Тархи угаагч “МУСТА”, “МУГЖ”, “МУАЖ”...
Коммунист хүн, коммунист үзэл суртал, коммунист нам л гэж байхаас очиж очиж кино коммунист байх даа юув. Гэтэл “коммунист сүүдэр ший” байдаг гэнээ. Байх байхдаа дэлхийн коммунист эвслийн цэцэглэлийн үед коммунист сурталтай бүх улсад байсан ба одоо Монголоос бусдад нь хориглогдсон, Монголд л хаалтгүй үзүүлээд байна.
Коммунист хүн, коммунист үзэл суртал, коммунист нам гэж байдгийн адил “коммунист шагнал урамшил” гэж байх юм аа. Доозыг нь хэтрүүлтэл олгоод буй коммунист шагналын ховсонд орж илбэдүүлсэн ард түмэн мөн л Монгол, Хойд Солонгосоос өөр хорвоод олонгүй ээ!
Монголчууд бид ардчилсан хувьсгалаа хийгээд 23 дахь жилийнхээ нүүрийг үзэж байдаг. Саяхан ойгоо ч тэмдэглэлээ. Энэ 23 жилд манай улс, манай нийгэм, манай олон нийт маш ихээр дэвшилтэт тал руугаа өөрчөгдсөнийг энд би мэдээж магтан сайшаана.
Харин огтоос өөрчлөгдөөгүй, өөрчилж болохгүй мэт ягштал ойлгож ирсэн, өөрчилчихвөл олон хүний зүрхэнд цус хурж, тархинд цус харвана хэмээн нийгмээрээ шахуу айж бэмбэгнэж, улс төрчид нь бамбай зэвсэг болгож ирсэн тийм нэгэн солиорлын тогтолцоо руу би хандуулж бичиж байна. Миний энд бичих зүйл бол санаа сургамж авууштай, цаашдаа улс төрчид маань мөрдүүштэй зүйл буюу “коммунист одон медаль”, “коммунист цол хэргэм”, ерөөсөө тархинд өрөмдөж бат суусан “коммунист МУГЖ”, “коммунист соёлын тэргүүний ” ... болой!
Шагналыг хавтгайруулан урсгах хязгааргүй эрх, боломж нь төр засагт буй ч зориглоод шууд өөрчлөөд, төрөл арилжуулчмаар шагналын тогтолцоог би хөндөж, өөрийн саналаа нэмэрлэмээр, бүр хэлэлцүүлмээр санагдлаа. Төрийн гурван өндөрлөг оройтоогүй дээр нь хэлэлцэн зөвшилцөж, хууль тогтоомжоо гаргах шаардлагатай болов уу.
Гадаад хэлэнд (орос хэлнээс бусад) орчуулагдах ганц ч үгийн сонголт байхгүй “МУСТА”, “МУГЖ”, “МУАЖ”-ийг хална гэж УИХ, УИХ-ын гишүүд хөдлөх аваас цаг үеэ айхтар мэдэрснийх, бас эр зоригтойн шинж болов уу хэмээн би дотроо боддог.
Энэчлэн оросоос бусад хэл рүү “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль” гэдгийг орчуулаадах л даа. Англи хэл рүү үгийг үгээр сольж тавиад эвлүүлчихлээ гэж бодъё, англи хэлтэн өөр улс үндэстэнд тэрийгээ ойлгуулах гээд үз л дээ. Ялгаагүй л халагдах эд шүү дээ хэмээн би дотроо боддог юм. Олон жил ч бодож байна даа.
Үнэндээ эрүүлээр харьцуулаад үзэж болно. Өнгөрсөн 22 жилд УБХ-аас эхлээд 5 удаагийн УИХ, цаашлаад Н.Баганбанди нь П.Очирбатаасаа юугаараа, Н.Энхбаяр нь Н.Багабандиасаа юугаараа, яг юугаараа ялгарсан юм бэ гэхэд Та бидэнд хариулт олон байгаа ч шагналын тогтолцоог өөрчилснөөрөө гэж бичигдэх аваас хожим “түүхэн алхам” хэмээн түүхнээ үлдэж мөнхрөнө.
Монгол Улс дахь шагналын тогтолцоо өнөөдөр нийгэмд “хүүхэд нохойн доог”, “сүргийн үзэгдэл” болоод байгааг бид бултаараа мэддэг, нүдэнд эвэр ургаталаа хардаг үздэг. Зөвхөн манай нийгэмд бус дэлхий дахинд бидний талаархи нэг элэг доог инээдэм болоод байгаа. Манайх шиг нийгмийн байгуулал сонгон авсан, ардчилсан иргэний хүмүүнлэг нийгэмтэй, зах зээлийн эдийн засагтай бусад орны шагналын тогтолцооны жишгийг бид бүхэн харгалзан үзэж, тэр жишгээр явахаас аргагүй болж байгаа бус уу? Одон тэмдэг горьдогчдыг ичээх, цаашлаад УИХ-ын ба Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр одон медаль шагналаар улс төрийн шоу, популизм хийгчдийг давхар ичээж, өөрөөр сэтгүүлэхийн тулд хүмүүсийн тархин дахь коммунист шагналын дон руу хүчтэй халдаж нөлөөлөх ёстой.
Коммунизм нийгмийн байгууллын хувьд Монголд эргэж ирэхгүйгээр булшлагдсан, түүнтэй хамт булшлагдах ёстой байсан гаж тогтолцоо бол энэ юм гэдэг утгаар эсрэг тархи угаалтыг нэн хүчтэй, цуцалтгүй хийж байж л бид энэ тогтолцоог эрс шинэчилж чадна.
Хэт нуршилгүйгээр санал болгоход эхлээд:
1) Дэлхий нийтийн шагналын жишиг ийм байна гэдгийг нэгдүгээрт тавьж өргөн сурталчилгаа хийх;
2) Коммунизмтай хамт булшлагдах ёстой байсныг хадгалан үлдэж зэвсэг болгон ашиглаж буйг буруутгах;
3) Дорнод Европын зарим оронд (жишээ нь Унгарт) социализмын үеийн одон медаль зүүх сурталчлах аваас эрүүгийн хариуцлагад татдагийг жишээлэх;
4) Нийгэмд нэр хүнд нь навс унаж, хүүхэд нохойн доог болох дээрээ тулсныг хэвлэл мэдээлэл, урлаг соёлын бүх сувгаар байнга сурталчлан ойлгуулах;
5) Одон тэмдэг, гавьяа цол нь монголчуудын маань шуналын дэвийг хөдөлгөж, шагнал дээр дөрөөлөх луйварчдыг төрүүлж, хийх бүтээх сэтгэхийг сариулж байгааг ил тодоор тайлбарлан таниулах;
6) Хүртсэн эзэндээ төдийлөн ач холбогдолгүй, насыг нь уртасгахгүй, биеийг нь эрүүлжүүлэхгүй, санхүүг нь арвижуулахгүй, зүгээр л манай нийгмийн нэг гаж дон, сүргийн үзэгдэл гэдгийг өргөн сурталчлах;
Эцсийн бүлэгт энэ их шагнал, одон тэмдэг, “МУГЖ”, “МУАЖ”-ний цаана улс гэр маань хэр бэхжиж, хөгжиж, дэлхийд хошуучилж байгаа билээ. Хойд Солонгосын жишээн дээр харьцуулал даа. Энд энгэр дүүрэн, бүр өмд рүүгээ залгаад орох шахсан олон тэмдэгтэн ярайж байна. Хөгжлийн түвшин нь хаахна яваа билээ?
7) Манай улс эл шагналд эд материалын асар их гарз учруулж байгаа тооцоо судалгааг гаргаж тавих хэрэгтэй. Үүнд тодорхой хугацаанд (өнгөрсөн 22 жилээр) хичнээн тонн ган, болд зэс, хуванцар, будаг, цаас, хүмүүний хөдөлмөр, дагуулж өгдөг, өгсөөр буй мөнгө хэр их (асар их дээ!) гарзадсаныг жишээлж болох юм;
8) Монгол Улс дахь шагналын тогтолцоо гэдэгт зарим эрдмийн зэрэг цол орж тооцогдож ёстой. Коммунизмтай хамт булшлагдах ёстой байсан ба нийгмийн ухааны сэдвээр бичигдсэн бүтээл, түүнийг дагаж олгосон эрдмийн бүх цолнуудыг хүчингүй болгох (Герман, Унгар, Польш, Чех, Румын, Болгар, Балтийн зэрэг посткоммунист орнуудад ийм цолтнуудыг толгой дараалан ажилгүй болгож, эрдмийн цол зэрэг, дэвийг хураасан нь хатуу ширүүн мөртлөө яалт ч үгүй зөв алхам байсан билээ).
Ингэхэд би яг ямар тодорхой санал (энд бичигдэх саналаас ганц нэг нь хэрэгжсэнийг үгүйсгэх гээгүй шүү!) дэвшүүлж байгаа вэ гэхлээр:
1. Монголын төрөөс олгодог “гавьяат”, “ардын” цол, хоёр төрлийн баатар, төрийн шагналыг хүчингүй болгох;
2. Төрийн шагналын оронд Ерөнхийлөгчийн нэрэмжит тусгай шагнал бий болгох;
3. Гавьяат, ардын цолыг дагаж ирдэг элдэв хөнгөлөлтүүдийг хүчингүй болгох;
4. Гавьяат, ардын цолыг “Авьяастны төлөө холбоо” мэтийн ТББ-уудад (мэргэжлээрээ хэд ч байж болно) шилжүүлэх,
5. “Тийм салбарын тэргүүний ажилтан” гэдэг цолыг огт байхгүй болгох;
6. Спортын (бөх, морь орно) бүх цолнуудыг Үндэсний олимпын хороонд шилжүүлэх;
7. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалийг хүчингүй болох;
8. Тэдгээрийн оронд Чингисийн одон, Эрдэний очир одон, Гавьяаны одон, Ерөнхийлөгчийн медаль бий болгох;
9. Байлдааны гавьяаны улаан тугийн одон; Цэргийн гавьяаны одон, Байлдааны медалийг хүчингүй болгох;
10. Тэдгээрийн оронд Эр зоригийн одон, Ерөнхийлөгчийн медаль, Энхийн төлөө медаль бий болгох; БХЯ тусдаа 2-3 медальтай байх хэрэгтэй;
11. Шагналд нэр дэвшүүлдэг шат дамжлагыг цөөлөх, өөрсдөө хөөцөлдөж лоббидож шагнал авдаг бүх сувгийг хаах, улс төрчид, УИХ-д нэр дэвшигчдээр шагнал амлуулахыг хориглосон хууль тогтоомж гаргаж мөрдөх зэрэг болно.
Иргэн
Oyunaa
иргэн
Баярхүү