Гэр  хорооллыг нүд үзүүрлэх явдал коммунистуудаас эхтэй юм.Харин өнөөдөр түүнийг олигархууд үргэлжлүүлж байна.

Коммунистууд хувийн өмчийг ор мөргүй устгах зорилготой байсан. Тэгээд чадлынхаа хирээр устгаж байв. Айл өрхөд амин зуулгынх эд хөрөнгө л үлдээж бусдыг хуу хурааж авч байсан. Мао мэтийн коммунист удирдагчид, иргэдийнхээ өмсөх хувцсыг хүртэл хувийн өмч хэмээн сэрдэхдээ тулж,хүнардынхаа хувцсыг нь тэгш байдлын бэлгэдэл болсон, улсаас тавьж олгодог нэг загварын хувцсаар сольж байсан юм. Хятад зэрэг тийм улсыг харахад гудамжаар явж буй эрэгтэй эмэгтэй хүмүүс шоронгийн хоригдолууд шиг харагдагсан. Манайд, арай ч «хувийн» хувцсыг нийтийн формоор сольж байгаагүй хэдий ч толгойд ургах үсний урт, өмсөх өмдний түрийний өргөний хэмжээг нам засаг тогтоодог байлаа. Харин, мал зэрэг бусад хөрөнгийг бол бүгдийг нь хураасан.

Коммунистууд хурааж болох хөрөнгийг хураагаад зогсохгүй, бүх айл өрхийг улсын гэгдэх нийтийн орон сууцанд оруулахыг зорьж байв. Ингэх учир нь хувийн өмчийн үзлийг байнга сэдрээж байдаг хашааны газраас хүмүүсээ нэг мөсөн салгахыг бодсон хэрэг. Даанч сачий нь хүрээгүй. Нийтийн орон сууцны аврага «хуаран»-гуудыг барихад дэндүү их хөрөнгө хэрэгтэй байсан юм. Ийнхүү коммунистуудын тэнхээ хүрээгүйн золоор, ядахдаа хашааны газартайгаа үлдсэн гэр хороолол хот хөдөөгүй тунаж хоцорсон билээ. Гэхдээ, коммунистууд гэр хорооллын айлуудыг зөнд нь орхисонгүй, инженерийн шугамтай холбохыг тас хориглож чадсан.

Коммунистуудад нүд үзүүрлэгдэн тунаж хоцорсон тэр гэр хорооллынхон чухамдаа ардчилсан шинэ Монголын түшиг тулгуур болох хувь заяатай байлаа. Учир юу гэвэл, хот хөдөөд байгаа эдгээр айл өрхийн хашааны газрыг инженерийн шугамтай холбож амины тохилог орон сууцны хороолол болгочихвол, ардчиллын болоод нийгмийн тогтвортой байдлын үндэс нь болдог мөнөөх «хотын дундаж давхрага» төрөх ажгуу!

Гэвч, 90 оны ардчилсан хувьсгалаас хойш, гэр хорооллыг амины тохилог орон сууцны хороолол болгон өөрчлөх боломж шинэ төрд олдохгүй л байв. Хятадуудад газраа алдчихана гэх мэтийн мунхаг ярианаас болоод газар хувьчлагдахгүй сунжирсан. Хамгийн гол нь Зөвлөлт Холбоот Улс хэмээх «тэжээгч»-ээ алдсан манай улсын эдийн засаг дампуурчихаад санхүү,мөнгө,хөрөнгийн эх үүсвэр хомс байлаа.

Ашгүй, сүүлийн жилүүдэд газар доорхи баялаг маань «амь орж» Зөвлөлтийн орыг залган гарч ирэв. Мөнгө, хөрөнгийн гачаалаас гарах нь тодорхой боллоо.


 
Гэтэл гай болж, гэр хорооллынхныг нүд үзүүрлэх коммунистуудын үйл хэргийг өнөөдөр олигархууд залгамжлан авчихдаг байгаа! Коммунистууд бол хувийн өмчийг үзэн яддаг учраас гэр хорооллыг ад үздэг байсан. Харин олигархууд хувьдаа ашиг олж байвал хэний ч өмч хөрөнгө рүү дайрахад бэлэн байдаг увайгүй улс. Тиймдээ ч тэд, газарт нь шунахдаа гэр хорооллыг нүд үзүүрлэн ичих ч үгүй коммунистуудын араас дагаж буй нь энэээ.

Олигархууд бизнесдээ төрийн эрх мэдлийг ашиглах чадварыг онцгой эзэмшсэн улс. Жишээ нь гэхэд л нийслэлийн гэр хорооллын газрыг чөлөөлүүлэх нарийн төлөвлөсөн үйл ажиллагаанаас нь энэ чадвар тод харагдаж байна.

Хот байгуулалтын асуудал эрхэлсэн яам нь нийслэлийн захиргаатай хамтран инженерийн шугамыг зөвхөн нийтийн орон сууцтай холбох төлөвлөгөө гаргасан байна. Гэр хорооллыг инженерийн шугамтай холбох тухай сонсохыг ч хүсэхгүй байна. Үүнийгээ, тийм их мөнгө байхгүй (гэтэл, эхний ээлжид 32100 айлын нийтийн орон сууцны хороолол барих, түүнд зориулсан газрыг айлуудаас худалдаж авах мөнгөний хэмжээ нь бүх гэр хорооллыг инженерийн шугамд холбох мөнгөнөөс хэд дахин их юм шүү!), техникийн хувьд боломжгүй (гэтэл, инженерийн шугамтай амины орон сууцны хороолол голын эрэг, уулын амуудаар компаниуд бариад л байгаа шүү дээ!) гэх зэрэг илтэд худал шалтаг заан тайлбарладаг. Ингээд зогсохгүй, хашаанд нь хүрчихсэн инженерийн шугамд, өөрийнхөө хөрөнгийг гарган холбогдох хүсэлтээ илэрхийлж буй айлуудад ч зөвшөөрөл өгөхгүй байна.

Гэр хорооллыг инженерийн шугамд холбоход хашааны газар маш үнэ цэнэтэй хөрөнгө болон хувирана. Нийслэлийн засаг дарга Мөнхбаяр, гэр хорооллын хашааны газрыг үнэд оруулж болохгүйг нийтийн орон сууц барих компануудад аминчлан «тушаасан» байна. Тэгэхээр гэр хороолын газрыг үнэгүйдүүлэх нэг арга нь инженерийн шугамд холбохгүй байх явдал. Холбочихвол, бэлэн инженерийн шугамд холбогдсон тэр үнэ цэнэтэй газаргэр хорооллын айл өрхүүдийн мэдэлд очно. Орон сууцны барилгын бизнес эрхлэгчид хотын дарга руу гүйхээ болж гэр хорооллын айл өрхүүдтэй наймаа тохиролцохоор явах болно. Банк санхүүгийн байгууллагууд ч бас гэр хорооллынхонд моргейжийн зээл өгөхөөр уралдацгаана. Яагаад гэвэл, гэр хорооллынхон,инженерийн шугамтай үнэ цэнэтэй газар бүхий найдвартай зээлдэгчид болох юм. Нийтийн орон сууцны метр кв-ийн үнэ одоогийнхоос бараг хоёр дахин унана, юу гэвэл хүмүүс нийтийн орон сууцнаас илүүтэйгээр инженерийн шугамд холбогдсон амины тохилог орон сууцыг сонирхох нь мэдээж. Ингэснээр амины орон сууцны зах зээл цэцэглэх болно. Ийм л байна. Тэгэхээр, гэр хорооллыг инженерийн шугамд холбочихвол «газрын мафи» (газрын мафи гэдэг бол олигархийн олон дүрс хэлбэрийн нэг нь юм) хэмээн хүмүүсээс нэрлэдэг тэр бүлэг этгээдүүдийн «онц эрхт» авилгын бизнес төгсгөл болох ажээ. Газрын олигархи коммунистуудын араас алхах учир энэ бөлгөө.

Уг нь гэр хорооллыг инженерийн шугамтай холбон амины орон сууц бариулах нь Улаанбаатарчуудыг орон сууцжуулах илүү хурдан,харьцангүй бага өртөгтэй хийгдэх боломжийн арга зам. Гэтэл хотын удирдлага ийм санааг бүтэшгүй хэмээн баалж сууна.

 Ардчилагчид үнэхээр ардчилсан үзэлтэй юм бол олигархуудын даварсан үйл ажиллагааг таслан зогсоох ёстой.Сайтар бодоод үзвэл,олигархууд, иргэдийн хашааны газрыг мэхлэн авч нийтийн орон сууц барих социалист төлөвлөгөөг хэрэгжүүлснээр гэр хорооллынхны хувийн өмчийг устгаж байгаа юм.Ардчилсан нийгмийн тогтвортой хөгжлийн гол тулгуур болсон хотын дундаж давхрагыг устгаж байгаа юм.Энэ бол маш аюултай зүйл.

Түүхнээ «Зэрлэг капитализм» гэж нэрлэгдэнхоцорсон тэр цаг үе бол угтааолигархийн эрин үе байсан юм. Зэрлэг капитализмын үед олигархууд, төрийн дэмжлэгтэйгээр бусдын өмчийг хомроголон устгаж байлаа. Тэдний гайгаар Маркс капитализмыг яллах боломжтой болсон билээ.

Маркс «Та нар, биднийг ( өөрөөр хэлбэл коммунистуудыг) хувийн өмчийг устгах гэж байна гэж ухаан алдаж байна. Гэтэл та бүхний одоогийн энэ нийгэмд нийгмийн гишүүдийн аравны есөн хувийг хувийн өмчгүй болгочихсон байна» хэмээсэн нь өмчлөх эрхийг хамгаалах үзэл санаанд хүнд цохилт болсон. Ийнхүү, зэрлэг капитализмын үед олигархуудын шуналд өртсөн бүгд өмчөө алдсан нь коммунистуудад аймшигт хувьсгалаа хийж ардчиллыг устгах боломжийг олгосон.

Монголд өнөөдөр зэрлэг капитализмын үеийн дүр төрх амилаад байна. Олигархууд тариаланчдын газрыг хав дарчихаад тэднийг өмч хөрөнгөгүй болгосон. Одоо тэд гэр хорооллын газрыг орон сууцжуулах нэрээр мэхлэн авах гэж байна. Цөөн тооны олигархаас бусад нь тэр тусмаа хотын гэр хороолынхон газар хэмээх үнэт өмчөө алдвал дундаж давхрага устана. Тэгвэл ардчилсан ниймийн тогтвортой байдал алдагдаж коммунистууд өөр нэрээр дахин эргэж ирнэ. Тийм учраас ардчилагчид бид гэр хорооллыг инженерийн шугамд холбож тэднийг өөрийнхөө газар дээр өөрийнхөө сонголтоор амьдрах байшингаа барих бололцоог олгохын төлөө тэмцэж, коммунистуудын араас замнаж буй олигархуудын санаархалыг таслан зогсоох хэрэгтэй.

Ардчилсан нам 90 оноос хойш иргэнээ,айл өрхөө, хүн ардаа өмч хөрөнгөтэй болгохын төлөө тэмцсэн. Малчид маань малтай болсон. Орон сууцанд амьдардаг иргэд орон сууцаа авсан. Гэтэл тариаланчид, гэр хорооллынхон үнэ цэнэд хүрэх өмч хөрөнгөтэй болж чадаагүй. Одоо тэднийгээ үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгөтэй болгоё!