Тэр зугтсан уу, зүтгэсэн үү
УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдож дөрөв дэх удаагаа өрсөлдөж буй Гаваагийн Батхүү яагаад Өвөрхангайгаас биш, нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвших болов.
УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдож дөрөв дэх удаагаа өрсөлдөж буй Гаваагийн Батхүү яагаад Өвөрхангайгаас биш, нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвших болов. Өрсөлдөгч талуудын шидэж буй “чулуу”-наас харвал тэр нутаг уснаасаа зугтлаа, өмнө нь нэлээд будилаантайгаар тангараг өргөсөн гэдэг цуурхалыг тараахыг хичээж байгаа нь харагдаж байна. Гэвч түүний өрсөлдөгч хууль зөрчсөн үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүссэн тул нэрийг нь татаж, дарааллын дагуу уг нэр дэвшигчийн дараа байсан Г.Батхүүг тангараг өргүүлсэнийг холбогдох баримтууд хэлээд өгнө. Харин энэ удаад Нийслэлийн Хан-Уул дүүргээс нэр дэвших гэж буйн гол шалтгаан нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн урилгатай холбоотой юм билээ. Хотын дарга Хан-Уулчуудтай уулзахдаа түүнийг албан ёсоор урьсанаа хэлсэн байдаг.
Э.Бат-Үүл баатрын урилга бас цаанаа учиртай. Г.Батхүү 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллахдаа Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг ахалж яг Э.Бат-Үүлийг орон зайг нөхөж энэ хуулийг батлуулсан юм. Тэрбээр тойрогтоо буюу Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт 1996-2016 онд баригдсан авто зам, гүүр, байгууламж, гудамж зэрэг объект, үүнээс 2011-2016 онд 8 их наяд 255 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий автозамын засвар арчлалтын ажил онцгой анхаарал татдаг. Эрчим хүчний салбарт 14 их наяд 481 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий цахилгаан дамжуулах шугам, дэд станц, дулааны хангамжийн чиглэлийн ажлыг аймаг, орон нутгийнхаа төлөө УИХ-аар батлуулж чаджээ.
Тэгэхээр нийслэлийн амин чухал асуудал болсон ийм зориулалтын хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх, зөвхөн зураг дээрээс харж мөрөөдөж байсан бүхнээ бүтээн байгуулалт болгож дуусгахад нь Г.Батхүү Хан-Уул дүүрэгт хэрэгтэй байна. Өвөрхангай аймгийн хөгжлийн өөрчлөлтийг тойргийн сонгогчид нь яаж үнэлдгийг тэр мэднэ. Угаасаа олон нийтийн нүдэнд ил зүйл. Харин нутгаа өөрчилчихлөө одоо улсынхаа “босго, тотго” болсон Хан-Уул дүүргээ хөгжүүлье гэсэн түүний зүтгэл, зориг нь Э.Бат-Үүл баатрын урилгыг хүлээж авахад хүргэжээ. Тэгээд ч “Дэд бүтцийн” гэдэг овог, энэ чиглэлээр хийсэн ажлууд нь түүнийг энэ урилгаас татгалзах аргагүйд хүргэсэн биз.
Одоо түүнд Үүл баатрын хот төлөвлөлтийн талаарх бодлого зорилтыг, УИХ-д Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж уг хуулийг батлуулснаа ажил хэрэг болгох цаг нь ирээд байна. Энэ бол “зугтсан” хүний биш, “зүтгэсэн” хүний зорилт. Дээр нь ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн Хан-Уул дүүргийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулж, өөрийн хүний ёсоор хүчин зүтгэх боломжоос тэр зугтах ёсгүй.
Хан-Уул дүүрэгт Г.Батхүүг “манай хүн” гэж өмчлөх байгууллага, хүн дэндүү олон. Ажилчин болж анхны цалингаа авсан Авто засварын завод нь, бизнесийн гараагаа эхэлсэн байгууллага, хамт олон нь, Төрийн хүн болж мэргэжилтнээс нь эхлээд сайдыг нь хүртэл хийсэн авто тээвэр, нисэхийн салбарынхан хамтад нь хөгжүүлэхээр “Манайд ирлээ” гэж баяртай хүлээн авч байна. Тэр ч байтугай “уяачдын хотхон” гэж өхөөрддөг Өлзийт хорооныхон хүртэл “Хүй долоон худгаа барааднаа гэдэг хийморь сүлдтэй яваагийнх. Хүрээд ир ээ, дэмжээд өгнө” гээд гурийлах нь холгүй сууна.
Өвөрхангайд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр сүүний үйлдвэр, газар тариалангийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх зэрэг олон ажил хийсэн байдаг. Одоо ч гэсэн Хужиртаас Төвхан хийд, Орхоны хүрхрээ, Бат-Өлзийт чиглэлийн 91км автозамыг Өвөрхангай нутагтаа удахгүй эхлүүлэхээр ажиллаж байгаа юм билээ. Ийнхүү хөдөөг, хотыг хөгжүүлэх ялангуяа хотын захыг хөгжүүлэх бодлогыг эн тэргүүнд тавьж буй нь түүний давуу чанар болохыг Үүл дарга олоод харчихаж.
Нэг жишээ дурьдахад Автомашин, мотоциклийн Азийн уралдааныг Монголдоо хоёр удаа зохион байгуулсан. Цаашилбал энэ чиглэлээр олон улсын тэмцээнийг нь ирэх онд эх орондоо зохион байгуулахаар зэхэж буй юм билээ. Энэ уралдааныг дагаж дунджаар 25 мянга орчим жуулчин ирдэг.
Мөн нисэхийн салбарт л гэхэд нислэгийн тоог нэмэгдүүлэх гэхчлэн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, аль болох уул уурхайгаас хамааралтай бус салбарыг түлхүү хөгжүүлэх боломж, гарцуудыг тэр мэднэ. Зарим хүнийг “машины чээнж” болж бизнесээ өргөжүүлж явахад “цаадах” чинь хэдийнэ “МИАТ” ТӨХК-даа авч лизингээр “Эйрбас” авч өгч, “онгоцны чээнж” болчихсон улс орныхоо хөгжлийг урагшлуулж явсан юм шүү дээ. Энэ мэтчлэн Хан-Уулынханд Г.Батхүүг ашиглах салбар олон байна.
Төрд удсан хүн байх хийгээд төрийн албаны туршлагатай, хийж бүтээсэн ажилтай гавьяатай хүн байхын ялгаа энэ аж. Түүнийг нийслэлийн Хан-Уул дүүрэгт тулгамдсан асуудлуудыг шийдэж чадна, гарцыг нь мэдэж байгаа, хүний насаар бол нэгэн үеийг парламентад өнгөрүүлсний хувьд “Нисэхийнхэн”-ийг нийслэлийн төвтэй ижил түвшинд хүртэл нь хөгжүүлж чадна гэж Хан-Уулын сонгогчид итгэн тосож байна.
Г.Батхүү “Гарман дээр морио юүлсэн”-ий учир энэ. Тэр бүтэн үеийн хугацаанд ямар ч гарам гарцыг олж чаддаг, бэрхшээл, саадыг түүртэлгүй давж чаддаг, хууль мөрдөж амьдардаг, хууль тогтоох ажил хийдэг хүн. Ийм хэв маягаар амьдардаг хүнд айдас хүйдэс байдаггүй, тэднийг айлгах хэцүү.Түүний туршлага, чадвар, улс төрийн тактикаар тойргийнхоо асуудлуудыг шийдүүлээд авдаг сонгогчоо гэсэн амбиц, эрх ашгийг нь Хан-Уулчууд ашиглаад авах хэрэгтэй. “Эр бор харцага ишүүхэндээ хүчтэй” гэдэг шиг Гаваагийн Батхүү Хан-Уулдаа хүчтэй байх болтугай.