үр хүүхдээ бодоод эхэлдэг юм уу даа. Яг тэр үеэр 2008 оны сонгууль болж байсан. Тэгээд хэд гурван үг холбож хэлчих гээд, үзэл бодлоо цэгцэлж эхэлж байсан үе. Угаасаа л манай нийгэм бойжилтынхоо мөчлөгөөр буруу юмаа илэрхийлж гарч ирж байсан үе нь бас яг тэр үе. Өмнө нь бас ч гэж бохир заваан байсан ч гэсэн жудаг сахидаг, ичдэг, ядахдаа нуудаг байсан. Тэр нь задраад эхэлсэн үе ч гэж болох юм.
-Өмнө нь хөрөнгө оруулалтын орчин нь ч бас хумигдмал байсан. Зодолдох мөнгө нь ч бага байсан.
-Тийм. Эрээ цээргүй байдалд хүрч тэсэрдэг байдал нь хэзээ, юу болсон гэхээр “Оюутолгойн” төсөл. Их хэмжээний мөнгөн дээр засаглалын эрхийг авч, баялагийг өөрсөддөө хуваадаг болсон үеэс эхэлж нөгөөдүүл чинь ичихээ ч байсан. Айхаа ч байсан. Ийм байдлаас болж хүмүүстэвчиж яваад нэг тэсэрдэг ш дээ. Тэр тэсрэлт л болсон.Зургадугаар сарын 30-ны шөнө хонодог 40-өөд“баагий” дотор би тууж л явсан. Хүмүүсийн ярьдаг зохион байгуулалттай энэ тэр аймаар юм байгаагүй. Сонгуулийн дүнтэй санаа нийлэхгүй хэдэн нөхдүүд яахаа мэдэхгүй дэмийрч яваад талбай дээр ирсэн. Тэр бужигнаан нь элдэв янзын юм болоод зам хаагаад, хуваагдаад, зодолдоод эхэлсэн. Энд тэндээс буцаж ирсэн хэд нь үзэж тарна гэж хоносон. Өглөө нь л хүмүүс шавалзаад ирсэн ш дээ. Тэгээд 7 сарын 1-н цаашаагаа улс төрийн тоглоом болоод дууссан. Тэр бол яах аргагүй иргэдийн бухимдал тэсэрснээс болсон. Би тэр үед найман сартай хүүхэдтэй байсан. Юу бодож явсан юм гэж бодмоор. Нөгөө талаар дотроо шатаж байсан зүйл нь илэрч байсан юм болов уу даа.
-Таны нөхөр манайхаас өөр уламжлал, соёлтой орны иргэн болоод тэр юм уу, Та их эрх чөлөөтэй харагддаг. Манай ахуй амьдрал дээр одоо ч олон ойлголтууд амь бөхтэй байгаад байдаг. Эхнэр нь шөнө оройгүй ажиллана, элдэв тэмцэл хийнэ. Нөхөр чинь юу бодож байдаг юм гэсэн иймэрхүү хуучин маягийн асуултууд одоо ч гэсэн байдаг. Таны нөхөр хийж байгаа алхмуудад тань ерөөсөө оролцдоггүй байх гэмээр харагддаг.
-Оролцолгүй яахав. Байнга ярилцана, зөвлөлдөнө. Дэмжлэг авна, зэмлүүлэх цагтаа зэмлүүлнэ. Хэрэлдэнэ, ойлголцоно. Амьдрал л юм чинь зөндөө л юм болно. Хүн яаж амьдардаг бид тэгж л амьдардаг. Хамт амьдраад 15 жил болж байна. Энэ хооронд хоёр өөр ертөнц, үзэл санаа, үнэт зүйлтэй хүмүүс юм чинь хоорондоо амьдарч сурах гэж тодорхой хугацааг туулна. Өөр л хүмүүс юм чинь амьдралыг үзэх үзэл, соёлын зөрчлүүд гарна. Нөгөө талаар бид хоёр ийм өөр хүмүүс байж өдий олон жил яагаад амьдарсан юм бэ гэхээр тэдний, өөр соёлынх нь давуу тал бас байгаа.Ингээд ярихаар харийн хүн, харийн соёлыг шүтлээ л гэх байх. Юу татаад, юу эрхэм болоод ингээд амьдралыг авч явж байна вэ гэхээр эмэгтэй хүнийг яаж аз жаргалтай байлгах ёстой гэсэн зарчим бол тэд нарт маш хатуу байдаг. Эмэгтэй хүнийг аз жаргалтай байлгаж чадахгүй бол би энд хүний амьдралыг устгаж суух эрхгүй гэдэг ийм үзэлтэй. Бараг шашны үзэлшиг шахууийм ойлголт түүнд байдаг. Тэрийг нь зөв зохистой хүлээж авах чадвартай бол ер нь боломжийн. Манай Монголд олон холимог гэр бүл бий л дээ. Ихэнх нь эхний үеэ туулах тэр мөчлөг дээрээсалчихдаг. Монгол хүүхнүүд чинь бас давруу ш дээ. (инээв) Тэр үзлийг нь эхний 10 жилдээ ойлгохгүйгээр хэт давардаг. Эрэгтэй хүн бол тэгэх үүрэгтэй, тэгж байх ёстой гэсэн бодолтойгоор хандаадаягүй их харилцааны алдаа гаргадаг. Ийм байдлаас болоод сайхан аз жаргалтай бий болж байсан амьдрал, хөгжиж байсан зөв харилцаа юу ч биш болох тохиолдол зөндөө байдаг л даа. Бид хоёрын хувьд юу гэх юм бэ дээ, амьдралын яг номоор нь явсан учраас ямар ч хэцүү байсан амархан нурахгүй байх дархлаа суусан.
-Танай компани байгуулагдаад хэр удаж байгаа вэ?
-2008 онд анх байгуулагдсан. Идэвхитэй үйл ажиллагаа нь 2010 оноос эхэлсэн. Бас л макро эдийн засгийн үзүүлэлтээс хамаараад дагаж орж ирж байсан боломжуудыг ашиглаж эхэлсэн.Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн чиглэлээр ажилладаг. Компаниас өмнө бид хоёр хорь гаруй настайдаа, жаахан байхдаа танилцсан. Би нэг төрийн албанд ажил хийдэг нэртэй. Цалин байдаг ч юм уу, үгүй ч юм уу яваад л байдаг. Манай хүн ядаж байхад гадаад. Нөгөө “Өөрийнхөө гуйлгачныг тоогоогүй байж, харийн гуйлгачинтай нийлчихлээ” гэдэг л юм болоод. (инээв)Хамгийн хямд түрээсийн байр олоод л,янз бүрийн боломжуудыг хайгаад л, шөнөдөө юм оёх мэтээр янз бүрээр л бие биедээ тусалж, амьдрах гэж бие биенээ хөгжүүлж ирсэн. Янз бүрийн л юм үзсэн. Сайн ч хөгжиж дэвшсэн. Тэгээд юм хийж явсаар сүүлд нь байнгын орлоготой болсон, туршлага мэдлэгээ зарж чаддаг болсон. Гэхдээ тэр бол баталгаатай, найдвартай амжиргааны эх үүсвэр байгаагүй. Золиос ч их байсан. Тэгээд юм хийж үзье гээд энэ салбар руу орсон. Тэгээд л болж бүтэж байсан амьдралаа зарж үрээд,компаниа байгуулж эхнээс нь эхэлсэн. Орох оронгүй, хөл дүүжлэх унаагүй л болсон. Тэрнээс хойш нэлээд хэдэн жил өнгөрлөө. Хэдийгээр хямралтай ч гэсэн компанийнхаа үндсэн үйл ажиллагааны системийг нэлээн боломжийн тавьж чадсан гэж боддог. Энэ чиглэлийн зах зээл дээр ажилладаг бараг Монголдоо ганц мэргэжлийн системтэй компани гэж хэлж болно. Өөрсдөөрөө бас бахархдаг. Мэдээж хийсэн юмаараа бахархалгүй яахав. Тийм учраас л өнөөгийн ийм уналттай зах зээл дээр бид тогтвортой явж чадаж байна.
-Та энэ салбарт амжилттай ажиллаж байна. Харин яах гэж хотын асуудалд “оролцоод” байдаг юм бэ. Энэ асуултыг танд тавихыг манай нэг жиргээч санал болгосон юм. Хоттой холбоотой бүхий л асуудалд “ороод” байдаг зорилго тань юу вэ ?
-Сайхан компани нэг өдөр босоогүй ш дээ. Хүмүүст нэг нийтлэг юм байдаг. Хүмүүс гадаад нөхөртэй гэхээр заавал нэг хөгшин хүнтэй суусан байх ёстой гэж эхлэд боддог. Тэгээд бас тэр хүн нь их мөнгөтэй учраас Уянгаа ингээд эрх чөлөөтэй, компани нэртэй юмтай, мөнгөөр бялхаж суудаг гэж ойлгодог. Нөгөө талаар үгүй ээ, миний амьдрал ийм учиртай гэж би ярих утгагүй. Болоцоо ч байхгүй. Бизнес хүнийг их хайрцагладаг. Гэхдээ л би үүний эсрэг байдаг. Аливаа зүйл органик байх ёстой гэж. Оршин тогнох чадвар чинь хувьсах чанар юм л даа. Үүнийг яагаад ингэж ярьж байна гэхээр компани гэдгийг би сайн мэдэхгүй л ажил руугаа орсон. Компанийн амжилт бол тууштай чанар дээр л суурилж босдог юм байна лээ. Одоо бол би хот гэдэг нэг “өвчин”-тэй болсон. Бид маш их өөрчлөгджээ. Бие биенийхээ жаргал, зовлонг хуваалцах мэдрэх хүсэлгүй болчихсон. Одоо бид залуусаа харилцан хамааралтай баг болгох гэж явж байна. Залуучууд маань их өөр болсон. Хамгийн түрүүнд Улаанбаатар хотод байгаа хүмүүсээ хар. Социализмы үед бид тийм ч сайхан амьдраагүй. Аймаар золбин амьдарч байсан. Би тухайн үедээ боловсролтой, боломжтой айлын хүүхэд гэгдэж байсан ч минийхүүхэд насны дурсамжийг харахаар аймшигтай байдаг. Тоглоом, үздэг хардаг юм хомс байлаа. Ном ховор учраас бие биедээ дамжуулан шимтэн уншдаг байлаа. Гэхдээ бидний үед амьдрал маань хэн нэгнээс харилцан хамааралтай байсан. Хажуугийн айл юу хийж байгаа нь хүртэл хамаатай байсан. Хүмүүс амьдрахын тулд бие биетэйгээ нэг нэгдлээр оршдог юм гэдгийг нотолж байсан амьдрал байсан. Дутуу байсан зүйл нь эдийн засгийн чөлөөт харилцаа байхгүй байсан учраас амжиргааны төвшин өөрөө бие даасан дархлааны систем болж хөгжиж чадахгүй байсан. Гэхдээ амь нэг байсан. Хамаагүй амьдардаг байсан хэрнээ нийгмийн ялгамжууд байдаг байсан. Аль нэг айлд шинэ хүн ирж байгаа нь маш том үйл явдал байсан. Одоо хүн энэ ертөнцөд ирж байгаа нь үнэ цэнэгүй шахуу болжээ. Хүний эрхэм чанарууд алдагдсаар байна. Хүн ердөө л нийгмийн эрэг шураг болоод байна. Хэн чадалтай нь амьд оршиж байдаг болсон. Үүнийгээ зах зээлийн жам гээд андуурсан. Хүн оршдог үндсэн өгөгдлөө хаясан. Энэ бүхэн надад маш гунигтай санагддаг. Улаанбаатар хотод асуудал их. Та манай хотыг хар л даа. Гудамжинд хөгшин хүн, хүүхэд хоёр тайван алхаж яваа харагддаггүй. Яагаад гэвэл хүнд зориулагдаагүй хот болчихож. Насанд хүрсэн, бие хаа сайтай хүн алхахад ч хэцүү. Манай хотод амьд явах баталгаа байхгүй. Хот гэдэг маань хөгжлийн бэрхшээлтэй, хүүхэд хөгшид, нохой гахайтайгаа бүгд хоршоод хэн хэндээ саад болохгүй, гэхдээ харилцан хамааралтай, аз жаргалын индекс нь өндөр газрыг хэлдэг. Манай хотынамин сүнс нь байхгүй болчихоод байна.
Надад баазтай, зохион байгуулалттай бүтэцтэй дэмжлэг байхгүй байна. Гэвч над шиг хүмүүс үзэл баримтлалаа нэгтгээд нэг орон зайд хотынхоо амьдралд оролцох гээд өөрсдөө орж байгаа хэсэг бүлэг улсууд байгаа боловч бүгд л өөрөө өөрийн орон зайд бие даасан ганцаараа хүмүүс. Унжирч муудсан ч урт хугацаанд оршиж байгаа том механизмтай тэмцэнэ гэвэл хэцүү. Надад ямар дэмжлэгбайна вэ гэхээр миний итгэл үнэмшил байна. Мөн хотын иргэд, санал бодлоо хуваалцдаг сайн муугаа мэдэлцэж явсан сошилынхан маань байна.Ер нь миний амьдралын болж бүтсэн зүйл ухаантайгаар биш ухаангүй галзуу оргилуун хүсэл, итгэж явсан чин эрмэлзэл маань намайг баргийн юманд нурахаархгүй авч явсан байдаг. Хүнд хэцүү замаар явж хүрсэн амжилт л бат бөх, дархлаатай, үнэ цэнэтэй байдаг гэж хардаг.