МАХН-ын өмнө хүчгүйдсэн “шүдгүй арслан”
Намын дарга-Ерөнхий сайд уу, Ерөнхий сайд-намын дарга уу
МАХН-ын XXY их хурал Төрийн ордонд үргэлжилж байна. Шууд утгаараа төлөөлөгчид нь биш ч, УИХ-ын гишүүд энэ намын их хурлыг үргэлжлүүлж сууна. Цагаан байранд болсон хурлаар С.Баярыг намын даргаар сонгож, Ерөнхий сайдаар хавсран ажиллахыг үүрэгдсэн тогтоол гаргав. Тогтоолыг Төрийн ордонд, парламент хэрэгжүүлж М.Энхболдын Засгийн газрыг огцрууллаа. Одоо С.Баярыг Ерөнхий сайдаар томилсноор МАХН-ын их хурлын 666 төлөөлөгчийн гаргасан шийдвэрийг нам “унасан толгой”-гүй УИХ-ын 76-хан төрийн түшээ хагас сарын дотор хэрэгжүүлж дуусах юм. Энэ бол Монголын төрд цоо шинэ үйл явдал биш ээ. Манай улс парламентын бус, намын, тэр дундаа МАХН-ын засаглалтайг илтгэх олон жишээний л үргэлжлэл. Энэ удаагийн жишээ харин Засгийн газрыг сонгуульд зориулж, Ерөнхий сайдын албан тушаалыг намын даргынхаас доогуур эрэмбэлснээрээ онцлог байлаа.
Намын даргаас доогуур эрэмбэтэй Ерөнхий сайд. Намын дарга, Ерөнхий сайдын албыг нэг хүн давхар хашдаг улс орнууд бий. Парламентын хаант засагтай Япон, Англид ийм. Тэнд Ерөнхий сайдын албыг сонгуулийн үр дүнгээр намын даргын хүлээх хариуцлагтай дүйцүүлсэн эрх мэдэл гэж үздэг. Хэрэв нам нь сонгуульд амжилтгүй оролцвол намын даргын улстөрийн карьер дуусна. Манайд бол ялагдсан намын дарга харин ч албан тушаал дэвшдэг. Засгийн газрын тэргүүн намын дарга нь парламентаа тараах эрхтэй улс орнуудад энэ хоёр албыг нэг хүн давхар хашдаг. Манайд бол нэг хүн давхар биш, хавсарч хашдаг.
Ерөнхий сайд гэдэг улстөрийнх ч, төрийн өндөр албан тушаал. Тухайн хүний үндсэн ажил, төрийн алба. Намын дарга бол сонгуульт ажил, улстөрийн байгуллагын тэргүүн. Ерөнхий сайд нийт ард түмэн, Монгол Улсаа төлөөлнө. МАХН-ын дарга зөвхөн намаа төлөөлж, 161 мянган гишүүнээ удирдана. Хэрэв хавсрахдаа хүрвэл сонгуульт алба нь үндсэн ажилдаа зориулагдаж уу, эсвэл сонгуульт албандаа үндсэн ажлаа ашиглах нь уу гэдгээр энэ хоёр албан тушаалын ач холбогдол, эрэмбийг тодорхойлно. Жишээ нь, С.Баяр гэдэг хүн намын сайн дарга байхаас илүү сайн Ерөнхий сайд байх нь Монгол Улсад хэрэгтэй, тэр хэрээр түүхэнд үлдэнэ. Парламентын засаглалтай олонхи оронд Засгийн газрынх нь ажлын үр дүнгээр дамжуулж ард түмэн өөрсдөө, сайн дураараа эрх баригч намуудыг дэмждэг. Харин манайд бол ард түмнээс хүчээр дэмжлэг авахын тулд засгийн газрыг намд ашигладаг. Яг тийм шийдвэрийг МАХН-ын их хурлаас гаргалаа.
Монголын парламентын түүхэнд намын дарга нь Ерөнхий сайд байсан таван тохиолдол бий. Зургаа дахь нь С.Баяр болох нь. Хамгийн анх Ц.Элбэгдорж намын даргаар дамжиж Ерөнхий сайд болж байсан бол Н.Энхбаяр 2000-2004 онд, дараа нь М.Энхболд, одоо С.Баяр энэ замаар явах гэж байна. Ж.Наранцацрал, Р.Амаржаргал нар Ерөнхий сайд болсон учраас тухайн үеийн МҮАН-ын дарга болж байв. Гарч ирсэн энэ шалгуураар нь харвал Ж.Наранцацралт, Р.Амаржаргал нар Ерөнхий сайд-намын дарга, бусад нь намын дарга-Ерөнхий сайд байлаа. Харин Ерөнхий сайдын албыг нэгдүгээрт, намын даргаа хоёрдугаарт эрэмбэлж чаддаг гэсэн шалгуураар бол тийм Засгийн газрын тэргүүн хэд байсныг бурхан л мэдэх байх. Яагаад гэвэл тэд энэ тухайгаа мэдэгдэдггүй байлаа. Харин ил зарласан ганц нь С.Баяр болох нь. Намаа сонгуульд ялуулахын тулд Засгийн газраа тэргүүлнэ гэж байгаа нь Ерөнхий сайдын албыг хоёр, намын даргаа нэгдүгээрт эрэмбэлнэ гэсэнтэй утга нэг юм. Тэгээд ч, Засгийн газар нь үнэхээр л нэг намын сонгуулийн ялалтад зориулагдаж байгаа нөхцөлд тэр намын даргаас дээгүүр эрэмбэтэй Ерөнхий сайд гэж байхгүй нь тодорхой.
Сонгуулийн Засгийн газар. Үе, үеийн Засгийн газрууд зориулалт, зорилгоо тодотгосон оноосон нэртэй. Ц.Элбэгдоржийнх их эвслийн, М.Энхболдынх Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байлаа. Харин С.Баярын Засгийн газар сонгуулийнх байх нь. Зориулалт нь зорилгоо тодотгодог. Зорилго нь зориулалтаа тодорхойлж ч болдог. Гол нь зорилго, зориулалт хоёр яв цав нийлж байх учиртай.
МАХН-ыг дараагийн сонгуульд ялуулах зорилгоор М.Энхболдын Засгийн газрыг огцруулж намын даргаа Ерөнхий сайдын албыг хавсрах шийдвэрийг тус намын их хурлаас гаргасан. Ийм зорилгыг МАХН-ын их хурлаас тодорхойлсон гэсэн үг. Одоо МАХН-ын энэхүү зорилгыг биелүүлэхэд зориулагдсан бүтэц, бүрэлдэхүүн бүхий Засгийн газрыг УИХ байгуулна. Ингэснээр сонгуулийн Засгийн газрын зорилго, зориулалт хоёр ижилсэх юм. МАХН-ын сонгуулийн ялалтын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх эсэх нь шинэ Засгийн газарт эвсэх намууд, орох сайд нарт тавих гол шалгуур байх нь.
МАХН бол өөрсдийнх нь хэлсэнээр 161 мянган гишүүнтэй улстөрийн байгууллага. Дээд шүүхэд бүртгэлтэй 20 гаруй намын л нэг.УИХ бол 2.5 сая ард түмний төлөөлөл болсон төрийн эрх барих цор ганц дээд байгууллага. Нам бол нийгмийн удирдах хүч байхаа больсон. Тийм учраас намууд засгийн эрхийн төлөө сонгульддаг. Тэгвэл парламент ард түмний өмнөөс шийдвэр гаргаж, эрхэм гишүүд тойргоос сонгогддог ч нийт монголчуудын төлөө ажиллах тангаргатай. Энэ өнцгөөс нь харвал МАХН сонгуулийн дараагийн цикльд засгийн эрх барихын тулд Засгийн газрыг ашиглахаар даргаа Ерөнхий сайдад зүтгүүллээ. Энэ нь байж болох л улстөрийн акц. Үүнийх нь төлөө МАХН-ыг муу, муухайгаар дуудах нь тийм ч оносон шүүмжлэл биш санагдана. Харин МАХН-ын энэ адын хүсэл, сонирхлыг улстөрийн шийдвэр хэвээр Цагаан байранд нь үлдээж чадахгүй, Төрийн ордонд нэвтрүүлж УИХ-ын тогтоол болгон төрийн шийдвэр болгож байгаа парламентыг үзэн ядмаар. 2.5 сая ард түмнээ МАХН-д гишүүнчлэлтэй 161 мянган хүний эрх ашигт багтаан нийцүүлж байгаа парламент өөрөө хэн бэ, хэдэн оны үйл явдал вэ гэдгийг төрийн түшээдээс асуумаар. Ард түмний байгуулсан УИХ бүхлээрээ МАХН-ын өмнө жижигдлээ. Энэ нь өнөөдөр байгаа 76 хүндээ биш, парламент өөрөө эрхзүйн талаасаа улстөрийн намуудын өмнө шүдгүй арслан мэт хүчгүйн жишээ билээ. Парламентын засгалалыг тойрсон хуулиудын шүүрэн шанага шиг олон цоорхойг улстөрийн намууд нэг талаас олзолж байна. Нөгөөтэйгүүр тогтоосон засаглалаа төгөлдөржүүлж, боловсронгуй болгохыг улстөрийн намууд парламентад хэлж байна, МАХН их хурлынх шиг шийдвэрүүдээр дамжуулж.