Ширэндэвийг шившиглэсэн зусрын үгс
МУИС-ийн хичээлийн 2-р байрны өмнөх талбайд нэгэн сүрлэг хөшөө буй. Босгоод жил ч болоогүй байна.
- Эмгэнэлт түүх -
МУИС-ийн хичээлийн 2-р байрны өмнөх талбайд нэгэн сүрлэг хөшөө буй. Босгоод жил ч болоогүй байна. ХХ зууны Монголын сэхээтний түүхийн гэрч болох энэ эрхэм ардчиллын жилүүдэд цагаатгагдаж, нэр сүр алдар нь эргэж ирээд удаагүй байхдаа хорвоогийн жамаар явж одсон, хөшөө дурсгалаа нэхэн босгуулсан, МУИС-ийн түүх, шинжлэх ухааны түүх гэж ярих аваас ерөөсөө Базарын Ширэндэв гэх хоёрхон нэр хоршин алтан үсгээр бичигдэх биз ээ. Харин би энд тэртээх 1980, 1981 оны МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны хоёр тогтоол, тэр хоёр дахь тогтоолыг халуунаар хүлээн авсан ШУА-ийн Намын хорооны гишүүдийн хурлын (1982.01.28) протоколыг ухаж төнхөхөөр зориглов.
Тэр хурал дээр Б.Ширэндэв агсныг шившиглэсэн зусрын үгс хангалттай яригдсан учраас, тэр зусрын үгсийг хэлэгсэдээс зарим нь амь сэрүүн байгаа учраас, тэдний үр хүүхэд, ач гуч нар нь мэдэж аваг хэмээн би эшлэх гэж байна. Өмнөх коммунист нийгмийн бузар булайг тоочивч барагдашгүй. Гэхдээ шинжлэх ухаанаар хөөцөлдсөн манай яруу алдарт эрдэмтэд (тэгэх тусмаа олны танилууд шүү!) маань ямар ч хөгийн арчаагүй, зусарч зулгуйч, хүний мууд дуртай ховч, атаачид байсан юм бэ гэдгийг дараахи эшлэлүүд хэлээд өгнө. Бас энэ эшлэлүүд нь тэдний эх хэлээ эзэмшсэн байдал, албаг бичгийн хүнд сурталт хэл нийгэмд ноёлож байсныг, өнөөгийн өнцгөөс ажваас хагас галзуу ч юм шиг үсчсэн сүржигнэсэн гадаад төрхийг нь илтгэх мэт.
“Нөхөр Базарын Ширэндэвийн зарчимгүй, хариуцлагагүй, нэр алдар хөөцөлддөг зан байдал, үйл ажиллагааны тухай” гэсэн гарчигтай 1981 оны МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны тэр тогтоолыг ШУА-ийн хамт олон, коммунистууд халуунаар хүлээн авчээ. Халуунаар хүлээн авсныг илтгэх намын бага хурлаа ч зарлан хуралдуулжээ. Энэ тухай нэгэн бэсрэг номоос засваргүй, нэртэй устай нь оочин цоочин эшлэе.
ШУА-ийн Намын хорооны нарийн бичгийн дарга М.Мижидгомбо:
- Академийг нээх ёслолын хурал дээр нөхөр Ю.Цэдэнбал хэлсэн үгэндээ шинжлэх ухааны үйлсэд үнэхээр зүтгэхийг чармайсан, авьяас чадвартай, ажил хэрэг дээр тэр чанараа харуулсан хүмүүсээр эрдмийн хамт олныг бүрдүүлэн бэхжүүлэх тухай асуудлыг онцлон анхааруулсан юм.
- Гэтэл ШУА-ийн ерөнхийлөгч Б.Ширэндэвийн намч биш, бэртэгчин зан байдал, хариуцлагагүй, зарчимгүй үйл ажиллагааны улмаас МАХН-ын Төв Хорооны олон чухал зорилт, тодорхой удирдамж заалтын биелэлт ноцтой хохирч, ШУА, хүрээлэнгүүдийн ажилд олон талын хор уршиг тарилаа.
- Б.Ширэндэв сүрээр далайлган шүүмжлэлийг хааж боохыг оролдож, нөхөрсөг зөвлөлгөө жирийн яриаг ч тухтай сонсож чадахгүй, тас дайрдаг учраас хүмүүс түүнд халдаж үг хэлэхээсээ эмээдэг болсон байна.
- Нөхөр Б.Ширэндэв ШУА-ийн ерөнхийлөгчийн өндөр нэр хүндтэй албан тушаалыг хортойгоор ашиглан, хамтын удирдлагын зарчмыг алдагдуулж, дур зоргоор авирлах арга барилаар ажил хэргээ явуулдаг байлаа.
- Б.Ширэндэв, Б.Чадраа хоёр бие биеэ хөөргөн дэвэргэж, ул суурьгүй, холын хараагүй, дураар загнаснаас болж зөвхөн академийн хэмжээнд төдийгүй, улс нийгэмд их хохирол учруулжээ.
- Б.Ширэндэвийн дураараа авирладаг зан араншин, өөрийгөө магтуулах дуртай сул талуудыг нэр хүнд хөөцөлдөж, хувийн ашиг завшаан хичээгч Б.Чадраа, Т.Балдан, Д.Хорлоо (хэвлэлийн товчооны дарга), Ш.Чулуунбаатар, Д.Мэндсайхан нарын зэрэг хүмүүс овжноор ашиглаж, хутган үймүүлэх ажиллагаа явуулж, тэргүүлэгчдийн газрын удирдлагыг хооронд нь харгалдуулан, хамт олны дотор хов живээр хөөцөлдөх эрүүл биш уур амьсгал бий болгоход хүргэсэн байна ...
- Намын Төв Хорооны тогтоолд Б.Ширэндэвийн удирдах ажлын арга барил, хувийн зан байдлын талаар заасан агуулга бол хөдлөшгүй баримт дээр үндэслэсэн бодит зүйл болох нь шинжлэх ухааны ажилтан, коммунист бидэнд тод итгэлтэй байна.
- Үнэндээ нөхөр Б.Ширэндэв дүгнэлт хийж, академийн тэргүүлэгчдийн газрын үйл ажиллагаанд хамтын удирдлагын системийг гүнзгий нэвтрүүлсэнгүй, өөрийн дур зоргоор асуудлыг шийдэж байснаас Б.Чадраа мэтийн хөнгөн хийсвэр этгээдийг дэвэргэн хөгжөөж, олон мянган төгрөгийг зөвхөн нэг хүрээлэнгийн ажиллагаанд зориулан олгуулжээ.
- Орчин үеийн социализмын шинэ хүний эрхэм нандин чанар бол төлөв даруу зан чанар, нөхөрсөг харилцаа байх ёстой. Гэтэл Б.Ширэндэв энэ шинж чанарыг алдаж, хүмүүстэй харилцах харилцаа, нийгмийн өмнө өөрийгөө эрдэмтэн хүний ёсоор авч явах чадварын хувьд доголдож, биеэ хоосон магтуулах элдэв хэлбэр гаргасныг эрдэмтэд бид үнэхээр буруушааж байна ...
- Намын Төв Хорооны тогтоолд академийн ерөнхийлөгч байсан Б.Ширэндэвийн ажлын хоцрогдмол арга барил, бүдүүлэг зан төрх, үүнээс болж улс орны шинжлэх ухааны хөгжилд учруулсан хор уршиг, тэрчлэн ШУА-ийн үйл ажиллагаанд гарсан ноцтой дутагдлыг туйлын үнэн зөвөөр, зарчимт байр сууринаас зааж, улс нийгмийн өмчид хүйтэн цэвдэг сэтгэл, явцуу үзэл санааны үүднээс хандаж, ард түмний маань үлэмж хэмжээний хөрөнгийг үрэн таран хийсэн Чадраа, Балдан нарын хорт үйл ажиллагааг илчлэн эрс буруушаан тэмдэглэжээ.
- Б.Ширэндэв, түүний талынхны хардаж сэрдэх нь туйлдаа хүрч, ажлын тасалгаанд албан ба хувийн ажлаар орсон гарсан хүмүүсийг бүртгэх, ажлын бус цагаар ч хэнтэй уулзаж юу хийж байгааг мөрдөн ажиглаж, ажиллах нөхцлийг хаагдуулан, сэтгэл санааны дарамтанд оруулж байсан удаа ч бий ...
- Б.Ширэндэв тус орны шинжлэх ухааны хөгжилд их хохирол учруулсан хүний нэг мөн. Ширэндэвийн алдаа дутагдлын уг сурвалж нь түүний хувийн зан чанартай ихээхэн холбоотой нь ойлгомжтой юм.
- Манай хороо тус улсын эрдэм шинжилгээний байгууллагуудын хүчийг VI 5 жилд 30 орчим үндсэн асуудалд төвлөрүүлэх санаачилга гаргаж, 5 жилийн төлөвлөгөөний төслийг ШУА-ийн хүрээлэнгүүдтэй хамтарч боловсруулсан юм. Гэтэл энэ төслийг Б.Ширэндэв ганцаараа эсэргүүцэн, задалж амжсан юм...
- Шинжлэх ухааны ажлын талаар өнгөрсөн онд гарсан тогтоол ёсоор Б.Ширэндэв зохих дүгнэлт хийж, түүнийг худал хоосон ам хэлээр бус, жинхэнэ үнэн сэтгэлээсээ хэрэгжүүлэн биелүүлэхийн оронд өөрийн үхширмэл арга барил, биеэ тоосон, нэр төр хөөцөлдсөн зан араншиндаа хөтлөгдөн уул тогтоол шийдвэрийг үнэн хэрэг дээрээ хөсөрдүүлж хаясан байна.
- Б.Ширэндэв хамт ажилладаг удирдах нөхөд, намын хороо, үүр, намын гишүүдээс хөндийрөн тасарч, биеэ шүтүүлэх гэсэн арчаагүй байдалд оржээ. Б.Ширэндэвийн түшиж байсан этгээдүүдийн нэлээд нь зусарч, бялдууч, залихай, ховдог шунахай, нэр алдар, албан тушаал хөөцөлдсөн, хөнгөн хялбар аргаар амь зуухыг бодсон, социалист өмчид халдсан, элдэв нарийн аргаар улсын хөрөнгө мөнгийг үрэн таран хийсэн буюу хувьдаа завшсан хүн байв. Ийм бялдууч долгинуур этгээдүүдийн нэг нь академийн хэвлэлийн товчооны дарга Д.Хорлоо мөн.
- Үүний өмнө Л.Жамсран, Г.Сүхбаатар нар түүхийг маогийнхны үзэл суртлын үүднээс гуйвуулж Монгол улсыг хятадын хэсэг мэт санаа шургуулсан сурах бичиг зохиож, хүүхэд багачуудын толгойг эргүүлэхэд чиглэсэн оролдлого хийж байсан юм. Гэтэл Б.Ширэндэв, Д.Хорлоо нар Жамсран, Сүхбаатар хоёрын хаацайлан хамгаалж байсан байна ...
Ерөнхий сорилын биологийн хүрээлэнгийн захирал, доктор О.Шагдарсүрэн:
- Эрдмийн хамт олноос тасарч, тэдний санал шүүмжлэлийг сонсохоо больсон тухай тогтоолд тэмдэглэсэн дутагдал бол Ширэндэвийн байнгын нэг дутагдал мөн. ШУА-ийн бүх гишүүдийн чуулганд илтгэлийн дараа хүрээлэнгийн захирлууд ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу зохиосон ажлыг сайшаах, амлалт авах 10 минут үг хэлдэг байв. Академийн гишүүдэд үг хэлэх бололцоо олгохгүй, хэрэв зарим гишүүн үг хэлбэл хурлын төгсгөлд ерөнхийлөгчийн няцаалтын үг хэлэгдэж заавал хяхалт хүлээдэг байв.
- Энэ бол Ширэндэв өөрийгөө бүхнийг мэдэж чадах хүн гэж дэвэргэн үнэлдэг байсантай нь шууд холбоотой гэж би намын гишүүний хувьд шүүмжилж байна ...
- Б.Ширэндэв нам, засгаас түүнд хүлээлгэсэн итгэл найдварыг гагцхүү өөрийн мэдлэг чадлаар олж авсан гавьяа мэт үзэж, аливаа асуудлыг академийн тэргүүлэгчид, намын хорооны санал зөвлөмжгүйгээр шийдвэрлэж, нэг ёсондоо эзэрхийлэн ноёлогч болж хувирсан юм.
- Б.Ширэндэвийн шинжлэх ухаанд учруулсан хор уршиг нь археологийн судлалд бас л туссан юм. Манай хайрт удирдагч нөхөр Ю.Цэдэнбал археологийн шинжилгээ орчин үед чухал байгааг онцлон үзэж, өөрөө санаачлан судалгаа шинжилгээний талаар үнэтэй санал зөвлөлгөө өгч, улмаар археологийн лабораторийн материаллаг баазыг бэхжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч өгч байлаа. Гэтэл Б.Ширэндэв хөрөнгөтний ба маоистуудын харгис үзэл суртлыг илрүүлэн бутцохиход археологчдын оруулах хувь нэмрийг үл ойшоон, археологийн судалгааг инээдэм шоглоом болгох, нэр хоч өгөх, хааж боох бодлого явуулах болсон юм.
- Б.Ширэндэвийг долгинон зусардагч этгээдүүд ахар богино хугацаанд зэрэг, цол ахих, сайшаал шагнал хүртэх, өөрсдийгөө юунаас ч хамгаалж чадах бат бөх бамбайтай боллоо гэж найдаж дураараа загнах боллоо.
- Манай дотор гарсан замбараагүй байдлыг өөрчлөхийн тулд Б.Ширэндэв төдийгүй, түүний ойр дотно хүмүүс, хутган үймүүлэгчдийг зайлуулах арга хэмжээ авах хэрэгтэй ...
- Тус академийг толгойлж байсан Б.Ширэндэвийн хариуцлагагүй, зарчимт биш зан чанар, удирдлагын ленинч зарчмыг зөрчиж, асуудлыг үндэслэл муутай дураараа шийдэж байсан нь ажилд ихээхэн хохирол учруулж байлаа.
- Дутагдал зөрчил гаргасан хүнд арга хэмжээ авахыг зөвшөөрдөггүй, эвлэрэнгүй ханддаг байснаас ухамсар муутай Б.Чадраа, Т.Балдан нарыг өөгшүүлэн, дутагдлыг нь улам гүнзгийрүүлэн, улсад ихээхэн хохирол учрууллаа.
- Б.Ширэндэв өөрийгөө магтаж сайшаасан, ховын чанартай үг хэлсэн хүмүүсийн үгэнд маш оромтгой хүн юм. Тэдний хутган үймүүлсэн зарчимгүй үг яриаг намын байгууллагын хурал дээр тавьсан гишүүдийн шүүмжлэлээс ч дээгүүр үнэлдэг байлаа ...
- Ер нь надаас эхлэн Ширэндэвийн бүтээл туурвилын дутагдлыг нөхөр ёсоор шүүмжлэхийн оронд түүний догшин хэрцгий сүрд дарагдан, дуугүй өнгөрүүлэхээр үл барам, түүнийг элдэвчлэн магтах явдал ч цөөнгүй байсныг шууд хүлээх хэрэгтэй.
- Манай түүхчдийн энэхүү ая тал зассан байдал бусад сэхээтэнд ч халдварлаж байсан нь С.Эрдэнээгийн “Анхны ерөнхийлөгч” гэдэг нялуун зусарч нийтлэлээс тодорхой байна.
- Ширэндэвт ихэмсэглэхийн хэнээ тусчээ. Б.Ширэндэв өөрийн нэр алдар хөөцөлдсөн жигшүүрт үйл ажиллагаагаараа манай орны ууган эрдэм шинжилгээний байгууллага ШУА-ийн нэр сүрийг олны өмнө хиртээж, манай эрдэмтдийн ариун сайхан алдрыг гутаахад хүргэлээ ...
- Ширэндэвийн ажил, зан төрхийг би нэлээд гадарлах юм. Сүрхий айхтар хүн гэж шүтэн бишэрч байсан цаг байлаа. Сүүлдээ тун чанар муутай, хувийн эрх ашиг хичээдэг, шуналтай хүн юм гэж ойлгосон ...
- МАХН-ын Төв Хорооноос Базарын Ширэндэвийн зарчимгүй, хариуцлагагүй, нэр алдар хөөцөлддөг зан байдал, үйл ажиллагааны тухай гаргасан тогтоолыг сайшааж байна. Ширэндэвийн ажлын энэ буруу арга барил, намч биш зан байдал нь манай байгууллага болоод хамт ажиллаж байсан бидний нэр сүрийг гутаагаад зогсоогүй, нам ард түмнээ хууран мэхлэх, улс орныхоо хөгжилд мэдэгдэхүйц саад болох зүйлийг үйлдсэнийг МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын Хянан Шалгах Хороо няцаагдашгүй үнэн баримтаар илрүүлжээ ...
- Нөхөр Б.Ширэндэв эрдэмтэн хүний ёс суртахууны хэм хэмжээний тухай намын элбэрэлт сургамжийг хүлээн авсангүй, анхаарч үйл ажиллагаандаа тусгасангүй. Ийм зан чанар нь олноос тасархай дээр байх хүслийг төрүүлж, энэ нь өөртэйгээ өрсөлдөгч болж магадгүй гэж хардсан хүмүүстэйгээ тэмцэл хийж, ажил хийх бололцоогүй болгох, ажлаас халах оролдлого хийхэд хүргэсэн байна. Б.Ширэндэвийн энэ зан чанарыг зусарч долгинуур этгээдүүд овжин ашиглажээ.
- Д.Хорлоо хэрэг дээрээ ерөнхийлөгчийн дэргэд сайн дурын мэдээллийн төв байгуулж, гол эрхэлсэн ажил нь хов мэдээлэл болоод байна. Хов зөөх, хутган үймүүлэхдээ мэргэшсэн Д.Хорлоо бол Б.Ширэндэвийг зарим орлогч, хүрээлэнгийн захирал, эрдэмтдийн эсрэг цэнэглэн турхирч, академийн удирдлагад хагарал гаргасан гол эзэн гарцаагүй мөн.
- Энэ удаа нам Б.Ширэндэвт маш энэрэнгүй ханджээ. Нам бидний дутагдлыг ингэж эцэг ёсоор хэлж өгч байгааг бид маш баяртайгаар хүлээн авлаа ...
- Нөхөр Ширэндэвийн хувийн зан, ажлын арга барилд шүглэсэн олон муу чанар бий. Тэр бол өөрийгөө их эрдэмтэн, бүхнийг мэддэг хүн гэж бат итгэсэн хүн буюу Нацагдоржийн хэлдгээр, ихэмсэглэхийн хэнээ гэдэг өвчин хүрсэн хүн юм.
- Ширэндэв ажил төрөлд намч бус, зарчимгүй хандах, туйлбаргүй байх, бялдууч хутган үймүүлэгч этгээдүүдийн үгэнд орох, шударга хүмүүсийг хардаж сэрдэх, хүний амжилтад атаархах явдал гаргаж байсан гэж би боддог.
- Ширэндэвийн өөдгүй зан, урагшгүй үйл ажиллагаа, түүний улмаас ШУА-ийн ажил, манай нийт шинжлэх ухааны хөгжил, нэр хүндэд учирсан хор хөнөөлийг аваад үзэхэд МАХН-ын Төв Хорооны тогтоолоор Ширэндэвт авсан арга хэмжээ тун зөв зүйтэй болсон гэж үзэж байна. Шинжлэх ухаанд ийм их хор хүргэж эрдэмтэн хүний ёс суртахууныг бүдүүлгээр зөрчсөн ийм хүн ер нь ШУА-ийн гишүүдийн эгнээнд байж болохгүй гэж би бодож байна ...
Иргэн
Зочин
Цэдэндаш
Алтанговь Цэнхэр Хангай