Төр засгийг тодорхой хууль, журмаар хязгаарлахгүй бол улстөрчид дахин сонгогдохын төлөө юу ч хийхээс буцдаггүй ажээ. Шинэ залуу, ардчилсан Монголд хууль журам тогтоогчид өөрсдийгөө тэрхүү хуулийг хэрэгжүүлэгчид нь болгож чадсаны дараа төр засгийн хөл толгой нь алдагдан, нийтийн засаглалын агуулга нь гажуудаж, улмаар төрийн бүтэц иргэддээ биш өөртөө, цөөн сонирхлын бүлэглэлд үйлчилдэг болчихжээ.

Нийтийн засаглалын завхралаас болж эдийн засагт алдаа гарч инфляц, зээлийн хүү, ядуурлын хэмжээ буу рахгүй байгаа тул засаглалын эрсдэлийн суурь шалтгааныг нь тодруулж, үндсээр нь арилгахгүй бол улс орны аюулгүй байдалд ноцтой саад тотгор, хор хөнөөл учруулахуйц болж эхэллээ.

Монголын нийтийн засаглалын өмнө тулгарч буй тодорхой таван сорилыг иргэд бидний итгэл, найдварыг шингээсэн ч, сүүлийн үед эргэлзээ, хардлага илүүтэй төрүүлэх болсон Тавантолгойн орд газрын төрийн өмчийн хэсгийн жишээгээр илэрхийлж болно.

СОРИЛ I: ТӨР ЗАСАГ ХЭТ ТОМОРЧ БАЙНА

Ардчилсан хувьсгалын дараах арван жилд хумигдаж байсан эдийн засаг дахь төрийн оролцоо сүүлийн арваад жил эргээд томорч байна. Зах зээлийн зарчим, ардчиллыг илүү эрчтэй хэрэгжүүлэхийг нь хүлээж сонгосон “Шинэчлэлийн” засгийн энэ хандлагыг улам ч дэврээж байгаа.

Төр оролцсон компани бүр авлигын үүр, нийтийн хөрөнгийг завших боломжийг зальт этгээдүүдэд олгож ирсэн “Эрдэнэс Тавантолгой”, МИАТ-ын дуулиантай хэргийг илрүүлж харуулсан боловч төрийн компаниудыг нэмж байгуулан, дампуурч байгааг нь харсаар атлаа төрийн өмчит компаниудыг хувьчлахыг шинэ Их Хурлын гишүүд эсэргүүцэж байгаа нь хачирхалтай.

Төр томрохын хэрээр нийтийн хөрөнгө шамшигдаж, өр нэмэгдэж байна. Буруу тооцоо хийж, янз бүрийн үйлдвэр олон тэрбум төгрөгөөр бариулчихаад хэн ч хариуцлага хүлээдэггүй, харин алдагдлыг нь иргэд, бизнесээс хураасан татвараар хаах нь хэвийн үзэгдэл болов. Улс төрийн намууд ордон барьж, төр засгийн удирдлага, ажилтнууд үнэтэй машин хүлэглэж тансагласан хэвээрээ.

Төсвийн хөрөнгөөр дургиж дассан төр засаг нүүрс, зэс, алтны үнэ унаад өгөхөөр тансаг хэрэглээгээ танахын оронд татварын хэмжээгээ нэмэх болсон нь хямралыг төр засаг биш, түмэн олонд үүрүүлж буй хэрэг юм. Үр дүнд нь хувийн хэвшил хуримтлал бүрдүүлж чадахаа больж, хүн бүр төрд ажиллахын төлөө тэмүүлэх боллоо.

Монгол Улсын гадаад өр хамгийн их байсан үе буюу Оростой хэлэлцэн тэглэсэн “их өрөөс” даруй хоёр дахин их болж байна. Төр зард лаа даахаа болихоороо гадаадаас зээл авч төсөл хэрэгжүүлдэг “мэргэн” арга олжээ.

Төр засаг хамтран барьж байсан улс төрийн хоёр нам Тавантолгойн нүүрсний ирээдүйн борлуулалтыг барьцаалан урьдчилгаа төлбөр авч, өмнөх сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд бэлэн мөнгө иргэдэд тараажээ. “Эрдэнэс Тавантолгой” компани төрийн өмчийнх учир төр нь компанийн хөрөнгийг улс төрийн зорилгоор Хүний хөгжлийн сангаар дамжуулан зувчуулсан байна.

Төрийн нэртэй эзэнгүй, улст өрчдийн гар хөл үргэлж шургалж байдаг компаниудыг яаралтай хувьцаат компани болгож, дотоодын хөрөнгийн зах зээлд гаргах, ТУЗ-д хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг ээлжлэн суулгах шаардлагатай байна.

СОРИЛ II: ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ ТӨР ЗАСАГ

Төрийн өмч ялсан намынх болж, улмаар тодорхой бүлэглэлийн ашиг сонирхолд үйлчилдэг болжээ. Хариуцлага тооцох ажил улс төрийн намуудын хооронд харилцан барьцаалагдаж яваа тул авлигын зарим хэрэг эзэнтэй, зарим хэрэг эзэнгүй болон замхарч байна.

Бизнесийн орчин тогтвортой, ойлгомжтой биш улсад дотоод, гадаадын хөрөнгө оруулалт эдийн засагт ордоггүй. Хууль журмаа сонгуулийн өмнө ихэвчлэн өөрчилдөг болсон учир Монголд бизнесийн орчин тогтворгүй болж, гадаадын томоохон хөрөнгө оруулагчид тогтвортой байдлыг хангах гэрээ байгуулахыг хүсэх боллоо. Тусгай орчны гэрээнүүд байгуулсан нь бизнесийн олон янзын орчныг нэг улсын дотор бүрдүүлж, хэрэгжилтийг хянах боломжгүй болгожээ.

Улстөрчид гаргасан шийдвэрийнхээ өмнөөс хариуцлага хүлээдэггүй учир нэгдсэн хууль журмыг дуртай үедээ өөрчилж, тодорхой компаниудад тусгай орчин нөхцөл бий болгодог. Энэ бүхнийг хянаж, засах учиртай улс төрийн сөрөг хүчин байхгүй, түрүүлсэн хоёр нам нь хамтраад голдуу Засгийн газраа байгуулж, дээр нь Их хурлын гишүүд өөрсдөө сайд болчихдог учир хариуцлагын тогтолцоо алга боллоо.

Улстөрчид, ялангуяа төр засгийн эрхэнд гарагчид хувийн хүсэл, сонирхлоо гүйцэлдүүлэх бүх боломжоор хангагдаж, тэгээд ямар ч хариуцлага хүлээдэггүй болсон учир Монголын залуу үе бараг тэр чигээрээ улстөрч болохын төлөө тэмүүлэх болжээ.

“Эрдэнэс Тавантолгой” “Чалко” компанитай гэрээ байгуулахад одоогийн Ерөнхий сайд, бусад сайд нар ч байсан. Хоёр нам хамтран хувааж бэлэн мөнгийг нь сонгуульд хэрэглэчихээд, одоо болохоор манайд ашиггүй гэрээг өөрчилнө гээд явж байгаа нь үнэхээр хариуцлагагүй явдал.

СОРИЛ III: МУУ ЗАСАГЛАЛ

Төрийн боловсон хүчний бодлого цаасан дээр л байдаг болол той. Нийтийн үйлчилгээний ажилт ныг ажилд авахдаа мэдлэг боловс рол, авьяас чадварын биш, улс төр, на мын болон нутаг усны шалгуур хэрэг лэх болсон учир төрийн үйл ажиллагааны үр өгөөж, чанар үнэхээр унаж байна.

Төрийн албан тушаал нь хувийн сонирхлын арилжааны хэрэг сэл болж, сонгуулиар өөр нам засгийн эрх авмагц төр засаг, төрийн ажиллагсад бараг бүгд солигдох боллоо. Анхдагч шалгуур нь авьяас чадвар биш байсан болохоор солихоос ч аргагүй нөхдүүд олон болдог.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гэрээ муу болсон, Монголын талд ашиггүй учраас өөрчлөх ёстой гэж шинэ Засгийн газар саяхан мэдэгдэв. Үнэхээр ч тонн нүүрсний зах зээлийн үнэ нь 90 гаруй доллар байхад 70-аар үнэлж эхний нэг сая тонныг, дараа нь түүнийгээ дөрвөн төрлийн индексийн өөрчлөлтөөр үржүүлж (үнийн өөрчлөлт биш, үнийн индексийн өөрчлөлт) тооцон борлуулна гэж гэрээгээ хийсэн учир өөрийн өртгөөс бага үнээр өнөөдөртөө өгөхөөр болжээ. Чадвартай, мэдлэгтэй баг байсан бол ийм гэрээ хийхгүй. Гэтэл “Оюу Толгой” эхний гурван жи лийн үйлдвэрлээгүй байгаа зэсийн баяжмалаа маш өндөр үнээр тү рүүлээд борлуулчих сан байх юм.

СОРИЛ IV: ЗАХИРГААДАЛТ СЭРГЭЖ БАЙНА

Манай засаглал зарчимд суурилааг үй учир цаг үеийн аясаар өөрчл өгдөх болжээ. Сул төрийн гол шинж бол захиргааны удирдлага. Эхлээд баахан бүтцийн өөрчлөлт хийнэ. Да раа нь юу хийж болох, болохгүйг бүх ажилтанд тулгана. Тэгээд хэрэгжилтээ шалгаж байна гэж баахан зардал гаргана. Хяналтын зардал нь үйл ажиллагааны хамгийн том нь болно. Зарчимд суурилсан, үр дүнг тодорхой хэмжсэн, эхнээсээ ил тод систем байхгүй учир хүний хөдөлмөрийг сэтгэлийн хөөрлөөр л хэмждэг.

Шүүх засаглал, хүчний байгууллагын эрх, үүрэг нэмэгдэж, хойшлуулсан шүүх хурлын тоо олон дахин өсөж эхлэв. Хууль журмыг сахиулах нь улс төрийн үзэл бодол, байр суурь, хэлхээ холбоо, сонгуу лийн хугацаатай холбоотой болж байна. Хувь хүний, эсвэл улс төрийн намын сонирхол нийтийнхээс түрүүнд тавигдах боллоо.

Эдүгээ төрийн өмчийн компаниудын дарга нар ажлаас гарах өргөдлөө ээлж дараалан хувийн шалтгаанаар хэмээн өгч байна. “Эрдэнэт”- ийн дарга хүртэл гэнэт “ажлаа өгөх” хүсэлт тавьжээ. Хүсэлтийг нь бараг өргөдөл ирэхээс нь өмнө ёсоор болгож, эрх баригч нам өөрийн гишүүнээ томилно. “Өөрийн хүсэлтээр” буюу “сүрдүүлгийн” аргаар төрийн ажлыг шилжүүлэх нь хэл ам, хэрүүл зодоон бага учир хэн хэндээ ашигтай.

Мөн нийтийн засаглалд дунд болон доод түвшний төрийн ажилтнуудыг хариуцлага тооцно гэх сүрдүүлэх хандлага бий болж байна. Энэ маягийн халаа сэлгээ бол нийтийн засаглал сайжирч байгаа хэрэг огт биш, харин ч албан тушаал арилжаа наймааны хэрэгсэл болс ныг улам тод баталж, нийтийн хөрөнгийн засаглалыг улам нууцалж буй хэрэг.

Бараа таваарын үнийг зах зээлийн биш засаг захиргааны аргаар тогтоох эрмэлзэл бий боллоо. Тодорхой төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нөөц бүрдүүлэх замаар богино хугацаанд өөрчилж болох ч системтэй урт хугацаанд хийх боломжгүй. Тухайн бараа хомсдохгүй болгохын тулд зах зээлийн өрсөлдөөнийг бий болгох ёстой. Харин монополь нийлүүлэлтийг бол захиргааны аргаар задалж хэрэглэгчийг сонголттой болгох ёстой.

СОРИЛ V: АЛСЫН ХАРААГҮЙ БОЛОХ СОРИЛ

Төр засгийн салаа мөчир бүрт үйл ажиллагаа нь зөвхөн сонгуулийн хугацаанд л захирагдах боллоо. Гэтэл нийтийн зохистой засаглалын бодлого бол богино хугацааны үр өгөөж, цөөн хүний сонирхлыг биш, урт хугацааны үр өгөөж, бүх нийтийн ашиг сонирхолд тулгуурласан байх учиртай.

Монголын төрийн богино хугацааны бодлого нь “гуравдагч хөршүүдийн” хөрөнгө оруулалтыг үргээж, орон зайг нь зөвхөн хоёр хөршийн хөрөнгө оруулалт эзлэхэд хүргэх боллоо. Хоёр хөрш өөрсдөө гадаадын хөрөнгө оруулалт татахын төлөө чармайж байхгүй техник технологийг олж авахын төлөө ажиллаж байгаа шүү дээ.

Урт хугацааны бодлого алдагдаж, алсын хараа муудаж буй учир эдийн засаг өрсөлдөх чадвар тай болохын оронд амиа аргацаасан өнөө маргаашийн орлого хөөцөлдөх болж, нийгмийн хөдөлмөрийн бүтээмж өсөхгүй байна. Өөрсдөө хөрөнгөгүй байж гадаадын хөрөнгө оруулалтыг үндсэндээ зайлуулж эхэллээ.

Урт хугацаагаар харахгүй байгаа учир урт хугацааны хөрөнгөө зөв ашиглаж чадахгүй, үрэн таран хийж байна. Тэтгэврийн сан хаана бай гааг хэн ч ярихаа больжээ. Баялгийн санг урт хугацаанд ажиллуулах сонирхолгүй учир Хүний хөгжлийн сан гэж нэрлээд зөвхөн сонгуулийн хахууль болгож ирлээ.

Урт хугацаанд боддоггүй учир хотын утааны тухай намар, өвөлд нь яриад л зундаа мартдаг. Таван жилээс удаан баригдах учир V цахилгаан станцын шавыг долоо дахь удаагаа тавих гэж байна.

Дүгнэж хэлэхэд, дээрх таван сорил монголчууд бидний нэр төрийг унагаж байгаа юм. Бизнесийн гэрээ бол тоглоом биш. Зах зээлийн эдийн засгийн хувь заяа нь бизнесийн гэрээг хүчин төгөлдөр байлгаж, хэрэгжүүлж чадах эсэхээс хамаарна. (contract enforcement) Засаг төр юун бусдын хийсэн гэрээг хүчин төгөл дөр байлгах, өөрийнх өө хийсэн гэрээг ч сахиж чадахгүй байна. Мэдлэг, чадваргүй улстөрчид, тэдний гар хөл бологсод төрийн өмнөөс гадаадын улс орнууд, компаниудтай муу гэрээ хэлцэл хийж байна. Монгол хүн уг нь тохирсон л бол хийдэг жудагтай. Бид “Ам алдвал барьж болдоггүй, Агт алдвал барьж болдог” гэдэг шүү дээ.

Хамтарсан Засгийн газар гэж байхдаа хамт хийчихээд одоо болохоор муу болсон гээд байвал дараачийн Засгийн газар нь дахиад л өөрчилнө гээд байх уу?

Засгийн газар бол аль нэг улс төрийн намынх биш, төрийн бүтэц учир залгамж чанартай байх учиртай. Сайнтай, муутай нь аваад үргэлж лүүлэх ёстой. Тэгэхгүй бол улс орны эдийн засаг, яваандаа аюулгүй байдалд эрсдэл учруулна гэдгийг ойлгохгүй байна гэж үү?

Монголчууд бид бүх хүчээ нэгтгэн, ямар ч үнээр хамаагүй дээрх таван сорилыг давж гарах ёстой. Тал нутагтай шигээ алсыг харъя.