Тэмүжиний хувьсгал
Би Тэмүжинийг эгэл хүнээс өөр айхтар онцгой, бараг л бурхан байсан гэдэг бичлэг, ярианд итгэдэггүй. Гэсэн ч түүний үед болсон зарим үйл явдал үнэхээр сонирхолтой.
Би Тэмүжинийг эгэл хүнээс өөр айхтар онцгой, бараг л бурхан байсан гэдэг бичлэг, ярианд итгэдэггүй. Гэсэн ч түүний үед болсон зарим үйл явдал үнэхээр сонирхолтой. Заримаас нь дурдвал: угсаатны зүйн, төр барих бүрэлдэхүүний, засаг захиргааны хуваарилалтын хувьсгал нэгэн зэрэг хийгдсэн байдаг.
1. Хүннүгээс ч өмнө 4000 жилийн тэртээгээс л Алтай Хянган, Байгал нуур Хатны голын хоорондох Төв Азийн өндөрлөгт монгол, түрэг хоёр угсаатан заримдаа хамтарч төр байгуулж, заримдаа зэрэгцэн оршиж, заримдаа нэгнийгээ хүйс тэмтэрч явсаар 13 дугаар зуунтай залгасан байдаг. 13 дугаар зуун гэхэд Төв Азийн өндөрлөгөөс монголчуудад шахагдан холдсон түрэгүүдийн цөм хэсэг селжүкүүд Константинопольд османы эзэнт гүрнийг эхлүүлчихсэн, үлдсэн нь тэрнээс нааш Дундад Азид цацсан будаа мэт тархан оршиж байлаа. Монголчууд Азийн дорно зүгт илүү төвлөрчээ. Харин дунд нь найман, хэрэйд тэргүүтэй хагас монгол, хагас түрэг аймгууд одоогийн Алтай, Хангайн нуруугаар, магад өнөөгийн Улаанбаатарын орчимд байсан бололтой.
Тэмүжинээс хойш л гэнэт Төв Азийн өндөрлөгт түрэг угсаатан алга болж, зөвхөн монгол угсаатан амьдрах болсон. Илбийн юм шиг л. 5000 жил зэрэгцэн байснаа, гэнэт л. Тэр цагаас хойш энэ нутгийг Монголын өндөрлөг гэж нэрлэх болсон. Зөвхөн газар усны түрэг нэр, Хөх Түрэгийн үеийн хөшөө тахилга л дурсгал болон үлджээ.
Өөрийн ууган хүү Зүчид Алтайгаас цааш одоогийн Казахстанаас эхлээд өрнө зүг монгол морины туурай хүрсэн, хэт нь хүрэх орон газрыг өгөхдөө нутгийн иргэдээс гадна хэрэйд, найман, мэргидийн илүү түрэгжсэн хэсгийг нь юм уу, их дайсагнаж байсан овог аймгийнхнаа өгсөн бололтой байдаг. Одоо найман, хэрэйд аймгийн ихэнх казах нэрийн дор явдаг. Багагүй хэсэг нь бүрэн монголжсон: торгууд мэт. Дараа нь өрнө зүг Бат, Хүлэгийн цэрэгт ч уугуул нирун, дарлиган аймгийн хүн амаасаа аль болох бага өгчээ. Удирдах ноёд нь л алтан ургийнхан байсан. Тэгээд ч тэд замдаа Дундад Азиас түрэг угсааныхныг дайчлан цэрэг босгож монгол цэргийн дэгд сургаж явсан байдаг. Тэгэхгүй гээд ч яалаа. Тэмүжиний үед монголчууд нэг саяас нэг их илүүгүй хүн амтай байсан байх гэж олон олон түүхч тооцоолж үзсэн байдаг. Өрнө дахинд татар гэсэн нэр их тархсан нь ч үүнтэй холбоотой болов уу. Тэмүжиний хядлагаас үлдсэн, дараа нь үргэлж түүний эсрэг талд тэмцэж байсан татарын олон аймгийн үлдэгдлийг хамгийн түрүүн, хамгийн өрнө зүг цэрэгт илгээж байсан болов уу. Тэрнээс биш яаж ч бодсон нэг сая хүрэхгүй монголчуудаас Батад, Хүлэгэд, Хубилайд гэж бум буман цэрэг ар гэртэй нь өгөөд байсан бол монгол нутаг хоосорч, өнөө бид байхгүй байх ёстой бус уу.
Гэхдээ энэ нь өмнө нь зэрэгцэн оршиж, заримдаа аймаглан устгалцаж байсан монгол түрэг хоёр угсаатны асуудлыг шийдэх чиглэгдсэн бодлого байсан уу, эсвэл түрэг талдаа, дайсагнагч, хүсээгүй овог аймгуудаа гадагш илгээсэн нь (МНТ-д “нүднээс эчнээ алс газар одуулах” гэсэн үг дахин дахин давтагдсан байдаг) ийм үр дүнд хүрэв үү гэдэг судлаачдын сонирхох асуудал байх болов уу. Аль нь ч байсан бид 800 жилийн турш угсаатан хоорондын, шашин хоорондын дайсагналыг амсалгүй өдий хүрлээ. 555 онд Хөх Түрэг улс монгол угсаатнаас нилээдийг нь хүйс тэмтрэн монгол нутагт төрөө байгуулж байсан гашуун түүх дахин давтагдаагүй юм. Харин өөдөөс нь өөр хүч тэрслэх амьтангүй болсон аварга монгол угсаатан өвөр дотроо алалцан хядалцаж байсан аймшиг олон зууныг дамжин үргэлжилсэн билээ. Яг л Пикассогийн өөрөө өөрийгөө тасчих аймшигт баримал шиг.
2. Бид л сайн анзаарч ярьдаггүй болохоос Тэмүжин бараг ардчилсан хувьсгал шахам юм хийсэн мэт. Тэмүжинээс өмнөх монгол нутагт байсан их, бага аль ч төрт улсын үед язгууртны хуралдай, хаан сонголт байсан л байх. Гэхдээ Тэмүжиний үед л зөвхөн Монголд төдийгүй грэг, ромыг эс тооцвол хүний түүхэнд анх удаа харц ардууд, хүлэг баатрууд, эрдэмт эгэл хүмүүн, тэр байтугай эрэлхэг зоригт боолууд хүртэл төрийн эрх барих дээд зөвлөлд орж мянга мянган жилийн удамт алтан ургийнхныг удирдан залж, гэм хийсэн үед нь засаглан шийтгэж, цаазлан дарж байжээ. Чингисийн есөн өрлөг, дөрвөн хүлэг, дөрвөн хошууч, баруун зүүн гар төвийн түмний ноёд, төрийн заргач, дархад, сайд, зөвлөхүүд бүгд эгэл ард гаралтай байснаас язгууртан, угсаатан нэг ч байсангүй. Их Хуралдайд ч магад эгэл ард гаралтай эрдэмт эрчүүд, бүсгүйчүүд алтан ургийн язгууртнуудаасаа үлэмж олонхи болж байсан буй заа. Тэр байтугай гадаадын жирийн худалдаачид, иргэд хүртэл адил эрхтэй байсан байдаг.
Өөрийг нь алах дөхсөн олзны цэрэг Зэв, баарины Ширгээт өвгөний хүү Наяа, жалайр боол Мухали, адуучин Боорчу, дүү Өгүлэ чэрби, төмрийн дархан Жарчуудайн хөвгүүд босгын боол Зэлмэ, Сүбэдэй, “хүний нутгийн хөсрөөс” олсон өнчин дөрвөн хөвгүүн Борохул, татар Шихихутаг, бэсүд Хөхөчү, мэргид Хүчү, жалайрын Архай Хасар, Хорчи зайран, Чархайн хөвгүүн Мөнлиг эцэг, түүний хөвгүүн Хөхөчү Тэв Тэнгэр бөө, тайчуудын айрагч бэлтгэгч Сорхон шар хүү Чулуун, киданы олз Цуу мэргэн, Баруласын харц Хубилай, адуучин Бадай Хишилэг гээд Их Хуралдайн бүрэлдэхүүнд төрсөн дүү хөвгүүдийг нь эс тооцвол алтан ураг, хиад боржигоны язгууртан ноёд бараг үгүй. 21 дүгээр зууны ардчилсан АНУ-ын Засгийн газар шиг л дүр зураг. Сонгуулиар биш ч гэсэн чухам л харц ардын төлөөлөл төр барьж байжээ. Төр барих бүрэлдэхүүний хувьсгал.
Тэмүжинээс өмнө Хүннү Сяньби гээд нүүдэлчний улсад аравт, зуут, мянгат, түмт нь зөвхөн дайны үеийн зохион байгуулалт байсан. Энхийн үед овог аймгийн язгууртан тэргүүлэгчид төрөө удирдаж, овог аймгаа үе уламжлан захирч байлаа (Хүннүгийн 24 овог мэт). Гэтэл Тэмүжин анх удаа овог аймгийн бүтцийг бүрэн задлан энхийн үед ч түмт, мянгат, зуут, аравтын системд орж удирдлагыг нь үе улиран ирсэн язгууртнуудаас биш харц ард, цэрэг боолуудаар тавьсан. 95 гавьяатан: харц, боол, эгэл цэрэг асан баатруудын удирдсан мянгат, түмтүүд. Энэ бол засаг захиргааны нэгжийн, орон нутгийн удирдах ёсны хувьсгал байсан. Хэдийгээр нилээн милитарижсан бүтэц ч гэсэн өмнө байсан мянга мянган жилийн уламжлалыг эвдсэн хувьсгалт өөрчлөлтүүд. 21 дүгээр зуунд өнөөдөр бид энэ өөрчлөлтийн хагас төдийг хийж үл зүрхлэн 80-хан жилийн уламжлалтай 365 сум, 21 аймгаа яахаа мэдэхгүй алмай сууж байна.
Угсаатны зүйн хувьд ч гэсэн бүх овог аймгийг хольж хутган ганц монгол гэсэн үндэстнийг бий болгох чиглэсэн зорилготой бодлого мөн. Ялангуяа мэргид, татар, хэрэйд, найман улсын хүн амыг бүх мянгатад үртэс үлдээлгүй хуу хувааж өгсөн байдаг (МНТ 187 дугаар зүйл: Хэрэйд иргэнийг дагуулж Хэнд ч дутаалгүй түгээлдэв Түмэн түбэгэнийг түгээлдэж Түгээн цөмөөр авалцав Олон Донхайд бүхнийг Өдөр дүлид талуулав зэ Цуст тоног авагч Жирхин баатруудыг Зүсч хувааж, хүргэлдэн ядав. МНТ 198 дугаар зүйл: Мэргидийг зүг зүг дуустал хуваалгав. ... Найман иргэний улсыг Алтайн өвөрт мохоож хураав. Жамухатай цуг явсан Жадаран, Хатагин, Салжууд, Дөрбэн, Тайчууд, Онгирад зэрэг тэнд бас оров). Тэгэхээр одоогийн Казахстаны найман, хэрэйд, мэргид бол эдгээр аймаг улсаас баруун зүг зугтан гарч чадсан багахан хэсэг нь, дараа нь Зүчи, Цагадайн харъяанд орогсод мөн. Харин монгол нутагт үлдсэн ихэнх нь хамаг монголын олон мянгат, овгуудын дунд уусан шингэжээ. Зөвхөн хэрэйд, мэргид ч биш ер нь дан ганц овгоороо тусгай хүрээ, аймаг байгуулах явдал түүхэн тэр үед бараг алга болсон мэт. Засаг захиргааны аль ч нэгж, түмт, мянгатад зүсэн бүрийн овог угсааны хүмүүс холилдон орох болжээ. Овог бол одоогийн бидний хэрэглэдэг шиг л засаг захиргааны нэр биш хувь хүний удам угсаа, гарлыг заасан нэр болон хоцорсон.
Энэ бол хувьсгал байсан. Тэр үеийн язгууртнуудад ч амаргүй л байсан байх. Эгэл ард, боол, цэргийн үгээр засаглуулж, аймаг овгоо ч хураалгаж, хэн нэгэн цэргийн мянгатад харъяалагдаж явах гэдэг ойрын хэдэн зуунд байтугай түүхэндээ ч сонсч төсөөлж байгаагүй өөрчлөлт, доромжлол байсан биз. Тиймээс Алтан, Хучир, Сача бэхи, Даритай отчигон тэргүүтэй олон ноёныг айхтар доор үзэн шүүмжлэх хэрэггүй мэт. Мань мэт тэдний оронд байсан бол олзны цэрэг Зэв, харц Хубилай нарын өөдөөс цор цор хийж байгаад хамгийн түрүүн нугаслуулах байсан биз.
1189 онд цэл залуу 27 настай Тэмүжин алтан ургийн язгууртнууд Сача бэхи, Алтан, Хучир нарыг Жамухын эсрэг босгож мини хуралдай дээр ханаар сонгогдсон даруйдаа л анхны засаг захиргааны хуваарилалтаа хийж бүгдийн дээр адуучин Боорчу, боол Зэлмийг тавьж түүнээс доош харц ардуудын өөрсдийнх нь хүслээр алба үүрэг оноосон байдаг. Тэгэхээр ардуудаар төр удирдуулах хэлбэр, язгууртан угсаатан биш зөвхөн өөртөө боол мэт үнэнч чадварлаг хүмүүсээр улсыг удирдуулах санаа их эрт, магадгүй зовлон туулсан хүүхэд, идэр насанд нь Тэмүжинд бүрэлдэн бий болсон биз. Хожим төр, цэргийн удирдлагыг сонгох ганц энэ шугаман дээрээ хатуу зогсч язгуур угсааг үл тоон боол, цэрэг, ард, дайсан агч хэнийг ч болтугай үнэнч хийгээд чадал авъяастай л бол шууд түмний дээр тавьж хэрэглэж байсан байдаг. Сэтгэлийг нь авсан тэр л хүмүүсээ. Цэргүүд андууд нь ч Тэмүжинийг “чи” гэж дотно дууддаг байсныг Зэлмэ, Гэлгүтэй баатрын үгнээс мэдэж болох.
Тэмүжиний энэ хувьсгалт өөрчлөлт харин ганц удаагийнх байхаас өөр арга байсангүй. Ямар 20 жил болгонд л дахин дахин хувьсгал хийж дөнгөж төлөвшсөн элитүүдээ эсгийд боогоод цоо шинэ ардууд, боолуудаар төрийн удирдлагаа сэлбээд байлтай биш. Тэгвэл хэтэрч хаос, анархи руугаа маш хурдан орно. Тэмүжиний дараа үеийнхэн болох Өгөдэй, Гүег, Мөнх тэргүүтэнд дахин хувьсгалт өөрчлөлт хийх жам, эрх байсангүй. Санаа ч байгаагүй биз. Харин түүнээс хойшхи үед энэ аргыг нь хэрэглэх боломжгүй гэдгийн тухайд Тэмүжин өөрөө юу бодож байсан бол?. Тэгэхээр агуу хувьсгалт өөрчлөлтөөр байгуулагдсан Их Монгол Улс Тэмүжинээс хойш энгийн феодалын улсын хэлбэрт шилжин үе залгамжлан төр барьж, гавьяатны үрс гавьяагүй ч төр барилцан, Монгол Улс аажимдаа сулран задрахаас өөр жам байгаагүй. Харин ч хэт аварга агуу том улс Евразийг бүхэлд нь дамнан тогтсон тулдаа сүүлчийн цалгианууд болох Зүүн гарын хаант улс, Их Моголын улс, Крымийн татарууд гээд 19 дүгээр зуун хүртэл үргэлжлэн бүхэл бүтэн 7 зууныг дамжин хүн төрөлхтөний түүхэнд хүчирхэг нөлөө үзүүлсэн хэвээр байсан.
Тэмүжин л ганцаар хувьсгалт өөрчлөлт хийх ёстой цагийн давалгааны ирэн дээр хийх ёстойг нь хийсэн азтай хүн.
2009-3-15

kkkk