"Улс төрийн хэрүүл тэмцэл хэвлэл мэдээллийн зай талбайд жин дарж байгаа тохиолдолд уншигчиддаа алжаал тайлуулах үүднээс уран сайхны гэрэл зураг  сонирхуулъя гэж шийдээд бид зохиогчийн аяллын зурагнуудыг тавьж байгаа. Тэрээр нэртэй кино найруулагч, гэрэл зурагчны гэр бүлд төрж өссөнийх гэрэл зургийн чамгүй авъяастай нэгэн билээ  - baabar.mn"


Би гарчгаа их өвөрмөцөөр авлаа. Их ч бодлоо. Зураг дээрхи энэ урт сахалт өвгөний дүр төрх, нүүр царай, тэр их урт саарал сахал нь тэр чигтээ Түрэг гэдэг энэ орны үүх түүх, өнгө төрх, туулсан зам тэр чигээрээ байх шиг. Эх орныхоо бүх түүхийг энэ эрхэм нүүрэндээ шингээжээ. Энэ эрхэм 77-той, Стамбул хотын хамгийн өндөр настай цуглуулагч гэнэ. Би өөрөө мөнгө, зоосны хоббитой тул бүтэн хоёр өдрийг Стамбулын цуглуулагчдын зах дээр өнгөрөөж энэ эрхэмтэй танилцлаа. Манай цуглуулагчид Ням гаригт Сүхбаатар дүүргийн Соёлын төвд цугладагтай адил Стамбулын цуглуулагчид Стамбулын их сургуулийн өмнөх талбай хавьд цугларах юм.


Стамбулын нэрийн хуудас болдог Султан Ахмед мечет. “Цэнхэр сүм” гэж алдаршсан, дэлхийн томхон мечетийн нэг. Энэ бол зөвхөн мөргөлийн газар төдий бус соёл-гэгээрлийн асар том цогцолбор. 1609 онд барьж эхлээд 1616 онд дуусгасан, Ахмед гэгч хаан 14-тэйдээ хаан ширээнд суугаад үүнийг бариулсан ба өөрөө 14-хөн жил засаглажээ.


Хагиа София мечет. София нэртэй лалын сүм байна гэж хэн ч төсөөлөхгүй. Гэвч Стамбулд байх юм аа. Лондон, Ром, Флоренцын христосын том сүмүүдийн дараа орох дэлхийн 4 дэх том, эртний үнэн алдартны эл сүмийг 1453 онд Мехмед султан  хаан лалынх болгон өөрчлүүлжээ. Дөрвөн талд нь минарет (шовгор оройт цамхаг) бариулаад оройд нь хагас хавирган сар Мекка руу солбицуулан босгосон аж.


Өглөөний наран Босфорын хоолойн тэртээгээс далай дээгүүр мандаж буй агшин. Усан дороос нар гэнэт гараад ирэв үү гэлтэй. Европын хэсэгт нь буусан зочид буудлын цонхноос маань Мармарын  цэлэлзсэн тэнгис, зогсоол, загасчдын жижиг хөлөг онгоц, завьнууд ингэж харагдлаа.  


Стамбулын Европын хэсэг өглөөний нарны туяанд. Босфорын цаадхи Азийн хэсгийн хот миний дуранд ингэж буулаа. 


Хаа нэгтэй тааралдах сүрлэг мечетүүдийг эс тооцвол Стамбул нь тэр чигтээ европ хот юм. Байшин барилга, хот байгуулалт, зам харгуй, цэцэрлэг нь Европыг санагдуулам. Өөрсдөө ч хотоо “Европын соёлын нийслэл” гэх юм. Ази, Европыг дамнан хоёр тэнгисийг холбон байрладаг өөр ийм өвөрмөц байршилтай Евразийн хот байхгүй. 


Мармарын тэнгис тунгалаг, дөлгөөн, бүлээхэн, өдөртөө усан онгоц, завинууд хөлхсөн, юу ч гэмээр юм. Бидний буусан зочид буудлын цонхоор ингэж харагдаж байв. 


Сүрлэг далбаа намирч байгаа энэ цайз бол Стамбулын их сургуулийн гол хаалга. Тэр цаана ногоон саарал хаалган дээр “İstanbul Ьniversitesi 1453” гэсэн товойлгосон хаяг байгаа. Энэ цайз, энэ их сургууль XV зуунд байгуулагдсан, дэлхийн эртний их сургуулиудын нэг ажээ.    


Их аварга бид хоёр зочид буудлынхаа зочны өрөөнд. Цэлгэр том цонхоор тэнгис далай, үй олон хөлөг онгоц, өглөөний  наран  мандахыг харсан шигээ тухалж суулаа.