Төлөөр баяжиж шөлөөр цадна
Хүн төрөлхтөн шөлийг МЭӨ 3000 жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн түүхтэй. Өмнөд Европт 15-16-р зуунд шавар, шаазан сав суулга бий болсон үеэс шөлийг хийж эхэлсэн бол 17-18-р зуунд бусад орнуудад тархжээ.Хятад, Энэтхэг, Япон зэрэг Азийн улсуудад шөлтэй хоол мөн л эрт үеэс бий болсон гэж түүх судлаачид үздэг. Харин нүүдэлчдийн хувьд шөлтэй хоол харьцангуй хожуу нэвтэрч эхэлсэн байдаг.
Хүн төрөлхтөн шөлийг МЭӨ 3000 жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн түүхтэй. Өмнөд Европт 15-16-р зуунд шавар, шаазан сав суулга бий болсон үеэс шөлийг хийж эхэлсэн бол 17-18-р зуунд бусад орнуудад тархжээ.Хятад, Энэтхэг, Япон зэрэг Азийн улсуудад шөлтэй хоол мөн л эрт үеэс бий болсон гэж түүх судлаачид үздэг. Харин нүүдэлчдийн хувьд шөлтэй хоол харьцангуй хожуу нэвтэрч эхэлсэн байдаг.
Одоо дэлхийд ойролцоогоор 150 бүлэгт хамаарах 1000 гаруй нэр төрлийн шөлтэй хоол байгаа бөгөөд жор, орцоор нь ангилбал бүр үүнээс ч олон нэр төрөлд хуваагдана.
1765 онд Парист шөл худалдаалах анхны дэлгүүр нээгдсэн бол Доктор Жон Доррансе (Dr. John T.Dorrance) 1897 онд Campbell Soup Company-тай хамтран анхны хуурай савласан шөл хийжээ.
Одоо АНУ-ын зах зээлд Campbell’s Tomato, Cream of mushroom, Chicken Noodle Soup гэдэг 3 том компани хуурай шөл үйлдвэрлэлээр тэргүүлж эдгээр компаниуд жил бүр 2,5 тэрбум савласан шөлийг зөвхөн Америкийн зах зээлд нийлүүлж байна. Ташрамд тэмдэглэхэд энэ өдрүүдэд АНУ-ын Herbalife компанийхан хамгийн сүүлд хийсэн улаан лоолийн савласан шөлөө манай нийслэлчүүдэд танилцуулж байгаа билээ.
Шөлний найрлага, шим тэжээллэг чанар
Шөлний найрлаганд бага хэмжээний хандлаг бодис, цавуу, тос, уураг, эрдэс давс агуулагддаг, эдгээр нь шөлөнд сайхан амт, анхилуун үнэр оруулдаг, үүгээрээ хоол идэх сонирхол, дуршлыг бий болгож шингэцэд сайнаар нөлөөлдөг. Харин дан шөлний илчлэг нь төдийлөн их биш, нэг литр шөлний илчлэг ердөө 15-20 ккал байна. Шөлөнд ногоо, будаа, сэвэг зарам, мөөг, загас, малын мах, гурил, гоймонгийн зүйлээр хийсэн хачир нэмж түүний илчлэг чанарыг нэмэгдүүлдэг. Хамгийн илчлэг ихтэй шөлтэй хоолны төрөлд монголчуудын дуртай хярамцагтай шөл, хөцтэй шөл зүй ёсоор багтана.
Шөлтэй хоолонд үр тариа, мах ногооны шим тэжээл болох уураг, өөх тос, кальци, фосфор,төмөр болон их хэмжээний аминдэм агуулагдаж байдаг, тэдгээр нь ходоод гэдсэнд амархан шингэж, эрүүл мэнд, эмчилгээний талаар онцгой сайн үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв хоолноос өмнө жаахан шөл уувал ходоодонд гэнэт сэдэлт өгөх хэмжээг бууруулж, ходоодыг хамгаалахад ашигтай.
Монгол үндэстний уламжлалт шөлтэй хоол
Монголын ихэнх нутагт хамгийн түгээмэл хийж идэж байсан махтай хоолны төрөлд шөлтэй хоол орно. Монгол үндэстний уламжлалт шөлтэй хоолны төрөлд:
- Мах, борц, эсвэл хярамцагтай гурилтай шөл буюу гийдаа, хөц, шар будаатай шөл, таримал болон зэрлэг ургамлын үр идээний хөцтэй шөл
- Бантан, зутан шөл
- Хатаасан махны шөл (борц) орно.
Монголчууд шөлтэй хоол хийхдээ:
- Малын хүзүү, хаа, гуяны шулсан мах, өвлийн дүн хүйтэнд хярамцаг чанаж гаргасан шөлөнд гол төлөв хөц, шар будаа, зарим тохиолдолд хэрчсэн, тасалсан гурил хийж бэлтгэдэг байсан нь одоо ч уламжлагдан үлджээ. Хавар, зуны улиралд дээрх шөлийг гол төлөв борцоор хийнэ.
- Бантанг гол төлөв улаан буудайны гурилаар хийдэг. Харин зэрлэг ургамлаас Хангайн бүсэнд ямаахай, мэхээр, гичгэнэ, сэвлэг, говийн бүсэнд цулхир, суль, божмог, төлгөнө, бажууна зэрэг ургамлын үр идээгээр гурил хийж өргөн хэрэглэдэг байв.
- Хэдийгээр шөл гэж нэрлэдэггүй ч монголчууд цулхирын түүхий гурилыг сүү, аарцанд чанаж уух, мөн говь нутагт шарилж-божмогийн гурилыг ингэний сүүнд үрж цацан сүүгээ өтгөрүүлж намар цагт оройн хоолонд уух заншил түгээмэл байжээ.
Гурван шимтийн шөл
Шүдлэн хонины далны тогоо яс,борвины яс, толгойн ясыг махнаас нь шулж аваад битүү саванд жигнэж шөллөсөн хоол
Дөрвөн шимтийн шөл
Төлгөн эм хонины далны бариул яс, борви тойгны яс, хар сээр зэргийг махнаас шулж аваад тогоонд давсаар амт тохируулан шөлийг нь нилээд ширгэтэл чанаж гаргасан шөл
Олгойн шөл
Хонь, ямааны олгойг угааж цэвэрлээд дотор нь жижиг хэрчиж давс, сонгиноор амт тохируулан усаар шүүсэлж амсрыг сайтар битүүлж боогоод усанд чанаж болгосон битүү шөл.
Мөн монголчуудын хийдэг уламжлалт битүү шөлний төрөлд гүзээн үдмэг, сархинаг үдмэг, хорхог шөл, толгой шийрний битүү шөл, аяган хиам, хунтан таташ зэрэг өвөрмөц төрлүүд бий.
Өнгөрсөн зууны дунд үеэс монголчуудын хоол хэрэглээнд будаа, гоймон, пүнтүүз, төмс, хүнсний ногоо, загас, гахай, тахианы мах зэрэг хүнсний төрлүүд шинээр нэмж бий болсон, европ,оросын хоолны соёлоос суралцаж үндэсний мэргэжилтэн, тогооч нарын тоо өссөн, нийтийн хоолны салбар хөгжиж үйлчилгээний хүрээ өргөжсөн, шинэ зууны эхнээс хятад, солонгос, япон, энэтхэг, тайланд зэрэг дорны улс орны хоолны газрууд олноор нээгдсэн зэргээс улбаалан ялангуяа нийслэл хот, төв суурин газрын хүн амын хэрэглээнд шөлтэй хоолны олон шинэ төрөл бий болжээ.
Энэ ялдамд бичиж буй сэдэвтэй шууд холбоогүй ч сэтгэл эмзэглүүлж буй нэг асуудлаар уншигч олонтойгоо саналаа хуваалцая.
Манайд үйл ажиллагаа явуулж байгаа гадаад үндэстний, ялангуяа хятад, солонгос хоолны зарим газруудын хоол, үйлчилгээний чанарын талаар сүүлийн үед хэрэглэгчдийн зүгээс байнга гарч байгаа шүүмжлэлийг мэргэжлийн хяналт, ариун цэвэр, эрүүл ахуй, шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газар, аймаг, дүүргийн захирагчийн холбогдох албад, хэвлэл мэдээллийн байгууллагын зүгээс онцгой анхаарч дорвитой арга хэмжээ авах шаардлагатайг зориуд сануулахад илүүдэхгүй. Учир нь гадаадын хөрөнгө оруулалттай гэж нэрлэгддэг ресторан, хоолны газруудад Монгол улсын хууль тогтоомж, стандарт үндсэндээ үйлчлэхгүй байгааг жил бүр хийгддэг хяналт шалгалтын тайлан мэдээ, хэвлэл мэдээлийн материалаас бид байнга олж мэдэж байгаа шүү дээ. Иргэдийн мэдээлэл ч их бий. Гэтэл холбогдох газруудын хийсэн шалгалтын мөрөөр ямар ч арга хэмжээ авагдахгүй, хяналт шалгалтынхан ч тэгсхийгээд өнгөрч үр дүн гарахгүй шахам байгаад мэргэжлийн хүний хувьд сэтгэл эмзэглэж явдгаа энэ ялдамд өчье.
Өөр нэг анхаарал татсан асуудал бол манай зах зээлд хятад, солонгосоос маш ихээр орж ирж байгаа түргэн гоймон зэрэг хатаасан хуурай шөлний найрлага, чанарт тогтмол хяналт тавьж байх нь чухал байна. Дэлхийн улс орнуудад хүний эрүүл мэндэд хамгийн хор нөлөөтэй хүнсний жагсаалтыг саяхан гаргажээ. Энэхүү жагсаалтанд бэлэн гоймон гэж нэрлэж заншсан хатаасан хуурай шөл, чипс зэрэг манай хүүхэд залуучууд өргөн хэрэглэх болсон бүтээгдэхүүн дээгүүр байранд жагсаж байгааг хэрэглэгч олондоо зориуд сануулж эдгээр бүтээгдэхүүний хэрэглээг аль болох хязгаарлахыг зөвлөмөөр байна.
Эцэст нь нийтлэлч миний бие хүнс, хоол судлаачийн хувьд хүний эрүүл мэндэд хамгийн их тустай, бас хор нөлөөтэй хүнсний талаар цаашид цуврал байдлаар бичиж уншигч олондоо хүргэх болно.
Зочин
зочин
zochin
hurlee
Зочин
Хонгороо
auggdoug
Зочин
hool
Ugaadas
bat
Zochin
zsxc