"Ярицъя” булан та бүхэнтэй шинэ цагийн хамгийн алдартай казах, Кувейтэд суух элчин сайдаар тохоон томилогдсон, ноён К.Сайраантай хамт мэндчилж байна. Та бүхэн бидний яриаг таалан соёрхоно уу.

-Сайраан эрхэмтэй уулзаагүй удсан байна шүү. Та ингэхэд хаагуур яваад байна вэ ?

-Харин тийм ээ. Уулзаагүй удсан байна. Танай сониныг байнга л уншиж байгаа.

-Хэдэн жилийн өмнө Баян-Өлгий аймгийн олон сумдаар тантай хамт явж, хасаг түмний ажил амьдралтай танилцаж байсан. Тэр үед та гишүүн Сайраан байжээ. Өнөөдөр харин би алба ажлын хувьд хэнтэй уулзаж байгаа юм бол?

-Яг өнөөдөр бол би Монгол улсын Ерөнхий сайдын хөрөнгө оруулалт эрхэлсэн зөвлөх, бас Кувейт улсад суухаар томилогдсон элчин сайд. Маргааш Монгол улсын Ерөнхийлөгчөөс жуух бичгээ гардаж авах байх. Тэгээд долоо хоногийн дараа аян замдаа гарна. Тэгэхээр та үндсэндээ элчин сайд Сайраантай уулзаж байна гэж ойлгож болно.

-Кувейтэд манайх элчин сайдын яамгүй байсан. Та анхны элчин сайд болж байна уу?

-Элчин сайдын яамыг байгуулахын хувьд анхныхыг байгуулж байгаа. Бас тэр оронд нь суух анхны элчин сайд болж байгаа нь үнэн. Өмнө нь бол Египетээс хавсран сууж байсан. Хэд хэдэн элчин сайд энэ үүргийг гүйцэтгэж байсан л даа. Тэрэн дотор би ч гэсэн 1998-2001 он хүртэл тэнд элчин сайд байсан. Одоо хамгийн сүүлд Д.Баярхүү сууж байгаа. Өөрөөр хэлбэл Арабын Нэгдсэн Египет улсад сууж байгаа элчин сайд гэсэн үг. Би очоод Кувейтын эрхэм дээдэс Эмирт нь итгэмжлэх жуух бичгээ барьснаар өмнөх элчин сайдын маань Кувейт улсыг хавсрах үүрэг нь дуусгавар болох юм.  

-Таны хамаарах орнуудад ямар ямар орон орж байна. Булангийн орнууд багтаж байгаа биз дээ?

-Персийн булангийн орнууд. Тэрэн дотроо булангийн зургаан орон байгаа. Булангийн хамтын ажиллагааны орнууд гэж нэрлэдэг. Кувейтээс гадна Саудын Араб, тэгээд Арабын Нэгдсэн Эмират улс, Катар, Оманы Султант улс, Бахрейн гэсэн ийм зургаан орныг хавсран суух юм. Манайх Кувейтэд элчин сайдын яамаа байгуулахдаа булангийн орнуудын дунд идэвхитэй ажиллах зорилгыг л чухалчилсан.  

-Булангийн орнуудтай манай улсын хувьд уламжлалт гэхээр харилцаа юу байна?

-Чингисийн үед монголчуудын хөл хүрсэн газар гэх юм бол Багдад шүү дээ. Багдадаас цаашаа өнгөрөөд одоогийн Иерусалем ойролцоо монголын цэрэг очиж байсан. Хамгийн сүүлд 1268 онд Мамлюкууд болон монголчуудын хооронд анхны энхийн гэрээг байгуулж байсан түүхтэй шүү дээ. Гэхдээ тэрнээс доошоо булан руу монголчууд хөл тавьж байгаагүй. Анхны дипломат харилцаа тогтоосон улс орнуудын нэг бол Кувейт улс. Гэхдээ ерээд он хүртэл нэг их ойр дотны харилцаа байгаагүй. Харин ерээд оны эхэнд монголчууд ардчилсан нийгэмд шилжсэнээрээ, Кувейт руу Ирак улс довтолсноороо аль алинд маань онцлог жил болж байлаа шүү дээ. Тэр яг довтолгооны үед  Монголчууд энэ жижиг улсыг хамгаалж дуу хоолойгоо өргөсөн анхны улс байсан. Хувь тавилангийн үүднээс ингэж сонин холбогдсон. Тухайн үед АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер наймдугаар сарын нэгэнд Монголд айлчилсан. Монголд ирээд байж байхад шөнө нь Иракийн цэрэг Кувейтийн хил рүү цөмөрч орсон. Өглөө есөн цагт шиг санаж байна. Кувейтэд дөнгөж үүр цайж байхад л дэлхий дахинаа анхны мэдэгдэл цуурайтсан нь Улаанбаатараас Ж.Бейкер, Ц.Гомбосүрэн гэсэн хоёр хүн мэдэгдэл хийж байсан. Хүний зовох цагт ирсэн ганц нэг сэтгэлийн тус мартагддаггүй шүү дээ. Насан турш л талархах сэтгэлээр хандаж байдаг. Ердөө л энэ юм даа. Энэ сайхан хөрс суурин дээр шинэ үеийн дипломат харилцаа маань үүсч хөгжиж яваа гэж хэлж болно. Кувейт бол жижиг атлаа баян орон. Монголтой найрсаг харилцааг эрхэмлэх, цаашдаа улс төрийн харилцаагаа өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх эерэг бодолтой болж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд бол Кувейтын өмнөх болон одоогийн Эмир нь үндсэндээ гурван удаа Монголд айлчилчихлаа шүү дээ. Ийм тохиолдол урьд өмнө нь байгаагүй. Арабын орнуудаас, Исламын орнуудаас төрийн тэргүүн нь 20 жилийн дотор Монголд гурван удаа айлчилна гэдэг үнэхээр ховор тохиол. Ийм өвөрмөц сонин оронд би анхны элчин сайдаар тохоон томилогдож байгаадаа баяртай байна.

-Кувейтын эрх баригчидтай та хэр сайн холбоотой вэ. Та бол Арабаар мэргэшсэн манай ноймор нэг дипломатч шүү дээ?

-Би анх Кувейтэд 1992 онд очиж байсан. Яг Америкийн болон холбоотны цэргүүд Кувейтийн чөлөөлсний дараа хөл тавьж байсан. Гурван сарын л дараа шүү дээ. Энэ улсыг л таньж мэдэх зорилгоор явж байсан юм. Дараа нь 1998 онд очиж өмнөх Эмирт нь хавсран суугаа элчин сайдын хувьд итгэмжлэх жуух бичгээ барьж байсан. Тэр үед одоогийн Эмир нь гадаад хэргийн сайд байсан. Тэгээд би итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гадаад хэргийн сайдад гардуулдаг журамтай. Тэр утгаараа одоогийн Эмиртэй би анх танилцаж байсан.

-Эмир гэдэг хүн нь хэн болох талаар та манай уншигчдад тайлбарлаж өгөхгүй юу. Манайхаар бол Ерөнхийлөгч биз дээ?

-Хаан гэсэн утгатай. Зарим оронд нь хаан гэж нэрлэж байгаа. Зарим оронд нь Эмир гэж нэрлэж байгаа. Төрийн тэргүүн нь гэсэн үг. Эдний гэр бүлийнхэнтэй, дараа нь хүүтэй нь танил болсон. Хан хүү  Шейх Насер Монголд дөрвөн удаа ирсэн хүн л дээ. Хааны том хүү юм. Хаан өөрөө хоёр хүүтэй. Нэг охинтой байсан. Тэр нь нас барсан. Өөрөө төрийн тэргүүнээр томилогдсоны дараа том хүүгээ өөрийнхөө ордны сайд болгоод авчирсан. Улс төрд татан оруулсан. Хүү нь өөрөө ярьдаг юм. Аав намайг улс төрд татан оруулсан юм аа. Түүнээс биш би бол уг нь бизнесийн хүн юм шүү дээ гэж. Эд бол монголд маш их сэтгэлтэй. Энэ хан хүү болон хаантай шууд харилцаа холбоотой байгаагийн ачаар бид анхны томоохон хэмжээний төсөл буюу  парламентын шинэ ордны хөрөнгийг шийдүүлж чадсан юм шүү дээ.  

-Та 2004-2008 онуудад Баян-Өлгийчүүдийг төлөөлж парламентад суусан. Тэр үед хардаг байсан юм л даа. Энэ хүн ямар ч байсан гишүүн хүн биш байна даа гэж. Тодруулбал, монголын нэг жижигхэн тойргийг Улаанбаатарт төлөөлж суух шардлагагүй хүн юм даа гэж. Тэр үед танд би ер нь байх ёстой газраа байна уу, үгүй юу. Хийх ёстой ажлаа хийж яваа хүн мөн үү, биш үү гэсэн бодол ер нь төрдөг байсан уу?

-Сонин сонин бодол төрдөг л байсан. УИХ-ын гишүүн байснаараа би улс орныхоо дотоод байдал, хөгжлийн гарц, ирээдүйн талаар нэгдсэн ойлголттой болсон. Би асар их мэдээллийн дунд орж ирсэн. Эх орноо илүү таньж мэдэх болоцоо гарсан. Гишүүн хүний хувьд тэр танхимд сууж ажиллахаасаа илүү өөрийн бололцоог ашиглаад аль болох парламентын гадаад харилцааг бэхжүүлэх, Арабын орнууд хийгээд монголын харилцааг тэлэх талаар анхаарч ажилласан.

-Ихэвчлэн тэр зүг рүү л анхаарал тавьж ажилласан болохоор л би ингэж асуугаад байна л даа?

-Үнэн, үнэн. Тийм учраас би Арабын орнуудаас хөрөнгө татах бололцоотой гэдгийг мэдрүүлэх, тийм бололцоотой, тэр түвшинд ажиллах чадвартай гэдгээ харуулах, дээр нь тэр олон улсын парламентын холбоонд монгол улсын байр суурийг бэхжүүлэх гэх мэтийн чиглэлд түлхүү анхаарч ажилласан. Гэхдээ энэ маань эргээд сонгосон ард түмэнтэйгээ холбоо муутай байсан гэдэг шүүмжлэлд өртөөд сүүлд нь ард түмэн түүн дээр дүн тавьсан шүү дээ.

-Таныг нисдэг гишүүн. Монголд буучихаад л явчихдаг гишүүн гэх мэтээр чимхдэг л байсан. Гэхдээ та парламентын нэг гишүүн гэхэд үнэхээр хангалттай гэж хэлэх багадмаар гавъяаг бас байгуулсан. Парламентын ордон барих хөрөнгийг үндсэндээ та авчирсан шүү дээ. Гэтэл таныг сонгосон тойрог болохоор жижиг сажиг гомдолтой үлдчихсэн байдаг. Ийм харьцангуй юм харагдаад байдаг ?

-Амьдрал өөрөө тийм шүү дээ, Ганчимэг ээ. Амьдрал өөрөө маш харьцангуй ойлголтуудаар дүүрэн. Баян-Өлгийд амьдарч байгаа тэр сонгогчийн тэр эргэн тойрон, тэр орчин, ертөнцийг харах бололцоо нь ямар билээ. Миний тэр нисч явж байгаа, дэлхий тойрч шинэ харилцаа хайж явж байгаа, тэр парламентын ордон барих хөрөнгө чирээд ирж байгаа энэ тэр бол тэр сонгогчийн хувьд бол юу ч биш. Би тэрнийгээ мэдэрсэн. Тэрнийг ойлгосон. Тэр хүнд тэр өдрийн, тэр маргаашийн, тэр өөрийнхөө эргэн тойрны проблемыг шийдэхэд л их хурлын гишүүнээс тусыг заавал авч байх ёстой л гэсэн нэг ойлголт суусан байдаг. Угаасаа систем нь тийм. УИХ-ын гишүүн гэдэг хүн хэн байх талаар манайд хавтгайдаа ойлголт байхгүй. Бүх газар аймаг хот сумын хооронд гүйдэг нярав шиг статустай хүн байлгах гээд байгаа шүү дээ. Сонгосон гишүүнээ тэнд биднийг төлөөлөөд, бидний эрхийг хамгаалж үйл ажиллагаа явуулах биш харин бидэнд юм авчирч өгөх ёстой хүн гэсэн сэтгэлгээ л ноёрхдог.   

-Тийм л дээ. Гэхдээ энэ мөд өөрчлөгдөхгүй ойлголт байх аа. Ингэхэд нөгөө  парламентын шинэ ордон бариулах мөнгө олоод иртэл, манайхан барих газар байхгүй гээд хэрэлдээд байсан. Юу болсон бэ?

-Үнэхээр харамсаар явдал. Хүн чамд тавган дээр тавиад хоол авчирч өгч байхад энийгээ яаж идэхээ мэдэхгүй удаад байх ойлгомжгүй явдал биз дээ. Энэ байдал нөгөө талд бас сайн сэтгэгдэл төрүүлэхгүй байгаа. Би түрүүн хэлсэн. Хаан, хааны гэр бүл хэд хэдэн удаа хөөш нөгөө бидний өгсөн мөнгө яасан бэ. Бид өгөх шийдвэрээ гаргачихсан. Та нар тэр парламентын ордноо барихгүй яасан бэ гэж хэд хэдэн удаа асууж байсан. Манайхан ямар ч тайлбар хэлж чадаагүй. Харин одоо сүүлийн үед шинэ их хурал, шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш энэ асуудал жаахан урагшлаад ордны хойд талын цэцэрлэгийн нэг хэсэгт нь багтаагаад шинэ ордныг бүтээн босгох ажил эхэлж байна. Одоо зураг төслийн ажил явагдаж байна. Засгийн газрын зүгээс Долгор сайд тэргүүтэй нэг комис гарсан. Парламентын зүгээс нэг комис гарсан. Г.Батхүү гишүүн тэргүүтэй. Тэд одоо бол маш идэвхтэй ажиллаж байгаа. Кувейт,  монголын зураг төслийн компаниуд нэгдээд зураг төслийг гаргаж эхэлж байгаа. Миний төсөөллөөр бол дараагийн хавар тендер зарлагдаад газраа ухаж эхлэх ёстой. Яг энэ цагтаа эхлэвэл хоёр жил дотор баригдаад дуусчих болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл 2012 онд сонгогдсон гишүүд шинэ ордонд орж ирэх байх.

-Сайхан мэдээ байна. Баян-Өлгийн Ардчилсан нам бужигнаад К.Сайраан гишүүнд нэр дэвших боломж олгосонгүй гэх мэдээг хүлээж аваад  их сэтгүүлчид гайхаж байсан. Сайраангүй Баян-Өлгий гэж бичиж байлаа. Тэд нарт яагаад дэлхийн түвшинд ажилладаг хасаг хэрэггүй байсан юм бол. Гэвч эцэст нь Ардчилсан нам яагаад үс ч үгүй арчигдсан бэ?

-Аймгийн АН гэхээсээ илүү тухайн үеийн АН-ын удирдлагын бодлогын хүрээнд энэ асуудал үүссэн гэж би хувьдаа боддог юм. Гэхдээ миний өөрийн алдаа, тооцоогүй байсан явдал бол их нөлөөлсөн. АН-ыг юм уу, хэн нэг удирдлагыг буруутгахаасаа илүү би өөрийгөө буруутгаж байгаа. Би бол хөрсөн дээр бууж ирэх ёстой л байсан юм билээ. Хөрснөөсөө хэт тасарч болохгүй тийм нийгэм юм байна лээ.    

-Та чинь тэгээд бие даачихсан бил үү?

-Тэгсэн.

-Тэгээд яагаад АН таныг хөөхгүй байна. Хөөх ёстой шүү дээ?

-Би намын шинэ дарга нарт санал хүсэлтээ тавьсан. Нэгдүгээрт, би өөрийнхөө хийсэн хэргийн хэмжээнд зэмээ хүлээе ээ. Намаас намайг хөөхөд надад гомдох зүйл байхгүй. Гэхдээ би хоёр өргөдөл өгье. Нэг нь намайг намаас хөөж өгөөч. Нөгөө нь намайг намд буцааж аваач гэсэн. Манай АН чинь намаас гарч болдог. Буцаад элсч болдог нам ш дээ. Тэгээд манай намын удирдлагууд энэ асуудлыг дэнсэлж үзээд за, хөөхөө ч болъё, буцааж авахаа ч болъё. Энэ гишүүн маань намын гишүүнийхээ статустай хэвээрээ үлдэг гэсэн шийдвэр гаргасан. Яагаад гэвэл тэр хөөх цаг үе нь яг сонгуулийн үеэр явагдах процесс байсан юм билээ. Тэгээд сонгууль нэгэнт өнгөрчихсөн болохоор дахиж ийм асуудал ярих шаардлагагүй гэсэн. Тэгэхээр би ардчилсан намын гишүүн хэвээрээ л байгаа. Цаашдаа АН-ынхаа үйл хэрэгт хүчин зүтгэнэ. Монголынхоо төлөө энэ биеэ зориулна.

-АН-ын гишүүн К.Сайраан сонгуулийн дараа МАХН-аас томилогдсон Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилласан. Энд танай нам яаж хандсан бэ?

-Зөвлөхөөр томилох шийдвэр гаргасан ганц хүн Ерөнхий сайд өөрөө. Санал санаачилга нь бол аль аль талаас гарч байсан. Дунд нь холбосон, ойлгуулсан хүмүүс бий.  Би бол энэ албанд дуртайяа очсон. АН ч гэсэн энэ шийдвэрийг зүй ёсных гэж хүлээж авсан. Нэгэнт эвслийн Засгийн газар байгуулагдсан. Хоёрт, нэг их тийм гажсан зүйл байхгүй гэдэг утгаараа. Ерөнхий сайд С.Баяр намайг томилоод анхны даалгавар болгож маш том үүрэг өгсөн. Тэр нь Ойрхи Дорнодоос болон Казакстанаас түүхий нефть нийлүүлэх асуудлыг нэг тийшээ гарга гэсэн даалгавар байсан. Энэ асуудлыг би тэр дор нь барьж авсан. Д.Зоригт сайдтай хамт Кувейт, Казакстанд очиж ажилласан. Анхны гэрээ хэлэлцээрүүдийг хийсэн. Нааштай шийдвэр гарсан. Дараа нь би хавар нь дахиад Ойрхи Дорнод руу явсан. Хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар. Тэгээд буцаж ирсний дараа элчин сайдын яам нээх тухай асуудлыг Ерөнхий сайд хөндсөн. Улаанбаатарт байж байгаад тэнд очоод байн байн ажиллах нь энэ хол газраас бэрхшээлтэй байна аа. Тэнд нь ойрхон сууж байгаад тэр хүмүүстэй нягт ажиллах шаардлага байна. Энэ бол манай Монгол улсын эрх ашиг гэж л санал тавьсан. Хэрвээ Ерөнхийлөгчийн зүгээс энэ асуудыг авч үзээд, зарлиг гаргах юм бол надад татгалзах зүйл байхгүй гэж би хариулсан. Энэ ажлыг хийж чадна гэдгээ илэрхийлсэн. Энэ дагуу намын бүлэг дээр бас ярилцсан л даа. Сүүлд хүмүүс тоглоом шоглоом болгоод чи ер нь аль намын квотон дээр ороод ирсэн хүн бэ гэж. (инээв) Ер нь элчин сайдын томилгоон дээр нэг их нам гэж гүйхээ болъё. Мэргэжлийн орон зайг нь харж шийдэж байя гэсэн төрийн бодлого бас байгаа юм билээ.

-Та Баян-Өлгийгөөс 100 хүүхэд гадаадад сургалаа гэж та олон жилийн өмнө нэг ярьж байсан. Тэр тоо одоо хэд хүрээ бол. Энэ үнэхээр гайхалтай том хөрөнгө оруулалт биз дээ?

-Одоо би тэр тоог хэлчихвэл чи ухаан алдана биз дээ.

-Тийм их нэмэгдсэн гэж үү?

-1800 шахам хүүхэд болоод болоод байна.

-Ямар мундаг юм бэ. Гэхдээ арай дандаа казах залуус биш биз дээ. Энэ сэдвээр та бид хоёр тэр удаа муудалцаж байсан санагдаж байна?

-Санаж байна. Та аминчхан байгаа юм биш үү. Гомдолтой байна гэж шүүмжилж байсан. (инээв) Жишээ нь би энэ жил Морокод таван хүүхэд сургуульд явууллаа. Нэг казак, дөрвөн монгол хүүхдийг явуулсан.

-Миний шүүмжлэлийг хүлээж авсан байна шүү?

-Тийм л байх. Би сурах чин хүсэл эрмэлзэлтэй хүүхдийн төлөө чадлаараа зүтгэдэг. Аав ээж нь хэн байх, яс үндэс нь ямар байх огт хамаагүй. Хүүхэд сургасаар байгаад энэ сэдэв сүүлдээ миний хобби болчихсон. Очсон, явсан газар болгондоо энд ямар ямар төрлийн сургууль байна. Тийшээ хаанаас ямар тэтгэлгээр яаж хүн сургаж болох нь вэ гэж хайж явдаг. Миний тэгж хөөцөлдөж явуулсан шавь нар төгсөөд эргээд надад тэнд ийм боломж байна, та тэгж бүтээж болохоор юм байна гэсэн ашигтай мэдээллүүдийг маш идэвхтэй өгдөг. Цаашдаа ч энэ ажлаа үргэлжлүүлнэ.

-Ислам шашныхан тань танаас сүм л нэхээд байдаг юм билээ. Энэ ажил дээр юу хийгдсэн бэ?

-Баян-Өлгийд бол бид 30 гаруй жижиг сүм босгосон. Одоо аймгийн төвд бас нэг томоохныг барьж байна. Тэрний хажууд сургууль, эмнэлэг барьж байгаа. Улаанбаатарт дөрвөн замын эргэдэг уулзварын тэнд ТБД андуудын эсрэг талд нэг том сүм барьж байгаа. Монголын хамгийн том исламын сүм болно. Энэ бол зөвхөн мөргөлийн газар биш. Соёлын том төв болно. Хичээж л байна. Олон жил ярьсан. Хөрөнгө мөнгө шийдэгдэхгүй ядаж байж одоо овоо ажил явж байна. Дараа жил ашиглалтад орчих болов уу.

-Нэг хэсэг манай казахууд Казакстан руу их нүүж байсан. Одоо ямархуу байгаа вэ?

-Үндсэндээ зогссон.

-Танай ах дүү нараас тэнд байдаг уу?

-Нэг ч хүн байхгүй.

-Би нэг асуулт руу орох гээд л Казакстан уу гулгаад байна. Та ном их уншдаг хүн. Сүүлийн үед манайд бестселлер болж байгаа Назарбаевын хүргэн Алиевын номыг та уншаа байлгүй дээ?

-Уншсан.

-Назарбаевтай та танил уу?

-Би удаа дараа уулзаж байсан. Мань хүний амьдралын тухай, мань хүний улс орноо удирдаж байгаа арга барил, тэр улсад явагдаж байгаа үйл явцыг маш идэвхтэй ажиглаж байдаг. Энэ номыг анх гарсан үед нь орос эхээр нь уншсан. Надад бас баруунд байгаа найз нөхөд явуулсан. Их амтархан уншсан. Тэгээд дотор нь байгаа маш олон баримт миний мэдэх, төсөөлөх зүйлүүд байна лээ.  

-Тийм байх?

-Дээр нь хэлэхэд их л тийм өш хонзон тээсэн хүний дотоод тэсрэлт юм уу гэж ойлгосон.

-Алиев өөрөө ч бас нохойн хүү юм аа. Тэр өөрөө ч бас нэг талаас том урвагч шүү дээ. Хасгууд урвагчдад харин хэр ханддаг юм бол?

-Угаасаа л нүүдэлчин ард түмэн бүх урвагчдыг тэсвэрлэдэггүй шүү дээ. Чингис хааны үлдээсэн жишиг байгаа биз дээ. Тэр утгаараа өөрөө нэгэн цагт нөмөрт нь явсан, тэр гэр бүлийн гишүүн нь байсан, ач нарынх нь эцэг хүн байж хүн чанарын үүднээс таагүй алхам хийлээ гэж хүлээж авсан.

-Гэхдээ Назарбаев өөрөө XXI зууны шинэ улс төрийн түүхэнд хачирхалтай содон жишээ болж үлдлээ. Бас л аймшигтай удирдагч юм аа?

-Энэ номыг уншихад хүмүүст янз янзын л сэтгэгдэл төрөх байх. Монголд ч гэсэн энэ номыг яагаад гэнэтхэн орчуулж тараасан гэдэг өөрөө бас сонин асуудал.

-Хорхой хүргэж байсан сэдэв болохоор ийшээ хальтраад орчихлоо. Та дипломатч хүн болохоор үүнээс илүүг ярихгүй нь шиг байна. За, ингээд Кувейт улсад манайх элчингээ нээчихлээ. Тэндээс ер нь бид юу хүлээж болох вэ?

-Угаасаа элчин сайдын яамаа нээж байгаа манай улсын гол зорилго тэндээс хөрөнгө татах асуудал. Ялангуяа дэлхийг хамарсан хямралын дараа дэлхийд хоёрхон улс мөнгөтэй үлдлээ. Нэг нь Хятад, нөгөө нь Булангийн орнууд. Булангийн орнууд ч сая их хэмжээний хямрал амссан л даа. Ойролцоогоор 350 тэрбум орчим долларын хохирол учирсан гэж мэдээлж байгаа. Гэхдээ цаана нь тэдний хуримтлуулсан мөнгө гурван трилион 750 тэрбум доллартай. Энэ зургаан орон нийлээд. Өөрөөр хэлбэл хангалттай мөнгөтэй орнууд. Хоёрдугаарт, тэдгээр орны удирдлагууд болон манай улсын хооронд найрсаг харилцааны суурь тавигдсан. Дээр нь зургаа долоон том хөгжлийн сангууд үйл ажиллагаа явуулдаг. Мөн дөрөв таван том хөрөнгө оруулалтын сангууд байгаа. Ингээд би 10-12 том субьекттэй ажиллахаар төлөвлөөд байна. Чадах чинээгээрээ зүтгээд боломж гарвал  хоёроос гурван жилийн дотор тодорхой хэмжээний томоохон хөрөнгө оруулалтыг Монголд оруулмаар байна. Ингэж л ажилламаар байна. Гол анхаарал Монгол улсад хөрөнгө оруулалт татах явдал. Мэдээж очоод шинээр элчин сайдын яам төвхнүүлэхээс эхлээд олон ажил ундрах байх. Гэхдээ энэ бол жижиг асуудал. Би Монгол улсынхаа хөгжлийн төлөө л ажиллана.