-Сонгуулийн дараа буюу 2009 онд Монголын эдийн засгийн өсөлт -1.3 хувьтай гарч байсан бол энэ сорилтын дараагаас тасралтгүй өссөн уг үзүүлэлт 2012 онд 25 хувьд хүрэх тооцоог олон улсын бизнес группүүд хийгээд байна-

Хорин жилийн өмнөх “бүсээ чангалцгаая” гэдэг аймшигтай үг аажмаар мартагдаж, нэг л мэдсэн бид “Хөгжлийнхөө гараан дээр ирлээ” гэдэг үгэнд цатгалдах болов.  Үнэхээр ч Монгол Улс хөгжлийн гараан дээр ирснийг Давост болсон дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр онцолж, ирэх арван жилд Монгол дэлхийн хамгийн хурдацтай өсөх эдийн засаг байх болно гэж шинжээчид дүгнэв. Уг нь энэ талаар яриа өрнөсөн Давосын чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож, жаахан “цэцэрхэж” байгаад ирсэн бол тун дажгүй байх байлаа. Даанч дотоод дахь улс төрийн нөхцөл байдлаас болоод тэрээр Давосын арга хэмжээгээ цуцалсан юм. Танхимаа нөхөж бүрдүүлэх асуудал тээг болсон гэсэн үг л дээ.

    Ингэхэд Монголын эдийн засаг өсч байгааг болон хөгжиж буйг бид юугаар хэмжээд байна вэ? Амьдрал улам бүр хэцүү болж байна гэж бид үзэж байхад дэлхий юугаар хэмжээд буй хэрэг вэ?

“Хөгжлийн гараа” гэдэг үг сонсогдож эхэлсэн цаг хугацаа 2008 оны сонгуулийн дараах хамтарсан Засгийн газар байгуулагдсан цаг үетэй давхацна. Үүний дараахан дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын үед ч сонсогдсоор л байсан энэ үгэнд гарцаагүй үнэний хувь бий.

“Бэрхийг туулахаар байгуулагдсан” хамтарсан Засгийн газрын анхны хүнд сорилт нь 2009 оны дэлхийн эдийн засгийн хямрал байлаа. Тухайн жилд Монголын эдийн засгийн өсөлт -1.3 хувьтай гарсан нь дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад тун гайгүй хямарсан хэрэг байлаа. Энэ сорилтын дараа 2010 онд Монголын эдийн засгийн өсөлт 6.4 хувь, 2011 онд 17.3 хувьтай гарч, энэ онд түүнээс ч өндөр хүлээлтийг үүсгээд байна. Тун өөдрөгөөр тооцвол 25.6 хувьд хүрнэ гэж олон улсад нэр хүнд бүхий бизнесс группүүд үзэж байгаагаа Давосын чуулга уулзалтын үеэр мэдэгдлээ. Энэ бол нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн өнөөдрийнхөөс хоёр дахин нэмэгдэх боломж. Хямралаар эхэлж байсан сонгуулийн нэгэн бүрэн эрхийн хугацаа боломжоор дуусч байгаа хэрэг юм.

Сүүлийн жилүүдэд огцом хурдтай өсч буй үзүүлэлт мэдээж зөвхөн Дотоодын нийт бүтээгдэхүүн биш. Гадаадын хөрөнгө оруулалт 2010 онд 1.6 тэрбум ам.доллар байсан бол 2011 онд 3.5 тэрбум ам.долларт хүрчээ. Гадаад худалдаа алдагдалтай хэдий ч экспорт нэмэгдэж 2011 оны байдлаар өмнөх оныхоос 64 хувиар өссөн бол импорт энэ хугацаанд хоёр дахин өссөн байна.

Банк, санхүүгийн салбарын өсөлт сүүлийн хорин жилийн түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрчээ. 2011 оны байдлаар банкны системийн нийт актив 9.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 50.1 хувиар өссөн байна. Арилжааны банкуудын ашиг 2010 оныхоос даруй 2.8 дахин өсч 66 тэрбум 184 төгрөгөөр хэмжигдэж байна. Банкуудын татан төвлөрүүлсэн хөрөнгө 6 их наяд төгрөгт хүрч, 2010 оныхоос 42 хувиар өссөн байна. ДНБ-ийг задалж харвал үрж зарахаасаа хурааж хуримтлуулах нь ихсэх хандлагатай болж байна гэсэн үг. Банкуудын гаргасан зээлийн хэмжээ 2011 онд өмнөх жилийнхээс 72.8 хувиар өссөн бөгөөд энэ нь 5.6 их наяд төгрөг болж байна.

Газар тариалангийн  салбарт ч мөн сүүлийн хорин жилд үзэгдээгүй амжилт, ахиц гарсан байх юм. Үр тариа хураалт 2010 оныхоос 25 хувиар өсч, 446.1 мянган тоннд хүрсэн бол улаан буудай 436 мянган тонныг хураасан нь өмнөх оныхоос 26 хувиар давсан тоо аж. Төмс 201 мянган тоннд хүрч өмнөх оныхоос 20.1 хувь, хүнсний ногоо 98.9 мянган тоннд хүрч 20.3-иар тус тус өсчээ.

Хөдөө аж ахуйн хувьд 2009 онд малын тоо 44 саяд хүрч Монголын түүхэнд байгаагүй хэмжээнд хүрчээ. 2010 онд үүний дөрөвний нэг нь хорогдож 38 саяд хүрч буурсан ч нийт эдийн засагт нөлөө үзүүлээгүй. Зуднаар алдсан малын тоо, толгой ДНБ-ий өсөлтийг доош нь татдаг байсан үе ард хоцорчээ. Мал аж ахуй унасан ч эдийн засгийн өсөлтийг хойш татах нөлөөгүй болсны учир шалтгаан нь Монголын эдийн засагт өөр үйлдвэрлэл ажиллаж эхэлснийх юм. Хамтарсан Засгийн газрын эхний жилүүдэд мотордсон уул уурхайн хөдөлгүүр нийт эдийн засгийг дээш өргөж үзүүлэлтийг нь өндөр төвшинд барьж буй хэрэг. Энэ дунд сөрөг үзэгдлүүд бас бий ч боломжийг тодруулах үүднээс эерэг үзүүлэлтүүдийг энд тоочлооы.

Ачааны хүндийг татаж, жингийн цувааг замд гаргасан С.Баярын танхимыг бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээж авсан С.Батболдод эдийн засгийн болон улс төрийн орчинд өнөөдрийг хүртэл хүндрэл бараг байгаагүй. Хөгжлийн гарааг хөгжлийн өрнөл болгох эсэх асуудал хөндлөнгөөс нэг их хамаарахгүй цаг үе эхэлчихээд байна. Цаашид ч энэ байдал хадгалагдана гэж үзвэл уг аугаа боломжийг хэр ухаалаг ашигласнаар С.Батболдын төдийгүй дараа дараагийн Засгийн газрын үйл ажиллагаа хэмжигдэнэ. Ачааны хүндийг үүрч, хямралыг туулсан амаргүй үе С.Баяртай хамт явжээ. Нэгэнт ачаалсан жингийн цувааг жигдхэн хөтлөх л үлдсэн байна.

Эдийн засгийн өсөлт төр, засгаас төдий л хамаарахгүйгээр урагшлах нь чөлөөт зах зээлийн эдийн засгийн зүй тогтол. Энэ дунд улс төр, улстөрчид нь хөгжлөө чөдөрлөж, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд зохицуулалт хийх нэрээр гэнэ гэнэхэн самраад байхгүй л бол бүх зүйл ОК харагдаж буй.