“Манай хүний тэр инээмсэглэл гайхамшигтай...” гэж түүний дотны найзуудын нэг, 25-р суваг телевизийн Алтай ах хэлсэн.

“Гаднаас ороод ирэхэд нь нар мандах шиг болж, сэтгэл хөнгөрөөд явчихдаг байлаа” гэж Инээмсэглэл хамтлагийн дуучин Ганхуяг ах үнэн сэтгэлээсээ бахдан ярьсан.

“Амьдралын баяр баясгалан гэгч тэр хүнээс мэдрэгддэг байсан” гэж шог зураач Цогтбаяр ах хуучилсан.

Тэр ер бусын инээмсэглэдэг, хүний зовлонг мартуулагч, нарлаг нэгэн байжээ. Нэг найзтай нь уулзаж хууч хөөрчихөөд гарах замдаа цаасан дээр хэрхэн буулгахаа бодох хооронд бушуухан дараагийн найзтай нь уулзах юм сан гэж яардаг байсан. Энэ хүний тухай өөр юу ярих бол, энэ хүн өөр юу хэлж, яаж байсан бол гэдгийг дуулж мэдэх хүсэлдээ автаад тэр. Дулаахан шаргал түүх.

Бадраагийн Бадрууган дэлхий дээр 48-хан жил амьдрахдаа олон монголчууддаа урлагийн сэтгэлгээний их өв үлдээжээ. Тэр театр, цирк, телевизэд ажиллахдаа маш их шинэчлэл хийж, шинэ туршлага нэвтрүүлсэнийг өдгөө мэргэжлийнхэн үнэлж байна. Түүний хүчлэн хөөцөлдсөөр буй болгосон Радио телевизийн дээд сургууль өнөөдөр өргөжин тэлж хамгийн оновчтой, хэрэгцээтэй мэргэжилтэн бэлддэг томоохон институц болжээ. “Инээмсэглэл” хамтлагт байхдаа жинхэнэ монгол өнгө аяс бүхий рок попыг үүсгэсэн уран бүтээлч. Цахилгаан бөмбөр морин хуурын хослолоор биш харин аялгуу хэмнэлд нь монгол пентатоник аясоруулж чадсан. “Шинэ үсгийн багш” бол манай чанаргүйдэж, үнэгүйдсэн сүүлийн 20 жилийн олон кинон дундах ганц сарнай. Пас гэсэн инээд биш, харин хүний гүнээс уугиж байдаг, ходоодны мухарт нууугдаж байдаг хоржооныг агуулсан гайхамшигтай бүтээл. Хүн өөрөө өөрийгөө олж харна гэсэн үг.



Бадрууганы хошин мэдрэмж гайхамшигтай. Марзаганаж, нүүрээ үрчийлгээд ч атугай хүнийг инээлгэх нэг хэрэг. Харин тархины гижгийг эрхгүй хүргэж, ходоодны мухарт нуугдсан “хүнийг” нь нуг нуг хөхрүүлэх өөр хэрэг. Өдгөө түүний хажууд байсан, түүнтэй ярилцаж үзсэн бүх хүн түүнийг энэ талаар нь толгой сэгсрэн биширдэг. Юуг ч болов хөнгөхөн инээд болгож, хүнийг тайвшруулдаг байжээ. Өөрөө усанд живээд үхэх шахаад амьд үлдэхдээ, “Эрлэг номун хааных орой 17 цагаас хойш хаалгаа барьчихдаг юм байна” гэж байж. Инээд болгон нь ардаа хүний санаагүйг сануулдаг гэнэ.

Тэр уран сайхны удирдагч, ерөнхий найруулагч бүр сайд ч байлаа. Гэвч хэнийг ч загнаагүй. Гэхдээ түүний амнаас гарсан үг бүр ажил болдог. Үйлчлэгчээс эхлээд сайдтай ч нэг ижил харьцдаг тэрээр Циркт байхдаа даргаасаа “чи удирдлагад ажилладаг байж, ингэж хамаагүй доошоо орж болохгүй” гэсэн сануулга авсан гэдэг. Гэвч тэр өөрөөрөө л үлдсэн. Харин түүнийг өөрсөдтэй нь хамаагүй ярьлаа гээд хүндлэхээ болих асуудал хэзээ ч гарч байгаагүй аж.   

Тэр хэзээ ч худал хуумгай яваагүй, хуучин нийгмийн Намын Төв Хорооны даргад ч хэлэхээ хэлчихдэг чин зоригт эр явсан. Эр хүн байжээ тэр.

Үргэлж л хүний хайрыг булааж, бусдыг соронздон татдаг байсан гэж хүн бүхэн ярьж байна. Хэн хүнгүй Уугантай уулзахыг, цуг байж хуучлахыг, Уугантай уухыг хүсдэг байж. Гэр нь зочдын хөлд дараастай байсан он жилүүдийнх нь тухай гэргий Нараа эгчтэй хоёр өдөр хуучилж ярилцсан. Нараа эгч ханьтайгаа хамт өнгөрүүлсэн он цагийнхаа тухай ярихдаа нүд нь аз жаргалаар гийж байлаа. 

Сайн хүний үр, сүүт гүүний унага. Монголын соён гэгээрүүлэгч, үндэсний ухамсар, сэтгэлгээний нэгэн оргил болсон Ж.Бадраа гуайн удам, сэтгэгч, шинийг эрэлхийлэгч агуу уран бүтээлч  Бадрууганы үр хүүхдүүд өдгөө мөн л урлагийн салбарт хүчин зүтгэж, нэр төртэй явна.

Дууны урлагт Бадрууганых шиг хүнийг асар тайтгаруулдаг, зүрх рүү шууд нэвтрэн ордог, зүйрлэбэл, ээжийн дууны өнгө хүүхдэд ямар байдаг шиг тийм хоолойны өнгө гараагүй л байна. Тийм өнгө угаасаа түүн шиг сэтгэлтэй, түүн шиг зүрхтэй, түүн шиг амьдардаг хүнд л заяадаг юм болов уу. 

“Хүмүүс түүх бүтээдэг” цувралыг Санжаагийн Баяр ах санаачлан хэрэгжүүллээ. Цувралын эхнийх ийнхүү УУГАН нэртэйгээр гарав. Дизайн, эх бэлтгэлийг Нэпко компани хариуцав. Цааших цувралыг Нэпко уламжлал болгон гаргана. 

Номын хорхойтон та бүгдийн унших их хүсэл улам бадрах болтугай!