Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарахад ердөө гурав, дөрөвхөн хоног үлдлээ. Эн тэнцүү өрсөлдөгчидтэй сонгууль бол үнэхээр сайхан байдаг юмсан. АН-аас бусад парламентад суудалтай намууд даанч хариуцлагагүй нэр дэвшилт явуулснаас энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль улс төр жаахан гадарладаг сонгогчдын хувьд даанч сонголтгүй сонголт болгоод байна.  Яагаад.

Бөхчүүд нь хүртэл саналаа өгөхгүй юм шиг

Улсын их баяр наадамд арав түрүүлсэн бөхийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн нь МАН-ын том алдаа байсан нь сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусах тутам улам мэдэгдээд байна. Аваргын нэрийг л дэвшүүлчих, тэгвэл бид маргаангүй ялна гэж хэдэн залуучууд МАН-ын удирдлагын толгойг анх эргүүлжээ. Ийм бодлогын цаад санаа нь МАН-ын зарим фракц Ерөнхийлөгчийн сонгуульд ялах бодлого явуулаагүй. Зүгээр л Ерөнхийлөгчийн сонгуулийг далимдуулан намын даргын албан тушаалыг Ө.Энхтүвшингээс салгаж авах бодлого явуулсандаа Б.Бат-Эрдэнэ аваргын нэрийг анх гаргаж ирсэн юм байна. Бат-Эрдэнэ аварга сонгуульд ялагдлаа гэхэд Бат-Эрдэнэ хариуцлага хүлээхгүй. Харин ялагдсан Б.Бат-Эрдэнийн өмнөөс нь нэр дэвшээгүй Ө.Энхтүвшин хариуцлага хүлээж намын даргаа өгнө. Намынхаа нэрийг сурталчилгаанд бага гаргаад бөхийн талаас нь пиардаад өг. Унавал нэг ашигтай, ялбал бас нэг ашигтай хэмээн тооцоо хийжээ. Тэгээд сурталчилгаа эхлэх болоход нэг тооцоо нэмсэн гэнэ. Хөдөөгийн сум болгонд сум, аймаг, улсын бөхийн цолтой арваад хүн байдаг. Тэд сумандаа нэр хүндтэй. Эд бол аваргын ухуулганд явах хамгийн том баг болно. Ямар ч намаас илүү гэж тооцоо хийжээ. Хөдөөнийхөн аваргыг амьдаар нь хараад л налаад явчихна. Тэд аварга бөх хараад саналаа өгөх болохоос биш юу ярих нь, цаашид Ерөнхийлөгч болоод ажлаа хийж чадах эсэх нь гол биш гэж сонгогчдыг басамжилсан нь алдаа байжээ. Гэвч байдал бишдээд эхэллээ. Ядаж байхад Мөөгий, Баянаа зэрэг ахмад аваргууд нь Ерөнхийлөгчид нэр дэвшээд байгаа Б.Бат-Эрдэнэ аваргаа дэмжсэнгүй. Өөрөөр хэлбэл, мэргэжил нэгтнүүд нь аваргыг Ерөнхийлөгч хийж чадахгүй гэж голсон болов уу даа. А.Сүхбат аварга, сумо-гийн Дагвадорж нар АН-д элсчихлээ. Эр хүн эр хүндээ хайртай болохоос бөх хүн бөх хүнээ дэмждэггүй юм байна. Аваргын сурталчилгаанд бөхчүүдийг өөрсдөө зардлаа даагаад орон нутагт яв гэсэн нь бас л алдаа болов. Бөхчүүд явсангүй. Хэрэв бөхчүүд аваргынхаа сурталчилгаанд явах юм бол хүний сая төгрөг нэхэх аяс гаргав. Ингэж бөхчүүдийг дайчлаад сурталчилгаанд явуулаад ирэхээр зэрэг МАН-ын олон жил сонгуульдсан улстөрч гишүүд нь уурсаад бас нэг зөрчил нэмэгдэв.

Намын  гишүүд нь  эсэргүүцэх

МАН-ын жирийн гишүүд дунд намын дарга буюу  намд танигдсан томоохон лидерүүд, МАН-д байгаа намын дарга, Ерөнхий сайд, ядахдаа сайд хийж байсан нэр хүндтэй мэргэжлийн том улстөрчид Ерөнхийлөгч болох ёстой. Олон улсын улс төрийн тогтсон жишгийг эвдсэн. МАН лидерүүдээ дэвшүүлээгүй нь том алдаа болсон гэж үздэг, шүүмжилдэг хүчтэй бүлэглэл байна.  МАН-д том лидерүүд бий. С.Баяр, М.Энхболд, Сү.Батболд , Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж гээд дэвшчихсэн  л байхад хоёр дахиа дэвшиж байгаа Ц.Элбэгдоржийг бол айлгах улстөрчид байсан.  Ц.Элбэгдорж тэртээ тэргүй ялна гэсэн АН-ын ам мэхнээс айгаад лидерүүд нь бултаж  аваргаараа нүүрээ тахалсан нь энэ. Аваргыг хэдхэн саналаар гарч ирэхэд МАН-ынхан нааш харж инээж цааш харж уйлсан. Анх л нэр дэвшүүлэхээс эхлээд МАН-ын ихэнх лидерүүд нь  нэр дэвшигчээ дэмжсэнгүй. Эргэн санахад МАН-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хурал дээр намын дарга нь аваргатай хоёронтоо тэнцсэн байдаг.  Энэ үед аварга нэрээ татаж авсан бол байдал өөр болж сонголттой сонголт болох байсан. Есхөн хүний саналаар намын даргаа унагасан аварга амбицаа дарж чадаагүй. Ялах ялагдахын хариуцлагыг намын дарга хүлээдэг. Ө.Энхтүвшин хариуцлага хүлээх албан тушаалтны хувьд  давуу эрхтэй байх ёстой л доо. Үүнийгээ эдэлж чадаагүй.  Ялагдсан ч Б.Бат-Эрдэнэ ямар хариуцлага хүлээх юм бэ.  МАН-ын алдаа энэ гэж улстөрчид нь дүгнэж.   Жишээ нь, Д.Балдан-Очир, Э.Мөнх –Очир нарын туршлагатай парламентчдынхаа дэмжлэгийг авч чадахгүй байж нам дотроо сонгогчид дотроо илүү санал авна гэж тооцсон нь  цагийн гарз боллоо биш үү.

Ц.Элбэгдорж асуудал ярьж, бусад нь түүнийг муулах

МАН, МАХН хоёрын гол алдаа бол өрсөлдөгчөө муулах байлаа. Бие биенийхээ мууг үзсэн, хүний мууг үзсэн нийтлэл нэвтрүүлэгт иргэд дуртай байсан цаг бий. Одоо тэр моод өнгөрчихсөн гэдгийг дээрх хоёр намын пиарчид  анзаарсангүй.  Ц.Элбэгдорж асуудал ярьж байна. Харин нөгөө хоёр нэр дэвшигч нь АН-ыг бүхэлд нь муулах, харлуулах тактик барьж байна. МАН-ынхан нэр дэвшигчийнхээ мөрийн хөтөлбөрт анхаарч ач холбогдол өгсөнгүй. Олигтойхон мөрийн хөтөлбөр боловсруулаад өгсөнгүй. Хий хоосон, зүйр цэцэн үгс, шүлэг, яруу найргаар пиар хийсэн нь сонгогчдод ялангуяа өндөр боловсролтой сонгогчдод бол таалагдсангүй. Гар минь цэвэр, Бие минь цэвэр, Сэтгэл минь цэвэр, Цус минь цэвэр гэх буюу. Авлига авахгүй, Архи үйлдвэрлэхгүй, Алт ухахгүй гэх буюу. Хүчтэй ерөнхийлөгч, Хүчирхэг Монголын төлөө уухай гэх . Эсвэл Эрх зүй хуулийн тогтолцоо ярихын оронд эр хүний жудаг гэж ярих нь  сонгогчдын хувьд чамламаар гэхээсээ илүүтэй МАН аваргыг дэвшүүлсэн болоод орхисон. Аргаа ядахдаа пиарчин, яруу найрагч гэгдэх залуусдаа найдаж орхижээ гэж сонгогчид  шүүмжилж байна.

Зөвхөн бөхөд байсан яс үндэс, баруун зүүн Монголоор нь ялгаварлах бүдүүлэг зан


Монгол бөхийн спортод хэддүгээр зууны үед эхэлсэн юм бүү мэд.  Нэг  бүдүүлэг бодлого зуршил болчихсон байдаг юм. Тэр нь Баянаа, Мөөеө хоёр аваргын үеэс үе дамжин илэрдэг. Монгол бөх  нутгархдаг. Халх, Ойрдоор нь хуваадаг. Баруун, зүүн аймгаараа ялгардаг. Их бага ястнаараа дуудалцдаг. Энэ заваан бодлогыг  МАН-аас нэр дэвшигч аварга маань зориудаар юм уу, санамсаргүйгээр Монголын улс төрд оруулаад ирэх шиг боллоо. Зүүн аймгийн, цэвэр цусны жинхэнэ монгол хүн. Сурталчилгааны ийм бүдүүлэг алдаа гаргасан хариуцлагыг аварга Б.Бат-Эрдэнэ биш МАН гэдэг улс төрийн хүчин үүрэх ёстой. Увс, Ховд Баян-Өлгийн сонгогчид энэ булай бодлогыг дэвэргэсэн сурталчилгааг дуулаагүй  сонсоогүй гэж бодсон бол уучлаарай. Нэр дэвшигч ч гэсэн МАН ч гэсэн сонгогчдоосоо уучлал гуйх нь оройтоогүй байна. Монгол Улсынхаа улс төрийн удирдагчийг сонгох гэж байгаа болохоор олон сонгогчийн хувьд энэ удаад Ц.Элбэгдоржоос өөр сонголтгүй сонгууль болох нь ээ.