Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Батчимэгийн туслах асан, иргэн Д.Чинбаярт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Д.Чинбаярыг төрийн нууцыг гадаад улсын тагнуулын албанд шилжүүлэн өгсөн гэм буруутай гэж үзээд 17 жил зургаан сарын хорих ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Энэ хэргийг зөвхөн иргэн Д.Чинбаярт холбогдох хэрэг гэж үзэх гэмээнэ хэрэгт холбогдох хүртлээ хашиж ирсэн албан тушаал, хамгийн гол нь түүнтэй хамт уг хэргийг үйлдсэн гэх иргэн З.Пагмажавт холбогдох хэргийн тухай ярьж эхлэхэд УИХ-ын гишүүн М.Батчимэг МҮОНТ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлгээр өнгөрсөн есдүгээр сард ярихдаа “Сонгууль ойртсонтой холбоотой тагнуул ихэсдэг, Орхон аймгаас нэр дэвших өрсөлдөгч намынхан намайг тагнуул болгоход идэвхтэй ажиллалаа” гэж ярьсан нь анхаарал татсан юм. Одоо сонгууль улам ч ойртлоо. Гэтэл Д.Чинбаяр давж заалдсаар Улсын Дээд шүүх шийдвэрээ гаргаж 17 жил зургаан сарын ял авахаар боллоо. Энэ нь бас сонгуультай, М.Батчимэгийн намтай өрсөлдөгчдийн захиалга гэж үзэх үү.

Гэтэл өнөөдөр Монгол төрийн нууц хэрхэн дархлагдаж чадаж байна вэ. Д.Чинбаярт Улсын Дээд шүүх дээрх ялыг оноосны дараа хэн, ямар тайлбар, дүгнэлт өгөх эрхтэй гэж. Харин ялыг хөнгөвчилсөн, хэргийг хэрэгсэхгүй болгосон зэрэг талаар бол бид дуугарах ёстой. Яагаад гээч. Яагаад Төрийн нууцтай холбоотой гэх хэргүүд салхинд хийссэн мэт замхарч алга болох ёстой юм бэ. Сүүлийн жилүүдэд л гэхэд 2010 онд ахмад дипломатч Д.Цахилгааны хүү Ц.Жаргалсайхан цахим шуудангаар улсын нууцад хамаарах бичиг баримтыг хуулбарлан авч бусдад дамжуулсан гэх хэргээр 17 жилийн ял шийтгүүлэхээр байснаа Улсын Дээд шүүхээс “Эх орноосоо урваагүй” гэж үзэж ялыг нь таван жил болгон хөнгөрүүлсэн ч ердөө хоёр жилийн дараа “магадлан” гэгчээр суллагдсан юм. Яг л Д.Чинбаярын адил Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79.1-ээр зүйлчлэлийн дагуу “Улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан, гадаадын тагнуулын байгууллагад мэдээлэл өгсөн”  хэмээн чанга дэглэмтэй хорих ангид 17 жил хорих ял эдлүүлэхээр анхан, дунд шатны шүүхээс оноож байснаа ийнхүү суллагдсаны дараа олон иргэний төрд итгэх итгэл, төрөө хүндэтгэх, нууцтай, дархлаатай гэж бодож явсан төсөөлөл нь хувирсан даа. Ц.Жаргалсайхан олон ажил хашиж явсан ч 2000 оноос УИХ-ын Тамгын газарт зохион байгуулагчаар ажилд орсон ба 2002 онд тушаал дэвшин УИХ-ын Тамгын газрын зөвлөх, 2007 онд дэд зэргийн түшмэлийн зэрэг, дэв хүртсэн зэрэг нь “төрийн нууц задруулах”-д нь түлхэц болсон болов уу гэж харагддаг.

2011 оны гуравдугаар сар. Тагнуулын ерөнхий газрын Сөрөг тагнуулын албанд ажиллаж байхдаа төрийн нууц задруулсан хэрэгт сэжиглэгдэж эхэлсэн В.Нямханд мөн л Эрүүгийн хуулийн тус­гай ан­гийн 87.2 буюу “Тө­рийн нууцад хамаарах баримт бич­гийг ит­гэмжлэн хариуцсан тө­лөө­лөгч зад­руул­сан” гэх үндэс­лэлээр бу­руутган шал­гаж эхлэв.

Уг хэрэгт анх Нийслэлийн прокурорын орлогч асан Ё.Сагсай хяналт тавьж хоёр жи­лийн  турш шалгасан. Тэ­гэ­х­дээ  хавтаст хэргийг шал­гах явцад хэргийн зүйлч­­лэл өөрчлөгдөн, “эх ор­­ноо­соо ур­важ, гадаадын таг­нуулын бай­гууллагад улсын нууц ба­римт материал дам­жуулсан” хэ­мээн Эрүү­гийн хуулийн тус­гай ан­гийн 79.1-д зааснаар “Мон­гол Улсын иргэн тус улсын тусгаар тогт­нол, үндэс­ний аюулгүй бай­дал, батлан хам­гаалах хүчин чадалд хохи­рол учруулах зо­рилгоор гадаад улсын таг­нуулын албанд элс­сэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шил­­жүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажил­лагаа явуулдаг га­даад улсын байгууллагатай хамтран ажил­ласан, дай­ны байдалд буюу дайн бү­хий байдал зарласан үед дайс­ны талд шилжин ор­сон” гэсэн зүйл ангиар бу­руут­гасан байдаг. Тиймээс В.Нямхандад мөн л 17 жилийн хорих ял оноогоод хоёр жилийн дараа буюу 2013 онд цагаатгасан. Түүнийг цагаатгасаны дараа тухайн үед Сүхбаатар дүүргийн прокуророор ажиллаж байсан Ё.Сагсай “Улсын яллагчийн хувьд цагаатгасан тогтоолыг эсэргүүцэж байна. Улсын нууцтай холбоотой асуудал тул дэлгэрэнгүй ярих боломжгүй. Гэхдээ В.Нямхандад холбогдох хэргийг хангалттай нотлох баримтад үндэслэж шийдвэрлэсэн” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байв.
Ийнхүү Монгол төрийн нууцад халдвал 17 жилийн ял оноодог, дээд тал нь хоёр жил л хоригддог гэдэг жишиг тогтох шахаад байна. Тэгэхээр УИХ-ын гишүүн М.Батчимэгийн туслах, зөвлөх, референт асан, хамтрагч, ер нь чухам хэн бэ гэдэг нь ч төдийлөн тодорхойгүй Д.Чинбаяр ямартай ч Тайваний талд Монгол төрийн нууцтай холбоотой мэдээлэл дамжуулсан юм байна. Улсын Дээд шүүх эцсийн шийдвэрийг гаргаж 17 жил зургаан сарын ял оноолоо. Гэхдээ, магадгүй хоёр жилийн дараа ямар нэг шалтгаанаар ялаас чөлөөлөгдөх, эсвэл цагаадах л байх даа.
Хэрэв жирийн иргэн төрийн нууц задруулсан, эсвэл эх орноосоо урвасан хэрэгт шалгагдаж, бүр хоёр жил хоригдчихоод гэнэт цагаатгагдвал чимээгүй байхгүй дээ. Тэгэхээр ийм хэргийн ард том улс төр “явж” байдаг гэдэг нь үнэн ч байж мэдэх юм. Ямартай ч одоогоор ийм хэрэгт шийтгүүлсэн тэр хүмүүс нэр төрдөө тун хайргүй аж. Уг нь монголчууд “нэр хугарахаар яс хугар” гэдэг дээ. Гэтэл дуугүй л яваад өгдөг аж. Анхнаасаа тохиролцсон байдаг юм уу, нэр хүндээ золиослохоос буцахгүй болтлоо дарга нараа хайрладаг уу, бүү мэд.
Тэгвэл өнгөрсөн оны есдүгээр сард Төрийн тусгай хамгаалалтын албаны дэд дарга, дэд хурандаа Я.Нэргүйбаатар өөрийгөө буудан амиа егүүтгэсэн хэрэг гарсан. Энэ талаар хэн ч сонирхоогүй. Хүний алтан амь гэдгээс гадна яагаад Төрийн тусгай хамгаалалттын албаны дарга, нууцын албаны дарга асан аминаасаа уйдах болов гэдгийг ч анхаараагүй төдиийгүй мэдээлсэн хэдэн сувгуудынх нь “амыг” дор нь барьж билээ. Тэрбээр албаны хувцастай хоёр хүнтэй уулзаад, учир битүүлэг асуудлаар удтал ярилцаад, түүнээсээ хойш нэг их удалгүй гараашийн хамгаалалтын албаны хүнийг “унадаг дугуй оруулаад өгөөч” гэж бууг нь авч үлдээд л өөрийгөө буудчихсан. Төрийн нууц төдийгүй нууцын албанд ажиллаж байсан ажилтны амь хүртэл хайран биш байна гээд бод доо. 

Хамгийн сүүлийн жишээ болох УИХ-ын М.Батчимэгийн удирдлага дор хамтарч ажилладаг байсан гэх Д.Чинбаярын тухайд түүний дамжуулсан мэдээллийг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг. Улсын нууцтай хамааралтай учраас хаалттай хэлэлцэнэ хэмээсэн тул чухам юу болсныг хэн ч мэдэхгүй. Хэрэв “магадлан”-гаар сулласан, цагаатгагдсан тохиолдолд ч яагаад гэдгийг хэн ч үл мэднэ. Харин нэгэн цагт дарга нь, эсвэл хамтрагч нь байсан УИХ-ын гишүүн М.Батчимэг үүгээр нь улс төр “хийж”, “Орхон аймгаас нэр дэвших өрсөлдөгчид маань...” гэдэг үлгэрээ ярих нь эдүгээ тун зохимжгүй билээ.

Монгол Төрийн нууцыг хадгалж чадах дархлаа үгүй ч, өөрийгөө “төрийн түшээ” гэж өргөмжилдөг УИХ-ын гишүүн хүн хууль тогтоогчийн хувьд Шүүхийн шийдвэрийг улстөржүүлэхгүй гэж найдаж байна. Гэхдээ Тайваний талд шилжүүлсэн гэх дуулианаас эхлээд л З.Пагмажав, Д.Чинбаяр нараас илүү М.Батчимэг гишүүнийг, түүний гэр бүлийн хүний эрхэлдэг бизнесийг хардаж эхэлсэн нь иргэний болон сэтгүүлчийн таамаглаж сэжиглэх, хардаж сэрдэх, тэр ч байтугай “дотроо бодох” эрхийн буруу биш биз дээ.