Төвдөд аялсан тэмдэглэл-4
Поталаг нүүрэн талаас нь бүгд харсан. Шүдэнзнээс эхлээд зурагт хуудаст хүртэл нүүрэн талаас нь авсан зураг л байдаг. Уулын хөндийн онцгой жижиг уулын оройд барьсан ордон-цайз. Ер нь бол нүсэр эд дээ. Соронзонгомбо хаан эхэлж бариад, түүнээс хойш Төвдийн төрийн эрхийг баригчид 1500 жилийн турш өргөтгөсөн гэхээр ямар зүг байх вэ?
Поталаг нүүрэн талаас нь бүгд харсан. Шүдэнзнээс эхлээд зурагт хуудаст хүртэл нүүрэн талаас нь авсан зураг л байдаг. Уулын хөндийн онцгой жижиг уулын оройд барьсан ордон-цайз. Ер нь бол нүсэр эд дээ. Соронзонгомбо хаан эхэлж бариад, түүнээс хойш Төвдийн төрийн эрхийг баригчид 1500 жилийн турш өргөтгөсөн гэхээр ямар зүг байх вэ?
Хамгийн сүүлийн өргөтгөлийг XIV Далай лам барьсан. Потала ордон гурван өнгөтэй. Цагаан нь Соронзонгомбо хааны барьсан хэсэг, улаан нь тавдугаар Далай ламын өргөтгөл, шар нь XIV Далай ламын өргөтгөл. Шар өнгө урдаасаа харагдахгүй, араасаа харагдах авч ордонтойгоо харьцуулбал тун өчүүхэн дээ.
Ордны баруун талын хаалгаар талбай руу оруулна. Цагдаагийн хэсэг онгоцны буудалд орох гэж буй мэт шалгах ёстой, гэвч цагдаа нар нь айхтар нарийн шалгахгүй, тэгсгээд харж зогсоод оруулчихаж байна. Эрт ирсэн тул тэр хавиар жаал сэлгүүцэж, дэлгүүрээс нь ганц хайрцаг тамхи авлаа. Цагдаа залуус найрсаг загнаж, сүүдрэвчиндээ суулгаж, залуучууд нь босч сандлаа найр тавьж өглөө. Монголоос яваагаа хэлтэл, ер нь хэлэх ч юу байх вэ?, юм асуувал толгой сэгсрээд “Зунго хуа тянбудэн” гэхэд л англиар хаанахын вэ? гэж асуудаг. Монголоос гэвэл шууд ойлгоно. Өвөрлөгч үү? гэж асуух ч үгүй, хэрэв өвөрлөгч бол хятадаар ярина биз дээ?
Тэд “Манай энэ монгол хүн” гэж нэг бүсгүйгээ заав. “Монгол хэл мэдэх үү?” гэж монголоор асуувал толгой сэгсэрч байна. “Хөх нуурын монгол уу?” гэвэл “Үгүй, бүр Өвөрмонголоос ирсэн” гэлээ. Ордон нээгдсэн тул бид явлаа. Нар зөв гороолох маягаар тойроод цайзын зүүн хаалгаар дотогш оров.
Хэрмэн дотроос ордны ар тал сайхан харагдах юм. Эрт цагт Төвдүүд шат хийж мэддэггүй байсан бололтой, чулуу шигтгэсэн огцом өгсүүр, өргөөшөө дөрөв таван метр замаар аахилан өгсөв. Ордон хэдэн ч давхар юм бүү мэд цонхоор нь тоолбол лав 11 байна, гэтэл уулын эгцдүү налууг түшүүлж барьсан тул цонхгүй доод хэсэг нь л дөрөв таван давхар байшингийн хэр юм. Дээш гарсан шат нь уулын хормойд барьсан гурван давхар байшингийн дээгүүр, дөрвөн давхар байшин шиг өндөрт сүлжилдэж байна. Яг европ стандартаар “цэгцтэй” байшин шиг давхрыг нь тооцох гээд болсонгүй, байр сав, шат нь холилдоод нэг бол өөр өөр байшин зэрэгцсэн мэт, нэг бол нэг л ордон мэт, хэцүү юм. Поталагийн ордны хамгийн өндөр нь уулынхаа оройгоос дээш ассан байна, манай Зайсангийн хийморийн овооны хэр өндөр дээр гол ордон байна гээд төсөөлбөл дөхөх байх. Нүүрэн талаасаа ар тал нь илүү олон шаттай. Шатны хашлага нь өөрөө хэрэм шиг, нимгэн газраа хоёр төө гаран зарим газраа хоёр гурван метр зузаан юм. Хэрэм рүү гарах чулуун шатууд харагдана. Хэрмийн дээр гарч үзвэл гадагш буудах, харвах хэвтээ конус хэлбэртэй шагайварууд ирийсэн байх нь хамгаалалтын зориулалттай цэргийн цайз мэт санагдана.
Потала бас л нүсэр “байгууламж” юм аа. Францын хааны ордон, Авсри-Унгарын хааны ордонг үзэж байсан багцаалдаад үзэхэд дутах юм ер үгүй. Сайхан засмал тэгш хана, маягтай чимэглэл энэ тэр байхгүй л дээ. Том том чулууг шавраар барьцалдуулж өрсөн, гэхдээ өнгө шавар хийгээгүй бол ямар байх вэ? тийм гээд бод доо. Тэрийгээ зузаан шохойгоор шохойдчихсон, уулын нугачаа, гуу жалга, судагт зохируулан нөмөрч барьсан асар өндөр, асар том барилга гэж төсөөлөх ёстой. Энэ нүсэр том ордонг жил бүрийн 10 дугаар сард хааж байгаад заавал буддаг юм байна. Зөвхөн хэрмийг тойрч гороолоход лав хоёр километр гаруй урт, хэрмийн дор зайгүй хүрдтэй. Ямар их зардал вэ? гэтэл “Өө сүсэгтэн олон дийлэнхийг нь гаргадаг” гэлээ. Ордонг будах цаг болоход Төвдүүд бүгдээрээ сүүгээ бариад ирдэг, сүүнд шохойгоо уусгаад буддаг ажээ. Бас их тансаглал шүү, аайн? Их л том буян тул жил бүр будсаар л. Засаг нь зарлага гаргахдаа дуртайдаа биш иргэдийнхээ өргөлийн шахалтаар л буддаг бололтой.
Хуучны дорнын энэ ордны хананд камерийн болон цахилгаан, бас бус зориулалтын кабель утас бэхэлсэн нь сонин харагдах юм. Сүүлийн үед хөрөнгө оруулж додомдсон нь илт, европ маягийн гишгүүртэй бетон шатуудыг огцом өгсүүр дээр барьжээ. Нэлээд өгсөж байтал өмнө жижгэвтэр талбай гарч ирэв. Төвд нь дээрээ Чандманийг дүрсэлсэн боржин чулуун “ялалтын багана” асчээ. 10 орчим метр өндөр энэ баганыг тусгаар тогтнолынхоо үед босгосон байх, хөөрхийс.
Түүнээс нэг шат дээш өгсөөд гоёмсог шүхэрт, нүсэр дааман хаалгаар дотогш орлоо. Жинхэнэ шалгалтыг энд хийж байна. Гал гаргах зүйл оруулахгүй, шингэн зүйл оруулахгүй. Хар хослолтой хар шил зүүсэн хамгаалагч залуус металл хайгчаар хүн бүрийг шалгаж, нэгжинэ. Их л дээрэнгүй шинжтэй. Намайг нэгжиж байсан нөхөр дөнгөж авсан тамхийг маань энгэрийн халааснаас суга татаад тавцан руу шидчихэв. Уур дүрэлзээд явчихдаг юм. Явж очоод тамхиа шүүрч аваад “Яаж байгаа юм, чи” гэвэл ийм юмтай тулгарч байгаагүй бололтой гайхаад зогсчихов. Хөтөч сандарч гүйж ирээд “Ийм журамтай, та тайвшир” гэлээ. “Би ямар танай ордон дотор тамхи татах гэж байгаа биш, аваад гарна, наадах чинь албаар ингэж байна” гэвэл сэмхэн “Та нарыг хятад гэж бодоод байна, угаасаа Төвдүүд хятадуудад дургүй” гэлээ.
Бид хэчнээн хөх ч Төвдүүдээс арай “гилээн”, гэхдээ хятадуудаас арай “гилгэр” л дээ. Хөтөчдөө “Хятадууд нь Төвд гээд, Төвдүүд нь хятад гээд, бид тэгээд танай энд яах ёстой юм” гээд орос, англи хольж хараасанд хоёр ч хамгаалагч дөхөж ирээд нэг нь хятадаар юу ч юм хашгирав. Хөтөч даруй бидний дундуур орж, монголоос яваа хүмүүс, тэгээд ингэж “галзуурч” байгаа юм гэх маягтай юм хэллээ. Хамгаалагчид гайгүй болж, “Та тамхиа орхиод ор, угаасаа бүгд л тэгдэг” гэж хэлээд “Гар утсаа ч далд хийнэ үү, зураг авахыг хориглодог юм шүү” гэж англиар зөвлөөд эргэв. Би ч тайвширч тамхиа хар ууттай сав руу шидээд нөгөө хамгаалагчийн хажуугаар гарахдаа “Уучлаарай” гэвэл толгой дохин инээмсэглэж байна.
Шатаар өгсөж явахдаа өөрөөсөө их л ичив. Юун ч ойворгон, түргэн зантай юм гэж. Монгол монгол гэх, 40 хүрчихээд намба тавьтир суухгүй. Ахиж л ийм ааш гаргаж болохгүй гэж өөртөө чандлан тушаав. Магнай, “Өвөө маань: Хүн хүний муухай аашаас айхгүй ээ, сайхан аашаас л айна гэдэг байж билээ” гэв. Тойруугаар намайг л зэмлэж байгаа хэрэг. Их л ухаантай үг сонстов. Бас “Өндөр газар байснаас зүрх савлаад ...” гэх мэт өөрийгөө зөвтгөх бодол орж ирж байна. Ер нь буруугаа өөр “обьектив, субьектив хүчин зүйлээс” хайх нь төлөвшөөгүй хүний л зан, яасан ч байсан би өөрөө л буруутай.
Ийн бодож толгойгоо унжуулж явсан намайг хараад хөтөч маань жаахан санаа зовсон уу, “Та гайгүй юу?” гэж асууж байна, би ч чадахаараа инээмсэглэж “Зүгээр зүгээр, эвгүй юм боллоо, уучлаарай, тусласанд баярлалаа” л гэлээ.
Англиар ”жаахан эвгүй” гэж монгол маягаар яаж хэлдэг билээ? Орос хэл сурлаа, хоолныхоо хэлтэй болоод ирлээ гэсэн нөхрөөс Ринчин гуай “Тийм бол хүүхээ атга гурил, чимх давс гэхийг оросоор юу гэдэг юм?” гэж асуудаг шиг. Манай монголчууд өөрийн гэмийг “жаахан, өчүүхэн, тиймэрхүү” гэх мэтээр тодорхойлж, бусдын гэмийг “нэн их, асар хүнд хязгааргүй” гэх мэтээр тодорхойлдог юм болов уу ч гэж бодогдох. Гэвч өөрийн гэмийг монголчууддаа нялзаах бүр тэнэг хэрэг л. “Гэм урдаа гэмшил нь хойноо”, “гэмт хүн гилбэлзэнэ” гэдэг л энэ байхгүй юу. Би л монгол хүн шиг түвшин, намбатай байж чадсангүй дээ...
Ер нь Төвд, Хятадуудын харилцаа хүйтэн болох нь алхам тутамд анзаарагддаг. Манай Төвд хөтөч, хятад жолооч хоёр хүртэл тараамж муутай. Болж л өгвөл нэгнээ чадчих гээд байдаг улс. Ж.Нэргүй ахын өгсөн номд “Кафаров: Монгол, хятад хүмүүс таарамж муутай, дунд нь би хохирчих гээд байх юм” гэж бичсэн нь санаанд оров. Төвд хүн бүрийн цээжинд нэг бодол бий, түүнийгээ илэрхийлэх боломжгүй тул яльтай яльгүй юм бүхэн дээр түүнийгээ гаргадаг, харин хятадууд нь түүнийг нь мэддэг тул болгоомжилдог бололтой юм.
Потала ордонд Төвдийн өөртөө засах орны аюулаас хамгаалах байгууллага, бас хятадаас томилсон засаг захиргаа байрладаг ажээ. Дээр нь тогтворгүй бүс нутаг учраас хатуу чанд хяналттай. Шатаар өгссөөр нэгэн өндөр цамхагийн хаалгаар ортол бас нэгэн талбай угтав. Энэ талбай үлгэрлэвэл Төвдийн төв талбай байж л дээ. Потала дотроо бүтэн хот гэсний учир энэ. Гэхдээ их өргөн биш ээ, ойролцоогоор манайхны хашааны газрын хэмжээтэй.
Тэр талбайд жил бүр цуглаж сар шинэ (шинэ жил гэсэн, би ингэж ойлгосон) тэмдэглэдэг ажээ. Одоо энгийн үед талбай тойрсон сүүдрэвчин дор зөвшөөрөлтэй худалдаа эрхэлдэг. Лангуу тойрч явсаар нэгэн хөгшний зарж буй барааг сонирхов. Гоёмсог найман тахилын хээтэй бяцхан уутанд арц хүж тэргүүтэн хийсэн найман өнгийн түлхүүрийн оосор зарж байна. Нэг нь 20 юань, багцаар нь 160 юаниар авав. Бас ногоон оюу эрх дөрвийг, цагаан, улаан өнгийн маанийн үсэгтэй хуван эрхи дөрвийг эрх авлаа. Эндээс өөр юу ч авах билээ, аваад явахад авсаарханы дээр хүнд өгөх юм, Поталагаас авсан гэвэл бас л үнэ цэнэтэй. Басхүү бидний ярьдаг “хуванцар” гэдэг үг энэ “хув” гэдэг үгнээс үүдэлтэй юм байна гэсэн санаа орж ирэв. Хуванцар гэдэг нь хувархуу, хув шиг гэсэн агуулгатай л даа. Шууд утгаараа “хув бишээ, төстөй” гэсэн үг. Магнай найзууддаа бэлэглэнэ гээд тоогоор нь бяцхан хүрд авлаа.
Сайхан зандан модоор хийсэн бугуйн эрхиний үнийг андуурч сонсоод дутуу мөнгө өгч балрав. 140 юань гэснийг 14 юань гээд ойлгочихож. Дорнын уламжлал ёсоор тооны арын “О”-ийг жижгээр бичдэгийг мөнгө чанга байх үеийн дэлгүүрийн үнэ аятай “.00” мөнгө гээд ойлгочихож. Үнийг бичихдээ гараар бичсэнгүй, машинаар цохиж, тэгийн дор зураас тавьжээ. Ер нь албан худалдаа гэсэн үг л дээ, илүү дутуу үнэ нэмсэн зүйлгүй болов уу. Хуучин бичигт тооны арын тэгийг жижгээр бичдэгийг мэдсээр байж, соёлгүй гэдэг нь... Харин өнөө хөгшин гадныхан дандаа ингэж андуурдгийг мэддэг бололтой, тоосонгүй, миний андуурснаас арай том ширхэгтэй, торгон дотортой хавтгай хүрэн модон хайрцагтай эрхийг зааж “Хүү минь, энэ бол сайхан хийцтэй эрх шүү” 190-ээр ав гэлээ. Эрхи л сонирхоод байна гэж бодож л дээ. Хөтөч рүүгээ харвал үл мэдэг толгой сэгсэрч байна, наймаалцдаггүй гэсэн үг. Ер нь Төвдүүд Поталад ормогцоо үйл хөдлөлөө сүрхий хянадаг аж. Жаахан эргэлзэж байгаад болив, хаана ч зүүх билээ. Цаг ч тогтмол зүүж сураагүй хүн шүү дээ.
Ингэж будилсаар нэг юм наймаагаа дуусгаж өндөр чулуун дуганын хаалгаар гол ордон руу алхан орлоо. Энэ бол гаднаас нь харагддаг хамгийн өндөр улаан өнгийн байшин шүү дээ. Үүдийг нь гаднаас нь сарлагийн хар хялгасаар нэхэж хийсэн, дундаа цагаан өлзий хээтэй, өргөн цагаан эмжээртэй хоёр хөшгөөр нэмж хаажээ.
Ордон бол нэг талаас хааны ордон, засаглал төвлөрсөн газар, нөгөө талаас цайз хэрмээр хүрээлсэн хот, дээр нь сүм хийд ажгуу. Давхар бүрт нь нэг нөгөөгөөсөө гайхамшигтай ур хийц, дэглэлт бүхий бурхан шүтээн, тахил тавиг, ном судрыг тавьжээ. Ихэнх нь нарийн хээтэй жааз бүхий шилэн хоргон дотор байгаа нь нэг талаас үзмэрийн хамгаалалт, нөгөө талаас шашин номын газар биш болсныг илтгэх мэт. Тэр бүрийг тоочихын аргагүй, ер нь хүн өөрөө очиж үзвэл ариусан гэгээрч сүйд болдоггүй юм гэхэд урлаг талаас нь бахдан баясах нь дамжиггүй ээ.
Тавдугаар давхарт Далай ламуудын зэсээр урласан гайхамшигтай нарийн хийц бүхий Шамбалыг дүрсэлсэн байгууламжийг үзэв. Санаж буйгаар тав, долоо, наймдугаар Далай лам урлуулжээ. Наймдугаар далай ламын урлуулсан Шамбалыг сар шинээр задлаж өөрөөр угсардаг байсан гэлцэнэ. Хамгийн нарийн хийцтэй Шамбалыг тэртээ цаана тавьсан тул нарийн үзэж чадсангүй, нүдний шилтэй ирдэг байж гэж харамсав. Бид зөвхөн жуулчилж юм үзэж нүд тайлах, даатгал эргэл мөргөл хийхээр зорилгоо хязгаарлаагүй, басхүү Шамбалын талаар хэрдээ таарсан “судалгаа” хийж яваа хоёр шүү дээ.
Их л нарийвчлан үзэхдээ цаг их баржээ. Огцом өгсүүр модон шатаар дээш
өгссөөр хамгийн дээд давхарт гарав. Их өндөр настай хүн бол явалтгүй хэцүү юм
байна даа гэлцэн амьсгаадсаар явлаа. Поталагийн хамгийн өндөрт бас багавтар
талбай байдаг юм байна. Энэ талбайд Засгийн газар нь хуралддаг байжээ. Тэр
талбайг тойруулан үргэлжилсэн сүүдрэвчтэй тагт бүхий хоёр давхар сайдуудын байр
сууцууд байрлажээ. Сайдууд нь тавдугаар Далай ламаас хойш голджж лам нар байсан
тул их олон өрөө цэлгэр сууцанд биш давчуухан жижиг өрөөнүүдэд суудаг байсан
бололтой. Потала ордны улаан өнгөөр будсан хэсэг нь Тавдугаар далай ламын
бариулсан хэсэг гэж өмнө бичсэн санагдана.
Түүний дээр дэрэвгэр орой бүхий тахилын сүм байна. Талбай дээр хар хослолтой дөрвөн хамгаалагч сууж, явж буй хүн бүрийн үйлдлийг хянамгай ажна. Магнай намайг явуулж, хоёр гарын эрхий долооврыг дөрвөлжлөн зураг авч буй дүр үзүүлтэл нэг хамгаалагч захирангуй хашгиран босоод дөхөж гүйв. За ахиад л... гэж бодтол намайг өнгөрөөд буланд “селфидэж” байсан нөхрийг барьж авав. Чангаар зандарч, авсан зургаа даруй устга гэсээр устгуулж санаа нь амраад буцаж байна.
Далай ламуудын ажлын өрөө, гадаадын зочин хүлээн авах өрөө, мөргөлийн өрөө, цай зооглодог өргөө, унтлагын өрөө гээд бүгдийг үзэж сонирхлоо. Ялангуяа XIY Далай ламын өргөөг яг тэр чигээр нь хадгалсан байх юм. Энэ бүх эдлэл хэрэгсэл дундаа суувал Далай лам яг л тахисан бурхан шиг л харагдах нь дамжиггүй.
Тэндээс тахилын сүмд орвол хүмүүс бужигнаж байна. Энд гол шүтээн нь байдаг аж. Тэр бол нарийн хийцтэй, барагцаагаар дөрөв таван метр өндөр, эгнүүлэн тавьсан зэс суварган дотор оршоосон 5-13 дугаар далай ламуудын чандар, тэдний хойморт залсан Их зуу бурхан авай. Лхасыг заримдаа Их зуу гэдэг нь энэ Буддаг хэлсэн хэрэг ажгуу.
Сүмийн дотор цахилгаан гэрэл үгүй, зулын гэрэлд тун чиг сүрлэг харагдана. Буддагийн өмнүүд модон хашлага татжээ. Том хонин тогооны хэрийн зэс цөгцөнд зул бадраажээ. Төвдүүд амандаа маань уншиж наманчлан залбирахын зэрэгцээ том шилэн сав, майонезийн саванд дүүртэл хийсэн шар тосноос халбагадан зулын цөгцөнд өргөнө.
Хятадууд өөрийн заншлаар хашлаганаас метр орчим хол зогсоод алга хавсран даатгаж харагдана. Тэд хадаг барин дараалалд зогсоод өмнөх хүнээ даатгаж дуусахыг тэвчээртэй хүлээх ба ээлжээ ирмэгц хашлаганы цаана буй хар хослолтой эрд урт шар хадаг сүсэг дүүрэн бариад нэг алхам хойшилж залбирна. Юунд ч ойртохгүй, юунд ч хүрэхгүй юм. Харин өнөөх “хар хувцастан” хадгийг өрөөсөн гараараа хайнгадуухан шүүрч аваад цааш чулуудчих юм. Төвдүүд савтай шар тос өргөхөд тун завгүй өрж тавих ажээ.
Монголчууд, үнэндээ Магнай бид хоёр л доо, “монгол ёсоор” багананд гар хүрч, хашлаганаас адис аваад наманчлан даатгав. Би Монголоос авч гарсан шар хадгаа монгол ёсоор дэлгэн бариад Хятад ба Төвд хүмүүст ялгавартай хандахыг анзаарсан тул хятадуудаас зайдуухан хашлаганд дөхөж очоод аль болох эелдэгээр, бас хэл мэдэхгүй тул алдаа гаргахаас сэргэмжлэн хөтөчөөр дамжуулан “Би монголоос яваа юм, Та энэ хадгийг бурхан багшид өргөж туслаач” гэж хүсэв. Хөтөч маань энэ удаад англиар бус Төвдөөр орчуулан хэллээ. Тэгтэл өнөөх хар хувцастан яаран алхаж ирээд хадгийг яг барьсан хэвээр авч шатаар дээшлэн бурхан багшийн өвдөг дээр нямбайлан тохож тавиад “Болов уу“ гэсэн байртай эргэж харсанд толгой дохин гараа наманчилж талархал илэрхийлэв. Төвд хамгаалагчдад төрсөн гомдол үүгээр тайлагдав.
Тэндээс доош бууж, Далай ламуудын сэрэг дүрүүдийн өмнүүр наманчлан өнгөрсөөр хоёул гуравдугаар далай ламын дүрийн өмнө очиж залбирч, хашлаганаас адис аваад Монголоо даатган залбирч, мөнгө өргөв. Хадаг тавих аргагүй ба шилэн хоргонд буй тул жааз ба шилний завсраар мөнгө хавчуулах л арга үлдсэн хэрэг. Ингэх учир нь гуравдугаар далай лам Сономжамц бол Түмэд Алтан ханы ач монгол хүн билээ. Гэхдээ далай ламуудын “яс үндсээр нь ялгасан нь үгүй”, би зургадугаар далай лам Цанъяанжамцад мөргөв. Энэ хүн авъяас билиг төгөлдөр, гайхамшигт яруу найрагч хүн байсан бөгөөд Далай ламын суудлаа орхин Монгол руу дутаан шингэсэн гэдэг юм.
Түүний “Янагийн дуулал” шүлгийн мөрүүд одоо ч цээжинд буй
Ногоо цэцэг гандсан бол
Ногоон зөгий уйлаад яах вэ?
Ноттой сэтгэл суларсан бол
Нойргүй хоноод би яах вэ? ...
Ц.Дамдинсүрэн гуайн түүвэрт энэ шүлгийн гайхамшигт орчуулга бий. Домогт өгүүлэхээр тэрээр сахил санваараа зөрчин дурлаж, албаа өгөхийг элдвээр оролдсон ч хүлээн аваагүй гэдэг. Тэгсээр хайртай бүсгүйг нь бие давхар байхад нь хорлочихжээ. Далай лам хойд зүгт оргон зугтсанд Төвдүүд хорлогдсон бүсгүйн хэвлий дэхь үрийг гарган үзсэнд завилж суусан, магнайдаа чандманийн тэмдэгтэй байсан гэдэг. Төвдөд аугаа хүн төрөх байж, нэгэнт ийм болсон нь Төвдийн мандал бадрал буурахын тэмдэг болжээ гэж ихэд харамссан байна. Тэгээд Далай ламыг хайсан ч олоогүй гэнэ. Халхаар дамжиж шашин туйлдаа хүртэл дэлгэрснийг үзээд буцаж өмнө зүгт шашин дэлгэрүүлэхээр одсон гэдэг. Монгол аман домогт Цахар гэвш Лувсанчүлтэмийг түүний нууц хүү гэдэг. Цахар гэвшийн туурвил бүтээлүүд нь хязгаарын эрдэмт хуврагийн мэдэж чадахаас хэтийдсэн, зөвхөн Төвдөд л үздэг нууцсын номын оргилд хүрэх бүтээлүүд гэж үнэлэгддэг ажээ. Далай лам хүүдээ тэр бүхнийг нууцаар зааж өвлүүлсэн гэж үздэг ажээ.
Энэ намтар бол манай их гэгээрүүлэгч Л.Түдэв абугайн “Оройгүй сүм” алдаршсан романы үйл явдлын үндсэн шугам болсон байдаг. Дээр нь оройгүй мэргэдийг Төвдүүд нутгаасаа гаргадаггүй, зугтвал алчихдаг, өөрөөр хэлбэл нууцаа хадгалж байгаа юм байна л даа, Төвдийн энэ ёсыг барьж бичжээ. Сэнгээ гэвш (Сэра хийдийн хамба агсан) бас л ийм учраар Монголдоо очиж чадаагүй болов уу гэх адын бодол ч төрсөн. Дашрамд “Оройгүй сүм”-ийг англи, орос хэлээр орчуулж гаргавал нөгөө алдаршаад байгаа Дэн Брауны цуврал байтугай Ф.Оссендовскийн “Хүн, араатан, бурхад” ба И.Рерихийн судалгааны өгүүллүүдээс дутахгүй шуугиулах ном байгаа юм даа.
Долдугаар далай ламаар хошуудууд өөрийн хүнийг тодруулсан авч хорлож, Чин гүрнээс тодруулсан гэлцдэг. Өөрөөр хэлбэл VII Далай лам хоёр гэсэн үг. Үлгэрлэвээс өнөөгийн хоёр Банчин богдорхуу юм тэр үед болоод өнгөрчээ. Тэр ч байтугай I Далай лам өөрийгөө далай лам гэж мэдээгүй, цолыг “нэхэн” олгосон гэсэн үг, Монголчууд... Тиймээс Далай ламууд сүсэгтэн олны хардаг шиг “оройн дээд” шүтээн биш, өрнийхний харсан шиг цорын ганц “амилсан будда” биш, буурай орны ээдрээт цагийн төрийн тэргүүд. Бүгд бурханы амьдралаар амьдраагүй аж л. Бид “Төвдүүдээс боллоо” гэж их ярьдаг ч Төвдөөр яаж “тоглосноо” ярьдаг бил үү?
Түүнээс давхар доошлон элдэв ховрыг үзсээр бидний олонтаа харсан талын дааман хаалгаар ордноос гарав. Төвд хүн, Төвд мөргөлчин сүм хийддээ өөрийн чадлаар өргөл өргөхөөс бус сүм хийдээсээ “юм” авч гардаггүй ажээ. Авч буй нь даатгал, аврал гэж үздэг бололтой. Манайхан яадаг билээ, бурхандаа даатгачихаад өргөсөн мөнгөнийхөө хариуд рашаан, утлага авах гэж зүтгэлдэж, хүрэхгүй буюу удвал ламаа ч хараахаас сийхгүй хэцүү улс аа. Заавал нэг юм барьж гарч байж санаа амардаг, хачин шүү.
Гарсан талаас орчин үеийн Лхасын хөгжлийг өндөр дээрээс бүрнээ харж болох ажээ. Эргэл мөргөл хийсэн хөдөө нутгийн Төвдүүд ихэд сэтгэл хангалуун шатан дээр хөлөө жийн сууцгаана. Шатаар уруудсаар ордны хэрмийн хаалгаар дөнгөж гармагц гартаа элдэв шашны эд хэрэглэл барьсан хүүхнүүд шуугилдан ирж, худалдан авахыг шаардав.
“Үгүй үгүй, хятад хэл мэдэхгүй” гэж гараа савчсаар арай гэж тэднээс салав. Дөнгөж салтал хажууд хүрд барьсан үндэсний хуцвастай Төвд самган дөхөж ирээд нүдээрээ дохин зэвүүцэнгүй толгой сэжиж, эднээс юу ч битгий ав гэж байгаа бололтой Төвдөөр ямар нэг юм хэлэв. Хөтөчөө дуудан явах зуур юу гэснийг асуувал “Эдний дунд нэг ч Төвд хүн байхгүй, хятадууд л ийм бараа зардаг, шашингүй, мөнгө бодсон буруу номтноос юм аваад буян болохгүй” гэж байна гэлээ. Ер нь том, жижиг худалдааг хятадууд голдуу хийдэг ажээ.
Төв гудамж руу гарахын өмнөхөн хөтөч маань ямар нэг рекламны хуудас аваад цүнхэлчихэв. Их л хэрэгтэй юм байх гэж бодтол хожим тэр тасалбараар биднийг Төвд үндэсний урлагийн тоглолт бүхий оройн хоолонд аваачсан билээ.
Поталагаас гараад Жокан хийдийг зорилоо. Хотын өмнөд захыг эмжсэн замаар явлаа. Замын хоёр талын байшингуудын нэг давхраар электрон бараа, компьютерийн дэлгүүрүүд завсаргүй чигжжээ.
Жокан хийд бол Соронзонгомбо хааны үндэслэсэн хийд юм. Монголчууд Жоканд төдийлөн эргэл мөргөл хийж байсангүй. Учир нь шарын хийд биш. Тиймээс монголчууд сайн мэдэхгүй. Харин орчин үед жуулчдад “ач холбогдол өгөн” нээлттэй үзүүлдэг болжээ. Ингэх түүхэн шалтгаан хятадын Засгийн газарт байгаа нь энэ хийдэд Тангийн үед Хятадаас залсан бурхан багш байдаг. Жокан хийдийг Төвд буддизмын гол урсгалын алинд ч хамаатуулдаггүй. Төвдийн буддизм бол улаан малгайтны урсгалын Няма, Сахъяа, Кагю сургууль, шар малгайтны урсгалын Гэлэгва, Жонан сургууль, Бонгийн шашны хийдүүдээс бүрддэг. Төвдийн буддизмын тархалт нь Гималайн орон зайд Бутан, Балба, Энэтхэгийн хойд мужийн зарим нутаг, жишээ Ладак, Сикким, харин умардад Монгол (Хөх нуур, Шинжаан, Халимаг, Тува, Буриад) үндэстний тархан суусан нутаг юм.
Шарын жонан (jonang) сургууль бол Төвдийн гэхээсээ монгол буддизмын сургууль (школ) гэгддэг, өөрөөр хэлбэл шарын урсгал доторх Монгол дэг гэгдэн зөвшөөрөгджээ. Тэргүүн нь Жавзандамба хутагт, манай Базараагийн (ОУСХ-ийн судлаач, доктор Д.Базардорж) саяхан бичсэн өгүүлэлд дурдаад байдаг “Жавзандамбын шашин” гэдэг Төвдөд ийм нэртэй байх нь. Төвдийн шарын шашин хоёрхон сургуультайн нэг нь энэ. Гэлүгвагийн нэг урсгал гэж боддог байсан, гэтэл тусдаа школ гэгддэг юм байна. Тодруулбал шарын шашин бол гагц Гэлүгваг хэлж буй хэрэг биш, бас жонан урсгалыг хэлдэг. Далай лам ч зөвшөөрсөн бас өөрийн хүндтэй, Жавзандамба хутагтуудыг шүтээн болгосон хийдүүдтэй юм билээ. Гэхдээ энэ тун саяхны хэрэг явдал байж болзошгүй тул бас гүнзгийрүүлж судалбал зохих. Төвдөд бас нэг яриа байх нь “Галдан гэдэг хүн шарын дөрвөн хийдийн нэгний хамбаар бэлтгэгдэж байгаад сахилаа хаяж явсан тул тэр хийдийн хамбаар монгол хүн гаргахгүй гэдэг тангарагтай” гэнэ. Монгол, Төвдийн шашинд бас л зааг ялгаа гарч байгаа байх нь, шашин туйлдаа хүртэл хөгжөөд “акамат” буюу нэгжих шатандаа орж байна гэсэн үг үү?
Жокан хийдийн Монголтой холбогдох нь бас сонирхолтой. Монголчууд сүүлийн үед ихээр босгодог болсон “цагаан суварга” энэ хийдээс үүдэлтэй. Хийдийн бууринд нэгэн нуур байсанд Соронзонгомбо хаан ирж үзэхэд усанд нь “цагаан суварга” харагдсан домогтой. Тиймээс суварга босгох ажлыг яг эндээс эхлүүлжээ. Нуурыг хатааж, суурин дээр нь Жокан хийд барьсан байна. Хийдийн гол шүтээн нь хоёр “бурхан багш”.
Нэг нь Тан гүрний Тайзун хааны гүнж Вен Чений “инжинд” ирсэн, нөгөө нь Балбын хаанаас буулгасан Bhrikuti гүнжийн авчирсан будда юм. Жокан хийдийг илэрхий харж үздэг нь илт, сүмийн дээвэр ганжирийг тэр чигээр нь алтаар шаржээ.
Манайхны шүтдэг цагаан, ногоон дарь эх бол энэ хоёр хатан юм шүү дээ. Хаад хатдаа Дарь эх (Тара)-ийн хувилгаан болгох ёс эндээс эхтэй байж тун магадгүй, хүн хартай уулзаж, ном сөхөж, гүнзгийрүүлж судалсангүй, сонирхогчдод ийм боломж бий. Миний мэдэх өргөмжлөгдсөн цагаан дарь эх гурав байна. Он цагийн дарааллаар эхнийх нь Соронгомбо хааны Балба хатан, хоёр дахь нь Оросын II Екатерина хатан хаан (Герман гаралтай энэ хатны хөрөг канцлер А.Меркелийн өрөөний хананд залаатай байдаг гэж байгаа), гурав дахь нь манай Богд хааны хатан Дондогдулам. Екатеринаг мэдээж хаан нь өргөмжлөөгүй, манайхан л өргөсөн хэрэг. Таван өнгө, 21 дарь эхийг Төвдийн буддизмын бүх урсгал шүтдэг. Манайд бол Дулмаа, Долгор, Должин, Хорлоо нарын “аврагч эхүүд” хаа сайгүй л байгаа биз дээ?
Жокан хийдийн уншлагыг зогсоожээ, “үйлчилгээний” цөөн лам үлдээсэн нь музейн ажилтан болон хувирч байгаа бололтой. Тэд бурхан тахилыг тоос тортогийг арчиж, зул хүж сэргээж, мөргөлчдөд дэг журам сахиулж, өргөл барьцыг зохицуулж байна. Хийдийн гол шүтээд жижиг жижиг “өрөөнд” байх ба хаалгыг нь урт гинжээр хэрэн торложээ. Мөргөл үйлдэх цаг болохоор лам ирж цоожийг нь онгойлгож оруулах юм. Өрөө бүр хоёр хатавчиндаа сахиулсан догшидтой, дагалдах бурхадтай, хоймортоо гол шүтээнээ байрлуулсан нь тус бүр нэгэн дуган мэт. Бүгд шүтээнээс илүүтэй үнэт үзмэр тул наагуур нь шилэн хорго хийжээ. Бид бүгдийг гүйцээх гэсэнгүй ээ, онгорхойд нь орж үзээд, хаалттайг нь алгасаад явав. Анзаарагдсан нь ийм өрөөний яг босгоны наадтай шалан дээр хас дүрсэлсэн байх юм. Гишгичихэж түвдэлгүй, энэ ямар учиртай вэ? гэж асуувал тайлбарлагч “Хас бол аливааг зөв үйлд оруулахын бэлгэдэл. Ямар ч муу үйл хасаар засагдан зөвтдөг гэж Төвдөд үздэг, тиймээс хасаар дамжин үйлээ тэгшилдэг учиртай” гэлээ. Хасын хажуугаар үсрээд орвол гайхаж байгаа бололтой инээмсэглэж байна. Төвдүүд гишгэлээд орчих юм.
Үдийн 14 цагт Жоканд авчирсан нь бас учиртай аж. Яг энэ цагт хийдийн гол шүтээн Балбаас залсан бурхан багшид хүмүүсийг мөргүүлдэг юм байна. Өндөрт зассан тусгай өрөөнд залсан байх ба үүдэнд нь хүрэхдээ хүртэл шатаар өгсөж зүтгэх хэрэг гарав. Гурван метр гаруй өндөр, завилж суусан бурхан багшийн дүр ажээ. Энд харин жинхнээсээ шахцалдан оочирлолоо доо. Төвдүүд шар тосоо, хятадууд шар хадгаа барьчихаж. Бид энд мөргөл даатгал хийнэ гэж тооцсонгүй ээ, бас ийм ховор шүтээн байдаг ч гэж мэдсэнгүй. Тэгээд гар хоосон даатгалтай биш хэдэн юань өргөөд гарлаа.
Бурхан багшийн зүүн дор хөндий гонзгой чулуу байна, тэр нүхээр сонсвол хийдийн бууринд байсан нуурын усны цалгилах чимээ сонсогддог гэсэн тул чихээ наан чагнавч юу ч сонсогдсонгүй. Хажуугаар нь тэр хүмүүсийн дуу шуугианыг ээ... Чулууны ойролцоо Соронзонгомбо хаан ба хатдын зэс шуумал байна. Нэг цагаан дарь эх, нөгөө нь ногоон дарь эх, харин Төвд хатан нь ямар гавъяатай юм бол гэвэл “Хүү төрүүлж өгсөн” гэв. Хааны угсаа дарь эхээс үнэтэй? Төвд хатан бон (Төвдийн бөөгийн шажин) шажинтай байсан учраас Жоканыг бон шашны хийдэд ч хамаатуулж үзэх тал бий гэнэ.
Нар зөв тойрч явсаар Тангийн гүнжийн авчирсан бурхан багшийг үзэв. Өндрөөрөө метр хэрийн сайхан хийцтэй багашаархан суумал бурхан байна. Төвдүүд л тэгсэн байх, Балбын гүнжийнхийг гол шүтээн болгочихоод Тангийн гүнжийнхийг зүүн урд хатавчинд залж, Хятадынх болохоор тоохгүй байна гэж бодтол бас тийм биш аж. Хятадын соёлын хувьсгалын үеэр сүм хийдийг нураан тонож байхад энэ бурхныг авахаар ирсэн улаан хамгаалагчдын нүдэн дээр ханандаа шингэчихсэн ба хожим Жокан хийдийг сэргээхэд буцаад гараад ирсэн гэлцэж их сүслэх ажээ.
Аль ч хийдэд ороход ялангуяа Потала ордон дотор эртний өндөр таазтай том дуганы хана ба танхимыг тусгаарлах хана болгож олон мянган баринтагтай судар өрж тавьсан байдаг. Уншдаг уу? гэвэл шаардлагатай бол уншдаг, гэхдээ шүншиг болоод байж байдаг гэхийг бодвол Төвдийн сүм хийдүүдийн аравнай айхтар бололтой дог оо.
Тийм ханын араар тойрч дуганыг төвд гарч ирвэл гол шүтээний хоёр талын олон эгнээ лам нарын суудал дээр лам дээлийг орхимжоор нь ороогоод завилж суугаад ном уншиж буй хэлбэрт оруулан өрж тавьсан нь нүднээ тусав. Нэгэнт уншлага тасарсан тул ингэж л домнохоос өөр аргагүй болжээ.
Хийдээс гарч өмнөх талбайд хүрвэл мөргөлчид өнөө их арц гангаа шавар зууханд шатааж тэр гэхийн тэмдэггүй утаа май болж байна. Энд харин өнөө сунаж мөргөсөөр гороо хийдэг мөргөлчинг анх үзэв. Ноорхой эр өвдгөө хамгаалж, зузаан арьсан хормогч зүүжээ. Нуруундаа манай дунд сургуулийн охидын үүрдэг хүүхэлдэйн усан дагины зурагтай, хир даг болсон ягаан цүнх үүрчихэж. Сунаж мөргөхдөө амар болгож хоёр гарын алганд тоосго шиг зузаан төмөр уяжээ. Хөндий эсэхийг бүү мэт, орой дээрээ наманчлан залбираад гараа тулан сунаж мөргөхөд тэр гялтганасан төмөр чулуун зам дээр чарга мэт хангинан гулсана... Түүнээс Төвд хаа сайгүй мөргөлчин гуйлгачин чихсэн, зураг авах гэхээр айж зугтдаг, бөөстэй үстэй дээлтнүүдийн орон биш юм аа.
Хөтөч маань үдээс хойш завтай тул дэлгүүрээр оръё гээд дагуулан явлаа. Жокан хийдийн орчим жуулчдад зориулсан худалдаа төвлөрдгийг цувралын эхнийхэд бичсэн. Нэгэн дэлгүүрээр орж нүдэнд туссан сайхан хийцтэй цагаан суварга байсныг авлаа. Ахиж нэгийг авахаар хайсан авч байсангүй. Сайны ерөөлөөр ганц надад таарчээ гэж дотроо бэлгэшээв.
Тэндээсээ жинхэнэ Төвд хоол амсаж үзье гэсэн бидний хүсэлтээр яг хийдийн талбайн дэргэдэх Лхасын хамгийн олон жуулчин төвлөрдөг ресторанд оров. Төвд хуушуур хоёр хоёрыг авлаа, махыг нь машиндчихсан, баахан амтлагч хийчихсэн, шөлгүй аргуу байна. Дув дугуй хэлбэртэй, тойруулж чимхдэг тул зах нь зузаан тул үлдээхээс аргагүй юм. Дараа нь Төвд бууз захилаа. Гурил нь зузаан гэж тоймгүй, шүдэнд наалдаад байх юм. Монгол бууз гурил нь нимгэн, мах нь өөхтэй, дотроо шөлтэй байдаг юм гэвэл айлууд бас тэгж хийдэг, энэ нийтийн хоолны газар болохоор ингэж байгаа юм гэж Дулмаа тайлбарлав. Тэгэхээр нь шарсан банш захилаа. Нөгөө буузыг чинь шараад аваад ирж байна. Хоёр хоёроос илүү явдаггүй дээ. Дүрж идэх дүрлэг захисан ч дөрвөн өөр амтлагч авсан тул цөхрөөд болив.
Эцэст нь цуйван идэхээр шийдэж, захилаа. Гэтэл өнөөх хятад амттай амтлагчаар амталж, бэлэн хоолных шиг нарийхан хятад гоймонгоор гурилыг нь орлуулсан тул бас л явсангүй дээ. Өөхний бараа ч үгүй, нимгэн хавтгай хэрчсэн сарлагийн хар мах горойгоод явах юм биш. Нүүдэлчид учраас хоолны нэр төрөл адил, харин яаж нэрлэдгийг нь мартжээ. Ямар боловч монголын тийм хоолтой адил иймэрхүү хоол гэхээр яаж ийгээд л гаргаж ирээд байх юм аа. Амтлагч нь нэг л төрөл, карри шиг тосонд багсарсан улаан өнгөтэй халуун амтлагч авчрах ба түүгээр ямар ч хоол даруулсан Энэтхэг хоол л амтагдаад болох юм биш ээ. Төвд хоол нэртэй, хятад маягаар амталсан, дагалдах амтлагч нь энэтхэг хоол гэхээр ямар санагдана вэ? Та төсөөлөөд үз дээ. Сарлагийн сайхан шаргал өөхтэй хавирга чанаад ир гэлтэй биш, аягүй бол шөл захивал хятад шөл авчирах нь байна гээд зогслоо. Цадах нь цадлаа, зүгээр.
Ер нь хоолны амтлагчаар юу хэрэглэж байгаагаас ямар үндэстний нөлөөнд байгааг харж болдог гэнэ шүү. Кетчуп их хэрэглэж байвал Америк, венегар их хэрэглэж байвал Англи, жан их хэрэглэж байвал Хятад хоолны нөлөө их гэсэн үг. Эцэст нь Энэтхэг амтлагч өгөөд байгаа нь хоолны хувьд Хятадаас хамааралгүйгээ харуулах л санаа бололтой гэж таав. Олон хоол амсаад тавиад байсанд таалагдсангүй гэж санаа зовсон бололтой хөтөч маань “Танайх ямар амтлагч хэрэглэдэг вэ?” гэж асууж байна. Манай мах амтлагч шаарддаггүй юм аа, хонь маань өөрөө өөрийгөө амталчихдаг тул бид амтлагч багатай хоол иддэг гэж хошигнов. Энэ үгийг би ч хэлээд байгаа юм биш Конрад Аденауэрийн сангийн төлөөлөгч байсан Прооль гуай “Чингис хаан мишээж байна” номдоо “Монгол малын маханд амтлагч хийх ямар ч шаардлагагүй, угаасаа маш сайхан амттай тул монголд амтлагч гэсэн ойлголт байхгүй ажээ” гэж бичсэнийг л дамжуулж буй нь тэр. Зүгээр амттай, сонирхолтой байна гээд зөөгчид нь талархаад босов.
Манай “Модерн номадс” үндэснийхээ хоолыг “модернизацичлах” тал дээр их юм хийжээ, гадны жуулчин ирээд монгол хоол идье гээд эндэх шиг байвал ахиж монгол хоол идэхгүй, очоод монгол хоол битгий идээрэй гэж бусаддаа захина. Оросууд соц үед “Монголд хорхог гэдэг хоол битгий идээрэй дэлбэрдэг юм” гэж захисан гэдэг шиг. Үнэндээ жуулчид байтугай бид өөрсдөө “Номадсын хоолонд” орчихсон улс шүү дээ. Жуулчлалыг хөгжүүлэхэд хоолны соёл их хэрэгтэй юм байна гэж “дүгнээд” гарцгаалаа.
Маргааш өглөө амжуулаад Бэрээвэн хийд, Найчүн сүм үзье, үдээс хойш хөдөлнө, тиймээс Та хоёр амарсан нь дээр гэж хөтөч маань зөвлөв. Хоёул буудал ойрхон тул хүнд хоолоо шингээж алхая гэж ярилцаад “жолооч яав?” гэсэнд аль хэзээний явчихсан гэлээ. Тэр хятад жолооч ер нь зан муутай, хөөрхий хөтөчийн аргыг бардаг нь анзаарагдаж л байсан юм. Аятайхан хүн байсан бол яг хөтөч шигээ хоолонд урих л байсан яваг цаашаа гэж бодов. Хөтөч жаахан санаа зовсон байртай, маргааш таксигаар явна 50 юань бэлдээрэй гэв.
“Яагаад?” гэсэнд жолоочийн Лхаст үйлчлэх гэрээ дууссан, Бэрээвэн, Найчүний сүм үзэх хөтөлбөрт тусаагүй, би өөрөө мэдэж үзүүлж байгаа юм гэлээ. Талархаад, болтугай гээд салах ёс хийв. Замд өнөө айхтар хоолны амт амтагдаад болохгүй тул хоёул аяга кофе ууя, басхүү үзээгүй гудамжаар явъя гэж зам хазайгаад Лхасын “Time square”-т орчихов. Том дэлгэцтэй байшин нь л намхан болохоос яах аргагүй мөөн. Түүгээр нэвт өнгөрөөд кофе шопт орлоо. Кофе чанахыг хүлээх зуур нэгэн дунд хэр насны гуйлгачин орж ирээд мөнгө гуйсанд өгсөнгүй.
Орой хэвтэнгээ өдрийн аяллаа дүгнэж, Магнай явсан хийд, бурхадын талаар нет ухаж олсон мэдээллээ орос, англиас орчуулж, миний ярьсантай тулгаж, нэгтгэн буруу зөвийг ярилцан тархиндаа баринтаглав.
Тэр зуур “Бурхан буяны сүсэг шалгадаг л гэдэг, саяын тэр гуйлгачинг шалгалтаар явуулж дээ” гэвэл “Бие хаа эрүүл саруул, залуу хүн гуйлга гуйх ёсгүй биз дээ” гэж Магнай хэлж байна. Тийм ч биз, үгүй ч биз гэлцээд маргааш ядарсан хүнд өглөг өгнө өө гэлцээд унтав...
ok
Mongol hynii aylal ajiglalt eer bna!
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Sonin.mn-ээс авав
Sonin.mn-ээс авав
Sonin.mn-ээс авав
Зочин
Зочин
Зочин
Sonin.mn-ээс авав
Зочин
Зочин
Зочин
Tsolmon
Sonin.mn-ээс авав
Б9
Б9
TGT
Sonin.mn-ээс авав
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
97.83.173.42-л нэмж хэлэхэд
Зочин
Зочин
Зочин
нэг
neg
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочинн
Зочинн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
reader
reader
Зочин
Зочин
дайчид
дайчид
Дэмжигч
Зочин
нэг
нэг
Жл
Зочин
Зочин
za daa
za daa
zochin
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин