Хөгжих гарц
Монголд спортын салбар зөв голдиролд ороход юу дутуу байна вэ? Хөрөнгө оруулалт. Гэхдээ хөрөнгө оруулалт гэхээр шууд ивээн тэтгэгч олоод тэмцээн зохиогоод явах тухай бичих гэсэнгүй. Спорт бизнес болохын тулд зах зээлийн шугамаар явах ёстой бөгөөд энэ ачааг ямар нэг яам, холбоо, нийгэмлэг өөрийн нуруун дээр үүрээд бүхнийг ганцаар хийх тухай биш юм (манайхан яг ингэж буй).
Монголд спортын салбар зөв голдиролд ороход юу дутуу байна вэ? Хөрөнгө оруулалт. Гэхдээ хөрөнгө оруулалт гэхээр шууд ивээн тэтгэгч олоод тэмцээн зохиогоод явах тухай бичих гэсэнгүй. Спорт бизнес болохын тулд зах зээлийн шугамаар явах ёстой бөгөөд энэ ачааг ямар нэг яам, холбоо, нийгэмлэг өөрийн нуруун дээр үүрээд бүхнийг ганцаар хийх тухай биш юм (манайхан яг ингэж буй). Уг нь өмнөх нийгэм маань ийм байгаад, хувьсгал хийж салсан боловч өмнөх арга барил өөрчлөгдсөнгүй.
Нэг үеэ бодвол заал талбай ихэсчээ. Хангалттай хэмжээнд хүрээгүй боловч манай спорт мэргэжлийн салбарт шилжих суурийг тавихад тун боломжын бүрдчихээд байгаа юм. Өнөөдөр бид голдуу том том клубуудын тухай ярьдаг болохоос тухайн улсын холбооны талаар төдийлөн яриад байдаггүй. Тэгвэл тэр клубууд шиг хүчирхэг болохын тулд бид юунаас эхлэх ёстой вэ? Хүүхдүүдээс эхлэх хэрэгтэй. Ямарч спорт хөгжиж, мэргэжлийн болоход хамгийн гол суурь нь хүүхэд байсан юм.
Манай улс 4-10 сарын хооронд хөлбөмбөг тоглох боломжтой. Дөрөвдүгээр сарын дундаас бэлтгэлдээ гарч, тавдугаар сарын нэгэнд Sunday league (ням гарагийн лиг) эхлүүлж болно. Зөвхөн бүтэн сайн өдөр тоглож, есдүгээр сарыг дуустал үргэлжлэх юм бол бүтэн таван сарыг хүүхэд бэлтгэл хийж, тоглож өнгөрүүлнэ. Клубт нэг дасгалжуулагч, нэг мэнэжэр байна. Хүүхдүүдийг нэг тоглолт 3000, бэлтгэл 1500 төгрөг гэж үнэлээд төлбөрөө авна. Төлбөр хэд ч байж болох бөгөөд дээрх тоог хамгийн багаар тооцсон юм. Нэг сард дөрвөн тоглолт, дөрвөн бэлтгэлтэй гэхээр эцэг эх, хүүхдээ дуртай тоглоомыг нь тоглуулах гэж сард 18 000 төгрөгийг клубт өгнө. Дасгалжуулагч U11, U13, U15, U17 гэсэн дөрвөн насны багтай, баг тус бүр хорин хүүхэдтэй гэж үзвэл сард 1 440 000 төгрөг болох юм. Шүүгч, талбайн мөнгөнд талыг нь зарцууллаа гэхэд үлдсэн мөнгө нь дасгалжуулагч, мэнэжэрийн цалин болж ирнэ. Клуб анх байгуулагдахын тулд нэг ээлжийн хувцас, бөмбөг, материал хэрэгслийг авсан бол хоёр сарын дотор хүүхдүүдийн төлбөрөөр зардлаа нөхчихнө. Дасгалжуулагч зөвхөн бүтэн сайн өдөр тоглолттой, ажлын хоёр өдрийн орой хоёр хоёр насаар нь бэлтгэл хийхээр, хүүхдийн хичээл тасалдахгүй, дасгалжуулагч, мэнэжэр хоёр ажлын бус цагаар дуртай зүйлээсээ орлого олно. Дасгалжуулагч зөвхөн тоглолтондоо анхаарч, мэнэжэр бэлтгэлийн цаг, төлбөр, ивээн тэтгэгч, талбай, шүүгчээ хариуцана. Нэг хүн энэ ажлыг хийх биш хоёр хүн хуваагаад авчихвал баг дасгалжуулахаас илүү бусад зүйлд анхаарал хандуулдаг дасгалжуулагчийн ажил илт хөнгөрнө. Энэ бол маш том хөрөнгө оруулалт болж байгаа юм. Учир нь эцэг эхчүүд байнгын найдвартай хөрөнгө оруулагчид бөгөөд клуб сайн байх юм бол хүүхэд тасарна гэдэг ойлголт үгүй. Зөвхөн нэг клубт хамгийн багаар бодоход 1 440 000 төгрөг цуглаж байгаа юм чинь, хүүхдийн зуун клуб үйл ажиллагаа явуулах юм бол сард нийлээд 140 400 000 сая төгрөг хүүхдийн хөлбөмбөгт, клубт эргэлтэнд орно. Үүнд ивээн тэтгэгчийг оруулаагүй. Монголын бүх спортын салбарт авч үзэх юм бол энэ тоо хэд дахин өснө. Нэгэнт клуб бие даасан бодлого явуулаад хүчирхэгжээд ирэхээр Sunday league гэдэг шиг хүүхдийн лигийг чанартай зохион байгуулах үлдэнэ. Талбайн эзэн клуб талбай, шүүгчийн мөнгөө төлчихнө. Нэг клуб сард хоёр удаа өөрийн талбай, хоёр удаа эсрэг багийн талбайд зочлон тоглолт хийнэ. Холбооны шүүгч тоглолтыг шүүлээ, дүнг нь нэгтгэнэ. Хэнд ч том ачаалал ирэхгүй. Зохион байгуулагчид Хүүхдийн Лигийн нэг том ивээн тэтгэгчийг олж зөвхөн лигээ суртчилах ажилтай болно. Монголд клубууд нь бие даагаагүй учраас лиг нь хичнээн сурталчилгаа явуулаад нэмэр болдоггүй. Sunday league эхлээд, жил бүр хүүхдийн лигийн үйл ажиллагаа томорсоор энэ зах зээл рүү орж ирэх сонирхогчдын тоо эрс өсч нэг л мэдэхэд мэргэжлийн насанд хүрэгчдийн лиг бий болсон байна. Гол нь клубуудыг бие даалгахад бодлогын хувьд хамтарч ажиллах эхний ажил гарч ирнэ. Хөлбөмбөгт энэ лиг босч ирэх магадлал бий. Харин сагсанбөмбөгт магадлалаар биш боломжоор яригдана. Насанд хүрэгчдийн тэмцээнийг төлбөртэй үзүүлээд тэрнийх нь тасалбар олддоггүй тохиолдол зөвхөн сагсны лиг дээр л байдаг. Уг нь мэргэжлийн салбар руу аль дээр дөхчихсөн боловч бодлого юу ч байхгүй. Сагсанбөмбөгийн олон клуб өөрийн гэсэн заал, дасгалжуулагч, хүүхдүүдтэй. Төлбөр хамгийн багадаа 50 000-аас эхэлж, 100 000 хүрнэ. Одоо юу хэрэгтэй вэ гэхээр хэдэн сарын турш үргэлжилсэн лиг, бодлого хэрэгтэй. Харин хөлбөмбөгт энэ бүхнийг бий болгохын тулд эхлээд клубуудын дотоод асуудлыг шийдэх ажил гарч ирнэ. Манайд ер нь хөлбөмбөгийн төлбөртэй клуб тун ховор. Хүүхдүүд, эцэг эхчүүд ч тэр мөнгө төлөх сонирхол багатай, дасгалжуулагчид өөрсдийн сонирхол, зардалаар асуудлыг шийддэг. Мөнгө төлөхгүй бол хөгжихгүй, дасгалжуулагч сонирхол төдий хийвэл, сонирхогчоороо л үлдэнэ. Тиймээс манай дасгалжуулагчид ямарч цалингүй ажилладаг нь, хүсэл зоригийг нь мохоож, хөлбөмбөг рүү орох мэргэжилтнүүдийг үргээдэг. Дуулиан 2020 тэмцээн ёстой л дуулиантайгаар эхэлсэн боловч хэдхэн жилийн дотор унаад өгсөн. Хөлбөмбөгийг бизнес болгох гэсэн санаа нь буруу биш боловч, арга нь ирээдүйгүй байсан юм. Сургууль бүрт ивээн тэтгэгч олж өгөхөд хөлбөмбөгт дуртай ийм олон хувь хүн, компани байдагт миний бие гайхаж байлаа. Жил ирэх тусам ивээн тэтгэгчид багассаар хөлбөмбөгт дуртай, эсвэл баг нь амжилт гаргаж буй хэд л үлдсэн. Тэгэхээр хөлбөмбөгт орох удаан хугацааны найдвартай хөрөнгө оруулагчид нь эцэг эхчүүд. Яг л мөнхийн хөдөлгүүр шиг эргэлдээд л байна. Спортын салбар дөнгөж босох гэж буй улс орон үргэлж ийм замаар явсаар мэргэжлийн спорт руу хөл тавьдаг. Азид Япон, БНСУ, одоо БНХАУ энэ замаар явж үр дүнгээ үзэх гээд хүлээж байна. Олон хүн хөлбөмбөгт хөрөнгө оруулалт хийснээр, хамрах хүрээг тэлж, том ивээн тэтгэгчдийг жинхэнэ утгаар нь ашиглах үүд хаалга нээгдэнэ.
Клубууд бие даагаад, санхүүгийн хувьд найдвартай болоод ирэх юм бол Монголд спортын салбар хөгжих бүх зүйл бүрдлээ гэсэн үг. Бүх зүйл шүү. Яваандаа хөлбөмбөгийн клуб гэдэг тусдаа том байгууллага болох зорилготой. Клубууд сайн тоглоод ивээн тэтгэгчтэй болчихвол өөрсдийн талбай, хувцас гээд дэлхийн томоохон клубууд хөгжиж ирсэн тэр замнал руу орно. Заавал холбоогоор дамжих биш, олон клубээс дуртайгаа сонгож амжилт гаргах боломж бүрдэнэ. Гадны улс оронд хамгийн мундаг бодлого, бүтээлийг клубууд гаргадаг. Дагаад холбооны үйл ажиллагаа эрүүл болж, бодлого тодорхойлогчид ажлаа хийнэ. Азийн улс орнуудаас Япон, БНСУ асар богино хугацаанд дэлхийн хэмжээний баг болсон нь үүнтэй холбоотой. Клуб хүчтэй учраас хөлбөмбөг нь хөгжиж байгаа юм. Спорт хөгжих гол суурь, хөрөнгө оруулалт гэдэг чинь ердөө л энэ. Клубуудээ бие даалгачих, дараа нь ямарч тоглолт хийж болно.
Мэргэжлийн спортын суурь
Одоогийн байдлаар энэ системээр харахад, эхний ээлжинд Улаанбаатар хотод хүүхдийн 40-50 клуб үйл ажиллагаа явуулах бүрэн боломж бий. Зарим нь тэнцэхгүй замаасаа хасагдах ч, 30 клуб эхний хоёр жилдээ элбэг хүрэлцэнэ. Ирээдүйд Үндэсний Лиг багаар бодоход 15 багтай, 2-3 дивизионд хуваагдах боломж байна. Манайх шиг хүн амтай улсын хувьд их тоо сонсогдож байгаа ч ердөө мянган хүний асуудал хөндөгдөж буй. Англи 80 000 клубтэй, Бразил мэргэжлийн 7 сая хөлбөмбөгчинтэй (сонирхогчдыг оруулаагүй). Манайх хажууд нь өчүүхэн тоо. Гэхдээ тоо бол чанар биш гэдгийг хамгийн олон хөлбөмбөгчинтэй өмнөд хөрш харуулдаг. 2007 онд Ирак Азийн аварга болоход тоо нөлөөлөөгүй чанар л дагасан. Өмнөговь аймгаас 2-4 дахин жижиг газар нутагтай, таван сая орчим хүнтэй Европын олон улсад спорт өндөр хөгжсөн. Дайны утаанд хахаж байсан Югославаас задарсан улсууд өвөл, зуны олон спортод хүчтэй байна. Тэгэхээр дасгалжуулагч чанартай, тамирчид дэлхийд шалгарсан системээр тоглож байгаа нөхцөлд Азидаа том дуугарна. Энэ системээр явбал удахгүй мэргэжлийн лиг Монголд шаваа тавьж, мэргэжлийн хөлбөмбөгчид төрөн гарна.
Долоо хоног бүр болдог лиг нь тамирчдын зан чанарт чухал нөлөө үзүүлдэг. Жилдээ ганц улсын аваргад оролцдог тамирчид тэмцээнийг хүндээр хүлээн авдаг бол байнга тоглолттой болчихвол тэмцээний өмнө сандрах, шээс хүрэх, нойр хүрэхгүй байх, сэтгэл санаа тогтворгүй болох нөхцөл бүрдэхгүй. Долоо хоног бүр багаасаа тоглодог байсан хүүхдүүд том болоод өдөр бүр хийдэг ажлаа хийх гэж байгаа юм шиг тэмцээнд оролцоно гэсэн үг. Зан чанар, зуршилын хувьд ч мэргэжлийн болох юм. Дээр нь нэмж хэлэхэд долоо хоног бүрийн нэг өдөр тоглох нь тун чухал. Бямба, ням гарагуудад давхар тоглолт хийгээд байвал ядралт, залхалт ихээр авдаг. Тийм ч учраас ням гарагийн лиг дэлхийд шалгарсан систэм юм.
Өнөөгийн нөхцөл байдал
Манайд хөлбөмбөг гэлтгүй спортын салбар яагаад ч юм сэргэлт авахгүй байгаа харагддаг. Нийтийн гэх тодотголтой багийн спортод ямарч бодлого байхгүй, дагалдах спортууддаа хамаг мөнгө, цаг, анхаарлаа үрж байгаатай холбоотой. Хүмүүс чөлөөт цагаа өнгөрөөхдөө бөх барилдаж, бокс тоглодоггүйтэй адил хөлбөмбөг, сагсанбөмбөг зэрэг илүү зугаа цэнгээний, олон хүний хамрах боломжтой, спорт тоглоомын төрлийг сонгодог. Энэ төрлүүд спортын суурь гэж явдаг. Гэтэл хэзээ ч суурь болохгүй, дагалдах төрлүүдээр суурь тавих гэж байгаа нь бүтэшгүй зүйл. Нэг үеэ бодвол Олимпт медаль авах нь элбэгшиж байгаа ч, сайн тамирчид олноор төрөн гарахгүй, мэргэжлийн спортод сүмогоос өөр олигтой тамирчин гарч ирсэнгүй. Медаль авч буй шалтгааныг голдуу сүүлийн хэдэн жил манай улс мөнгөтэй болсонтой холбож харахаас өөр арга алга. Спортыг бие даалгах бодлогогүй, төрөөс, холбооноос бүх асуудлыг шийдэх зарчмаар явж буй. Клубуудээ бие даалгаад, хүчээ хуваарилах бодлого ерөөсөө алга. Бүх асуудлыг клуб шийдэж холбоо, яам зохицуулах ажил хийдэг. Нэг том клуб дампуурч (тухайлбал жүдод жэнко), улс мөнгөгүй болоход л Монголын спорт унаад өгнө. Суурьгүй учраас. Тийм ч учраас холбоогоор л дамжихгүй бол амжилтанд хүрдэггүй гажиг тогтолцоо бий. Холбоо, яам руу албан тушаалын төлөө тэмцэгчид дэндүү олон. Заримдаа үнэхээр харамсах юм. Спортын салбарыг удирдах боломж зарим хүнд гарч байгаа боловч, тэр богино хугацаанд юу хийх ээ мэдэхгүй ангайж суусаар таарна. Эсвэл өөрийнхөө амьдралыг яаж сайжруулах тал дээр л анхаарна. Өөрийн багаасаа дурлаж ирсэн спортын салбараа сайн судлаагүй, ойлгоогүйн улмаас тэр нь эргээд спортын салбарт хор болж буй нь энэ. Тэрийгээ ч мэдэж байгаа юм алга. Шүүмжилсэн болгонтой тулалдаж, илүү гарах гэсэн нэгнийг дарах гэсэн тэс өөр ажилд хамаг цагаа барна. Сагсанбөмбөг бол бодлогогүйн тодхон жишээ. Лигийн ерөнхий ивээн тэтгэгч болохын тулд компаниуд уралдаж, яг л гадны хөгжөөн дэмжигчид шиг дуулж, хэрэлдэж, дэмжиж, байр болгоны гадаа шийд байлаа. Мэргэжлийн салбарт шилжих боломж байгаад л байсан, байгаад л байсан. Ихэнх нь том мөнгө (суурь мөнгө биш) эргэлддэг томчуудын лигийг анхаараад, тэрийг зохион байгуулахын тулд юугаа ч өгөхөд бэлэн байхад, хүүхэд гэдэг тэрнээс ирээдүйтэй салбар хүлээгээд л байна. Аль арван жилийн өмнөөс лиг битүү үздэг байхад, дагаад хүүхдийн лиг 6-7 сарын турш (цаг агаарын нөлөөгүй спорт) үргэлжилж байсан бол хэдэн ч тоглогч гадаадад тоглож байгааг таашгүй. Манай лиг өнөөдөр хорин багтай болчихсон байхыг байг гэхгүй. Ерээд оны үед найман багтай лиг болж байсан нь одоо ч тийм их давтагдахгүй байна. Хүүхдүүдээр биш сонирхогчдын сагсны лиг зохиож орлуулах гэсээр олон жил боллоо. Сонирхогчдоор лиг хийгээд дэлхийд гарсан тохиолдол үгүй. Энэ чинь ерөөсөө суурь биш гэдгийг цаг хугацаа тодхон харуулж байна.
Өнөөдөр хөлбөмбөг тоглож буй хүүхдүүдийг ямар ирээдүй хүлээж байна вэ? Үнэндээ, ирээдүй байхгүй. Дуртайдаа л тоглож байгаа болохоос эндээс юу ч гарахгүй. Хэдэн тэмцээний бөөгнөрлийг хөгжил гэж ойлгож болохгүй. Заримдаа насанд хүрээд лигт тоглож байгаа хүүхдүүдийг харахаар тоглохоо болиод амьдралаа бод гэж хэлмээр санагдах үе ч бий. Манай ах нарыг хар л даа. Залуу насан дээрээ суралцаж, ажиллаж, өөрийгөө хөгжүүлэх биш хүүхэд насны ажлаа хийсэн. Үр дүн нь ойлгомжтой. Хүүхдийг ирээдүйгүй систем хүлээж буй. Системээр хөгжүүлэх нь бидний бодож байгаа шиг тийм ч хэцүү биш. Англид тоглох ч сансарт нисэхтэй адил зүйл биш. Яг одоо Английн Тоттэнхэмийн коллэжид Монгол хүүхэд тэнцчихээд буй (энэ тухай ард дэлгэрэнгүй өгүүлье). Одоогоор сонирхогчдын дунд баахан тэмцээн зохиож мөнгө хийдэг нөхдүүд хэт олшироод байна. Тэгээд энийг хөлбөмбөг хөгжүүлэхэд нэмэр болж байна гэдэг ч, насанд хүрсэн сонирхогчид хөлбөмбөг тоглоод хөгжүүлсэн тохиолдол байхгүй (сагсанбөмбөгт ялгаагүй). Хүмүүсийн чөлөөт цагийг зөв өнгөрүүлэхэд тусалж байгаа. Сууриа тавьчихвал иймэрхүү нөхдүүд ч үзэгдэхээ болино.
Олимп, Дэлхийн аваргыг 2040 онд зохионо гэсэн боловч, тэрэндээ хүрэх юу ч хийгээгүй байна. Сая боксчид Молдавт очихдоо 91 сая төгрөг зараад, одоо Дэлхийн аваргад явах гэсэн мөнгө дутаад гээд дандаа л онигоо шиг юм болж байна. Системгүй байгаад учир бий. Заавал улс мөнгө гаргах шаардлагагүй гэдгийг дээр тайлбарласан. Клубуудээ бие даалгаад, багахан мэнэжмэнт нэмээд (удахгүй мэнэжмэнт хийх шаардлагагүй болно), спортын яам заал, талбай барих, бодлогодоо анхаарал хандуулахаас өөр ажил гарахгүй. Холбоодууд тус тусын бодлогоо тодорхойлж, лигээ зохиож, шигшээ багаа бүрдүүлэхээс өөр юм хийхгүй. Олон жил төр барьж байгаа юм шиг нөхдүүд ч холбооноос зууралдах үндэслэл багасна. Гэтэл манай яам, холбоо, Олимпын хороо гадны нэг клубын хийдэг ажлыг хийгээд л яваад байна. Нэг рүү төвлөрдөг социалист системийн бодлого хэвэндээ байгаагийн жишээ энэ. Монголын ямарч спортын тамирчин, дасгалжуулагч холбоогоор дамжихгүй бол амжилтанд хүрдэггүй гэдгийг тун сайн мэднэ. Хариулт нь нэг улс, нэг холбоо, нэг клуб. Клубын ажил гэдэг өдөр тутмын ажил шүү дээ. Гэтэл тэрийгээ их том ажил хийж байгаа гэж эндүүрээд байх юм. Ажил хийхгүй бол юу ч хийхгүй байгаа гэж тулгаад, хэзээ ч хөгжихгүй системийн боол нь болчихсон яваагаа ойлгохгүй байна. Угтаа бол клубууд өдөр тутмын ажлаа хийгээд, тэмцээндээ оролцоод, холбоо нь чанартай тэмцээн, шигшээ багаа бүрдүүлээд, яам нь хүн бүрийн чаддаг гэж боддог, үнэндээ цөөхөн хэдэн хүний хийж чадах бодлогоо хариуцаад заал талбайгаа бариад явж байх ёстой. Харин хуучин бодлого дээрээ клубын ажлыг хийгээд, яагаад Монголын спорт мэргэжлийн салбарт орохгүй байгааг гайхаад байх шиг. Товчоор бол одоогийн систем дэндүү нүсэр, зохион байгуулалтгүй байна. Ордондоо асуудлаа шийдэх биш, улсдаа асуудлаа шийдэж, ордоноос асуудлыг шударга шийдэж байгаа тал дээр хяналт тавих ёстой. Мэргэжлийн системгүй учраас тамирчид зодог тайлахаараа мөнгө олох боломж хомс болдог. Цөөхөн хэд нь дасгалжуулагч болно. Телевизийн тайлбарлагч болох гэхээр сонирхогчийн спортоос гарч ирсэн нөхдүүд яагаад сайн тайлбарлаж чадахгүй байгааг бэлэн харуулж байна. Гэтэл алдартай тамирчид нь ядруухан байгаад сэтгэл гундаж Олимп, дэлхийн медальтнууддаа сар бүр мөнгө өгөхөөр болов. Бүр ч болохгүй тал руугаа явж байгаа энэ. Шинэ юм мөн, гэхдээ гажиг. Мэргэжлийн системийг олоод харчих юм бол энэ олон бүтэлгүйтэл үүсэхгүй, зодог тайлсан тамирчин мөнгөтэй, зодог тайлаад бие даасан олон клубууд нь уралдаад авна. Ядахнаа телевизийн мэргэжлийн тайлбарлагч болчихно. Мөнгөтэй болчихсон улс, спортод яаж мөнгөө зарцуулахаа мэдэхгүй байгаа нь халамж руу орж байгаагаас харагдана. Дээр нь яам, хороо, холбоонд клубын өдөр тутмын ажил хийгээд байгаа нөхөр, улсын (салбарын) толгойд биш клубын хэмжээнд байх ёстойгоо ойлгоно.
Бидний мэдээгүй зүйлс
Манайд яг одоо байгаа системээр тоглоод мэргэжлийн лигт тэнцэнэ гэдэг хэцүү. Жижигхэн Вьетнамууд хүртэл манай тоглогчийг голж байсан. Харин зөв системээр яваад амжилтанд хүрсэн Монгол хүүхэд бий.
Ганболдын Гандэлгэр гэж хүү БНСУ-д суралцаж байх даа, 12 настайдаа хөлбөмбөг тоглож эхэлжээ. Ер нь бол хөлбөмбөгийг оройтож тоглосон гэсэн үг. Тухайн үед Юн-Сү И гэж БНСУ-ын шигшээ багийг даган явж, телевизийн тайлбарлагч хийдэг профессор Г.Гандэлгэрт өсөж дэвжихэд ихээхэн нөлөө үзүүлжээ. Солонгост гурван жил хөлбөмбөгийн академид тоглож, дараа нь Англид Battersea Lions клубт тоглосон. Эхний жил баг нь хүүхдийн лигт нэг ч хожил байгуулсангүй. Дасгалжуулагч олон жилийн төлөвлөгөөтэй ажиллаж байсан учраас дараа жил нь шууд аварга боллоо. Энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнай гэдэг амьдрал дээр болсон хэрэг. Үүнийг бүтээхэд гайхамшиг нөлөөлөөгүй. Мөнгөөр сайн тоглодог хүүхдүүд авчрах боломжгүй, өмнөх жилийнхэн хүүхдүүд. Томчууд шиг хот, хот хэсээд явах биш, өөрсдийнхөө бүст түрүүлсэн гэдгийг хэлье. Г.Гандэлгэр довтлогчийн ард төвийн хагас хамгаалагчаар тоглож, багийн бүх чөлөөт цохилтыг гүйцэтгэж байлаа. 175 см (одоогоор) өндөртэй Монгол хүү, хатуу ширүүн тоглолттой Англи арга барилыг уян хатан, жижиг зайд сайн тоглодог аргаараа дарсан нь энэ. Тухайн үед Күинс Парк Рэйнжэрсийн академид орох боломж байсан ч, холбож өгөх сайн мэнэжэр байхгүйн улмаас боломжыг алдсан. 17 нас хүртлээ клубтээ тоглоход, багийн түлхүүр тоглогч гэсэн статус түүнийг дагаж байсан юм. Энэ жил Английн дундаж клубт далан хүүхэд шалгалт өгөхөд, тэнцсэн гурван хүүхдийн нэг болж ямарч байсан мэргэжлийн хөлбөмбөгчин болох эхний алхамаа тавьсан. Том клубын академиас гараагүй болохоор заавал ийм зам туулдаг номтой. Өөрөө сайн байсан учраас мэргэжлийн хөлбөмбөгчин болох нь ойлгомжтой болсон Г.Гандэлгэр, илүү том багт тоглохыг хүсч дасгалжуулагчдаа хүсэлт тавьжээ. Дасгалжуулагч нь өөрийн таньдаг Тоттэнхэмийн скаутад түүнийг хэлж, тоглолтыг нь харуулахаар болжээ. Мэдээж тааруухан тоглогч байвал дасгалжуулагч хэн нэгэнд санал тавихгүй. Г.Гандэлгэр скаутын анхааралд өртөж, дасгалжуулагчдад нь таалагдаж Тоттэнхэмийн коллежид хоёр жил суралцах эрхтэй болжээ. Энэ хугацаанд сайн тогловол Тоттэнхэмтэй мэргэжлийн гэрээ байгуулах боломжтой. Академиар нь дамжаагүй, скаутуудын нүдэнд өртөж, дасгалжуулагчдад таалагдсан хүүхдүүдийг үнэгүй сургаж, сайн тогловол үндсэн тоглогчоо болгодог шатлал. Г.Гандэлгэр шиг сайн биш бол мөнгөө төлөөд сурдаг. Ямарч л байсан одоо хэн нэгний хараанд өртчих юм сан гэсэн зүйл үгүй болжээ. Суралцаад төгсөхөд хорь хүрчихсэн, ур чадварын хувьд харьцангуй өөр түвшинд хүрэх нь ойлгомжтой. Премьер Лигт тоглох боломж бий. Европын дундаж лигт хангалттай тоглох хэмжээний болчихно. Тэгэхээр бэлтгэлээ сайн хийх үлдэж байна. Долоо хоногийн таван өдөр бэлтгэлтэй байгаа тэрээр Күинс Паркын бэлтгэл хажууд нь юу ч биш юм байна гэж хэлж байна.
Дэлхийн хэмжээний клубын коллежийг төгсөх учраас зодог тайлаад хөлбөмбөгийн мундаг мэргэжилтэн болох үүд хаалга нээгдсэн. Зан чанарыг хувьд, цаашид хөгжиж дэвших боломж өндөр учраас түүнд итгэл хүлээлгэгчид олон. Ядаж Өмнөд Солонгосын К лигт хангалттай тоглох хэмжээнд хүрчихсэн нь Юн-Сү И докторыг, өөр Монгол хүүхдүүдэд боломж олгох суурийг нь тавьж өгсөн. Англид очих бүртээ түүнтэй уулзаж, гарын бэлэг өгдөг нь ямар итгэлтэй хүүхдийнхэн нэг болсныг бэлээхэн гэрчилнэ. Бас нэг давуу тал байгаа нь, Азиуд биеийн онцлогоосоо болоод голдуу жигүүрийн тоглогч, нэмэлт ур чадвартай тоглогчдоор түшиглэн Европт гардаг бол, Г.Гандэлгэр яг довтлогчийн ард тоглож, багаа удирддаг. Учир нь төвийн байрлалд голдуу үндсэн техник сайтай тоглогчид тоглодог нь Европт орох Азиудын боломжийг эрс багасгадаг. Гарааны тоглогчдын суурь байрлал болохоор төвийн хамгаалагч, хагас хамгаалагч, довтлогчид гэхээс илүү нэмэлт байрлал жигүүрийн тоглогчид болох Х.Наката, Пак Жи-Сун, И Юн Пё гэх мэт тоглогчид Европт гарааны бүрэлдэхүүнд гарах болсон. Иран бол баруун хагас хамгаалагчдаараа алдартай. Жигүүрийн хамгаалагч бол бүтэлгүйтсэн жигүүрийн довтлогч эсвэл бүтэлгүйтсэн төвийн хамгаалагчид гэдэгтэй адил. Одооноос л Азиуд төвийн хамгаалагч, хагас хамгаалагч, довтлогч, хаалгачидаа Европт гаргаж байна. Үндсэн техник нь мэргэжлийн сургалт, заавал академиар дамждаг учраас хөлбөмбөгийн хөгжил багатай улсад том сул тал болдог. Европын том лигүүдийг харахад гадны тоглогчид голдуу жигүүрийн байрлалд тоглодгоос харж болно. Харин Г.Гандэлгэр Азиудын ялгарч чаддаггүй довтолгооны төвийн хагас хамгаалагч хийдэг. Тоттэнхэмийн хөгжлийн баг, коллежийн хүүхдүүдээс гарааны бүрэлдэхүүнийг гаргахад 70 орчим хүүхдээс дандаа гараанд сонгогдож, чөлөөт цохилтуудыг хийдэг. Түүнийг гэмтэхэд баг нь хэд хэд хожигджээ. Энэ байдлаараа U18, цаашлаад U21, нөөцийн баг, үндсэн багт дэвших боломж, шатлал бий. Бүгд өөрөөс нь шалтгаална. Тоттэнхэмд орохоос жил орчимын өмнө, ах руугаа бичсэн мэйлд, нэг тоглолтонд дөрвөн гоол оруулсан тухай байсан юм. Хоёрыг нь чөлөөт цохилтоос, хоёрыг нь булангийн цохилтоос оруулжээ. Булангаас оруулахдаа эхлээд хаалгачийг арын шондоо ойрхон байхаар нь эргүүлээд урд талын шонд нь ойрхон цохиж оруулсан бол, дараа нь хаалгач урд талын шондоо ойрхон байхаар нь, ард нь эргүүлээд цохисон. Мэдээж хүүхдийн лиг учраас зайны хувьд ойрхон. Түүнчлэн би өөрөө тоглогч байсан учраас заримдаа ийм боломжийг хайдаг, мөн үүсгэж болдог байсан. Бэлтгэл дээр бол гоол хийж үзсэн. Гэхдээ тэрийг хэрэгжүүлэхэд заавал үндсэн техник шаардлагатай.
Хэдэн жилийн дараа Г.Гандэлгэр Монголын шигшээ багт тогловол яах вэ? Төвийн шугам илүү зохион байгуулалттай болно. Гэхдээ ойлголцох хэмжээний тоглогчидгүй бол тийм ч том давуу тал болохгүй. Техникийн хувьд өөр байх ч, багийн тоглолтонд нөлөөлөхүйц хэмжээний өөрчлөлт гарахгүй. Яагаад гэвэл шал өөр хөлбөмбөг тоглож буй. Бид лигээ босгоод ирвэл гадаадад тоглож буй тамирчид чанарын тал дээр эхний үед аваад явчихна. Миний нэг танил дүү Францад баруун хамгаалагч хийж байсан боловч насанд хүрээд цэргийн сургуульд шалгалт өгсөн. Шведэд тоглодог Монгол хүүгийн бичлэг бий. Реал Мадридын академид тоглодог Герман аавтай, Монгол хүүгийн тухай яриаг Англид байдаг Монголчуудаас сонссон. Боруссиа Дортмундын академид Монгол хүү бий. БНСУ, Англид хэд хэдэн хүүхдүүд хөлбөмбөгөөр хичээллэдэг. Харин цаашдаа хөлбөмбөгчин болох үгүйг нь мэдэхгүй. Энэ тал дээр бид ажиллаж чадвал заримыг нь ч болтугай хөлбөмбөгт нь үлдээж чадах байх. Гадаад харилцаа гэхээр гадагшаа тэмцээнд явуулаас өөр олон ажил бий. Лондонгийн Олимпын Унгарын гандболын шигшээ багт Монгол ээжтэй Тэмүүжин (Timuzsin) тоглож байсан. Тэмүүжин шиг тамирчдад Монголын шигшээг сонгох боломжыг бид бүрдүүлэх ёстой. Шигшээ багт нь ороогүй ч, сайн тоглодог Монгол гаралтай хүүхдүүд байгаа ч юм бил үү. Бидний мэдэхгүй зүйлс дэндүү олон байна.
Бидний мэдэж байгаа гадаадад тоглож буй ганц тоглогч маань А.Мөрөн. Цэвэр хөлбөмбөгийн шугамаар АНУ руу сургуульд явсан. Одоо Таиландын Краби клубтэй гэрээ байгуулж анхны мэргэжлийн хөлбөмбөгчин болсон. Ирээдүйд хүүхдийн лигээсээ тоглогчдыг явуулаад байвал шигшээ баг гаднаас бүрдэх боломжтой. Одоогоор бидэнд мэдэгдэж байгаа хоёр тоглогч байна. Нэг нь мэргэжлийн гэрээтэй, нөгөөх нь Тоттэнхэмийн бүтээгдэхүүн. Хүүхдийн лиг маань, мэргэжлийн лигийг бий болговол эх орондоо гадны тамирчдыг тоглуулж болно. Дагаад шигшээ багийн чанар үлэмж дээшлэнэ. Зодог тайлсан одууд Монголын лигт тоглохыг харж болох юм.
Монгол хүүхдүүдийн гадагшаа гарах эхний зам бол БНСУ, Япон зэрэг Азийн орнууд. Азийн орнуудыг яагаад эхний ээлжинд сонгосон бэ гэхээр систем нь Европоос төдийлөн ялгарахааргүй болчихсон. Г.Гандэлгэрийг амжилтанд хүрэхэд нөлөөлсөн профессор Англид очих бүртээ уулздаг. Харилцааны хувьд маш сайн байгаа нь дараагийн Монгол хүүхдүүд Г.Гандэлгэрийн араас явах зам нээлттэй. Үүнд дасгалжуулагч адилхан хамаатай. Бид дотооддоо лигээ босгоод, клубээ бие даалгаад, дээр нь авьяас байвал Монгол хүүхэд бүрт боломж нээлттэй. Зөв системтэй болчихвол хаана ч гологдохгүй. Асашёрюү, Хакухо, Харүмафүжи нарт зөв систем л хэрэгтэй байсан. Дагваа багтаж ядсан ааг омгоо сүмогийн дэмжээн дээр л гаргаж, дэлхийн хэмжээнийн тамирчин болсон. Хэрвээ Монголд байсан бол тэр ааг омог юунд гарах байсныг таашгүй. Тэгэхээр Монголд яах аргагүй зөв систем хэрэгтэй байгаа биз? Хичнээн авьяас чадвар байгаад тэрийг олж харах зөв системгүй бол авьяастай, чадвартай байхын хэрэг бий гэж үү!!!