“ОНЫ ӨРГӨМЖЛӨЛ”

Оны төгсгөлд ажил үйлсээ дүгнэж хамт олноороо ЁОЛК хийж, оны элдэв өргөмжлөл, бэлэг дурсгал өгдөг нь түгээмэл үзэгдэл. Ажаад байхад дэлхийн ямар ч улс үндэстнээс илүүтэйгээр монголчууд бид Ёолкноороо баярлаж цэнгэдэг. Жаргаж цэнгэж сурсан ард түмэн.

Ер нь утаа, түгжрэл, зуд гэхгүй л бол монголчууд бид бүтэн жилжингээ хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж баярлаж цэнгэж байх шиг харагддаг. 2025 он гараад эхний өдрөөсөө л Цагаан сарын уур амьсгал орчихно. Цагаан сар, Наадам гэж хоёр том баярт бэлтгэж амьдралаа, ажлаа, мөнгөө төлөвлөнө. Завсарт нь баярууд ярайна. Ойн баярууд. Байгууллага, салбар, аймаг, сум, нутгийн зөвлөл тасрахгүй. Гавьяатын ба эрдмийн зэрэг цол бусад цол өргөмжлөл хүртсэний найрууд гэж нийслэлийн олон рестораны орлогыг нугалж өгдөг баярууд байна. Тэр байтугай Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгийн найр, Алтан гадас одонгийн найр, Алдарт эхийн төд төддүгээр одонгийн найр, төгсөлт, хонхны баяр, диплом авсны гээд жагсаалт уртаас урт үргэлжилнэ.

Ёстой л Монгол орон хэлбэртээ дарлуулж, агуулгаа гээж (миний олж харснаар шүү!) дуусч байна. Баярлаад хөл хөөрцөг болоод байдаг, цаана нь нийгэмд бүх асуудал (зовлон гамшиг, үйл лай) яг бахь байдгаараа үлдчихдэг гэдгийг л би өөрчлүүлэх санаатай бичиж буй хэрэг шүү дээ. Бичсээр ч байх болно.

Өргөмжлөл (бас шагнал) цувж өгч байгааг хүлээн зөвшөөрөхийн хамт агуулгад нь санаа өгөхөөр ээлжит шүүмжлэлт нийтлэлээ хүргэе. Шагналыг дагасан гонгинооныг бид ханаталаа сонсож байна. Тийм ч гавьяатай, ийм ч үйлстэй, гавьяат нүдээ олсонгүй, тэр яахаараа авдаг юм гэсэн гонгиноон. Хэрэв хөдөлмөрийг нь үнэлэх гэж байгаа бол дор бичих жагсаалтыг анхааралдаа авна уу хэмээн Төр-засгийн дээд эрх баригчдад уриалан дуудъя. Одоо л тусгахгүй бол оройтсон хойно амаа барьдаг үлгэр болчих вий хэмээн түгшиж байна.

Оны ажил дүгнэж байгаа тул “Оны өргөмжлөл” гэдгийг ингэж олгомоор байна. Салбар салбартаа “гавьяат”-аас ч дутахгүй болчихсон тийм нэр хүндтэй шагнал учраас шалгуур агуулгыг нь өөрчлөе. Дагалдуулж өгөх мөнгөн шагнал, өөр юу ч сэдэж болохоор юм. Хэрэв цаад нөхөр үнэхээр гавьяатай бол? “ҮНЭХЭЭР ГАВЬЯА” гэсэн шинэ нэршил гаргаж ирье.  Агуулгыг нь хэрхэн өөрчлөх жагсаалт дотор тэрхүү “Үнэхээр гавьяа”-г нь суулгаж өгье. Ямар гавьяа вэ гэдэгт жагсаалт үйлдэж Та бүхний сонорт хүргэе. Тэвчээртэй уншиж бясалгана уу!

Улс төрчдөд, төр-захиргааны дарга нарт өгөх оны өргөмжлөл, бас шагнал:

  1. УИХ-ын гишүүдэд. Тойрогтоо хичнээн монгол хүн, хичнээн монгол айл өрхийг ядуурлаас гаргаж дундаж түвшинд хүргэсэн бэ? Энэ асуултад бодит хариулт олж чадсанд нь өргөмжлөл хайрлая.
  2. Хот, дүүрэг, аймаг сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нарт. Танай хотын, дүүргийн, Танай аймгийн, сумын хичнээн монгол хүн, хичнээн монгол айл өрхийг ядуурлаас гаргаж дундаж түвшинд хүргэсэн бэ? Энэ асуултад бодит хариулт олж чадсанд нь өргөмжлөл хайрлая.
  3. Аймаг сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нарт тусгайлсан ийм өргөмжлөлийг асар их мөнгөн шагналтай олгодог болъё. Танай аймаг, Танай сумын уугуул, тэгсэн атлаа нийслэлийг бараадаад бүр дордоод ядуурч золбирсон, гуйлгачилсан, модоо барьсан хичнээн монгол хүн, хичнээн монгол айл өрхийг эргүүлж нутагтаа татан авч аж амьдралыг нь дээшлүүлсэн бэ? Энэ асуултад бодит хариулт олж чадсанд нь өргөмжлөл байтугайнаа илүү том шагналыг хайрлая.
  4. Эрчим хүчнийхэнд. Ухаалаг шийдлийн уралдаан зарлан дүгнэдэг болъё. Нүүрснээс гадна өвлийн цагт дулаан хайрлах ямар эрчим хүчний эх үүсвэрийг олж нэвтрүүлсэн бэ? Нийслэлийн утааг багасгах ямар ямар ухаалаг шийдлийг бодитойгоор хэрэгжүүлсэн бэ? Энэ асуултад бодит хариулт олж чадсанд нь өргөмжлөл байтугайнаа илүү том шагналыг хайрлая.
  5. “Нийслэлийн утааг буруулахад байгаль орчныхон” гэсэн ангиллаар тусгай өргөмжлөл шагнал буй болгож шалгуур тогтооё. Гэр хорооллын хичнээн айл өрх, хашааг ногоон байгууламжтай болгосон бэ? “Тэрбум мод” хөдөлгөөнд биетэй бодитой хичнээн мод тариулж арчлуулж, хичнээн жил зарцуулсан бэ гэдэг шалгуур нэн чухал байна. Гэр хорооллын айлуудыг газарт оруулбал тэр газрыг нь зөвхөн ногоон байгууламж болгох ганцхан л мэргэн арга (эцсийн шүү!) үлдсэн, өөрөөр ямар ч бүтээн байгуулалт, байшин барилга гай болно.
  6. Түгжрэл шийдсэн өргөмжлөл, шагнал тусад нь буй болгоё. Бас л ухаалаг шийдлийн уралдаан зарлана гэсэн үг. Хүний эрхэнд халдаж таарна. Гэхдээ ардчиллын эсрэг биш л байвал нийслэлийн түгжрэлийн эсрэг ямар ч өргөмжлөл, дээд цол, дээд шагнал нэн хэрэгтэй болчихоод байгаа бус уу?
  7. Бүх шатны боловсролын байгууллагад тэр олддоггүй гавьяатыг нь хайр найргүй цацах үндсан шалгуур бол “XXI зууны зөв монгол хүн” хичнээнийг төлөвшүүлэв, тэд нь ямар үр бүтээлтэй нийгэмдээ зөв яваа тусгай шалгуур буй болгоё. МОНГОЛ ХҮН цагийн ая даахааргүй ийм сул дорой, ажиллах чадваргүй хүсэлгүй болчихоод байхад боловсролын салбарын багш нарыг арай өөрөөр албадаад үзэхгүй бол оройтлоо!
  8. Монгол хүний бие бялдрыг хөгжүүлдэг, эрүүлжүүлдэг, зөв аж төрлийг хэвшүүлдэг салбарынханд оны өргөмжлөл ба шагналыг цутгадаг болъё.
  9. “Гавьяат архичин” гэж цол бий болголтой биш архины эсрэг үр бүтээлтэй тэмцсэн бүх иргэдэд (байгууллага, хамт олон, клуб гэх мэт) тусгай өргөмжлөл олгодог болмоор байна.
  10. Урлаг соёл нь МОНГОЛ ХҮН-ээ хөгжүүлэхийн (зөв хүн төлөвшүүлэх, хөдөлмөрийн хүмүүжил суулгах, бизнесийн ухаанд суралцуулах) төлөө ажиллаагүй бол энэ салбарын элдэв цол, өргөмжлөлийг азнавал яасан юм бэ?
  11. Хөдөө аж ахуйд мал өсгөсөн гэдгээр бус хичнээн ядуу хүн, ядуу өрхийг өөд нь татаж малжуулсан бэ, тэднийг хэрхэн тогтвор суурьшилтай хөдөө нутагт нь ажиллуулсан бэ, хөдөлмөрийн хүмүүжил хэрхэн суулгасан бэ гэдэг шалгуураар тэрхүү гавъяат, мянгат цолоо хайрладаг болгоё.  
  12. “Хүнсний хувьсгал”-д малчдын оролцоо ба гавьяа гэсэн тусгай шагнал өргөмжлөлийн шалгуур тогтолцоо нэн хэрэгтэй байна.
  13. Барилгын салбарын гавьяат, хөдөлмөрийн баатар, оны аваргуудад зориулсан онцгой тусгай өндөр босго тавимаар байна. Барьсан босгосон байшин, шилэн цамхаг бол хэлбэр төдий юм, агуулга алга. Агуулга нь юу юм гэвэл гэр хорооллын хичнээн монгол өрх айл Таны барьсан орон сууцанд шилжиж орсон, Та тэдэнд ямар боломж олгож хөнгөлөлт үзүүлэв, эргээд гэр хороолол дахь хашааны газар нь ногоон байгууламж болж чадсан уу, түүнд нь барилгын компани яаж туслав гэдэг шалгуур нэн чухал байна. Барилгын бизнес эрхлэгчдэд тавих ерөнхий шалгуур том зураглалаараа бол Монгол Улсад ядуурлыг арилгахад Танай компани юу хийж бүтээв, салбартаа хичнээн ядуу монгол хүн, ядуу өрхийг өөд нь татаж ажлын байраар хангав, тэднийгээ хэрхэн тогтвор суурьшилтай ажиллуулсан бэ, хөдөлмөрийн хүмүүжил хэрхэн суулгасан бэ гэдэг шалгуураар тавьж дүгнэдэг болъё.

Ерөнхий том утгаар бол бүх шагнал өргөмжлөлийн цаана үлдэц нь юув гэвэл Монгол дахь ядуурал, ажилгүйдлийг шийдвэрлэхэд ямар үр дүнтэй ажиллав, эх орноо юугаар гийгүүлэв, эх орноо хэрхэн бэхжүүлж төгөлдөржүүлэв, МОНГОЛ ХҮН-дээ Та бодитой юу өгөв гэсэн хатуу шалгуурыг л би нэрлээд жагсаагаад байна.  

Гэх мэт салбар салбараар өөрсдөө цааш нь сэтгээд үз дээ.

– Үргэлжлэл бий