Будда ийн өгүүлжээ:“Нэг хүн над дээр ирээд бясалгал, энэрлийн зам мөрийг минь буруутган зүхэв. Би чимээгүй хүлцлээ. Түүний муушаал зогссон хойно би ингэж асуулаа.’Хөршдөө бэлэг өгөхөд чинь тэрбээр хүлээн авахгүй бол уг бэлэг өөрт чинь үлдэнэ биз?’ гэхэд тэр хүн ‘Тийм ээ’ гэв. ‘Тэгвэл та сая надад муу үгийн бэлэг гардууллаа. Даанч би тусгаж авсангүй. Үйлийн үр өөрт эргэж буудаг. Авиаг давтах цуурай, биеийг дагах сүүдэр мэт. Тийм учир муу үйлээс сэрэмжилж яв’ гэж би түүнд хэлсэн.”

Буддаг хэнд ч гай төвөг удахгүй, буйдхан газар чимээгүй сууж байхад нь хүртэл очиж доромжлохын учир юун? Түүний зүгээр байх нь л хүмүүсийн эгог өвтгөж эмзэглүүлдэг юмсанж. Будда, Есүсийг хальж одоод мянга, мянган жил өнгөрсөн атал дайрч довтолсоор. “Тийм хүн бодит амьдрал дээр байгаагүй. Зүгээр л уран зохиол, үлгэр домог” гэж өнөөдөр хүртэл бичиж байна. Будда, Есүс, Кришна ерөөсөө байгаагүй, бурхан хутаг, гэгээрэл цөм худлаа гэж нотолж байж тайтгарах. Эрхэм дээдийг үгүйсгэсэн хойно эрээ цээргүй бохир буртагтаа хутгалдаж, санаа амар мансууралдаа живнэ. Энэ ертөнцөд Будда шиг хүн алхаад, гэрэлтээд эхэлмэгц тэд бачимддаг.



Нэг хүн над дээр ирээд бясалгал, энэрлийн зам мөрийг минь буруутган зүхэв. Би чимээгүй хүлцлээ.

Буддагийн чимээгүй хүлцэл мөнөөх хүнийг гайхшруулсан нь лавтай. Үгээс барьц олдох атал чимээгүйгээс олдохгүй тул тэр хүн сандарч мэгджээ. Үгийн л хэлийг мэддэг тэрээр аниргүй амгалан, нигүүлсэнгүй хайрын хэлийг анх сонсоод алмайрсан буйза.

Түүний муушаал зогссон хойно би ингэж асуулаа. “Хөршдөө бэлэг өгөхөд чинь тэрбээр хүлээн авахгүй бол уг бэлэг өөрт чинь үлдэнэ биз?” гэхэд тэр хүн “Тийм ээ” гэв.

Чимээгүйд хүч чадал бий. Чимээгүйн хүчээр нөхцөл байдал өөрчлөгдөж, өөрийг нь сонсохтой болсон үед Будда ам нээжээ. Чингэхдээ тэр хүнээс асуулт асууж. “Хөршдөө бэлэг өгөхөд чинь хүлээж авахгүй бол та бэлгээ буцааж авна биз?” ‘Бэлэг’ гэдэг үг аятайхан сонсогдож таараа. “Тийм ээ” гэж хэлэхдээ тэр хүн хэдийнэ занганд оржээ.

“Тэгвэл та сая надад муу үгийн бэлэг гардууллаа. Даанч би тусгаж авсангүй. Үйлийн үр өөрт эргэж буудаг. Авиаг давтах цуурай, биеийг дагах сүүдэр мэт. Тийм учир муу үйлээс сэрэмжилж яв”

Ой тойндоо уусгавал зохих нандин утга энэ үгэнд байна. Хэнд юу өгөх нь тэр хүний дур. Харин түүнийг хүлээж авах эсэх нь өөрийн чинь дур. Доромжлол ч бай өөртөө тусгаж авахгүй бол хоосон авианаас өөрцгүй. Хоосон авиа чамд нялзахгүй шүү дээ. Чи л өөрөө хутгалдахгүй бол хэн ч чамайг доромжилж чадахгүй гэсэн үг. Тийм болохоор “Тэр намайг доромжилсон” гэж битгий ярьж бай. Хэн чамайг тусгаж ав гэсэн юм? Тусгаж авсан нь чиний үүрэх хариуцлага. “Би сэрэмж сэхээгүйн эрхээр муу үгийг өөртөө тусгаж, үймэрч хямарчээ” гэж хэлбэл зохино.

“Өөртөө хэрэгтэй, шим тэжээл болох зүйлийг л хүлээн авч бай” гэж Будда хэлдэг. Хор хүлээж авахын хэрэг юу байна? Хэн нэгэн чамд хор аягалаад баривал “Баярлалаа, эрхэм ээ. Гэхдээ наадах чинь надад хэрэггүй. Аминаасаа уйдах өдөр ирвэл гуйж хүртье. Одоохондоо би амьдармаар байна” гэж хэлэх бус уу? Аягалж өгсөн бүхнийг хүртэх албагүй. Тэр бол чиний сонголт.

Үйлийн үр өөрт эргэж буудаг. Авиаг давтах цуурай, биеийг дагах сүүдэр мэт. Тийм учир сэрэмж сэхээтэй байж, муу үйлийг тэвчвэл зохино.

Будда хөөрхий хүнийг өрөвдөн нигүүлсчээ. “Таны доромжлолыг тусгаж аваагүй болохоор надад ямар ч гай түй болохгүй. Гэвч үйлийн үр уг эзэндээ эргэх тул муушаал доромжлол өөрийг чинь нэрвэх болно. Та миний эсрэг биш, өөрийнхөө л эсрэг зүйл хийлээ шүү дээ. Өөрийг чинь юу дагаасай гэж хүсдэг вэ, түүнийг л хийж бай. Тэгвэл та жаргалтай байх болно” гэж Будда сургамжилжээ. 

Матэранд бид хэдүүлээ цуурай дуурьсдаг газар очсон юм. Нэг нөхөр маань нохой шиг хуцтал хөндий даяар үй түмэн ноход хуцах мэт цуурай үргэлжлэв. Би түүнд “Энэ бол бүх амьдралын нөхцөл юм шүү. Хичээл болгож ав. Амьдрал бол цуурайт хөндий. Хэрэв чи нохой шиг хуцах юм бол эргэн тойрноос нохдын хуцаан л хүрээлж, чиний дотор хоногшино. Түүний оронд дуулж болохгүй юү?” гэж хэлсэн юм. Тэр учрыг ойлгож, сайхан дуу дуулахад нь хөндий даяар аялгуу айзам дуурьсч билээ.

Энэ бүхэн чамаас хамаардаг. Бусдад хийж байгаа бүхнээ чи угтаа өөртөө хийж байдаг. Бусдын зүг цэцэг цацах юм бол зүг бүхнээс цэцгийн хур чам дээр асгарна. Бусдын зам дээр өргөс тарих юм бол чиний явах харгуй өргөсөөр дүүрнэ. Өөртөө хийхгүйгээр юуг ч чи бусдад хийж чадахгүй. “Тийм учир сэрэмж сэхээтэй байж, муу үйлийг тэвчвэл зохино” гэжээ...

Тэнгэр өөд нулимлаа гэхэд тэр дороо шүлс чинь буухгүй. Янз бүрийн хүчин зүйлээс хамаарч жаахан ч атугай хугацаа орно. Бүх зүйл эргэж ирдэг нь л тодорхой. Үр тарьсан бол эрт орой нэгэн цагт ургацаа хураах болно. Өнөөдөр чи зовж байгаа бол энэ болоод өмнөх нэг төрөлдөө хйисэн үйлийн үр л боловсорч байгаа хэрэг. Чиний өнөөдрийг өнгөрсөн үе чинь бүтээдэг. Харин өнөөдрийн үйлдэл чинь маргааш чамайг ямар явахыг шийднэ. Өнгөрсний тухайд хийх зүйл байхгүй ч ирээдүйн тухайд ихийг хийж болно. Ирээдүйг өөрчлөх нь бүхнийг өөрчлөхийн нэр.

“Ямар л үр тарина, тийм л ургац хураана” гэдэг амьдралын үндсэн хууль - үйлийн үрийг хором тутамд сана. Түүнийг мартсанаас л болж түмэн лай, буман гайг өөртөө чи бүтээдэг. Сэхээрлийн ганц ч атугай гялбааг амьдралдаа оруулахыг хичээ. Ганцхан гялбаа түнэр харанхуйг сарниадаг юм шүү. Өдий хүртэл нухлуулж ирсэн зовлон бүхнээсээ залхаж, өнө мөнхийн гэгээн амгаланг үнэн голоосоо хүсч байгаа бол үйлдэл бүртээ ухамсрын гэгээг тусга. Тэгвээс чи эрхэм дээд, гэгээн сайханд итгэж эхэлнэ. Тэр итгэлээрээ улам бүр нээгдэх болно. Эрхэм дээдэд итгэхгүй бол өсч хөгжихгүй. Бурханлагт хүрэх боломжгүй хэрэг биш гэсэн итгэл төрөх агшинд чиний дотор гэрэлт цацрал харвадаг. Тэр цацралаас амьдралын агуу их урвал өдөөгддөг. Тийм учраас л бүх шашин итгэл сүсгийг онцолж ирсэн. Түүнийг теологийн тодорхойлолтоор загварчлах хэрэггүй. Зүгээр л зүрхээ нээх утгаар ойлго.

Хэрэв чи сарнай цэцэг байдагт итгэдэггүй бол хэзээ нэг өдөр сарнайн буттай таарсан ч хайхрахгүй өнгөрнө. Хайхарлаа гэхэд “Би зүгээр л зүүдэлж байна. Илбэ ховс байж таараа” гэж бодно. Бид зөвхөн итгэдэг юмсаа л олж хардаг. Юу төсөөлнө, түүнийгээ хүртэж мэдэрдэг. Хэрэв чи сайхныг эрэх аваас сайхныг л олно. Сайхныг байхгүй гэж итгэх юм бол түүнтэй учирсан ч олж харахгүй.

Өнгөрсөн үед хүмүүс өнөөдрийнх шиг уйтгарт автаж байгаагүй нь итгэл сүсэгтэй холбоотой. Хүн материалист болох хэрээр уйдаж гансардаг. Америкчууд шиг уйдсан хүмүүсийг та нар өөр хаанаас ч олохгүй. Зуун зууны туршид хүн төрөлхтөний мөрөөсч байсан хангалуун амьдралд тэд хүрсэн болохоор одоо үхтлээ уйдаж байна. Тухтай хаус, тохьтой машин, таатай ажил гээд цөм бүрдлээ, тэгээд яах вэ? Нэг л хэвийн өглөө, үдшүүд хөвөрч, нэг л янзын ажил амьдрал давтагдана. Цаг нөгчөөхийн тулд шалдар булдар зугаа наадам хийвч цаанаа ямар ч утга учиргүйг мэдэрдэг. Энэ зуун шиг уйдаж гиеүрсэн үе хүний түүхэнд байхгүй. Учир нь, урьдын хүмүүст чанадын чанадад халих тэмүүлэл байсан. Будда, Есүс, Кришнагийн хутагт хүрэх итгэл байсан. Итгэл, тэмүүлэл байгаа цагт үргэлж ургаж хөгждөг. “Бурхан үхэж, хүмүүс чөлөөлөгдлөө” гэж Ницшэ хэлсэн. Юуны тулд чөлөөлөгдсөн юм? Ургаж хөгжихийн тулд биш, нэгэн хэвийн тойрогт орж, ууж идсээр байгаад л үхэхийн тулд уу? Ургахгүй л юм бол эрх чөлөө утгагүй болдог. Дотоод боломж бодит биелэл болохын төлөө лугшиж байж л амьдрал утга учраар амьсгална.

Чи өөрөө гуниг зовлонгийнхоо шалтгаан гэдгийг сайтар ойлго. Учир нь, чи өөрөө баяр жаргалынхаа шалтгаан юм. Тамыг бүтээж чаддаг шигээ диваажинг ч бүтээж чадна. Өөрөөс чинь өөр хэн ч үүнд хариуцлага хүлээхгүй. Зүй тогтлыг ухаарсан бол бусдад хор хөнөөл хүргэхийг цээрлэж яв. Харин чадах хэрээрээ бусдад тусалж, хайр өглөгөө түгээж бай. Үр шимийг нь үзэх болов уу, яах бол? гэж үймэрч эргэлзэх хэрэггүй. Өглөг буян чинь хаашаа ч шамшигдахгүй хуримтлагдаж байдаг. Хэзээ нэг хэрэг болсон үед чинь чамд ивээл болж бууна.

Эх сурвалж: “The Discipline of Transcendence” by Osho