Ц.Элбэгдоржтой хэн өрсөлдвөл гоё вэ?
Билгийн тооллын он солигдож Монголчууд ахин могой жилтэй золголоо. Өмнөх жилд УИХ, орон нутгийн сонгууль болж манай улс төрд хаанчилж ирсэн яруу алдарт МАН өвдөг шороодсоноор өндөрлөв. Тэдний хувьд ялагдлын “шок”-ноос одоо ч бүр мөсөн ангижирч чадаагүй л байна. Нэн удахгүй бид Төрийн тэргүүний сонгуулиа явуулна.
Мэдээж цагаан ордондоо дуугаа хураан сууцгааж буй МАН-ынхан Төрийн тэргүүний сонгуульд ялалт байгуулах чин хүсэлтэй. Хэрэв тэд ахин ялагдал хүлээвэл 2016 онд ялалтын тухайд зүүдлэх ч хэцүү болно. Улс төрийн хүчнийхээ хувьд бараг сэхээний тасаг руу шилжиж ч мэдэх юм. Иймээс тэдний хувьд энэ удаагийн сонгуульд бүлэглүүдийнхээ амбицаас үл хамаарсан, жинхэнэ улс төрийн хүчний гаргах хүчирхэг шийдвэрийг гаргаж чадах нь юу юунаас илүү чухал болоод байна. Тэдний хувьд сар шинийн өмнө дээд төвшиндөө хуралдаж анхны алхмаа хийсэн. Тэр нь нэр дэвшигчээ бүх ард түмний дунд санал асуулга явуулж тодруулах шийдвэр байв. АН-д бол иймэрхүү туршлага зөндөө бий. Харин МАН-ын хувьд анхных нь юм. Үнэндээ бол тэднийг яг ёсоор нь хийж чадах уу, үгүй юу гэдэг дээр ажиглагчид эргэлзэж буй.
Өрсөлдөгч гол хүчний нэр дэвшигч тодорхой болсон. Гараандаа аль хэдий нь мордсон. Энэ цагийн хүчирхэг ерөнхийлөгч ахин нэр дэвшинэ. Түүнтэй хэнийг өрсөлдүүлэх вэ гэдэг толгойн өвчин ялагдаж сульдан унасан МАН-д эдүгээ нүүрлэжээ. Бас л том зовлон. Юу л байна боловсон хүчин байна гэж томордог байсан МАН-ынхан лидерийн хомсдолд орсон нь өнөөгийн улс төрийн амьдралаас нь тод томруун харагдаж байна.
Сүүлийн үед үндэсний бөхийн дархан аварга Б.Бат-Эрдэнийг нэр дэвших бодолтой яваа гэсэн бор шувуу хүчтэй нисч байна. Мэдээж энэ нь аман яриа төдий зүйл. Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх нь наадамд үзүү түрүү булаалдахаас тэс өөр зүйл болохоор энэ яриа уран сайхны төвшний хов жив биз ээ. Түүнд хэрэв тийм боломж олголоо гэхэд тэр нь МАХН мэтийн биежээгүй жижиг намуудын зүгээс л хийх алхам. Бусдаар бол улс төрийн том хүчнүүдийн наадах наадгай биш л дээ. Д.Оюунхорол гишүүнийг нэр дэвшинэ гэсэн яриа бас улс төрийн хүрээнд тархжээ. Энэ ч гэсэн дэмий яриа. “Алтан сарнай” гардсантай нь холбоотой намын хүүхнүүдийнх нь зүгээс явуулсан хор байх. Монгол бол Солонгос биш шүү дээ. Ер нь бол хүмүүсийн хүсэн хүлээж байгаа хүн бол Ерөнхий сайд асан С.Баяр юм. Тэр бол өнөөгийн Ерөнхийлөгчтэй өрсөлдөөсэй гэж ард түмний хамгийн их хүсч буй хүн. Гагцхүү тэр хүн ямархан бодолтой яваа нь үл мэдэгдэх. Тэр бол ямар ч цаг үед хэний ч нөлөөгүй бүхий л шийдвэрээ гаргаж ирсэн хүн. Байвал шуугиулж, эзгүй бол үгүйлүүлж явах ховорхон хувь заяаны эзэн. Бас л хүн бүрт олддог тавилан биш. Өөрөөр бол Цахиагийн Элбэгдоржтой “үзчих” аавын хүү алга даа.
МАН бол хэд тасарсан ч бас л том сав. Үнэхээр том нам л юм бол Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулахдаа огт өөр соёл үзүүлвэл гоё л юм. Тэд одоо жишиг тогтоох хэрэгтэй. Үнэхээр том нам л юм бол Төрийн дээд төвшинд ажиллаж байсан, тодруулбал Төрийн гурван өндөрлөгийн нэг байсан хүмүүсээ гаргаж тавьж байгаад л дотоод өрсөлдөөн явуулчих хэрэгтэй. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга байсан, Ерөнхий сайд байсан хүмүүсийнхээ дунд АН-ынхны хийсэн цуваа зургаа гэдэг шиг супер өрсөлдөөн явуулчихвал намд нь ямар том сурталчилгаа болох бол. Ийм төвшний дотоодын сонгууль явуулах эрэмбэтэй нам монголд хоёрхон л байна. АН, МАН хоёр.
МАН одоо Ц.Элбэгдоржтой хэн нэгэн “мальчик”-ийг тавьж өгч өрсөлдүүлбэл онигоо. Бүр хорон юм хэлэхэд МАН үнэхээр Ц.Элбэгдоржийг унагая гэвэл МАХН гэдэг илүү гэрийнхнийгээ их гэртээ оруулж ирээд гар барьчихвал хамгийн адармаатай “байлдаан”-ыг үүсгэж чадна. МАХН гэдэг илүү гэр гэдэг нь ерөөсөө л Н.Энхбаяр шүү дээ. Н.Энхбаяртай тэврэлдчихэд байдал бишдээд л явчихна даа. Гэхдээ цаад үнэт зүйлийнхээ хувьд энэ алхам дэндүү буруу алхам болно. Өнөөдрийн уушгийг бодоод нүдээ анивал ийм акц байж болох юм л гэсэн санаа юм. Энэ мэт бохир тоглоомоос гадуур өрсөлдье гэвэл дээр дэвшүүлсэн төрийн гурван өндөрлөгт алба хашч явсан хүмүүсийнхээ дундаас нэр дэвшигчээ тодруулах. Тоольё л доо. Н.Багабанди, С.Баяр, Ц.Нямдорж, М.Энхболд, Сү.Батболд, Д.Лүндээжанцан, Д.Дэмбрэл, Ш.Гунгаадорж, Д.Содном, Ц.Төмөр-Очир гээд тоотой хэдэн нэр гарна. Яг эднийхээ дундаас тодруулбал гадагшаа гоё л харагдана даа. Дээр нь намын дарга байсан, байгаа ганц нэг хүнээ оруулчихвал топ өрсөлдөөн гаргаж ирж чадна.
Н.Багабанди бол Ц.Элбэгдоржид хутга л болно. С.Баяр бол ач тач үзнэ. Ц.Нямдоржийг цагаан байшин нь л гаргаад ирвэл бас л зовоох лидер. Сү.Батболд шийдээд ноцолдвол аймаар юм болно. Үнэхээр МАН ийм шийдвэр гаргаж чадвал сүр хүчээ илтгэсэн явдал болно. Гэвч ингэтлээ манарчихсан улсууд чадах болов уу?
Бусад намууд хэнийгээ үзүүлбэл дээр вэ гэдэг асуулт цаана нь үлдлээ. ИЗН С.Оюунаа сойход болохгүй гэх газаргүй. Гэхдээ өнөөгийн монголын нийгэм эмэгтэй хүнийг оройдоо залчих хэмжээнд хүртэл төлөвшөөгүй байна. Уг нь С.Оюун хэт амиа хичээгээд хар толгойгоо бодоод яваагүйсэн бол ИЗН өдийд юун МАХН бэ нам л болчих байлаа. Эмэгтэй хүнийг дэжлэгээр цангааж байдаг Монголын нийгэм эрс тэс өөрчлөгдсөн цагт л эмэгтэй удирдагч төрөх байх гэсэн зовиуртай бодол төрөөд байдаг юм. Монголд эмэгтэй хүн хүлээн зөвшөөрөгдөх шиг хэцүү зам байдаггүй. Тэд хэдэн давхар бүслэлтийг сэтэлж байж л амжилтын зах зухад очдог. Спорт, урлагт бол өөр л байх. Амьдрал хөрсөн дээрээ бол ийм л байж ирлээ.
МҮАН гэж парламентад суудалтай, эвслийн Засгийн газрыг түшилцэж буй хүчин байна. Лидер нь Мэндсайханы Энхсайхан. М.Энхсайхан Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг байх болно. Тэр бол тэр чигээрээ үнэ цэн. Тэр чигээрээ амбиц. Тэр чигээрээ бодит мөн чанар. Даанч улстөрчийнх нь замнал бүхэлдээ саад бэрхшээл, зөрчил тэмцлээр дүүрэн байлаа. Уг нь энэ тавилан бол жинхэнэ улс төрийн лидерийн үзэж амсах ёстой л тавилан. Энэ утгаараа тэр чанагдсан ши чанагдсан лидер. Гэхдээ Эвсэл задарч байж энэ шийдэл рүү алхана. Ийм зүйл бараг явагдахгүй болов уу.
Цааш нь хуруу дарвал алдарт Буян Жагаа байна. Даанч түүний нам парламентад суудалгүй. Гэхдээ Н.Энхбаяр увайгүй аашилсан бүх түүхээ бодоод Б.Жаргалсайханд уушгиа нээж, уучлал эрэн тэврэлдвэл Жагаагийн халаасанд эрт урьдаас хадгалаатай яваа 10-аад хувийн дэмжлэг байгаа. Хүмүүс юун инээдэмтэй юм ярина вэ гэх байх. Гэхдээ уучлаарай, өмнөх сонгуулиудын статистикийг нэг харчих хэрэгтэй. Манайд статистик гэж нэг хөгжиж ядан буй салбар байна. Статистик, Стандарт хоёр уг нь хөгжих ёстой. Стандарт дээр бол Сү.Батболд багагүйюм хийсэн. Даанч одоо сарниж байх шиг байна. Намайг оюутан байхад утга зохиолын ерөнхий онол заадаг Сонгодогын Энхбаяр гэж багш байлаа. Тэр багш маань сэтгүүл зүйн ангийн оюутан бидэнд “Уг нь та нарт статистикийн семинариуд оруулмаар байна, даанч манай систем” гээд толгой сэгсэрч байж билээ. Манайд юм бүхэн ийм л гажуудлаар явчихдаг гэдгийг миний багш тэр үед хэлж байжээ. Би бага зэрэг хадуурчих шиг боллоо.
Нэг үеэ бодвол бид сонгуулиа явуулж сурч байна. Хэрүүл ам багасч байна. Гэхдээ улсынхаа Ерөнхийлөгчийг сонгох сонголтын өмнө бид үнэнч байх ёстой. Бид гурил будааханд сонголтоо арилжчихдаг өөдгүй авираа сэгсэрч орхих цаг болжээ. Ийм увайгүй учраас л бидний сонголт үнэ цэнэгүй байж ирлээ. Одоо бид өөрсдийгөө, Монголоо хүндэтгэж сурах цаг ирлээ. Бидний суралцах явц хэт удаан байж ирэв. Одоо жаахан хурдалцгаая. Хурд бол хэмжүүр .Одоо ингээд өгүүллээ өндөрлөе.
Одоо бүрэн эрх нь дуусч буй Ц.Элбэгдоржтой өрсөлдүүлэх хэмжээний хүн гаргаж ирэх үнэндээ хэцүү. Тэр бол хийсэн юмтай, хэлэх үгтэй Ерөнхийлөгч. Монгол орон ийм Ерөнхийлөгчтэй байгаа нь сайхан. Тэр одоо хувь заяаны эрхээр ахин нэг сорилтынхоо өмнө зогсч байна. Уяа сойлго нь таарчихсан адуу шиг аатай “амьтан” л тэшилзэж байна. Тэрэн шиг олон талтай хүнийг унагах бараг сэрүүн зүүд. Ийм үед бусад хүчин жинхэнэ ухаан зарах ёстой. Тэрийг л хэлэх гэсэн санаа юм аа....