...Хөдөө тал минь малаар дүүрэн
Хөвч ой минь ангаар бүрэн
Хөрсөн доор нь эрднээр арвин
Хүний хэрэгцээ цөм багтсан

Яндаж болдоггүй далай шиг
Яасан баян нутаг вэ...

Сарын өмнө Монгол, Швейцарын ГХЯ хамтран зохион байгуулсан “Ази-Европын гадаад сурталчилгаа болон олон нийттэй харилцах арга” семинарт суулаа. Швейцарын Le Temps сонины сэтгүүлч, Азийн суурин төлөөлөгч Ричард Уэрли эрхмийн ярьсан зүйлс сонирхол татсан юм. Түүн дотроо аялал жуулчлалтай холбоотой хэсгийг өөрийн тэмдэглэж авсан, санаж бодсонтойгоо эвлүүлэн хуваалцъя.

ОНОВЧГҮЙ УРИА

Аялал жуулчлалын дэлхийн зах дээр Монголыг брэнд болгоё гэвэл юуны өмнө тууштай байх ёстой. Засгийн газар солигдох тоолонд ядаж мотто үгээ өөрчилж болохгүй. Ухаан нь, бид 2003 онд Welcome to Mongolia, 2004 онд Discover Mongolia хэмээх уриа сонгосон. Бас болоогүй Монголын аялал жуулчлалын холбоо Majestic Mongolia, Худалдаа аж үйлдвэрийн танхим Inspiring Mongolia гэхчлэн өөр өөрийн хувилбар гаргасан нь ч бий. Ричард Уэрли гуай ийм явдал огтоос байж болохгүй гээд “Сайн мотто үгтэй болъё гэвэл гадаадын мэргэжилтнүүдийг оролцуулсан хурал семинар зохиож шилдэг санаа гаргуулах хэрэгтэй” гэж байна. Өдгөө хэрэглэж буй Nomadic by nature Ричард Уэрли гуайд нэг л бууж өгсөнгүй. Nomadic бол тав тухын чанх эсрэг агуулга, тэгэхээр харьцангуй үнэтэй Монголын аяллыг худалдаж авах хүн ховор ч байж мэднэ. Мань эр “ic” төгсгөлтэй үгсийг таалдаггүй аж. Alcoholic, shopaholic, melancholic... Тиймээс англи хэлний тайлбар толиос үгийн утгыг нягтлаарай гэдэг нөхөрсөг зөвлөгөө өглөө. Ямартаа ч nature хэтэрхий өргөн хэрэглэгддэг, улиг болчихсон үг. Сайн уриа дүрслэгдэх учиртай гэнэ. Жишээ нь, Land of blue sky байлаа гэхэд амьдралыг бараанаар харах оёг тусчихаагүй л бол хөх тэнгэр хүн бүхэнд таалагдах нь дамжиггүй.         

ЗАРЖ БОЛОХГҮЙ ЮМ

Монголыг жуулчдад “зарах” одоогийн уриа үг “Язгуурын нүүдэлчин” гэж бууна. Хөөмий, товшлуур, хуурын татлагаар чимсэн нүүдлийн сурталчилгаа үзсэн жуулчин хэдэн төгрөгөө үрээд ирэхэд өнөөх нь Монголд байхгүй шахам. Харин мотоциклоор адуугаа гилсэн залуу, нарны зайгаар зурагт үзсэн айл. Гэрт суудаг, нүүдгээс өөр гайхшрахаар зүйл олж хараагүй жуулчин сэтгэл дундуур буцах нь элбэг. Сайндаа л “мөхөж буй нүүдлийн соёл”-ыг хараад шүүрс алдах биз. Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн санааг улам их зовоож буй нэг асуудал энэ. Манайд ирсэн бүх жуулчин нүүдэлчин ахуй сонирхохгүй ч бид өөрсдийгөө “Язгуурын нүүдэлчин” гээд зарлачихсан байдаг. Очиж айраг уугаарай гээд ирэхээр нь тараг аягалж өгөхтэй адил. Жуулчдын нүд хуурах хулхи нүүдэлчин бэлтгэх нэг арга бий. Гэхдээ ингээд амбан явахгүй. Харин Ричард Уэрли гуай “Байхгүй юмаа зарж болохгүй” гэлээ. Хорьдугаар зуунаас өмнөх шиг нүүдэлчин ахуй өдөр тутам өөрчлөгдсөөр байгаа учир “Язгуурын нүүдэлчин” гэдгээр нүүр тахлах аргагүй бололтой юм.

БИДЭНД БАЙГАА БҮТЭЭГДЭХҮҮН

Тэгвэл бидэнд юу байна? Эзгүй уудам нутаг. Чухам ийм газрыг ухаж төнхөлгүй “зарах” боломжтой. Өнөө манай гаригт чимээ шуугиан, үймээн бужигнаанаас их юм алга. Үнэндээ алжаалаа тайлах гэсэн аялал жуулчлал ядаргаа, стресс хоёроор хачирласан мөнгөний гарлага болчих нь ч бий. Харин Монголд чих дөжрөм нам гүм, хараа цуцам тал л байна. Манай хөдөө нутаг ямар ч бясалгал, йогоос илүү хар аяндаа хүнийг тайтгаруулж тайвшруулах шидтэй. Үүнийгээ байнга зараад байх боломжтой. Гэхдээ “сайн брэнд хүн бүрийн дэмжлэг авах ёстой” гэж Ричард Уэрли тодотгосон учир хэлэлцүүлэг өрнүүлэх нь зүй мэт. www.travelandleisure.com сайтад нийтлэгдсэн Пико Лайэр (Pico Lyer)-ийн Эдүгээ Монголын агшин хэмээхийн учир (Why Mongolia’s moment is now) өгүүлэлд манай орныг Silence, Vastness гэдэг хоёр үгээр тодорхойлсон нь дээрх санаатай яг давхцаж байгаа юм. Чих дөжрөм нам гүмээ, хараа цуцам талтайгаа зарлаа гээд хоосроод сүйд болохгүй биз. Хэдүүлээ санаа оноогоо хуваалцъя. Монголчууд аа! Монгол орноо сайхан зарцгаая аа!