Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж эдийн засгийн хүндрэлийг давцгаая
Эдийн засаг хямарсан, хямраагүй гэж мянга мэтгэлцээд нэмэргүй болчихлоо. Одоо аль болох түргэн, хохирол багатай гэтлэх талаар ухаан сийлэх нь ононо. Улс орны эдийн засгийг тэвээрэгтэй байлгахад төр засгийн аугаагаас тийм ч хамааралтай биш. Харин цөөн хэдэн үндэсний компаниуд нь төрийн толгойд байгаа хэдэн хүнтэйгээ нийлээд улс орноо бүхэлд нь чирч явдаг.
Одоогийн Засгийн газар эдийн засгийн хямралыг яаж даван туулах талаар толгой гашилгаж байна. Гэхдээ эдийн засгийн хүндрэлийг давж гаргах гол хүчин бол үндэсний томоохон үйлдвэрлэгчид гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Тэнгэр мянгантаа аргадаж, гал зуунтаа тахиад ирэхгүй хүчийг үндэсний хэдэн компаниуд л гаргах вий. Хувийн хэвшлийнхэн хэзээ ямагт зам жим заагчид байдаг. Эрсдлээ өөрсдөө үүрч дүүрч сурсан болохоор хямралын үеэр тэдний энэ чанарыг ашиглахад буруудахгүй. Засгийн газар юм, юм руу ороод байлгүй итгэл хүлээлгэж, ажил хийх боломжийг нь гаргаад өгчих хэрэгтэй юм. Нэг талаас хариуцлага нь төр засагт шууд ирэхгүй, харин бусдаас өндөр шаардлага тавиад сууж байхад ч, нөгөө талаас татвар төлөгчдийн мөнгөөр “бинго”-дохгүй болохоор эрсдэлд орохгүй гэсэн үг л дээ. Татвар төлөгчдийн мөнгийг харж суугаа халамжийн салбарууд мундахгүй болохоор тийш нь хийсэн ч болох юм.
Хувийн хэвшлийнхэн хэрхэн мөнгө босгож чадахыг хамгийн сайн мэддэг хүмүүс. Томоохон бүтээн байгуулалт бүр том эрсдэл дагуулж байдаг болохоор тэд том эрсдлээс том ухаан гаргаж зайлсхийж чаддаг. Тиймээс тэдний хүчийг эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ үед авахаас өөр аргагүй. Мөнгөтэй хүмүүс алга болчихоод байна гэж байгаа өнөө үед ч Хөтөлийн цементийн үйлдвэр өргөтгөлөө хийж, хүчин чадлаа өсгөж чадсаныг бид харж байна. Бас Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Бэрэнгийн ангижруулсан төмрийн үйлдвэр, “Хэт” газрын тос боловсруулах үйлдвэрүүд яаж урагшилж байгааг бид ажиглаж суугаа.
Нэгэнт гадаадын томоохон хөрөнгө оруулагчид дайжаад явчихлаа. Өнөөх хэдэн үндэсний компаниуд нь өв хөрөнгөө үүрээд явчихна гэх юм биш эндээ л, Монголтойгоо, монголчуудтайгаа үлдээд байна. Эдийн засгийн хямрал олон зүйлийг шинээр олж харахад хүргэлээ, биднийг. Гадаадын хөрөнгө оруулагчид бултаараа дүрвэсэн энэ үед үндэсний хэд нь эдийн засгаа сэргээх гэж байдгаараа чардайж байгааг бид харж байна. Өөрийн бизнесээ, өөрсдийн ажилтнуудаа авч үлдэх гэж хичээж байгаа мэт ч бүхэлдээ Монголын эдийн засгийн амь тариа нь магад эд болохыг үгүйсгэх аргагүй. Мега төслүүдийг зөвхөн гадныхан хэрэгжүүлж чадна гэж бодвол дэндүү өрөөсгөл юм. Эрхийг нь хийгээд итгэлийг өгвөл манайхан ч хийж чадна. Монголчууд өөрсдөө дэлхийн хэмжээний тоглогчид болох боломж бий. Цөөнгүй томоохон төслүүд дээр монголчууд бие дааж ажиллаад эхэлчихлээ. Хэрэв үндэсний компаниудаа дэмжээд ажиллаж чадвал эдийн засгаа ч өндийлгөнө, нөгөө талаас орхиод явсан гадныханд ч дотоодын хөрөнгө оруулагчдаа дэмжиж чадаж байгаа нь итгэл үнэмшил төрүүлж чадна.
Эдийн засгийн хямрал зөвхөн бидэнд ч нүүрлэчихээд байгаа юм биш. Үеийн үед үечлэлтэйгээр дэлхийн улс орнуудад гарч л байсан зүйл. Харин хямралыг яаж даван туулж байсан нь бидэнд бодох зүйл. Ерөөсөө үндэсний үйлдвэрлэгчид, үндэсний бүтээн байгуулагчдаа дэмжиж, тэдэнд ачааны хүндийг үүрүүлж гаргаж байсан туршлага бий. Бас тэднийг сөхрөөд ирэхийн үед нь дэмнээд өндийлгөж ирсэн жишээ ч байдаг. Энэ нь том зургаараа улс оронд нь ашигтай болохоор тэр л дээ. Таван жилийн өмнө Исландад санхүүгийн хямрал гарч бараг улсаараа дампуурах нь дээ гэж ярилцацгааж байсныг санаж л байгаа байх. Харин одоо тэд хямралыг даван гарснаа бахархан ярьж байна. Банкны салбарын хямралын улмаас Англи, Голландын хэдэн зуун мянган хадгаламж эзэмшигчид мөнгөө татаж, улс орноороо асуудалд орох үед ухаалаг бодлого, исландчууд л үлдсэн байсан гэдэг. Солонгосчууд ч Азийн хямралыг эх орноо гэсэн иргэд, үндэсний цөөхөн хэдэн компанийнхаа хүчээр давснаа ярьдаг. 1997 оноос эхэлсэн хямралыг давахын тулд улс орноороо нэгдэж, авгай хүүхнүүд нь алтан ээмгээ тайлж өгч, үндэсний томоохон компани болох “Хьюндэй”, “Самсунг”, “Дэйву”-гийн хүчээр гарсан гэлцдэг. Эдийн засгийн зарим асуудалд буруутаж төрийн нэрийн өмнөөс “Дэйву”-г хааж байсан ч хямралыг давахад үндэсний энэ компанийн түүхэн үүрэг байсан гэдгийг одоо ч хүмүүс ярьдаг юм билээ. Ингээд Ази, Зүүн өмнөд Азийн орнуудыг хамарсан Азийн хямралыг даван туулснаа 1999 оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч Ким Дэ Жун албан ёсоор зарлаж байлаа. АНУ-д ч гэсэн банкны хямралын үеэр Холбооны нөөцийн сан түүхэндээ байгаагүй шийдвэрийг ч гаргаж байсан. Хэзээ ч хөрөнгө оруулалтын банкинд мөнгө гаргаж үзээгүй, тэгэх ч журамгүй атлаа банкны салбараа авч үлдэхийн тулд ийм шийдвэр гаргасан. Тухайн үед шүүмжлэл гарч байсан ч эргээд харахад энэ нь зөв шийдвэр байсан гэдгийг эдийн засагчид онцолж байгаа. Түүн шиг хөрөнгө мөнгөтэй компаниудын бизнесийг дэмжлээ гэж явган яриа, явуургүй шүүмжлэл гарах л байх. Гэхдээ том эрх ашгаа харах юм бол эдийн засгийн хямралыг үндэсний томоохон компаниудын хүчээр л давж гарах боломж байна.
Төрөөс хувийн хэвшилд үзүүлэх хамгийн том дэмжлэг бол зүгээр л оролцохгүй байх явдал гэдэг. Эдийн засгийн үүссэн өнөөгийн нөхцөл байдалд аль аль нь сийрэгхэн, харилцан нэгнээ дэмжиж хамтармаар байгаа юм. Бас ч гэж эхний алхмууд хийгдэж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх. Засгийн газрын гаргаж буй шийдвэр тогтоомж, эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрүүдээс “Буянт-Ухаа 2 цогцолбор”-ыг мөн л үндэсний компаниудын нэгдлээр бариулахаар болсон гээд олон зүйлээс харж болно. Мөн өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар барилгын болон эрүүл мэндийн салбарын төслүүдийг санхүүжүүлэхээр шийдвэр гарсан. Үүний дараа Монголын баян компани болох “МАК”, “Монполимет” компанид төрөөс мөнгө өгөх болчихлоо, бараг л хувааж идэж байгаа мэтээр шүүмжилж эхэлсэн. Уучлаарай, харин яг л ийм хийж чадах газруудаа эхэлж дэмжих нь хамгийн зөв. “МАК”-ийн жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Хөх цавын цементийн үйлдвэр”, “Монполимет”-ийн мөн жилдээ нэг сая тонныг гаргах “Монцемент” төсөл хэрэгжээд эхэлбэл “Хөтөл”-ийнхтэйгээ нийлээд монголчууд гаднаас цемент авах шаардлагагүй болно. Цементийн үйлдвэрлэл бол үндэсний аюулгүй байдалтай холбогдох салбар байдаг учраас монголчууд өөрсдөө хэрэгцээгээ хангадаг болсныг бараг түүхэнд тэмдэглэж үлдээх ёстой.
Нэг хэсэг манайхан Засгийн газрыг нэг их мөнгөтэй болсон юм шиг санаад том жижиггүй, их багагүй баахан төсөл бичиж өгсөн. Баахан вакуум цонхны үйлдвэр өөр юу юу ч билээ дээ. Юм хийхээр зорьж сэтгэж, бас “Чингэс” бондын үлдэгдлээс авч ажлаа урагшлуулах гэсэн олон зуун компаниудыг буруутгах аргагүй. Гэхдээ тэр мөнгийг талын нэг тараахын оронд эхлээд туршлагатайд нь өгөх зөв. Нэрээрээ, туршлагаараа гаднаас хөрөнгө босгож чадахыг нь харгалзах хэрэгтэй.Тэд босч, босгож чадна. Бас үндэсний томоохон компаниуддаа том, том ордуудаа ашиглах давуу эрхийг олгох нь ч зөв. Уул уурхайн салбарт тухайлбал нүүрс, алт, зэс зэрэг хамгийн энгийн технологи шаардагддаг салбаруудад төр өмчийн эзэмшлийн эрхээ хадгалаад үндэсний томоохон компаниуддаа ашиглалтын давуу эрхийг нь олгочих хэрэгтэй байгаа юм. Уул уурхайн салбарт ач холбогдлын дараалал өгөх бодлого баримталж, ингэхдээ үндэсний компаниудаа дэмжих ёстой.
Монголчууд бид бүгдийг чадна. Одоо хямарчихлаа гээд гэдэс рүүгээ хөлөө жийлцээд суухаас илүүтэй яаж гар гараасаа атгалцаад урагшлах уу гэдгээ шийдэх он цагууд урд маань байна. Бид эдийн засгийн хямралыг даван туулж чадна. Тэгэхдээ тэнгэрээс их мөнгө бууж ирж биш, эсвэл аль нэгэн улс авралын од болохгүй. Зүгээр л монголчууд өөрсдөө, үндэсний компаниудынхаа хүчээр л үүнийг даван туулах болно.
Зочин
Зочин
mongolO
battt
hmm
догсом
Зочин
ABCD-korea-gaas
зочин
Зочин
Зочин
1111
Mongol
bodit baidal
TTT
Зочин
тэнэгтэл
Зочин