Лайпциг хотын ойролцоох нүүрсний уурхай, цахилгаан станцыг үзэж бөөн сэтгэгдэл төрснөө өгүүлье. 1990 он хүртэл жилдээ 50 мянган тонн хүртэл хүрэн нүүрс олзворлодог байсан том уурхай байжээ. 100 орчим жил ашиглаж ирсэн гэх авч дайны дараагаас эрчимтэй үйлдвэрлэл явуулан Зүүн Германы аж үйлдвэрийн хөгжлийн бахархал болж байсан юм байна. Уурхайд нийт 35 мянган хүн ажиллаж шинээр баригдсан цахилгаан станцыг түлшээр хангана. Цахилгаан станц 600 мегаватт эрчим хүч үйлдвэрлэн Лайпциг хот болон Саксон мужийг хангадаг байваа. Орд газар нэлээд том талбайтай, энд нийтдээ 21 цооног өдөр шөнөгүй ажиллана.

1990 онд хоёр Герман нэгдлээ. Тэр даруй уурхайг хаах шийдвэр гарсан гэнэ. Байгаль орчныг хэтэрхий бохирдуулдаг, хоцорсон технологитой, мэнэжмэнт нь дорой гэж үзэж. Цахилгаан станцыг нь хааснаар барахгүй даруй нураагаад хаячихсан байх юм. Лайпциг хоттой ердөө 10 км зайтай энэ станц агаар бохирдуулдаг, хүн амын эрүүл мэндэд онц хортой гэсэн акт гарсан юм байх. Ингээд Холбооны Засгийн газраас тэндэр зарлан хоёр тэрбум еврогийн хөрөнгө оруулалтаар хоёр гегаваттын орчин үеийн цахилгаан станц барьж ашиглалтад оруулжээ.  Хуучныгаа бодвол гурав дахин илүү хүчин чадалтай боловч мөн л нүүрсээр ажилладаг. Хажуу уурхайг нь хаачихсан болохоор хаанаас станц тэжээлээ олж идэх вэ?



Ингээд уурхайг шинэчлэх ажил эхэлсэн байна. 21 цооногийн 18-ыг нь бүрэн хаагаад, үлдсэн гурвын ганц дээр нь олзворлол явуулахаар болж. Нөгөө хоёрыг нь дараагийн ээлжинд ашиглана. Одоо ашиглаж буй нь 10 жилийн нөөцтэй, дуусахаар нь хоёр дахь руугаа орох гэнэ.  Энэ ганц цооногоос өмнө нь 21-ээс авч байсантай адил хэмжээний нүүрс гаргадаг юм байна. Харин нийт ажиллах хүчин нь ердөө хоёр мянга. Ижил бүтээмжийг 15 дахин цөөн хүн гүйцэтгэж байна. Уурхайг ашиглах тэндэр заралжээ. АНУ, Британы компани авсан гэнэ.  “Өөрснөө ашиглаж болоогүй юм уу?” гэсэн асуултад “Энэ дэлхийд хөдөлмөрийн хуваарь гэж юм бий. АНУ, Англи, Австрали, Канад гэсэн хэдхэн орон л өндөр технологиор сайн мэнэжмэнттэйгээр уул уурхайн үйлдвэрлэл явуулж чаддаг. Харин Герман бол уул уурхайн машин техникээр хэнд ч гүйцэгдэхгүй. Япон, АНУ хоёртой л өрсөлдөнө. Өөрснөө хийх нь гол биш, хэн сайн чаддаг нь гүйцэтгэж эндээс хүн ам маань хожиж байвал болоо биш үү”. Хотын ойролцоо байдаг болохоор ашиглалтын шаардсан стандарт ердийн уурхайгаас хавьгүй өндөр байдаг аж. Цооногийн тодорхой хэсгийг мөн Чехийн компани авч ажиллуулж байгаа юм байна. Уг цооног хааш хаашаа км орчим талбай эзэлсэн, 100 орчим метр гүн ухсан эд. Нүүрсээ угааж боловсруулж нунтаглаад мөнөөх орчин үеийн аварга цахилгаан станц руу хоолойгоор урсгаж зөөнө.

Гайхамшиг бусад хаагдсан 18 цооногт байна. Нийтэд нь нөхөн сэргээлт хийгээд аялал жуулчлал, амралт цэнгээний төв болгожээ. Нүүрсний ил уурхайг нөхөн сэргээх арга нь усаар дүүргэж хиймэл нуур үүсгэх гэнэ. Хамгийн сайн арга. Газрын нэн гүний ус бол ургамал амьтныг тэтгэгч биш, тэр тусмаа ундны хэрэгцээнд зохиулагддаггүй. Энэ нэн гүний ус хөрсөн дээр ил гарч нуур болсноор орчны агаарын зөөллөж хүн амьтан ургамалд нэн таатай нөлөөлдөг аж.  Ухаж сэглээд асар том хөндий болгоод хаячихсан цооногуудыг дүүргэх ажиллагаа үргэлжилсээр. Ойрын хэдэн жилдээ багтаж дуусах аж. Хэд хэдэн хиймэл нуур бүрэн дүүрч, хавь орчмыг нь цэцэрлэгжүүлж, моджуулсан байна. Дэлхийн жишигт тэнцэх кожак завины уралдаан явуулах цөөрөм ч хийчиж. Хойтон энд дэлхийн аварга болох гэнэ. Нууруудаа загасжуулж байна. Хуучин уурхай аялал жуулчлалын хүчээр урьдахаасаа ч илүү орлого өгөх болжээ. Зарим сэргээсэн газрыг худалдсан учир тариачид суурьшин тариа ногоо тарих талбай болгосон байх юм. Үүнийг даган ажлын байр нэмэгдэх учир уурхайчны хуучин тосгон томорч өнгө зүс оржээ. Өмнө нь уурхайд ажиллаж байсан бараг бүх хүн халагдсан ч тэдний 75 хувь нь одоо шинэ ажилтай болжээ. Нөхөн сэргээлт гэдэг чинь тун ашиг орлоготой биенес юм байна шүү дээ. Тэгээд бас буянтай.

Эндэхийн цахилгаан станц, уурхай, нөхөн сэргээлтийнхэн монгол хүнийг андахгүй юм. Учир нь манай хариуцлагатнууд элдэв төсөл болон хамтын ажиллагааны шугамаар бишгүйдээ нэг ирж үзэн надтай адил шогшрон шүтсээр буцдаг юм байна. Ажил хэрэг болгож нэвтрүүлсэн нь харин хаашаа байдаг юм гэхээс. Багануурын нүүрсний уурхай бол нүд хальтармаар юм билээ. Сорчилж ухсаар байгаад хорин нэг байтугай газрыг сэндийлээд хаячихсан. За тэр нөхөн сэргээлт мэргээлт ч лөөлөө л дөө. Нүүрсний үнийг нь чөлөөлөөгүй, Засгийн газар болгон үнийг нь хатуу барихыг үндсэн үүргээ болгосоор ирсэн. Иймээс ашигтай ажиллагааны тухай ярилтгүй. Нэг үгэндээ зах зээлийн горимоос гадуур явдалтай. Сүүлийн хорь гаруй жилд дөрөвдүгээр цахилгаан станцыг тордсон мөнгө нь дахиад нэгийг шинээр барьчихаар болсон. Хоцрогдсон технологи, хулгай авилга нь замаа алдсан даа. Шалгалтын нэг материал олж түүндээ тулгуурлан энэ тухай биччихсэн чинь дарга нар нь сонингуудаар төлбөртэй найраглал цувуулж, намайг баахан харааж билээ. Харин дэмжсэн хэсэг нь идсэн уусных нь тухай шинэ шинэ баримт авчирч өгсөн шүү. Нэг л юм хэлэхэд зах зээлийн горимд оруулаагүй цагт Лайпцигийг дагана гэвэл хөлөө хөлдөөдөг саваагүй хэрээ л болох юм билээ. Зах зээлийн горимд ороогүй, төрийн өмчид хамаардаг, авилгадаа идэгдсэн газар нөхөн сэргээлт явуулна гэхээр бас нэг том авилгын шуудай буй болж эцсийн үр дүнд хүн битгий хэл харх ойртох аргагүй юм болгож орхино вий.



Манай улс уул уурхайн орон болсоон. Газар шороогоо ч далимд нь яргалж өгсөн л дөө. Гол нь төрийн л буруу гэж хардаг. Олон улсад мөрддөг жишгээр төр стандарт тогтоож түүнээ мөрдүүлдэг байх шаардлагатай. Чухам үүний тулд л төр хэрэгтэй. Түүнээс төр өөрөө газар ухаад л ард түмнээ хайрлан үхэр алж үмх үмхээр тараагаад байгаа нь улс орноо улам ухраан хорлоод байгаа хэрэг. Нөхөн сэргээлтийн хатуу норм стандарт байхгүй, байгаа муугаа хэрэгжүүлж чаддаггүй авилгадаа идэгдсэн төрийг л “муу засаглал” гэдэг юм билээ шүү. Ухаад яргалаад хаячихсан нүх сүвийг эцсийн бүлэгт монгол уул уурхайчид л бүтээсэн. Хэдэн тэнэмэл нинжа нараа дийлэхгүй төрөөс ч илүү юу нэхэх вэ дээ. Нөгөө л эх орноо хайрлах тухай хамгийн чанга орилдаг хэдийн бүтээл шүү дээ. Гол нуурын дэргэд юм хум ухаж болохгүй хууль хийлээ. Дагаад тэднийг рэкэтлэдэг 600 төрийн бус байгууллага буй боллоо. Уг нь хатуу стандарт тогтоож, тайрсан мод болгоныхоо орноос гурвыг шинээр тарих үүрэг өгч, голын орчим ухсан нүхээрээ хиймэл нуур цөөрөм үүсгэхийг албадах зэрэг нь эзгүй байлгаснаасаа хавьгүй дээр байдаг гэнэ. Юм эзэнтэй л бол учиртай шүү дээ. Зайсан, Нүхт гээд дархан цаазат амуудыг зөвшөөрөлгүй барилгажуулсан нь буруу л даа. Гэхдээ эзэнтэй учраас мод бут нь бүтэн. Харин хүн ойртуулдаггүй дархан цаазат Баянзүрх уулыг очоод хараарай. Улсаас цалин авдаг ойн манаач нь модоо зарсаар байгаад хожуулан энгэр болчихсон. Тужийн нарсыг тэр чигт нь урагш нь гаргаад зарчихсан нөхрийн байгалиа хамгаалах тухай хийж буй ширүүн дориун эх оронч тэмцлийг амьтан хүн анзаарч байна уу?

Ер нь байгалийг яг байгаа онгон чигээр нь хадгалаад л байх ёстой ч биш юм шиг билээ. Энэ онгон нь өөрөө харьцангуй ойлголт. Байгаль өөрөө онгоноо байнга эвдэж байдаг. Өнөөгийн Монголын нутаг эрт дээр үед далайн ёроол байж. Хэдэн арван сая жилийн өмнө оймон ширэнгэ байж. Иймээс байгалийг өөрт нь хор болохгүйгээр сэргээн засварлаж илүү тааламжтай болгож болдог жишээ бол Израил байна. Библид гардаг эртний Палестин нутгийг 1948 онд НҮБ-аас жүүд, араб нарт хуваан өгчээ. Хад чулуугаар бүрхэгдсэн цөл хээр газар. Энд ямар ч ашигт малтмал байхгүй. Ганц авч ашигладаг юм нь зөвхөн өөрснөө хэрэглэж байшин босгодог зөөлөн цагаан шохойн чулуу. Хаа нэгтэй баянбүрд л яльгүй ногоорч харагдана. Жүүд нар богино хугацаанд Ерусалэм, Тэль Авив хотыг нов ногоон болгожээ. Үлгэрийн юм шиг. Баянбүрд л юм даа. Израйль нь өнөөдөр жүрж жимсний дэлхийн хамгийн том экпортлогч. Үүнээс гадна наргил маргил гээд өөр олон нэрийг нь ч мэдэхгүй жимс жимсгэнэ тарина. Хөдөө аж ахуй газар тариалан өндөр хөгжсөн орон. Энд нөхөн сэргээлт хийгээгүй, байгалийн дутууг нөхсөн засварлал явагджээ. Хажуу Палестин нь яг л Бибилд өгүүлж тэр үеийн тухай кинонд харуулдаг шиг хад асга, нүцгэн уулс, цөл говь. Палестиний автономын төсвийг Израиль даадаг. Харин тэд гутлыг нь өмсчихөөд эзнийг нь өшиглөж суудаг ганц ажилтай. Нэмж нэхээд л, хөөж туугаад л. Тэль Авив – Ерусалэмийн хооронд хурдны зам байх юм, зэрэгцээд Палестиний нутаг бий. Арабууд хурдалж яваа машин руу чулуу шидэн үймээн тарьдагаас энд 200 гаруй хүн үрэгдэж, хэдэн зуун осол гарчээ. Ингээд жүүд нар хурдны замаа хамгаалж өндөр хэрэм босгосон байна. “Берлиний хана босголоо” хэмээх улс төрийн шуугианы учир ердөө л энэ. Израилийн нутагт сул чулуу олддоггүй бол Палестиний нутагт чулуу л элбэг бололтой. Ёс алдсан хүүхнүүдээ, сахилга баримтлаагүй эрчүүдээ, сэжигт өртсөн хөөрхийсийг, буруу номтон гэж хардагдсан хүн болгоныг  энэхүү элбэг дэлбэг чулуугаараа нүүлгэж алдаг. Үүнийг Шариатын хууль гэнэ. Ингэ гэж Коран сударт зааж өгсөн байдаг юм билээ. 

2012.11.3