Гайтай юм шиг Хятадын хилээс 267-хон км-т Таван толгойн орд заяадаг. Манай сүүлийн үеийн удирдагчид гадаад том гүрэнд айлчилж, улсархуу юмны удирдагчид гээд хүндлүүлж, дайлуулж, цайлуулахаараа бид Таван толгойдоо танайхдаа хамтрахад бэлэн гэж пээдийдэг. Бүгдэд нь тэгж ам алдчихаад дараа нь цаадуул нь “хамтаръя” гээд ханцуй шамлаад ороод ирэхээр хөрөнгө мөнгөгүйдээ хэлэх үггүй онигоотдог. Согтуу С.Баяр Путинд Оюу толгой Таван толгойнхоо лицензийг ав гэж амлачихаад сүүлд нь ажлаа орхиод амь зулбасныг Оросын хэвлэл бичдэг. Гурван сарын насгүй гэрээ хэлцэл ярихгүй шүү гэдэг орос сануулга эндээс үүсэлтэй. Мөнгөгүй атлаа баян гүрний удирдагчид дуурайж томрохчоо аядсан хөөрхий дүү нар минь л гэхээс.

1990 онд Орос Монгол хоёр хоёулаа ядарсан. Худалдаа аргагүйн эрхэнд нойл заасан. Орос шилжих рублиэр бус валютаар худалдаа хийнэ гэснээс болж 70 жилийн хөөрүү боол нь картын бараанд орсон. Оросын цэргийн асар том ангийг Монголд тэжээх аргагүйдэж, мөн үсрэнгүй хөгжиж эхэлсэн Хятадтай ойртох гэж Монголоос татсан.

Тэгтэл оросууд монголчуудаас болж худалдаа буурсан юм шиг сурталдаж, мөн оросын цэргийг бид хөөж гаргасан юм шиг ярьж эхэлсэн. Хамгийн хачирхалтай нь үнэн байдал ийм байхад монголчууд оросын талд ороод, биднээс болж Орос Монголын харилцаа тасарсан гэж сурсан зуршлаараа долигнож, орос ахыгаа монголчууд гомдоосон хэмээн өөрсдийгөө хорлож эхэлсэн нь оросуудад биеэ цэвэрлэж, бурууг бидэнд тохоход сайхан далим болж билээ.

Мөнгөтэй болж бие даахаар 1,5 тэрбум долларын бонд босгосон нь хоногт 196 мянган долларын хүү төлж эхлэв. 1,5 тэрбумаараа юм хийж чадахгүй бол Монгол баларлаа. Яадаг билээ? Аврал, нүүрсээ дав даруй борлуулах. 196 мянгын хүү барахын аргагүй өсөхөөс өрсөж, мөнгө түргэн олох нүүрснээс өөр боломж алга. Нүүрс Хятадын хилийн хажууд байж байдаг, нүүрсээ тээвэрлэх Монгол төрийн бодлого 5000 км тойруу замаар тэнүүчилж, ачаа тээврээр өлссөн Оросын төмөр замыг хооллоход чиглэв. Оросууд “Таван толгойд чинь хамтаръя, хамтарвал бид төмөр замаараа нүүрсийг чинь үнэгүй тээе” гэсэн санал тавив. Яасан гоё вэ? Үнэгүй тээх нь үү гэтэл элчин сайд В.Самойленко “Бид танай нүүрсний тонн тутамд 31,9 ам доллар л авна” гэв. Зүгээр зөөнө гэж байснаа хэдхэн мөчийн дараа 31,9 ам доллар болж буй юм чинь манайх хувхайрч байгаад 1800 км төмөр зам тавьчихсан чинь Оросод ондоо боссууд гарч ирээд 5000 км-ынхээ тонн тутмыг дэлхийн жишгээр тээнэ гэвэл заргалдах аргагүй.

Орос манай хоёр нүүрсээ түүхийгээр экспортолдог өрсөлдөгчид. Орос Хятадаас 6 тэрбум ам долларын зээл аваад нүүрс болон бусад ашигт малтмалаар төлж буй. Орос орон асар их нүүрсний баялагтай атлаа яагаад Тавантолгой ордоос эзэмших хувиа чамлана вэ? Оросод манай нүүрсний хэрэг юу байна. Монгол нүүрсээ зарах л гэж буй бол Таван толгойн дэргэд нүүрсээр өлссөн мангас шиг зах зээл хаяа нийлээд заяасан нь юун аз вэ гээд гуяа алгадмаар. Гэтэл төмөр замаа урагшаа аварга зах зээл рүү бус, эхлээд зүүн хойшоо 1800 км зам тавих гэж яарах нь эрүүл хүний ажил мөн үү.  

Таван толгой-Гашуун сухайтын 267 км-т нарийн төмөр зам тавивал манайх нүүрсээ Хятад руу гаргахад тэдний нарийн төмөр замтай шууд холбогдож, ачаа тээвэрлэлт хямдарч, түргэн шуурхай болж, орлого ахиж, нөгөө 1,5 тэрбумаа төлөх хөрөнгөө олж эхэлнэ. Гэтэл энэ боломжийг Орос таслахын тулд өргөн цариг тулгаж, нарийн царигийн зам тавивал хятадууд тэр төмөр замаар чинь дайрч орж ирээд эзэлчихнэ гэсэн хүүхэд хуурч буй юм шиг тоглолт хийж, тоглолтыг нь манай төр засаг сонсож алга ташиж буй нь ХХI зуунд хачин. Хятадууд нарийн төмөр замгүйдээд манайхыг эзэлж чадалгүй өнөөг хүрчээ. Мянганы сорилын сангийн тэтгэмжээр Америк “улаанбаатар” төмөр замд 188 сая доллар оруулах санал тавихад манайх уухайн тас зөвшөөртөл оросууд төмөр замыг чинь Америк сансраас хянах болно. Аюултай, үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг гэж цэцэрхээд хорьчихсон.

Орос руу явах 1800 км зам би яриагүй. Тэрийгээ өргөн царигаараа тавьдаг л юм байгаа биз. Зөвхөн 267 км замыг л хөндөж байна. 267 км-тээ Оросын ятгалганд ороод өргөн царигтай төмөр зам тавивал хил дээр өдөрт олон мянган вагон нүүрсээ газар буулгаад, хятадын вагонд ачихад хүрнэ. Тэнд ямар овоорол үүсэх бол? Нарийн царигаас өргөн царигт шилжүүлэхэд гурван арга байдаг бөгөөд хоёр нь суудлын вагон буюу контейнертэй ачааг дугуйгаа явдал дундаа тохируулах, вагонуудаа өргөж дугуй солих хоёр аргыг хэрэглэдэг гэнэ. Гурав дахь нь ачааны вагоноос ачаагаа буулгаж, ачааны вагонд шилжүүлэн ачих.

Манайх нүүрсээ суудлын вагонд тансаглуулах, эсвэл контейнерт гялгар уутанд савлаад ачихгүй бол өргөн царигаар очсон нурмаг ачаа болох нүүрсээ Гашуун сухайтад газар асгаж, дараа нь Женко, ардчилсан холбооны эх оронч гишүүдээ цөмийг уриалж аваачаад, хүрздүүлсэн ч хугацаа алдаж, өртөг асар ихээр нэмэгдэнэ. Ингэвэл Монгол алдагдалд унаж, 1,5 тэрбумын бондоосоо гайтахыг оросууд мэдсэн атлаа чукча нарын бизнес хийж буйг хараач хэмээн дооглох болно. Шог зохиолч М.Задарнов, жүжигчин Е.Петросян нар яаж шоолж байх бол. Тэд биднийг элдэв муугаар доромжилдог юм чинь би яагаад тэднийг шүүмжилж болохгүй гэж. Эрх тэгш харилцаа гээд байгаа биз дээ.

Нууц протоколиор манай газар дээр барьсан, манай женко Баттулга бол зүгээр бэлэглэчихдэг анзааны хэдэн муу орон сууцаа ОХУ хорь гаруй жил тэвчиж шийдэхгүй манай оршин суугчдыг хохироож буй. V цахилгаан станцыг Бага нуурын нүүрсний уурхай түшиглэж барих гэтэл оросууд хувь нийлүүлсэн “улаанбаатар” төмөр замаараа Бага нуураас нийслэл хүртэл нүүрс зөөж мөнгө саах гээд болиулчихсан гэх хардлага үүсээд байна.

Монголын өчүүхэн зах зээл Орос шиг аварга гүрэнд нулимс төдий. 70 жил зүгээр шахам зөөсөн мал сүрэг ашигт малтмалаа бодоод нэг биш хоёр дусал нулимс унагахад өчүүхэн Монгол босоод ирнэ. Ах нар харилцаандаа оготны хөеө зооглодог баавгайн зан гаргах нь ичмээр. Төр засаг толгойлж байсан МАН-ын С.Баяр, Сү.Батболд нарын үед Оросын лоббигоор шийдсэн төмөр зөмын төрийн бодлого гэгчээ шинэчлэгдсэн УИХ, Засгийн газар эргэж харахгүй аваас хоногийн 196 мянган ам долларын өр хэцүүдлээ гээд өвгөнтийн архичид хүртэл шаналж байхад, УИХ-ын гишүүн-сайдууд төмөр замын төрийн бодлогыг хэн биелүүлэхгүй гэж байна “цаазалсугай” гэх нь, хэний олзны ам хаагдах гээд сэлэм эргүүлээд эхлэв ээ гэлтэй.

Нэг хоёр өрөө бүхий хэдэн угсармал орон сууцныхаа түрээсэнд царай алдаж үхэх шахдаг оросууд манай 1,5 тэрбумын бондын сургаар хорхойссон баавгай шиг дайрч, хувь нийлүүлсэн “улаанбаатар” төмөр замд 125 саяыг нь авчихсан тухай мэдээ цацагдав. Дэмий зүйлд үрэхгүй гэж бидний хуруу хумсаа хуйлж буй 1,5 тэрбумаас 125 сая нь оросуудын  олз болоод, УБТЗ-д хог новш болж байдаг хуучирсан зүтгүүр ачааны вагонууд орж ирэх нь. Чингис бондын анхны төсөл хэрэгжиж Монгол хөгжиж буй нь энэ. Тэд актлагдсан зүтгүүр вагоноо будаад өндөр үнээр шахдаг улс. 125 сая нь ийнхүү дашийн шог. Манайд өргөн царигийн зам тавих гэж хүчирхийлээд буйн өөр нэг шалтгаан бол өргөн царигтай замд америк германы зүтгүүр таарахгүй зөвхөн оросын зүтгүүр л явна. Өргөн зам тавивал оросын жагсаалаас гарсан зүтгүүр вагонд мөнгөө мөнхөд үрнэ гэсэн үг. Нарийн төмөр замд монгол хүн ажиллах чадваргүй төрсөн тул нарийн төмөр зам тавивал баахан хятадууд орж ирж ажиллах болно гэсэн ээлжит хөгийн цуурхал гаднаас юм уу дотроос тараагаад байна.

Зам тээврийн сайд А.Гансүх ОХУ-ын “дружба” одонгоор гангараад эх орноо мартсан болтой. А.Гансүхийг хазаарлах эх оронч сэтгэлтэй сөрөг хүчин Төрд байна уу? 1,5 тэрбумаас бас 400 саяыг салгаж, 30-50 км-ын хэд хэдэн газар төмөр замын суурь шороо овоолоход зарцуулах сурагтай. Хоорондоо тасархай тэр овоолсон шороон дээгүүр нүүрс ачсан галт тэрэг номхон далайн Находка боомт орсон цагт мөнгө хийж эхлэх учиртай төсөл. Энэ төсөл хэрэгжтэл 196-гийн хүү хэд хүрсэн байх бол? Мөнгө хамгийн хурдан орж ирэх төсөлд бондоо зарцуулаач ээ.

Чингис хэмээх сүржин нэртэй 1,5 тэрбумын бонд 125, 400-аараа бутраад алга болж эхлэлээ гэж хэний ч, тэр дундаа хөгшин миний ч сэтгэл зовж буй нь яршигтай. Эцэст нь юу л болдог бол доо хүүхэд минь. Ийм аймаар том зээл авч яваагүй болохоор эх орон ирээдүй хойч үеийнхээ төлөө зовоод байна.          
                                                                                                                 2013-01-14