Өмч хувьчлалын өмнө “төрийн өмчийг хамгаалагч”-аас айх шалтгаан хэнд байв
“ТӨХ-ны дарга асан Ц.Нанзаддорж тамгаа аваад зугтсан” хэмээн өнгөрсөн дөрөвдүгээр сард news.mn сайтад нийтлэгдсэн. Тухайн үед энэ талаар ТӨХ-ны Тамгын газрын дарга Ц.Одмаагаас тодруулахад “Байгууллагын архив, бичиг хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу тухайн байгууллагын тамга Тамгын газарт үлдэх ёстой байдаг.
“ТӨХ-ны дарга асан Ц.Нанзаддорж тамгаа аваад зугтсан” хэмээн өнгөрсөн дөрөвдүгээр сард news.mn сайтад нийтлэгдсэн. Тухайн үед энэ талаар ТӨХ-ны Тамгын газрын дарга Ц.Одмаагаас тодруулахад “Байгууллагын архив, бичиг хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу тухайн байгууллагын тамга Тамгын газарт үлдэх ёстой байдаг. Үүний дагуу ТӨХ-ны тамга Ц.Нанзаддоржийг ажлаа өгснөөс хойш буюу энэ оны нэгдүгээр сарын 19-өөс өнөөдрийг хүртэл надад байгаа. Дээрх мэдээлэл ор үндэсгүй худал байна” гэсэн юм. Харин Ц.Нанзаддоржийн өмнө ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Б.Цогтбаатар дээрх зааврыг зөрчин өөртөө тамгаа хадгалж байсан гэх мэдээллийг батлах хүн цөөнгүй таарч байв.
Дашрамд сануулахад ТӨХ-ны дарга Ц.Нанзаддорж өөрийн хүсэлтээр ажлаа өгснийг Засгийн газрын хуралдаанаар тун түргэн хугацаанд шийдвэрлэж өгсөн бөгөөд тэр даруйдаа ТӨХ-ны орлогч Ж.Төмөрбаатарт ажлаа бүрэн хүлээлгэж өгсөн байдаг. Түүнээс хойш ТӨХ дарга болох гэж байна гэсэн олон кандидат дуулдсан ч дахиад л Ц.Нанзаддорж ТӨХ-нд ирсэн нь олон хүний дургүйг хүргэсэн бололтой.
Хэдийгээр Ц.Нанзаддорж халагдах үндэслэлгүй байсан хэмээн шүүхдээд ялсан ч УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатарын төсвийн мөнгөөр тансагласан гэм бурууг илчилж, “Улс орон даяар хэмнэлтийн горимд шилжин, бүх шатанд тэвчиж болох зардлыг танасан бодлого явуулж байхад танай байгууллага 200 сая төгрөгөөр лексус-570 маркийн автомашин, 1.5 тэрбум төгрөгөөр нийгэмлэгийн даргадаа шинэ орон сууц худалдан авсан байна. Дээрх худалдан авалтууд нь тус нийгэмлэгийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүйн дээр эрх бүхий байгууллагын зөвшөөрөл олгогдоогүй байна” хэмээсэн бичгийг энэ оны гуравдугаар сарын 27-нд өөрт нь хаяглан шидчихээд ажлаа өгсөн нь сонирхол татсан. Үүгээрээ би ТӨХ-ны даргын төлөө биш Төрийн өмчийг хамгаалахын төлөө ажилласан гэдгээ харуулсан болов уу.
Үнэн хэрэгтээ Л.Пүрэвбаатарын тансаглал гэгчийг Ц.Нанзаддорж илчилсэн ч, үгүй ч, түүнийг томилуулахад “хүчин зүтгэсэн” Г.Батхүү, О.Чулуунбат нар гэхчлэн “Якунины монгол найзууд” бүгд сэтгэл дундуур байх болсон. Наанадаж л монгол хүн төмөр замынхаа салбарыг даргалахдаа орос орлогчтойгоо дүйцэхүйц урамшуулалт цалин авах болсон зэрэг нь нүүр улайлгахад хүргэсэн нь лавтай. Уг нь Ц.Нанзаддоржийн оронд “Алтангадас”-ын сүр хүчин төгөлдөр кандидат ирсэн бол одоо хэлэлцэх гэж буй төслийг батлуулахад “ач холбогдолтой” байх байлаа. Гэвч хувьчлагдах гэж буй объектуудын нөхцөл байдал, үнэ цэнийг харваас туршлагатай гарт өгч шийдүүлэхгүй бол цаашид ирэх сонгуулийн үр дүнд ч нөлөөлж “АН-ынхан гараа угаагаад өнгөрсөн” гэх хаягтай үлдэх байсан болов уу. Тиймээс ч Ц.Нанзаддоржийн эсрэг “аян дайн” эхэлсэн ч гүтгэлгийн чанартай, баримт нотолгоогүй байгаа нь харамсалтай.
Тэрбээр тамгаа авч зугтсангүй, хөрөнгө орлогын мэдүүлгээ нууж байсан удаагүйг батлахад тун амархан. Холбогдох байгууллагуудаас ч албан ёсоор тодруулга авлаа. Харин Ц.Нанзаддоржийн оронд ТӨХ-ны даргаар томилогдохоор дуулдаж байсан хүмүүсийн хувьд Г.Батхүүгийн үед л албан тушаалд очдог, ажилд очих зам, очсон хойноо хийсэн ажлаар чамлалттай түүхтэй байдаг.
Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах өөрчлөх үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ЭЗБХ-ны ажлын хэсгийн хуралдаан эхэлж буй. Тогтоолын төслийн 4-т:
-“Дулааны цахилгаан станц-4” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс орох орлогыг компанийн техник, технологийг шинэчлэхэд ашиглах,
-“Дулааны цахилгаан станц-3” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс орох орлогыг компанийн техник, технологийг шинэчлэхэд ашиглах,
-“Дулааны цахилгаан станц-2” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс орох орлогыг компанийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэхэд ашиглах,
-“Дарханы дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс орох орлогыг компанийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэхэд ашиглах,
-“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс орох орлогыг компанийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэхэд ашиглах,
- “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн цахилгаан эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийг түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс салгаж, бие даасан хуулийн этгээд болгон хувьчлах гэхчлэн эрчим хүчний салбарын хувьчлалын “зураглал” бий.
Мөн “Шивээ-Овоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцаа 51 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжих замаар тус компанийн нүүрс олборлох хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх, “Багануур” хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 51 хувьд байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжих замаар тус компанийн нүүрс гаргах хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх, “Эрдэнэс ТТ” хувьцаат компанийн иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн хувьцааны тоо хэмжээ, бүртгэлийг холбогдох хууль болон Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрүүдэд нийцүүлэн цэгцэлж, хувьцааг нийтэд санал болгон арилжаалах бэлтгэлийг хангах гэхчлэн уул уурхай, тэр тусмаа “нүүрсний” компанийг хувьчлах асуудлыг тусгажээ.
Цаашилбал, “Оргил рашаан сувилал” төрийн өмчит хувьцаат компанид сувиллын лавлагаа, судалгааны үйл ажиллагааг нэмж хариуцуулан зохион байгуулж, үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах, “Кино урлагийн дээд сургууль” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн нийт хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгож, татгалзсан тохиолдолд нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-г элеватораас бусад тариалан болон гурилын үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээдийн дундын өмчлөлтэй компанийн хэлбэрт оруулан өөрчлөн зохион байгуулж, хувьцааг нь тэдгээрт тэнцүү хэмжээгээр хувь эзэмшүүлэн, өөрсдийн эзэмшлийн хувьцааг бусдад худалдахгүй байх нөхцөлтэйгээр хөрөнгийг дахин үнэлж хувьчлах болон “Хөдөө аж ахуйн бирж” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг түүний технологийн шинэчлэл хийхэд шаардлагатай хөрөнгийн санхүүжилтэд хамтарч ажиллах сонирхолтой хөрөнгө оруулагч этгээдэд оруулсан хөрөнгөд нь тохируулан нэмэлт хувьцаа гарган эзэмшүүлэхээс гадна ажиллагсдад нь төрийн эзэмшлийн хувьцаанаас 5 хувийг эзэмшүүлэн, төрийн эзэмшил 34 хувь байх хэмжээнд хувьчлахаар тусгажээ.
Мөн “Авто импекс” хувьцаат компанийн төрийн мэдлийн хувьцааны доод үнэ дээр Сангийн яаманд төлөх төлбөрийг нэмж нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах, “Монгол шуудан” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувьтай тэнцэх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, орлогыг компанийн үйл ажиллагааг сайжруулах эх үүсвэр болгон ашиглах, “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг Солонгосын талд худалдан авахыг санал болгож, татгалзсан тохиолдолд хөрөнгийн зах зээлд нийтэд худалдах, “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит ХХК-ийг цаашид энэ чиглэлээр нь дагнасан үйлчилгээ эрхлэх зарчмыг хадгалан дахин үнэлгээ хийж төрийн эзэмшлийн хувийг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах, “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн мэдлийн хувьцааны 10 хувийг ажиллагсдад нь “Ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд үнэгүйгээр эзэмшүүлэх, үлдсэн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчлах,“Монголын хөрөнгийн бирж” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зах зээлийн үнэлгээг тогтоон, хувьцааны тодорхой хэсгийг Лондонгийн хөрөнгийн биржид төлөх өрд тооцон хувьцаагаар солих саналыг тавьж, үлдсэн хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжих гэхчлэн үргэлжилжээ. Харин нийгмийн салбарын хийх хувьчлал гэсэн хэсэгт “Гурав дахь шатлалын төрийн өмчит эмнэлэг болон төрийн өмчийн их, дээд сургууль, зарим соёл, урлагийн байгууллагыг ашгийн бус компанийн хэлбэрт шилжүүлэн удирдлагыг хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэсэн тогтолцоотой болгон дараах хэлбэрээр ажиллуулах” гэхчлэн тусгасан байдаг.
Дээрх хувьчлалын “төсөл зураглал” бүхэн тухайн салбарынхны эсэргүүцэлтэй тулгарахаар байсан. Үүнийг ч мэдэрсний улмаас Ц.Нанзаддоржийг ажлаа өгсний дараа оронд нь томилох хүнийг сонгохдоо удсан гэлцдэг. Ийм үед аргаа барсан ганц мэх нь наадмын үеэр батлуулах арга байдаг. Тиймээс ч наадмын өмнө яаравчлах болсон биз. Энэ төсөлтэй “тэмцэж” төрийн өмчөөр тоглуулахгүй хамгаалахаас айхгүй байх хүн бол Ц.Нанзаддорж байсан учраас дахин тэр суудалд очихоосоо ч халгасангүй, нэр хүнд бодож ичсэнгүй. Ямартай ч ТӨХ-ны даргаар дахин сонгогдсон Ц.Нанзаддорж төрийн өмчийг хамгаалахаар ирснийг батлах хүн амархан олдоно гэдэгт итгэлтэй байна.